Дэлхий нийт өдгөө Хятадын үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьж, үйлдвэрлэлийн их гүрэн хэрхэн нуран унаж буйн гэрч болж байна. Цагтаа дэлхийн эдийн засгийн цуцашгүй хөдөлгүүр байсан Хятадын аж үйлдвэрийн салбар гүн хямралд оржээ. Олон улсын томоохон компаниуд манай урд их хөршөөс дайжих боллоо.
Доналд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан хэт өндөр татварыг тойрч гарахын тулд “Apple” компани Энэтхэгт “iPhone” утасны үйлдвэрлэлээ нэмэгдүүлэв. “Самсунг” Хятад дахь томоохон үйлдвэрүүдийнхээ нэгийг хааж, тус улсад ухаалаг утас үйлдвэрлэхээ бүрмөсөн зогсоожээ. Тоглоом үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Лего” зэрэг компаниуд хүртэл Хятадыг орхин Вьетнамд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болов. Их хэмжээний мөнгө Хятадаас урсан гарч, Зүүн өмнөд Азийн орнууд руу цутган орж байна. Энэ эгзэгтэй цаг мөчийг алдаж хоцрохгүйн тулд, мөн АНУ-ын татвараас зайлсхийх үүднээс Хятадын компаниуд өөрсдөө ч хилийн чанад руу үйлдвэрүүдээ шилжүүлж эхэлжээ.
Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ нэлээд удаан хугацаанд дэлхийд тэргүүлсээр ирсэн Хятад байр сууриа яагаад ийнхүү хурдацтайгаар алдах болов? “Apple”, “Nike” зэрэг аварга компаниуд өөрсдийн мөрөөдлийн гэх үйлдвэрүүдийнх нь өлгий болж байсан улс орныг яагаад орхих нь тэр вэ? Хятад улс олон арван жилийн турш дэлхийн аж үйлдвэрийг итгэл төгс манлайлсаар ирсэн. Ухаалаг утас, нөүтбүүк, хувцас хунар, гэрийн тавилга, тоглоом гээд дэлхийн бараа бүтээгдэхүүний 35 шахам хувийг дангаараа үйлдвэрлэдэг байлаа. Тус улс даяар эдийн засгийн хөдөлгүүр болж, агуулахууддаа аливаа бараа бүтээгдэхүүний хангалттай нөөц бүрдүүлж, нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ болон хямд үнээр хангасан билээ.
Гэвч нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, даяар эдийн засаг дахь Хятадын ганхашгүй мэт санагдаж байсан ноёрхол аажмаар үгүй болж, Хятад улс дэлхийн үйлдвэр байсан эрин үеийн төгсгөл эхэлж байна. Үйлдвэрүүд хаагдаж, олон улсын компаниуд нүүн одож, Хятадын үйлдвэрлэлийн суурь нурж эхэлсэн гэж олон улсын нөлөө бүхий эдийн засагчид дүгнэх болов. Үүний нэг тод жишээ гэвэл, жилд 36 сая ухаалаг утас үйлдвэрлэдэг байсан Тяньжин дахь “Самсунг”-ийн үйлдвэр хаагдсан явдал. Үйлдвэрлэлээ Вьетнамд шилжүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн “Самсунг” тэнд жилд 240 сая ухаалаг утас үйлдвэрлэх болжээ. Хачирхалтай эргэлт. Ердөө саяхан л Хятад дэлхийн бараг бүх брэндийн үндсэн үйлдвэрлэгч байлаа шүү дээ. Хятадын нийлүүлэлтийн сүлжээтэй хэдэн арван жилийн турш уяатай байсан “Apple” хүртэл үйлдвэрлэлээ Энэтхэг рүү шилжүүлж байна.
Урьдын хамаарлаасаа ийнхүү салах болсон нь зөвхөн электроникийн салбараар хязгаарлагдаагүй.
Гуанжоуд гэхэд мебель тавилгын үйлдвэрүүд зогсчээ. Өмнө нь энэ салбар Хятадад олон сая тэрбум долларын экспортын орлого оруулдаг байв. Хятадын экспортын гол түшиг тулгуурын нэг байсаар ирсэн оёдлын үйлдвэрлэлд ч нөхцөл байдал ижилхэн. Хятад нь олон бизнесийн хувьд шинэ боломж нээн олгогч орон байсан бол одоо алдагдлын эх үүсвэр болжээ. Ийм эргэлтийн шалтгаан нь юу байв? “Apple”, “Nike” зэрэг аварга брэндүүд тус улсаас яагаад зугтах болов? Үүний үндсэн шалтгаануудыг нэг нь ажиллах хүчний үнэ.
