Лхагва гарагт АНУ, Украин Ашигт малтмал хамтран олборлох, Украиныг сэргээн босгох хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай хэлэлцээ хийж, АНУ Украины байгалийн нөөцийг хүртэх эрхтэй болов. Энэ хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа АНУ-ын эрх баригчид Украинд хандан гэнэтийн найрсаг мэдэгдэл хийсэн бол Украины тал цаашид Америкаас урт хугацааны дэмжлэг авах нөхцөлийг энэхүү баримт бичиг ханганах гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Тэдний хийсэн хэлэлцээр ямар учиртай байв?
Украин АНУ-д мөнгө буцааж төлөх албагүй
Украиныг дэмжихэд зарцуулан гаргасан бүхий л мөнгийг Украин эргүүлэн өгөх ёстой, тэр дундаа Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших цэргийн тусламжийн мөнгийг ч өгөх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байнга мэдэгддэг байв.
АНУ Украинд 350 тэрбум долларын тусламж үзүүлсэн гэж Трамп мэдэгддэг, гэхдээ энэ нь хэт хөөргөсөн тоо гэдгийг Украины эрх баригчид болон шинжээчид онцолдог юм. Америкийн Олон улсын харилцааны зөвлөлийн тооцоолсноор, дайн эхэлснээс хойш Америк нийтдээ 175 тэрбум долларын тусламжийг Украинд үзүүлжээ.
Вашингтоны үзүүлсэн тусламжийн хэмжээ ямар ч байлаа гэсэн энэ талаар хоёр тал байгуулсан гэрээнд тусгахгүй аж. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены захиргаа буцалтгүй тусламж үзүүлсэн тул энэ тусламжийг өр гэж тооцох учиргүй гэсэн байр суурь дээр Зеленский бат зогсож байгаа юм.
Вашингтонд гарын үсэг зурсан баримт бичгээс харахад энэ асуудал дээр АНУ буулт хийжээ. Украины Ерөнхий сайд Денис Шмыгалийн мэдэгдсэнээр, Украин ямар нэг өр төлбөр буцаах ёстой гэсэн заалт хэлэлцээрт багтаагүй аж.
Харин Трамп энэ хэлэлцээрийг өөрийн оронд ихээхэн хожилтой гэж үзэж байгаа бөгөөд өмнөх ерөнхийлөгч Украинд үзүүлсэн тусламжийн хэдэн тэрбум доллараас ч илүү их ашиг олох боломжтой хэмээн онцолсон байна.
Орост хандсан “дохио”
Ашигт малтмал хамтран олборлох, Украиныг сэргээн босгох хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай хэлэлцээний талаар Америкийн эрх баригчид мэдэгдэл хийхдээ тэдний мэдэгдлийн өнгө аяс Орост ихээхэн шүүмжлэлтэй хандах шинжтэй болж ирсэн юм. Өмнө нь Трампын захиргааныхан төдийлөн ийм өнгө аяс гаргаж байсангүй.
АНУ-ын Сангийн яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд “Украин Оросын бүрэн хэмжээний түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалахад нь АНУ-ын ард түмэн үзүүлсэн санхүүгийн болон материаллаг тусламжийг хүлээн зөвшөөрч” гэрээг байгуулсан хэмээн онцолжээ. Үүнээс өмнө Цагаан ордны түшмэдүүд Оросыг түрэмгийлэгч гэж нэрлэхээс удаа дараа татгалзаж, харин Трамп дайн эхлүүлсэн гэж Украиныг удаа дараа буруутгаж байв.
“Трампын захиргаа эрх чөлөөт, тусгаар, цэцэглэн хөгжиж буй Украиныг бий болгох энхийн явцын төлөө тууштай зогсоно гэдгийг илтгэх дохиог энэхүү хэлэлцээр Орост өгч байна” хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
АНУ, Украины хэлэлцээрийн тухай
Энэ гэрээнд зөвхөн эрдэс төдийгүй газрын тос, хий ч багтжээ. Хэдийгээр, гэрээтэй холбоотойгоор Украины нэн чухал эрдсийн нөөцийн талаар ярьж байгаа ч хэлэлцээр нь газрын тос, хий, бусад нүүрстөрөгчид ч хамаарах гэнэ. Энэ бүх нөөц Украины эзэмшилд үлдэх хэдий ч АНУ Украины хамт эдгээрийг ашиглах боломжтой болох аж. Газрын тос, хийн талаар хэлэлцээрийн өмнөх хувилбарт багтаагүй байсан бөгөөд эцсийн хувилбарт багтаасан нь Украины зүгээс хийж буй томоохон буулт гэж шинжээчид үзжээ.
Энэ гэрээ нь Украин ЕХ-д элсэхэд саад болохгүй аж. Украин Европын холбоонд элсэх стратегийн зорилго тавьсан бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сараас энэ асуудалтай холбоотой хэлэлцээрүүд эхэлсэн. АНУ-тай байгалийн нөөцийн хэлэлцээр хийснээр ЕХ-д элсэхэд саад болж болзошгүй гэж Украин болгоомжилж байсан ч лхагва гарагт байгуулсан гэрээнд АНУ ЕХ-д элсэх Украины эрмэлзлийг хүлээн зөвшөөрнө, уг гэрээ энэ эрмэлзэлд саад болохгүй гэж тусгажээ.
Хоёр тал байгуулсан гэрээнээс цаашдын цэргийн тусламж ч хамаарах гэнэ. АНУ цаашид ч Украинд цэргийн тусламж, тэр дундаа агаараас эсэргүүцэн хамгаалах системийн тусламж үзүүлэх бөгөөд байгалийн нөөц ашиглах гэрээнд АНУ зэвсэг нийлүүлэх зэргээр хөрөнгө оруулалтын санд хувь нэмэр оруулж болно гэж тусгажээ.
Вашингтоны зүгээс Украинд үзүүлэх цэргийн тусламжийг сэргээвэл энэ нь Трампын стратегид ихээхэн чухал өөрчлөлт болох юм. Учир нь Трамп Ерөнхийлөгч болохоосоо өмнө Украинд хөрөнгө мөнгө өгч байна гэж Байденыг байнга шүүмжилдэг байлаа. Ингээд өөрөө ерөнхийлөгч болсныхоо дараа Украинд шинээр цэргийн тусламж үзүүлээгүй, харин өмнөх захиргаа баталсан тусламжууд хэвийн нийлүүлэгдэж байсан юм.
Хэдийгээр гэрээнд ийм утгатай заалт орсон ч АНУ-ыг зүгээс Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх талаар ямар ч тодорхой зүйл заалт ороогүй байна.
Хэлэлцээрээс гарах ашгийн тухайд гэвэл гэрээнд тусгагдсан хөрөнгө оруулалтын сан байгуулагдан ажиллаад эхний 10 жилийн туршид сангаас олох орлого Украины эдийн засагт бүрэн зарцуулагдах гэнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын сан ажиллаж эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд АНУ ямар ч санхүүгийн үр өгөөж хүртэхгүй аж. Ингээд 10 жил өнгөрсний дараа талууд хөрөнгө оруулалтын сангийн ашгийг тэнцүү хувиар хуваан авах аж. Энэхүү түншлэл нь “АНУ Украины асуудал дээр өөрийн гэсэн ашиг сонирхолтой, Украиныг амжилттай хөгжихийг дэмждэг гэдгийг Орост сайтар ойлгуулж байгаа хэрэг” хэмээн Цагаан ордон мэдэгджээ.