2025-05-20, Мягмар
15.7 C
Ulaanbaatar

Ричард Гир: Дээрхийн гэгээнтэн надтай уулзсан тэр мөч миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн

“Хөөрхөн хүүхэн”, “Чикаго”, “Зугтаасан сүйт бүсгүй”, “Офицер ба ноёнтон”, “Би тэнд байхгүй”, “Хачико нохойны түүх”, “Агентлаг” гээд олон арван кинонд тоглосон Холливудын алдарт жүжигчин Ричард Гир ирланд, шотланд, англиас гадна монгол цустай гэдэг. Тэрээр анх 1996 онд Монголд ирсэн бөгөөд тухайн үед Буянт-Ухаад онгоцноос буухад нь хэн ч таниагүй, харин нэг онгоцоор ирсэн Венесуэлын “Халтар царайт” олон ангит киноны гол дүрийн жүжигчин Соня Смитийг манай хэвлэлийнхэн бүчин сүйд болж байсан билээ. Үүнээс хойш Ричард Гир манай оронд гурван ч удаа Буддын шашны буяны үйл хэргээр ирсэн юм. Холливудын амьд домог болсон кинонайруулагч Мартин Скорсезе, Канадын нэрт дуучин, хөгжмийн зохиолч Леонард Коэн, Америкийн рэп дуучин Адам Яух, кинонайруулагч, жүжигчин Майкл Стайп, панк-рокийн загалмайлсан эх гэгддэг Патти Смит гээд урлаг, шоу бизнесийн олон алдартан Түвди йн эрх чөлөөний төлөө тэмцэл болон Буддын шашныг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Гэхдээ эдгээр үйлсэд Ричард Гир шиг чин сэтгэлээсээ махран зүтгэсэн өөр хүн үгүй. Өдгөө79 настай нэрт жүжигчнийг тэс өөр өнгцөөс харуулсан Мелвин Маклеодын ярилцлагыг дор хүргэж байна.

Та буддизмтэй анх хэрхэн учирсан бэ?

–Надад хоёр ч удаа зөн билгийн гүн мэдрэмж, ухаарал төрж байв. Эхнийх нь Дхарма буюу Буддагийн оршихуйн тухай түгээмээл хуулийг уншихад, удаахь нь Далай лам багштай биечлэн уулзахад. Гэхдээ үүнээс хавьгүй өмнө, дунд сургуулийн сурагч байхдаа би гүн ухаан, философид маш ихээр автан сонирхох болсон юм. Би өрнөдийн философичид, нэн ялангуяа Жорж Берклигийн бүтээлүүдээр дамжин буддизмд хөл тавьсан гэж хэлж болох биз ээ.

–Жорж Беркли ”Ойд мод унахыг хэн ч сонсдоггүй” гэсэн нь бий?

