Анагаах ухааны доктор, АШУИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, CellClinic-ийн Судалгаа хөгжүүлэлт хариуцсан захирал Ч.Гансүхийн “Эсийн гайхамшиг” илтгэлийг тоймлон хүргэе. Анагаах ухааны дараагийн шатны хөгжлийн суурь гэгдэж буй үүдэл эсийн талаарх шинэ мэдээллүүдийг та энэ илтгэлээс олж унших болно.
Шүдээ нохойд өгөхгүйгээр шинэ “шүдтэй” болох “шид”
Шүд унахаар манайхан нохойд өгөөд “шинэ шүдтэй” болгоорой гэж ерөөдөг. Тэгвэл би та бүхэнд шүдээ нохойд өгөхгүйгээр хэрхэн илүү үр дүнтэйгээр ашиглаж болох талаар илтгэлдээ онцлох болно. Хүний бие махбодь ойролцоогоор 200 орчим төрлийн, 37 их наяд эсээс бүрддэг. Хамгийн гайхамшигтай нь тэдгээр эс хоёрхон төрлийн үүдэл эсээс үүсдэг. Нэгдүгээр үүдэл эс нь цусны үүдэл эс. Дархлаа тогтолцоо, цусыг бүхэлд нь үүсгэдэг эс. Хоёрдугаар үүдэл эс нь мезенхимийн үүдэл эс. Бүх дотор эрхтэн, холбогч эд, яс, шөрмөс, мэдрэлийн эс гэх мэт эсүүдийг бултаар нь үүсгэдэг эс байгаа юм.
Хавирганы толгойг хазахаар барзгар хөндий байдаг даа. Тэр бол цусны үүдэл эсийн оршин суудаг газар. Ясыг дундуур нь хөрөөдөхөөр шат шиг юм байдаг даа. Тэр бол мезенхимийн эсийн оршин суудаг газар. Хүний бие ч малын бие ч адилхан. Эдгээр газар байгаа хоёр төрлийн үүдэл эс цус руу орж хэрэгтэй газраа нөхөн төлжүүлж байдаг.
Үүдэл эсээс ямар ч эрхтнийг ургуулж болно, олон төрлийн өмчилгээнд ашиглаж болно гэж сонсч байсан байх. Эсийг эмчилгээнд ашиглахыг тулд хадгалах ёстой. -196 градус шингэн азот дотор хийх учиртай. Үүн дотор эсийг хийчихээр эсийн хувьд цаг хугацаа зогсчихдог. Ингэхээр эсийн банк гэдэг ойлголт гарч ирнэ.
Хөгшрөх, өвдөхийн зовлонгоос салгах “Үүдэл эсийн банк”-ууд
Үүдэл эсийн ямар банкууд байдаг вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Хүний сүүн шүд яг унах гэж байхад түүн доторх зөөлөн эдээс мезенхимийн үүдэл эсийг гаргаж авдаг. Тэдгээр эсүүдийг олшруулаад хадгалчихвал шүдний банк болно. Тэгэхээр шүдээ нохойд өгөхөөс илүү үр дүн бий болчихож байгаа юм.
Хоёрдугаарт хүйн банк гэж байна. Хүн бүр өөрийгөө ирээдүйд эмчлэгдэхгүй өвчин туслаа гэхэд эмчлэх боломжтой асар их хэмжээний үүдэс эсийг хүйндээ агуулан төрдөг. Хүүхэд төрсний дараа ихэс дотор, хүйд агуулагдаж буй цусанд маш их хэмжээний үүдэл эс байдаг. Үүнийг нь аваад хадгалчихвал хүйн цусны, хүйн эдийн банк болно.
Орчин үед, ялангуяа Япон улсад арьсны эсийн банк байгуулагдаж байна. Хөгширсөн хойноо залуу арьсны эсээ хэрэглэхээр арьсны эсээ банкалдаг гэсэн үг. Хятадад жишээ нь дархлааны эсийн банк байна. Хорт хавдар тусаад дархлаа нь уначихвал цоо шинэ, зав залуу, яг өөрийнх нь дархлааны эс байж байх нь л дээ.
