2025-05-20, Мягмар
15.7 C
Ulaanbaatar

Путин гал зогсоох горим зарлаж, Украин, АНУ үл тоомсорлов

Ялалтын баяр хаяанд ирлээ. ОХУ Украинтай өргөн фронтоор байлдахын сацуу түүхэн ялалтын ойгоо ч нүсэр тэмдэглэхээр зэхэж байна. Энэ жил тэгш ой буюу 80 жилийн ой тохиох тул сүр дуулиантай байх нь ч аргагүй биз.

Энэ удаагийн ялалтын баярын бэлтгэл ажил өргөн цар хүрээг хамарч байгаагийн нэг илрэл болох мэдэгдлийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хийв, ОХУ баярын өдрүүдэд гал зогсоохоор шийджээ.

“Хүмүүнлэгийн үүднээс, Ялалтын 80 жилийн ойн өдрүүдэд буюу 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 10-наас 11-ний өдөрт шилжих 00:00 цаг хүртэл Оросын тал эвлэрэл зарлаж байна. Энэ хугацаанд байлдааны бүхий л ажиллагаа зогсоно” гэж Кремль мэдэгджээ.

Тавдугаар сарын есний өдөр ОХУ-д Ялалтын баяр тэмдэглэж, Москвад Путины оролцсон цэргийн парад болох юм. Энэ ёслолын ажиллагаанд дэлхийн 20 орны төрийн тэргүүн оролцоно гэж мэдэгдээд байгаа бөгөөд тэдний дунд БНХАУ-ын дарга Ши Жинпинь ч багтаж байгаа аж.

Кремль энэ гал зогсоох горимыг “хүмүүнлэгийн үүднээс” гэж нэрлэсэн ч үнэндээ олон орны төрийн тэргүүнүүдийн нүдэн дээр “амар тайвнаар парадаа хийх гэсэндээ л эвлэрэл зарлаж байна” гэж ажиглагчид шүүмжилж байна. Тэр дундаа Украины Ерөнхийлөгч ч ийм байр суурь илэрхийлжээ.

Тодруулбал, гал зогсоох тухай Путины мэдэгдлийг Зеленский “ээлжит нэгэн манипуляци” хийх оролдлого хэмээгээд, “парадын үеэр Путины чихийг амраахын тулд” долоо хоног хүлээх хэрэг юу байна хэмээн мэдэгдсэн гэнэ.

“Бид парадыг биш харин хүний амь насыг үнэлдэг. Тиймдээ ч тавдугаар сарын наймны өдрийг хүлээх шалтаг үгүй гэж бид, дэлхий ертөнц үзэж байна. Мөн дараа нь дахин хөнөөхийн тулд хэдхэн хоног гал зогсох ёсгүй. Нэн даруй, бүрэн дүүрэн, нөхцөл болзолгүйгээр гал зогсоох ёстой. Баталгаатай, найдвартай байхын тулд дор хаяж 30 хоног гал зогсоох хэрэгтэй. Чухамхүү энэ нь л бодит дипломат ажиллагааны үндсийг тавьж өгнө” хэмээн Зеленский мэдэгдсэнийг “Медуза” агентлаг дамжуулжээ.

ОХУ урт хугацаанд тогтох энх тайван руу чиглэх алхам хийх ёстой, ялалтын баярыг хүлээх шаардлагагүй гэж үзэж байгаагаа Украины Гадаад хэргийн сайд ч илэрхийлсэн байна.

“ОХУ энх тайвныг үнэхээр л хүсэж байгаа юм бол нэн даруй гал зогсоох ёстой. Тавдугаар сарын наймныг хүлээх ямар шаардлагатай байгаа юм? Одоо гал зогсоож, аль ч өдрөөс хамаагүй 30 хоногийн дотор эвлэрлийг хадгалж болохоор бол энэ нь парадын төлөө биш жинхнээсээ энх тайвны төлөөх алхам болно. Украин улс урт хугацааны, бүрэн гал зогсоох горимыг дэмжихэд бэлэн. Тиймдээ ч бид дор хаяж 30 хоног гал зогсоохыг санал болгож байна” хэмээн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига Х сүлжээн дэх хуудсандаа бичжээ.

Гурав хоногийн эвлэрлийг хангалтгүй гэж үзэж байгаагаа АНУ-ын тал ч илэрхийлсэн байна.

АНУ гурван өдрийн эвлэрлийн тухай Путины санаачилгыг анзаарсан, гэхдээ Трамп Путин, Зеленский нарын үйлдэлд улам бүр сэтгэл хангалуун бус болсны дээр тэднийг “түр хугацааны биш байнгын гал зогсоох горимд шилжихийг уриалж байгаа” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

Өмнө нь, Улаан өндөгний баярын өдрөөр Путин 30 цагийн хугацаатай гал зогсоох горим зарлахад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч ижил арга хэмжээ авна гэж мэдэгдэж байлаа. Энэ удаад ч Оросын тал гал зогсоовол ижил алхам хийхээр зэхэж байгаа бөгөөд Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Зэвсэгт хүчиндээ хандан гал зогсооход бэлэн байх үүргийг өгсөн талаар Украины хэвлэлүүд мэдээлжээ.

Энд дуулгахад, гуравдугаар сарын 11-ний өдөр Саудын Арабт Зеленский АНУ-ын төлөөлөгчидтэй уулзсаныхаа дараа ОХУ байлдааны ажиллагаагаа зогсоовол нэн даруй 30 хоногийн хугацаанд гал зогсооход бэлэн байна гэж мэдэгдэж байв. Путин энэ санаачилгыг дэмжсэн ч хэд хэдэн нөхцөл тулгасан бөгөөд гал зогсоох хугацааг Украины армийг хүчирхэгжүүлэхэд ашиглахгүй гэсэн баталгаа өгөхийг шаардаж байлаа.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img