2025-05-20, Мягмар
15.7 C
Ulaanbaatar

Кашмир тойрсон Энэтхэг, Пакистаны сөргөлдөөн

Тавдугаар сарын зургааны өдөр Пакистан болон Кашмир бүс нутгийн Пакистаны хяналтад байдаг нутгуудад цохилт өгсөн гэж Энэтхэг мэдэгджээ. Энэ нь Энэтхэгийн хяналтад байдаг Кашмирийн нутагт жуулчид руу халдсан этгээдүүдийг Пакистаны дэмжлэгтэй гэж Энэтхэг буруутгаснаас хойш хоёр долоо хоногийн дараа боллоо. Тухайн үед энэ халдлагын улмаас 26 хүн амиа алдсан бөгөөд Пакистаны тал өөрсдийгөө буруугүй хэмээн мэдэгдэж байв.

ВВС агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Зэвсэгт хүчин Пакистан болон Пакистаны эзлэн түрэмгийлсэн Жамму, Кашмирт болон Пакистаны алан хядагчдын дэд бүтцэд цохилт өгөх “Синдур” ажиллагааг эхлүүлсэн гэж Энэтхэгийн тал мэдэгдсэн байна. Энэтхэгийн эрх баригчид алан хядагчидтай холбоотой есөн байд пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгдсэн ч Пакистан үүнийг няцаажээ.

Тодруулбал, Энэтхэгийн тал алан хядагчдын байршилд цохилт өгсөн гэж мэдэгдэж байгаа бол Пакистаны армийн мэдээллээр, алан хядагчдын бүс нутагт биш харин энгийн иргэд оршин суудаг бүс нутагт Энэтхэгийн онгоцууд пуужин хаясан гэнэ. Энэтхэгийн цохилтын улмаас найман хүн амиа алдаж, 35 хүн шархдан, хоёр хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа аж.

Ийнхүү энгийн иргэд рүү халдсан тул Пакистан хариу өгөх эрхтэй гэж тус улсын Ерөнхий сайд Миан Мухаммад Шахбаз Шариф мэдэгджээ. Улмаар Пакихстаны Зэвсэгт хүчин бүхий л сөнөөгч онгоцоо агаарт хөөргөсөн бөгөөд лхагва гарагт шилжих шөнө Пакистаны цэргүүд Энэтхэгийн цэргийн гурван онгоц, нэг дроныг сөнөөсөн байна.

Нөхцөл байдал хэр аюултай вэ?

Энэтхэг, Пакистаны сөргөлдөөнтэй холбоотойгоор ВВС агентлаг Энэтхэг судлаач Алексей Захаровоос байр суурийг нь тодруулжээ. Захаров өнөөгийн үйл явдлыг онцгой гэж үзэхгүй байгаа бөгөөд Пакистан, Энэтхэгийн хооронд ийм сөргөлдөөн цаг хугацааны давтамжтай гардаг гэдгийг онцолсон байна.

“XXI зууны сүүлийн 25 жилийг аваад үзвэл өнгөрсөн сард гарсан шиг томоохон алан хядах ажиллагаа таван удаа гарч байсан. Ийм тохиолдол гарах бүрт Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдаж, хоёр тал ширүүн мэдэгдэл хийн, хяналтын шугмаар хурцадмал байдал үүсэж байлаа” хэмээн Захаров онцолжээ.

Гэхдээ урьд өмнөх халдлагууд энгийн иргэд рүү биш Энэтхэгийн цэргүүд рүү чиглэсэн байсан гэдгийг Захаров цохон тэмдэглэсэн байна.

“Аль ч тохиолдолд Нарендра Моди тэргүүтэй эрх баригчид хатуухан хариу өгч, Пакистаны хэсэг рүү довтолж байсан” хэмээн Захаров өгүүлжээ.

Харин энэ удаад халдлага гарсан даруйд Энэтхэгийн аюулгүй хүчин алан хядах ажиллагааны эсрэг тусгай ажиллагаа зарласан. Энэ ажиллагааны хүрээнд зөвхөн Пахалгама дахь алан хядах ажиллагаа төдийгүй өөр халдлагуудад оролцсон гэж сэжиглэгдсэн этгээдүүдийн 10 орчим байрыг устгасан нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд учир нь тусгай ажиллагааны үеэр энгийн иргэдийн байр сууц ч өртсөн байна.

Халдлага болон түүний үр дагаврын талаар

Энэтхэг, Пакистан улс 70 гаруй жил Кашмирийн нутаг дэвсгэрийн эзэмшлийн маргаантай байгаа бөгөөд энэ нутгийн төлөө хоёронтаа дайтаж байлаа.

Энгийн иргэд амиа алдсан тоогоор дөрөвдүгээр сарын 22-ны халдлага сүүлийн 20 жилд энэ нутагт гарсан хамгийн том халдлага болсон юм. Кашмирт жуулчид руу халдсаны улмаас нийтдээ 26 хүн амиа алджээ. Хэдийгээр энэ халдлагад холбоотой дөрвөн хүний хоёр нь Пакистаны иргэд харин нөгөө хоёр нь Энэтхэгийн иргэд байсан ч Энэтхэгийн эрх баригчид халдлагад Пакистаныг буруутгасан юм. Пакистаны үүнийг няцаасан. Энэтхэг ч Пакистаныг халдлагад холбоотой гэдгийг батлах ямар нэг нотолгоо баримт гаргаж ирээгүй л байгаа юм.

Гэсэн ч дөрөвдүгээр сарын 22-ны үйл явдлын дараа хоёр тал хатуу арга хэмжээг сонгож, Энэтхэг улс Пакистантай харилцах дипломат харилцааны түвшинг бууруулж, элчин сайдын яамдын ажилтнуудын тоог хоёр дахин багасгаж, хоёр улсыг холбох цорын ганц хуурай замын хилийг хаасны дээр пакистанчуудад виз олгохоо зогсоожээ.

Пакистан ч мөн Энэтхэгийн иргэдэд виз олгохоо зогсоож, Энэтхэгийн цэргийн зөвлөхүүдийг “персона нон грата” буюу “тааламжгүй этгээд” хэмээн зарлан, тэднийг нутгийг нь орхин гарахыг үүрэгдсэн аж. Мөн Энэтхэгт харьяалагдах болон Энэтхэгийн удирдлагатай бүхий л агаарын тээврийн компаниудын онгоцыг Пакистаны агаарын орон зайг ашиглахыг хориглон, Вагах боомтыг хаан, бүх худалдааг зогсоосон байна.

Үүний зэрэгцээ хоёр орны хүлээн зөвшөөрөгдөөгүй хил дээр долоо хоногийн туршид буун дуу тасрахгүй үргэлжилж байгаа талаар Ройтерс, ВВС, DW зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байгаа юм.

Шинжээчдийн өгүүлж байгаагаар, энэ удаагийн сөргөлдөөнд олон улс онцгой анхаарал хандуулж байгаа нь Энэтхэг, Пакистан хоёр хоёулаа цөмийн зэвсэг эзэмшдэг гэдэгтэй холбоотой аж. Гэхдээ өмнөх сөргөлдөөнүүдэд аль аль тал энэ зэвсгийг ашиглаж байгаагүй юм.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img