Дүүгийнхээ хүйн цусны ачаар эргэн мэндэлсэн Mattew Farrow
Үүдэл эсийг хамгийн анх эмчилгээнд хэрэглэсэн E.Donnall Thomas хүний ясны чөмгөнд байгаа үүдэл эсийг хэрхэн хэрэглэх вэ гэх судалгааны ажлаараа 1990 онд Нобелийн шагнал хүртсэн. Түүний энэ ажил ясны чөмөгний хоосрол /fanconi anemi/ оноштой охины түүхтэй холбоотой л доо. Дархлаа тогтолцоо, цус төлжүүлдэг үндсэн эсүүд нь үүргээ гүйцэтгэж чадахаа больчихыг Fanconi anemi гэдэг. E.Donnall Thomas-ын хувьд нэгэнт үүдэл эс нь үүргээ гүйцэтгэж чадахгүй бол өөр хүний ясны чөмөгнөөс аваад шилжүүлээд суулгачихъя гэдэг санааг олоод хэрэгжүүлж Нобелийн шагнал хүртсэн юм.
Ясны чөмөгний хоосрол хэмээх ижил оноштой Mattew Farrow гэх хүүг өвчтэй байх үед E.Donnall Thomas ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг клиникт оруулсан түүхтэй. Гэхдээ хаа хамаагүй хүнээс аваад хаа хамаагүй хүнд суулгана гэж ойлгож болохгүй. Дархлаа таарахгүй гэж асуудал бий. Тэр утгаараа хүүд тохирох донор олох шаардлага үүссэн. Гэтэл азаар ээж нь хөл хүнд болж таарсан. Өөрөөр хэлбэл Mattew Farrow-гийн дүүг төрөх үед хүйн цусыг нь авч хадгалсан. Хүйн цус бол яг л ясны чөмөгтэй адилхан. Ясны чөмөгнөөс ч илүү өндөр үзүүлэлттэй залуу эсүүд байдаг. Дүүгийнх нь хүйн цусыг ясны чөмөгний оронд хүүд шилжүүлэн суулгасан юм. Ингээд хүү “хамгийн анхны хүйн цус шилжүүлэн суулгасан хүү” болсон. Тэд одоо 35 настай, эрүүл саруул сайхан амьдарч байгаа. Тэр үед хүйн цусыг шилжүүлэн суулгахын тулд хөлдөөж хадгалах шаардлагатай болсон.
Хүүд хүйн цус шилжүүлэн суулгаснаас дөрвөн жилийн дараа анхны Хүйн эсийн банк байгуулагдсан юм. Монгол Улсад 2022 онд ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн түүхтэй. Манай улсад 2024 онд хамгийн анхны хүйн цусны банк байгуулагдсан.
Чихрийн шижинг ялсан үүдэл эс
Та бүхэн 1923 онд АНУ-ын Торонто мужийн эмнэлгийн дотоод шүүрлийн тасагт чихрийн шижиний нэгдүгээр зэрэгтэй хүүхдүүдийн үхлээ хүлээгээд хэвтэж буй зургийг харж байна.
Чихрийн шижин бол сахарын солилцоог зохицуулдаг инсулин гэх уураг байхгүй болсноос үүдэлтэй өвчин. Сахарын солилцоо зохицохоо байгаад эхлэхээр цусан дахь сахарын хэмжээ хэтэрхий ихэсдэг өвчин. Хэт ихсэхээр хүн комонд ордог. Комонд ороод цаашаа хүндэрвэл нас барах эрсдэлтэй. 1923 оноос өмнө чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэртэй хүүхдүүд нас бардаг байсан. Нарийн ажиглах юм бол хүүхэдтэйгээ нэг орон дээр хэвтэж буй эцэг эхчүүд бий. Тэдэнд хүүхдийнхээ үхэхийг хүлээхээс өөр сонголт байгаагүй. Энэ бол хамгийн гунигтай үхлийн зураг. Эмч сувилагч юу ч хийж чадахгүй байна гэдэг харамсам хэрэг л дээ.