–Тийм ээ. Санваартан гэхэд нэлээд радикал үзэл бодолтой тэрээр бодит байдал бол оюун санааны ажлын үр дүн гэж үзэн субъектив идеализмыг баримтлагч хүн байсан шүү дээ. Надад экзистенциалистуудын бүтээлүүд ч сонирхолтой байв. Тэр үед би яагаад ч юм Жан-Поль Сартрын “Оршихуй ба юу ч биш” номыг байнга өвөртөлж явна. Хожим “юу ч биш” гэж тохирсон үг биш гэдгийг ойлгож билээ. Тэд бүгд үнэн хэрэгтээ “оргүй хоосон”-ны үзэл бодлыг хайн эрэлхийлдэг байжээ гэж боддог. Буддын шашны сургаальтай анх танилцсан нь хорин хэдэн настай байхад минь тохиосон. Би ихэнх залуучуудын нэгэн адил тийм ч аз жаргалтай нэгэн байгаагүй гэж боддог. Би амиа хорлоход ойрхон байсан эсэхийг мэдэхгүй ч амьдралд ихэд сэтгэл дундуур, үргэлж ямар нэг асуултад хариулт эрэлхийлдэг байлаа. Шөнийн номын дэлгүүрүүдийг өөртөө нээснээ би магадгүй оюун ухааныхаа цар хүрээг тэлж буй явдал гэдгээ ойлгон төрөл бүрийн чиглэлийн боломжит бүх номыг унших болсон юм. Тэдгээрээс Волтер Эванс-Венцийн Түвдийн буддизмын тухай номууд надад асар их нөлөө үзүүлсэн. Би түүний бүтээлүүдийг зүгээр л “залгилдаг” байлаа.–Түүний номууд бидний үенийхний оргилуун сэтгэл, урам зоригийг ихээхэн бадраасан даа. Таны хувьд түүний бүтээлүүдийн яг юунд нь татагдсан бэ? –Аливаа сайн романы нэгэн адил романтик, сэтгэл бадраасан сонирхолтой хэв маягаар бичигдсэн тул ёстой л салахын аргагүй шүү дээ. Тэгсэн хэрнээ энэ хорвоод амьдрангаа нэгэн зэрэг эрх чөлөөтэй байж болох тухай өгүүлдэг. Би тэгэхэд зүгээр л эрх чөлөөтэй болохыг хүсдэг байлаа. Гэхдээ тэгэх боломжтой гэж төсөөлж ч яваагүй. Иймд хорвоод оршихын зэрэгцээ эрх чөлөөтэй байж болох тухай оргүй хоосны санаа үнэхээр дэвшилтэт байсан гэж боддог доо. Иймд намайг буддист замнал, нэн ялангуяа Түвдийн уламжлалт урсгал татсан нь санаандгүй зүйл огтхон ч биш. Гэхдээ миний хамгийн түрүүнд холбогдсон урсгал бол Японы Зен буддизм. Анхны багш минь Сасаки Роши гэдэг хүн байлаа. Анхныхаа гурван өдрийн сёшин буюу бясалгалын хөтөлбөрт оролцохоор Лос Анжелесийг зорьж байснаа тод санадаг. Би сёшинг даван туулахын тулд хэдэн сарын турш хөлний сунгалтын дасгал хийж өөрийгөө бэлдэж билээ.

Сасаки Роши намайг бодит байдлыг мэдрэхүйн нэгэн төрлийн ид шидийн гэмээр ер бусын бясалгалд автуулсан юм. Гэхдээ тэр нь агаарт дүүлэн нисэх, ид шид, романтик адал явдалтай огт хамаагүй, хөдөлмөр, бас дахин хөдөлмөр гэдгийг ойлгосон. Оюун ухаантайгаа хийх нүсэр хөдөлмөр л дөө.

Энэ бол миний аяллын эхлэлийн маш чухал хэсэг байлаа. Сасаки Роши хатуу шаардлагатай хэрнээ маш нинжин сэтгэлтэй багш байсан шүү. Би тэгэхэд юу ч мэдэхгүй шинэхэн шавь нь мөртлөөсэхүүн гэж жигтэйхэн, дээр нь үргэлж эргэлзэж тээнэгэлзсэн, товчдоо бол маанаг амьтан байсан юм. Гэхдээ үүнтэй зэрэгцээд сурах хүсэл тэмүүлэл дэндүү их. Нэгэн ээлжит сёшин дууссаны дараа би докусанд очоогүй. Докусан гэдэг нь багштай хийдэг ярилцлага. Би бэлтгэл муутайгаа мэдрээд эмээсэн хэрэг. Тэгээд намайг чирж дултарсаар багш дээр оруулсан юм. Би тэнд зүгээр л инээмсэглээд сууж байснаа санадаг. Эцэст нь мастер, “Одоо хоёулаа ажиллаж эхэлж болно” гэхэд надад хариуд нь хэлэх үг үнэндээ олдоогүй.

–Зөн совин, мэдрэхүйн ийм хүчтэй холбоосыг Бурхны шашин үйлийн үр карма, номлол сургаальтай өмнөх үедээ харилцаатай байсны илэрхийлэл гэж үзэх нь бий?