Урьд нь Хятад хямд ажиллах хүч, сая сая ажилчин, төрийн дэмжлэг гэсэн төгс томъёог гадаадын хөрөнгө оруулагчдыг татдаг байв. Гэвч тэр цаг үе ард үлджээ. Сүүлийн 20 жилийн дотор Хятадын эдийн засаг огцом өсч, олон зуун сая хүнийг ядуурлаас гарган хурдан өсөх дунд ангийг бий болгосон нь үнэхээр гайхамшигтай амжилтын түүх. Гэвч аливаа зүйл хоёр талтай гэдэг дээ. Хятадад хөгжлийг даган хүмүүсийн цалин ихэд нэмэгдэж эхэлжээ. Үйлдвэрийн дундаж ажилчны жилийн цалин 2013 онд 52 000 юань буюу 7 200 орчим доллар байсан бол өдгөө 122 000 юань буюу 17 000 долларт хүрээд байна. Бараг 2.5 дахин нэмэгдсэн гэсэн үг. Харьцуулахад, Вьетнамд үйлдвэрийн ажилчин жилд 3 600, Энэтхэгт бүр 3 000 доллар авдаг аж. Энэхүү зөрүү Хятадад үйлдвэрлэл эрхлэхийг ашиг багатай болгож байгаа юм. Үүнээс гадна Хятад өөр нэг хүндрэлтэй тулгарсан. Залуу үе нь үйлдвэрт ажиллахыг хүсэхээ больжээ.
Ажилгүйдэл нэмэгдэх болсон ч залуучууд үйлдвэрийн ажлыг уйтгартай, хүнд хүчир, дээр нь цалин багатай гэж голно. Тэд технологи, санхүү эсвэл оффисын ажил руу хошуурах болжээ.
Ингэснээр, үйлдвэрүүдийн санал болгох ажлын байр, залуучуудын хүсэл тэмүүллийн ялгаа улам бүр нэмэгдсээр. Си Жиньпиний Засгийн газар оюутан залуучуудыг аж үйлдвэрт хүчин зүтгэхийг уриалан элдэв хөнгөлөлт амлавч, энэ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Үүнээс үүдэн зарим бүс нутагт ажиллах хүчний хомсдол үүсч , цалинг цаашид ч нэмэхээс өөр аргагүйд хүрчээ. Иймд хөдөлмөр эрхлэлтийн асуудал тус улсад эдийн засгийн төдийгүй улс төрийн шинж чанартай болж болзошгүй. АНУ-тай хийх болсон худалдааны дайн Хятадын байдлыг бүр дордуулав. 2018 онд ганц хоёр ялимгүй зөрчлөөс болж эхэлсэн энэхүү дайн 2025 онд цар хүрээтэй эдийн засгийн сөргөлдөөн болтлоо өргөжлөө.
АНУ Хятадын зарим бараанд 245% татвар ногдуулж, хариуд нь Бээжин АНУ-ын бараа бүтээгдэхүүнээс 125% татвар авах болжээ. Ийм харилцан цохилтууд эд анги нийлүүлэлтийн хувьд Хятадаас хамааралтай дэлхийн бизнесүүдэд хүндхэн тусч байна. Ялангуяа электроникийн салбар. Чип, батарей, дэлгэц зэргийг чухамхүү Хятадад үйлдвэрлэдэг учраас тэр. Энэ бүгдээс үүдэн үйлдвэрлэлийн өртөг мэдэгдэхүйц өссөн тул дэлхий даяарх хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг илүү их үнээр авах болж байна гэсэн үг.
“Бүхнийг Хятадад” загвар хэтэрхий эмзэг байсныг дэлхийн бизнесийн ертөнц ухаарч эхэлжээ.
Хятадын эдийн засаг удааширч байгаа бөгөөд үүнийг үл тоомсорлож мэдээж болохгүй. Дэлхийн банк Хятадын ДНБ-ий энэ жилийн өсөлтийг ердөө 4.5 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Энэ нь 2024 оны 5.2 хувиас хавьгүй бага, тус улсын олон арван жилийн хоёр оронтой тоотой өсөлтөөс дэндүү хол тоо. Дээр нь Хятадын хүн ам хурдан хөгширч байна. Аравхан жилийн дараа иргэдийнх нь 40 хувь тэтгэврийн насныхан болох аж. Ажил эрхлэгчид цөөрч, тэтгэврийн насныхан ийн нэмэгдэх нь Хятадын эдийн засгийн өсөлтийг сааруулах гол хүчин зүйл гэдэг нь тодорхой. Эрх баригчид тэтгэврийн насыг дээшлүүлж, залуу боловсон хүчнийг давтан сургахад ихээхэн хөрөнгө гаргаж байна. Гэвч залуучуудын ажилгүйдэл Хятадын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Албан ёсны статистикээр тус улсын залуучуудын 16 хувь нь ажилгүй гэх ч албан бус тооцоогоор 46 хувьд хүрсэн гэх. Хятадаас олон улсын томоохон үйлдвэрлэгчид гарч, нийлүүлэлтийн сүлжээ доголдох болсны улмаас тус улсад цахилгаан бараанаас эхсүүлээд хувцас хүртэл бүх барааны үнэ өсөх болов. Ухаалаг утасны үнэ 12, хувцасны үнэ 8 хувиар тус тус өсчээ.