Гэтэл тухайн цагт James Collip, Frederick Barting гэх эрдэмтэд гахайны нойр булчирхайнаас инсулин гэх нэртэй уургийг ялгаж аваад хүүхдүүдэд тарьж туршсан. Гайхалтай нь хамгийн эхний хүүхэд ухаан орсон. Тухайн тасагт хэвтэж байсан 50 гаруй хүүхдэд инсулинийг тарьж дуусахад бүх хүүхэд ухаан орсон. Хайртай үрээ үхэхийг хүлээж цөхөрч суусан эцэг эхчүүд баяр жаргалаар бялхсан. Энэ хүн ч мөн 1923 онд Нобелийн шагнал хүртсэн байдаг.
Тэгвэл 101 жилийн дараа буюу энэ цаг үед анагаах ухаанд бас нэгэн гайхамшиг бий болсон. Хятад улс үүдэл эсийн үзүүлж буй инсулиныг ялгаруулдаг аргад инжинерчлэл хийгээд хүнд буцааж суулгасан. 2024 онд Тяньжин хотод 1-р төрлийн чихрийн шижинтэй 25 настай эмэгтэйд өөрийнх нь өөхний эдээс гарган авсан үүдэл эсийг инсулин ялгаруулдаг эс болгон хувиргаж, хэвлийн булчинд нь суулгасан байна. Энэхүү эмчилгээний дараа эмэгтэй 75 хоногийн дотор инсулины хэрэглээгээ зогсоож, цусан дахь сахарын түвшингээ хэвийн хэмжээнд барьж чаддаг болсон байна.
Өнөөдөр манайд чихрийн шижинтэй хүмүүс одоог хүртэл инсулин даавар тариулаад л явж байгаа. Гэтэл Хятадад болсон дээрх туршилтад орсоноор өвчтөн өөрөө инсулин үйлдвэрлэж чаддаг бллчихсон. Эсийн инжинерчлэлийн бас нэгэн гайхамшиг л даа.
Мөнхийн залуу байлгах ид шидийг бодит боломж болгосон үүдэл эс
Үүдэл эсийг ашиглан хэрхэн яаж хөгшрөхгүй байх вэ гэдэг нээлт сонирхолтой сэдэв болж байна. Хөгшрөлт бол хүн төрөлхтний мөнхийн айдас, мөнхийн хатуу үнэн. Хөгшрөлт гэдэг бол үүдэл эсийн дутагдал. Нярай үед 10 мянган эс тутмын нэг нь үүдэл эс байдаг. Харин өсвөр насанд 100 мянган эс тутмын нэг нь үүдэл эс байдаг. Ингэж явсаар 50 нас хүрэхэд 2 саяд нэг үүдэл эс болж цөөрнө. Үүдэл эс цөөрөхөөр бие махбодийн нөхөн төлжүүлэх чадвар муудаж, хөгшрөөд байна гэсэн үг.
Энэ ажиглалтыг батлах нэг туршилт бий. Хөгшин залуу хоёр хулганыг цусны эргэлтээр нь холбоход хөгшин хулгана залуужиж эхэлсэн. Нэгдүгээрт бид хөгшрөлтийг удирдаж болж байна. Хөгшрөлтийг удирддаг ямар нэгэн зүйл залуу хулганын цусанд байна гэсэн үг. Залуу хулганы эс, эсийн гаднах шингэн, цааш нь хөөж харвал үүдэл эсийн залуу эсүүд, үүдэл эсүүдээс ялгардаг өсөлтийн хүчин зүйлүүд хөгшин хулганад нөлөөлсөн байх нь.
Хоёрдугаарт хөгшрөлт дээр зөвхөн үүдэл эсийн тооны асуудал яригддаг юм бол хаа хамаагүй газраас үүдэл эс олж авчраад хийчихэж болох уу гэдэг асуудал гарч ирнэ. Энэ бол маш ташаа ойлголт. Учир нь үүдэл эс өөрөө хөгширдөг. Эндээс бие махбодийн хөгшрөлт биш эсийн хөгшрөлт гэсэн үндсэн факт ороод ирж байгаа юм.