–“Намайг шашинд юу авчирсан юм бол?” гэж багш нараасаа асуухад тэд намайг шоолон инээдэг байв. Намайг ийм юм ямар нэг шийдвэр, эсвэл бүр тохиолдлоор болдог гэж бодсон гэж үзсэн учраас л тэр. Гэвч карма тэгдэггүй. Би Түвдийн ард түмэнтэй маш тод томруун, тодорхой холбоотой биш бол ийм юм тохиохгүй байсан болов уу. Тэрнээс биш амьдрал маань намайг буддизм руу шууд хөтөлсөн нь юу л бол. Дасгал сургуулилт миний бодит амьдрал гэдгийг би үргэлж мэдэрсээр ирсэн хүн. Анх бясалгал хийж эхэлсэн үеэ тод санадаг. Тэгэхэд би 24 настай, залуу насны элдэв саад бэрхшээлийг даван туулахыг чадлынхаа хэрээр хичээдэг байлаа. Умгар сууцандаа хэдэн сараар бүгэж, тайчи дасгал хийж, бясалгахыг мэрийсэн дээ. Би үргэлж бясалгаж байсан, хэзээ ч бясалгалаас холдоогүй гэх маш тод мэдрэмж надад төрсөн юм. Тийм төлөв байдал нь бидний ихэвчлэн бодит орчин гэж хүлээн авдаг зүйлээс илүү бодитой. Тэр үед ч энэ нь надад ойлгомжтой байсан. Хэдий тийм ч эргэн тойрондоо үүнийг түгээхийн тулд олон жилийн турш оюун ухаанаа ажиглаж, бодь сэтгэлийг бясалгах дасгал хийх шаардлагатай байсан юм.

–Та Далай ламтай хэзээ танилцсан бэ?

–Би Дээрхийн гэгээнтэнтэй Энэтхэгт уулзахаасаа өмнө тав, зургаан жилийн турш Зен урсгалын дагалдагч байсан. Бид хоёр бага зэрэг ярилцаж эхэлсний дараа тэрээр, “Өө, та жүжигчин юм уу?” гэж асуусансан. Тэгээд хэсэг бодолхийснээ, “Тэгэхээр, та харгис муу хүний дүрд тоглохдоо үнэхээр хэрцгий болдог уу? Гунигт автсан хүний дүрийг бүтээхдээ үнэхээр гунихардаг уу? Уйлах хэсэгт тоглохдоо үнэнээсээ уйлдаг уу?” гэж сониучирхсан юм.Би жүжигчний хувьд өөрийнхөө дүрсэлж буй сэтгэл хөдлөлд итгэж үнэмшвэл илүү үр дүнтэй болдог гэж хариулсан. Тэр миний нүд рүү цоо ширтэж хэсэг харснаа гэнэт учиргүй инээж эхэлсэн юм.

Тэр намайг сэтгэл хөдлөл бодит гэдэгт итгэдэг, уур хилэн, үзэн ядалт, уйтгар гуниг, шаналал зовлонд итгэх гэж маш их хичээдгийг минь төсөөлөөд тэгтлээ их инээсэн хэрэг. Бид хоёрын анхны уулзалт Дарамсалад, одоо миний түүнтэй байнга уулздаг өрөөнд болсон.

Тэр цагаас хойш миний түүнийг тусган авах мэдрэмж эрс өөрчлөгдсөн гэж хэлж чадахгүй. Би түүнтэй уулзах бүрийдээ маш их сандардаг, түүний талаар янз бүрийн олон төсөөлөлтэй хэвээр. Гэвч багшийн мөргөл номлол асар хүчтэй тул тиймэрхүй зүйлээс түвэггүй ангижруулан зорьсондоо хүрдэг юм. Тэгээд ч хэн хүний түүнтэй уулзахыг хүсдэг цорын ганц шалтгаан бол зовлон шаналлаасаа ангижрах явдал шүү дээ. Дээрхийн гэгээнтэн надтай уулзсан тэр мөч миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Үүнд эргэлзэх зүйл алга. “Гүйцээ, би яг одоо бүх эд хөрөнгөө тарааж өгөөд хийд рүү явж шавилан суулаа” гэх бодол тархинд маш хүчтэй лугшин орж ирсэн юм даг. Тэр нь ч ойлгомжтой. Тэгэхэд би тэдгээр багш хуврагуудтай хамтран ажиллаж, тэдний заасан замаар явж, чадах бүхнээ сурч, тэр бүхэнд өөрийгөө зориулах учиртайг ойлгосон. Тэр цагаас хойш би сонгосон замаасаа гажиж гарсан удаагүй.

