2025-05-20, Мягмар
15.7 C
Ulaanbaatar

В.Путин: 2014 онд манай улс Барууныг сөрөн зогсоход бэлэн байгаагүй

ОХУ-ын “Россия 1” сувгаар “Орос улс.Кремль.Путин.25 жил” нэртэй баримтат киног дамжуулжээ. Цаг хагасын хугацаанд үргэлжлэх энэ кинонд 2025 лны хавар Кремльд бичлэгийг нь хийсэн Владимир Путины цуврал ярилцлагуудыг үзүүлэх аж. Энэ ярилцлагаар дэлхий нийтийн анхаарлыг ихэд татсан олон асуудлаар ярьсан бөгөөд тэдгээрээс онцлон, өнөө цаг үетэй холбоотой зарим ишлэлийг хүргэж байна.

2014 онд ОХУ дайн эхлүүлээгүй талаар

2014 онд Украинд хямрал эхлэж, улмаар Крымийг ОХУ өөртөө нэгтгэсэн тэр үед энэ улс Украин руу халдаж болзошгүй байсан гэж ажиглагчид үздэгийн дээр тухайн үед яагаад довтлоогүй талаарх асуулт урган гарч ирдэг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өгүүлснээр,  2014 онд ОХУ үүнд бэлэн байгаагүй гэнэ. Нэгдүгээрт, “аюулгүй байдал, зэвсэгт хүчний салбар, эдмийн засаг болон санхүүгийн салбарт” хийх ажил байсан тул “огцом хөдөлгөөнд” бэлэн байгаагүй, хоёрдугаарт энхийн замаар “Донбассын асуудлыг шийдэхээр чин сэтгэлээсээ тэмүүлсэн” гэнэ.

“2014 онд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэх боломжгүй байсан. Манай улс Барууныг сөрөн зогсоход бэлэн байгаагүй. Өнөөгийн болж байгаа үйл явдлыг гэсэн үг. Баруун ч тэр, АНУ ч тэр үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. “Бид Оростой институцийн дайнтай байгаа” байгаа гэж тэд өөрсдөө шуудхан л хэлдэг. Орос улс үнэндээ нэгдсэн барууныг ганцаар сөрөн зогсож байна. Энэ нь нөхцөл байдлын болзошгүй өрнөлд нухацтай хандахыг шаардсан” хэмээн Путин өгүүлжээ.

Крымийг нэгтгэсэн тухай

Крымийн хойгийг нэгтгэсэн нь аргагүй алхам байсан, бүс нутгийн оршин суугчдыг хамгаалах зорилгоор ийм алхам хийсэн гэж Путин энэ удаад ч онцолсон байна.

“Бид 2014 онд крымчүүд болон севастопольчуудыг дэмжих шийдвэр гаргахаас аргагүй байсан. Учир нь, өөр алхам хийвэл тэднийг зольж байгаатай адил хэрэг болох байлаа. Би энэ алхам тодорхой, ноцтой хүндрэлүүдийг дагуулах нь гарцаагүй гэдгийг ойлгож байсан. Яг л бодсоноор болсон, 2014 оноос л хоригууд эхэлсэн. Гэхдээ бид тухайн үед хийсэн зүйлээ хийх нь зөв байсан гэж бодож байна” хэмээн Путин өгүүлжээ.

“Цэргийн тусгай ажиллагааг” нийгэмд хэрхэн дэмжиж байгаа тухай

Украин руу довтлох шийдвэр гаргахдаа оросууд энэ шийдвэрийг дэмжинэ гэж “найдаж” байсан ч өөр хандлага гарч ирж болзошгүй гэдгийг ойлгож байсан хэмээн Путин өгүүлжээ.

“Би гагцхүү дэмжлэгэд найдаж байсан. Мэдээж, үйл явдал өөрөөр өрнөх, нийгэм өөрөөр хүлээн эрсдэл ч байсан л даа. Энэ утгаараа эрсдэл их өндөр байсан” хэмээн Путин ярилцлагын үеэр онцолжээ.

Украинчуудтай эвлэрэх талаар

Цаашдаа “орос ард түмний дунд байгаа украинчуудтай эвлэрэх” боломжтой эсэх талаар сурвалжлагч түүнээс асуухад Путин “гарцаагүй” хэмээн хариулжээ.

“Энэ бол гарцаагүй. Өнөөдөр бидний туулж буй бүхий л эмгэнэлт үйл явдлыг эс харгалзан бид эвлэрэх нь гарцаагүй. Энэ бол цаг хугацааны асуудал” хэмээн Путин хариулжээ.

Цөмийн зэвсэг хэрэглэх талаар

Украинтай дайн хийх явцад ОХУ цөмийн зэвсгээр сүрдүүлсэн тохиолдол хэдэнтээ гарч байлаа. Барууны шинжээчид ч ОХУ-ыг дайны явцад цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм.

Харин Путины өгүүлснээр, барууны пуужингаар Оросын нутагт цохилт өгөхийг Украинд зөвшөөрснөөрөө Барууныхан Оросыг өдөөн хатгахыг оролдсон ч ОХУ цөмийн зэвсэг хэрэглэх шаардлага байгаагүй гэнэ. Цаашид ч ийм шаардлага гарахгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийложээ.

“Биднийг өдөөн хатгаж, биднээр алдаа гаргуулахыг хүссэн. Гэхдээ таны хэлсэн зэвсгийг ашиглах шаардлага гараагүй, цаашид ч гарахгүй байх гэж найдаж байна. 2022 онд эхлүүлсэн үйлээ Орост хэрэгтэй үр дүнтэйгээр логик төгсгөлд нь хүргэх хангалттай хүч, хөрөнгө бидэнд бий” хэмээн Путин өгүүлжээ.

Залгамжлагчийн талаар

Ирээдүйд энэ орныг хэн удирдах талаар “үргэлж боддог” хэмээн Путин ярилцлагынхаа үеэр онцолжээ. Боломжит нэр дэвшигч бүрийн нөөц боломжийг байнга үнэлж дүгнэдэг гэдэгтэй тэр бээр санал нийлсэн байна.

“Сонгуулийн өмнөх технологи, захиргааны нөөц гэж бий. Гэхдээ эцсийн дүнд хүмүүс, орос ард түмэн, иргэд, сонгогчид л сонголтоо хийнэ. Ард түмний итгэлийг хүлээгээгүй хүнийг чухал албанд томилох боломж гэж үгүй. Энэ бол туйлын зарчмын асуудал” хэмээн Путин өгүүлжээ.

Хувийн амьдралын талаар

 

Путин зээ нартаа хатуу ханддаггүй, тиймдээ ч тэд өвөөдөө огт хэлэлгүйгээр гэнэт л Кремльд хүрч ирэх тохиолдол байдаг гэнэ.

Тэр оройтож хоол идэхгүй байхыг хичээдэг, гэхдээ зарим үед оройн цагаар тараг уудаг аж. Гал тогоондоо ихэвчлэн өөрөө хоол хийдэг ч түүнд туслахууд байдаг гэнэ. Путин өдөрт 1,5 цагийг спортод зарцуулж, усан санд сэлдэг, мөн сэрүүлэггүйгээр сэрдэг хэмээн ярьжээ.

Тэр бээр хүнд үед бурханд залбирдаг гэнэ. Путин 25 жилийн өмнө “Норд-Ост” мюзиклын үеэр алан хядагчид 900 гаруй хүнийг барьцаалсан үйл явдлын үеэр бурханы өмнө сөгдөж байгаад залбирч, аврал эрж байсан хэмээн ярьжээ.

 

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img