Хамгийн сонирхолтой нь эсийн хөгшрөлтийг эсийн гаднах уураг, амьдарч буй орчин удирдаж болдог. Залуу орчинд аваачих юм бол хөгшин эс залуужина. Энэ бүхэн шинжлэх ухааны туршилтын шатандаа явж байгаа. Ингээд харахаар 10, 20 жилийн дараа хөгшрөлтийн асуудлыг шийдэж, залуужуулах нээлт ойрхон байна. Энэ нь магадгүй үүдэл эстэй холбогдох байх.
Бүх эсийг яаж эмчилгээнд хэрэглэж болох талаар
Бидний бие махбод өөрийгөө хамгаалах гайхамшигтай чадвартай. Энэ бол дархлааны тогтолцоо. Дархлааны тогтолцоо бол бүхэл бүтэн нэг өдөр яриад ч дуусахгүй зүйл. Гэхдээ ганц өгүүлбэрээр хэлэхэд дархлааны тогтолцоо байхгүй бол бид энд сууж байх боломжгүй. Учир нь бидний гадаах орчин бүхэлдээ нян бактери.
Дархлааны эсээр хавдрыг эмчлэх арга замыг хайж байна
Дархлааны тогтолцоо юутай тэмцдэг вэ гэхээр, хорд хавдартай тэмцдэг. Дархлааны эс түүнийг бүрэн устгаж чаддаг. Хавдрын эс бидний биед тодорхой хугацаанд үргэлж үүсдэг. Үүссэн эс бүр хавдар болдоггүй. Тэдгээрийн 99,09 хувь нь үхдэг. Харин 0,01 хувь л хавдар болдог. Гэхдээ бид эсийн эмчилгээг ашиглаад дархлааны эсээр хавдрыг эмчлэх арга замуудыг хайж байна. Хамгийн амжилттай жишээ бол CAR-T. Энгийнээр хэлбэл генетикийн аргаар өөрчилсөн эс гэсэн үг. Дархлааны эс хавдрын эсийг гүйцэт таньж чадахгүй тохиолдолд хавдрын эсийг таньдаг уургийг дархлааны эсэнд суулгах арга юм. Үүнийг нь олон болгоод хүний биед буцаагаад тавьчихна гэсэн үг. Ингэхээр дархлааны эс хавдрын эсийг устгана. CAR-T эмчилгээ 99 хувийн амжилттай яваа. Ганцхан хувьд биелдэггүй. Цусны B, C вирусын үед. 90 хувийн үр дүн амлаж байгаа ч маш үнэтэй эмчилгээ. Хамгийн хямд гэвэл Малайз улсад 300 мянга орчим доллараар хийгддэг. CAR-T эсийн технологи хөгшрөлтийн эсрэг тэмцэх чиглэлд ажиллаж эхэлсэн.
Түлэгдэлтийг бүрэн шийдсэн шүршдэг арьс ба үүдэл эсийн бас нэгэн шид
Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-д Хьюстоны агентлагт анх туршсан эмчилгээ бий. Ялгараад хөгжчихсөн, тодорхой хэлбэрт орчихсон биеийн эсийг эмчилгээнд ашиглаж болдог. Хүний арьс түлэгдэж цэврүүтээд шарх болоод эдгэчихдэг дээ. Энэ тохиолдолд өөрийнх нь биенээс авсан багахан арьсыг боловсруулж, боловсруулсан эсээр нь шүршиж эмчилж болдог. Шүршдэг арьс гэх эмчилгээ л дээ.
Ирээдүйд эсийн эмчилгээ хаашаа хөгжих вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Шийдэж чадахгүй яваа асуудал руугаа хандаж хөгждөг нь хорвоогийн жам. Ингээд харахаар эмчилгээгүй гэгддэг өчнөөн өвчний эцсийн найдвар нь эсийн эмчилгээ болж байна. Өөдрөгөөр харвал ирээдүйд олон өвчин эдгэх боломж бүрэн дүүрэн харагдаж байна.