–Дээрхийн гэгээнтэн Бурхан шашны лам багш нарын мэддэг олон аргаар таны мэдрэлийн өвчлөлийг дарж тантай биечлэн ажилладаг уу, эсвэл өөрийнхөө амьдралын үлгэр жишээгээр танд илүү ихийг зааж сургадаг уу?

–Дээрхийн гэгээнтэн миний язгуур багш гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд заримдаа тэр надад их ширүүн хандах нь бий. Би Дээрхийн гэгээнтнийг нэлээд романтик байдлаар төсөөлдөг хүмүүст тайлбарлахдаа, заримдаа тэр надад уурладаг ч үүнийгээ маш чадварлагаар илрэхийлдэг гэдэг юм. Тийм мөчүүд мэдээж надад таагүй санагдавч тэр ямар ч хувиа хичээсэн зүйлгүйгээр намайг ухааруулж сэнхрүүлэх гэсэндээ л тэгдэг. Надад толь минь болж, хэт зөөлөн харьцдаггүй тийм хэмжээнд хүртэл итгэдэг болсон түүнд би туйлын их талархдаг билээ.

Бид хоёрын эхний уулзалтууд одоогийнх шиг биш байсныг тэмдэглэх хэрэгтэй. Миний бодлоор тэгэхэд багш маань намайг ямар хэврэг болохыг мэдэж, надад маш болгоомжтой ханддаг байжээ. Харин одоо тэр намайг сургааль номонд нухацтай хандах болж, хүч чадал минь нэмэгдсэнийг мэдрэн илүү хатуу чанд хандаж болно гэж шийдсэн болов уу.

-Түвдийн буддизмын Гэлүгийн урсгал анализ задлан шинжилгээнд ихээхэн ач холбогдол өгдөг. Таныг оюуны ухааны ийм хандлага юугаараа татсан юм бол?

-Бурхан шашны энэ урсгалд би зөн совингоо даган нэгдсэн гэж боддог. Зен буддизмд хүргэсэн тэр л зөв совин намайг Бурхан шашны Гэлүг урсгалд хөтлөн авчирсан юм шиг байгаа юм.

Тэр нь орон зайн тухайд юу гэдэг вэ?

-Зүгээр л ямар нэг үзэл баримтлал, концепцгүйгээр орон зай руу шууд ор гэдэг юм. Зогчений олон багштай уулзахад тэд олон өөр төрлийн бясалгалын аргууд байдгийг надад зааж өгсөн ба тэдгээрийг би байнга хийсээр ирлээ. Зогчен намайг олон ч удаа сэргээж, залхуурал, мөн тодорхой нөхцөл байдлаас болж миний зам мөр хязгаарлагдмал гэдгийг шинэ нүдээр харах боломж олгосон гэж боддог. Ерөнхийд нь авч үзвэл, хэдийгээр орон зай хаана ч орон зай хэвээрээ үлддэг ч Гэлүгийн номлолыг даган ажиллах нь ухаалаг шийдвэр гэж надад санагддаг. Миний бодлоор бол аналитик, задлан шинжлэх арга барил, нэн ялангуяа тэрхүү орон зай хязгааргүй гэдгийг эрэлхийлэх явдал чухал гэж ойлгодог доо. Ингэснээр хүн оновчтой сэтгэлгээгээ зохион байгуулах чадвараа зохицуулж, тогтвортой байдалд хүрдэг гэлтэй. Би өнөөг хүртэл заримдаа сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй болж, уурлаж бухимдах нь бий. Тийм үед бясалгалын ариун цагаан орон зайд нэвтрэх маш хэцүү. Тиймээс оюун ухаантайгаа аналитик аргаар ажиллах нь маш чухал. Тэр арга руу үргэлж буцах боломжтой тул тэр нь маш тогтвортой байдаг гэж би ойлгодог доо.

Шашны ямар практик үйлдлийн ахиц дэвшил таныг Важраяны замд орох хэмжээнд хүргэв?