Хятадыг ийн бүдрэх зуур орыг нь хэн залгах гэж байгаа бол?
Вьетнам цагаа дэмий үрж суухгүй байна. Энэ оны гуравдугаар сар гэхэд тус улс бараг 11 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт татжээ. Энэ нь өмнөх жилийнхээс даруй 34 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Тус улсад “Intel”, “LG” зэрэг компаниуд үйлдвэрлэлээ эрчимжүүлж, “Лего” 1.3 тэрбум долларын өртөгтэй, тэр чигтээ сэргээгдэх эрчим хүчээр ажиллах үйлдвэр барьж эхэлжээ. Одоо Вьетнам хурдацтай, бас тогтвортой хөгжиж байна. Тус улс зөвхөн футболк, пүүз бус “Мicrosoft”, “Foxconn”-ы өндөр зэрэглэлийн электрон бараа үйлдвэрлэдэг болов. Дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн хувьд Вьетнам нь Хятадын нөөц нисэх онгоцны буудал байхаа больж, бүрэн хэмжээний үйлдвэрлэлийн төв болж хувирлаа.
Дээр нь Энэтхэг байна. “Apple” болон түүний гол түнш “Foxconn” компани хамтран Энэтхэгийн аж үйлдвэрийн нүүр царайг өөрчилж эхэллээ. Одоо “iPhone”-ы таван ухаалаг утасны нэгийг Энэтхэгт үйлдвэрлэдэг болжээ. Энэ нь Хятадаас 22 тэрбум гаруй долларын үйлдвэрлэлийн хэмжээг гарган нүүлгэснээс үүдэлтэй. “Foxconn” Бангалор хотод олон тэрбум долларын өртөгтэй асар том үйлдвэр барьж байгаа нь Энэтхэг “Apple”-ийн нийлүүлэлтийн сүлжээний шинэ төв болж буйн баталгаа юм. Харин “Samsung” Энэтхэгийн Уттар Прадеш мужид дэлхийн хамгийн том ухаалаг гар утасны үйлдвэрүүдийн нэгийг ашиглалтад оруулаад байна. Энэтхэгт хямд залуу ажиллах хүч, үйлдвэрлэлийг дэмжих төрийн ухаалаг хөтөлбөр байгаа нь янз бүрийн салбарын даяар үйлдвэрлэгчдийг татах болжээ.
Сүүлийн жилүүдэд Азийн дээрх хоёр улсаас гадна Мексик ч томоохон үйлдвэрлэгч орон болж хувирав. Гол давуу тал нь мэдээж газар зүйн байрлал. Дэлхийн хамгийн том зах зээл болох АНУ-тай хөрш тул энэ тал дээр Азийн ямар ч улс Мексиктэй эн зэрэгцэн өрсөлдөх боломжгүй.
Мексикт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэдхэн хоногийн дараа АНУ-ын дэлгүүрүүдийн лангуун дээр тавигддаг нь даяар нийлүүлэлт тогтворгүйжсэн өнөөгийн нөхцөлд маш чухал хүчин зүйл.
Үүнээс гадна Мексикийн ажиллах хүчний үнэ Хятадаас хямд болжээ. Нэг цагийн хөдөлмөрийн хөлс Мексикт одоо 4.9 цент бол Хятадад 6.5 доллар юм байна. Дээр нь АНУ, Канадтай чөлөөт худалдааны UCMCA гэрээнд нэгдсэн тул Мексикт “Tesla”, “Ford”, “GM” зэрэг аварга компаниуд үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаад гайхах зүйлгүй. Эцэст нь дүгнэхэд, Хятад дэлхийн үйлдвэрийн статусаа аажмаар алдаж, даяар аж үйлдвэрийн салбарт ойрын ирээдүйд илүү хямд ажиллах хүчинтэй, илүү уян хатан бодлоготой Вьетнам, Энэтхэг, Мексикийн гурвал ноёлох төлөвтэй.