-Нэгдүгээрт, би өөрийгөө төдийлөн сайн мэддэггүй гэж бодсон хэвээр, хоёрдугаарт, олны танил хүн болохоор заримдаа ийм зүйлсийг утга агуулга, контекстээс нь салгаж ойлгодог учраас энэ талаар ярихад надад эвгүй санагддаг. Би юу хэлж чадах вэ гэвэл, миний бие ямар ч арга хэлбэрээр бясалгасан бүгд л бодь сэтгэлийг хөгжүүлэх, бусдад буян зориулахад чиглэдэг гэж хэлж чадна. Багш нар надад ямар түвшний хичээл зааж буйгаас үл хамааран эдгээр үндсэн зүйл багтсан байдаг болно. Ерөнхийдөө тарни надад бага багаар ердийн зүйл болж эхэлсэн тул өдгөө романтик биш болсон гэх үү дээ. Ингэх нь бодит байдлын тодорхой нэг хувилбар илүү энгийн болох үйл явцын сонирхолтой үе шат ч байж болох. Би үүнийг хүний эгэл жирийн, өдөр тутмын амьдралд хэвийн зүйл гэж хэлэхгүй ээ. Гэвч би оюун ухааны тийм байдлыг өмнө нь ч, одоо ч бодит гэж хүлээн авдаг гэх үү дээ. Үүнд итгэдэг учраас л тэр.Буддын шашны тухай ямар номууд таны хувьд ач холбогдолтой вэ?

-Хүмүүс надаас цаг ямагт Буддын шашны тухай ямар ном уншихыг санал болгох вэ гэж асуудаг. Ер нь юунаас эхлэх вэ гэдэг хүмүүст би “Зенийн оюун ухаан, эхлэгчийн оюун ухаан” номыг санал болгодог. Мөн Дээрхийн гэгээнтний аль нэг номыг дурддаг юм. Түүний “Сайхан сэтгэл, тунгалаг байдал, энэрэл” ном нь маш сайн. Тэнд гайхалтай ухаалаг дүгнэлтүүд бий. Жеффри Хопкинсийн “Тантрын ялгаа” ном ч их хэрэгтэй. Дурдаад байвал олон ном бий дээ.

Та Энэтхэгт байнга очдог. Энэ нь анхаарал сарниулах зүйл багатай орчинд дадлага, бясалгал хийх боломжтой холбоотой юу?

-Үнэндээ Энэтхэгт анхаарал сарниулах зүйл харин ч их байх шүү! Тэнд байхдаа би жирийн нэгэн шавь төдийгүй “тусламж үзүүлж чадах өнөөх залуу” болдог. Энэтхэгт тусламж хэрэгтэй маш олон хүн байдаг бөгөөд “үгүй” гэж хэлэхэд үнэндээ бас хэцүү. Тиймээс энэ бол миний амьдралын хамгийн тайван газар биш боловч хүн бүр Буддын сургаальд шамдаж, Дээрхийн гэгээнтэн анхаарлын төвд байдаг уур амьсгал нь онцгой юм.

Дарамсалад байхад танд Далай лам болон бусад лам багш нараас суралцах боломж байдаг уу?

-Тэнд очих болгондоо би бүх багш нараа “барьж авахыг” хичээдэг. Тэдний зарим нь ууланд даяанчилдаг ч Дээрхийн гэгээнтэн ном айлдах үед бүгд буугаад ирдэг юм. Тэр боломжийг алдалгүй бүгдийнх нь сургаалийг сонсон өмнөхүүдийг нь эргэн санадаг. Эргэн дурсахуй надад чухал л даа.

Амьдралд анхаарал сарниулах зүйл дүүрэн, тэдгээрээс болж төөрч төөрөлдөх энүүхэнд. Иймд Энэтхэг рүү аялах нь хүн төрөлхтөн ямар зорилготой, яагаад бид энд оршин байгааг эргэн сануулж эргэцүүлэх боломж олгодог гэж боддог доо.

Олон хүн бүхнийг шингээж цадсан ширүүн хэрцгий орчин гэж төсөөлдөг киноны ертөнцөд таныг татагдсан гэж үздэг?

-Үнэн. Гэхдээ бусад ямар ч мэргэжлийн хэн ч байлаа мөн л иймэрхүү адилхан амьдралтай. Ялгаа нь киночдын амьдрал, сонин сайхныг хэвлэл мэдээллээр л идэвхтэй хэлэлцдэг биз. Түүнээс биш хүн бүр л ижил сэтгэл хөдлөлтэй, зовлон шаналалтай, тулгамдсан асуудлуудтай. Ямар ч ялгаагүй.

Буддизм ба кино. Ийм тэс өөр ертөнцийн хооронд байнга зорчих нь таны амьдралыг чанарын хувьд хоёр хуваадаг гэж танд санагддаггүй юу?

-Мэргэжлийн карьер, гэр бүлийнхээ хэвийн амьдралд оролцох нь дотоод ертөнцийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд улам их сорилт болж байна гэж би боддог. Гэхдээ би тэдгээрээс гадуур байсан бол дотоод ертөнцийнхөө харанхуй бөглүү зүйлстэй нүүр тулах ямар ч аргагүй байхсан болов уу. Би зүгээр л тэдгээрийг анзаарч харахгүй байсан биз. Би айхтар чанд хатуу сахилгатай хүн биш, сүрхий ухаантай ч биш. Иймд өөртөө хэн гэдгээ байнга сануулж, оюун ухаанаа өөртөө байнга харуулахыг хичээдэг гэх үү дээ. Агуйд даяанчилбал тэгж чадахгүй л. Миний нэг хүндрэл гэвэл, ямар нэгэн мөнхийн аз жаргалтай учирвал тэндээ үлдэх нь гарцаагүй. Тэр нь тэгээд үхэл байх болно шүү дээ. Үүнийг би гэхдээ хүсэхгүй. Дээр хэлсэнчлэн би Бурхан шашны номлолыг дагадаг мундаг сайн сүсэгтэн биш. Гэхдээ өөрийгөө хэн бэ гэдгийг гайгүй сайн мэдэхтэйгээ. Миний хувьд ер нь энэ хорвоод аль болох удаан үлдсэн нь дээр.

Та кино урлагт Буддын шашны хандлагыг нэвтрүүлэхийг эрмэлзэх үү гэж асуумаар байна?

-Кино урлагт бид бодит байдлын тодорхой зарим хэсэгтэй ажиллаж тэдгээрийг үзэгчдэд хүргэхийг эрмэлздэг л дээ. Ингэхийн тулд тухайн кинонд гарах орон зай, цаг хугацааны нийлмэл шинж чанарын талаар тодорхой төсөөлөлтэй байх хэрэгтэй. Энэ нь нь оюун санааг хөшүүн байдлаас гаргадаг сайн талтай шүү. Гэхдээ кинонд бодит зүйл гэж ер байхгүй. Нэг төрлийн илбэ хийж байгаа ч юм шиг. Хэдий тийм ч киночид бид заримдаа өөрсдөө хүртэл кинонд гарах сэтгэл хөдлөлүүд бодитой, объект барилгууд үнэхээр байдаг, камер бодит байдлыг авч байна гэсэн бодолд , итгэл үнэмшилд автдаг. Нөгөөтэйгүүр, камер бидний нүднээс илүү ихийг хардаг нь ид шид юм шиг санагддаг шүү. Камер орчин тойрны хүмүүсийг бид бүхнээс тэс өөрөөр хардаг. Тиймээс камерын өмнө жүжиглэх үед хүн гэж айхтар эмзэг, дэндүү хамгаалалтгүй юм шүү гэсэн бодол орж ирдэг юм. Тэгээд ч зураг авалтын үед тодорхой хэмжээний дарамт, стресс байлгүй яах вэ. Чи бүхний өмнө ил шүү дээ… Нуугдах газар ч олдохгүй.

Танаас Буддын шашинтан байх ямар вэ гэж асууя?

-Би Буддын шашны гүнд ороогүй хязгаарлагдмал мэдлэгтэй сүсэгтний хувьд л хариулж чадна. Хэдийгээр сургааль мөргөлд шамдаад олон жил болсон ч өмнөхөөсөө илүүг мэддэг болсон гэж хэлж чадахгүй ээ. Дээр нь би сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг, оюун ухаанаа мэддэг гэж ч хэлэхгүй. Би бусдын адил өөрийгөө алдаад эрэлхийлж яваа нэгэн. Тийм болохоор би мэдээж манлайлагч биш. Би шашны талаар ямар нэг тоймтой, тоймгүй юм ярьдаг бол лам багш нараас минь л өгсөн эрдэм.

 

 

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img