Эрэлхэг морьт цэрэг, иргэний дайны үед домогт Котовскийн бригадад байлдаж явсан Илья Октябрьский 1925 онд Крымийн хойг дахь Симферополь хотноо утасны оператор бүсгүй Мария Гарагулятай танилцаж, мөн оны арванхоёрдугаар сарын 22-нд гэрлэжээ. Тэднийг хувь заяа Симферополиос Бердичев, тэндээс Новоград-Волынский, дараа нь Изяслав, улмаар Котовск, Кишиневын гарнизонуудад нүүдэллэн амьдрахад хүргэсэн ч дурлалт хос ямар ч хүндрэл бэрхшээлийг үл ажран 16 жилийн турш үргэлж хамтдаа нэг нэгнээ түшин аз жаргалаар бялхаж амьдарсан гэдэг. 1941 оны нэгдүгээр сард Москвад улс төрийн боловсон хүчнийг бэлтгэх курст суралцахаар явсан Илья Октябрьский зургадугаар сарын сүүлээр гэртээ харих ёстой байлаа.
Гэвч зургадугаар сарын 22-ны үүрээр дайн эхэлж, Кишинёв Германы нисэх хүчний бөмбөгдөлтөд өртөв. Мария Октябрьскаягийн дүү Евдокиятай гэрлэсэн, нөхөртэй нь хамт Финландын дайнд мөр зэрэгцэн байлдаж явсан комиссар Илья Гирявенко түүнийг эхнэрийнхээ хамт зүүн зүг хөдлөх гэж байсан галт тэргэнд амжиж суулгажээ. Мария дүүгийнхээ хамт Харьков, Валуйки, Курск, Москва, Новосибирскээр дамжин 1941 оны наймдугаар сарын 9-нд Томск хотод хүрэлцэн ирсэн байна. Яг тэр өдөр нөхөр нь амь үрэгдсэнийг тэрээр жилийн дараа л мэдсэн билээ.

Коммиссаруудын нүүлгэн шилжүүлэгдсэн эхнэрүүдэд улсаас тэтгэлэг олгодгийн дагуу Мария Октябрьская ч Томскийн цэргийн хэлтсээс сар бүр 1000 рубль авдаг болов. Харин сүрьеэгийн хүнд хэлбэрээр өвчилж байсан нь ч, комиссарын эхнэрийн статус нь ч түүнийг хөдөлмөрийн албанаас чөлөөлсөнгүй. Намар нь зарлан дуудах хуудас ирж, тэрээр баригдаж буй байшингуудын дээврийг дулаалдаг лаг шаарыг ядарч туйлдталаа зөөдөг болжээ. Одессын ойролцоо хүнд шархдан тахир дутуу болж фронтоос буцаж ирсэн Илья Гирявенко Томскийн артиллерийн нэгдүгээр сургуульд томилогдонгуутаа Мария Октябрьскаяг утасны оператороор ажилд авч аварсан байна.
35 нас хүрсэн түүнд 1942 оны наймдугаар сард нөхөр нь амь үрэгдсэнийг мэдэгдсэн албан захидал гардуулжээ. Захидалд, 206 дугаар буудлагын дивизийн хорооны комиссар Илья Октябрьский 1941 оны наймдугаар сарын 9-нд Киевийн ойролцоох тулалдаанд баатарлагаар алтан амиа алдсан гэж бичсэн байв. Комиссар дайчдаа дайралтад уриалан хөтлөхдөө дайсны пулемётын галд өртжээ. Нэг хотоос нөгөө рүү нүүдэллэж байсны улмаас Мария Октябрьскаяд захидал ийнхүү нэлээд хожуу хүрсэн биз ээ.
Тэрээр эмгэнэлт мэдээг маш хатуужилтай хүлээж авав. Гурван хоног нулимс ч дусаалгүй, элдвийг бодон хэвтсэнийхээ дараа ажилдаа гарчээ. Мария Октябрьская нацистуудаас нөхрийнхөө өшөөг заавал ч үгүй авахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн байна.
Тэгээд Томскийн цэргийн хэлтэст удаа дараа хандаж фронт руу явуулахыг хүсэвч нас ахисан, дээр нь хүзүүний нугаламын сүрьеэгээр өвчилж байсан гэх шалтгаанаар ямагт татгалзсан хариулт авдаг байж. Буугаар буудаж, машин жолоодож, шархдагсдын арчилж чаддаг гэж учирлаад ч тусыг эс олжээ. Уг нь Мария Октябрьская “Ворошиловын мэргэн бууч” тэмдгийн болзол хангасны дээр 1929 онд aнхны тусламж үзүүлэх дамжааг дүүргэж, 1939 онд жолооны сургуулийг төгсөн жолооч мэргэжилтэй болсон аж.
Нэгэн өдөр тэрээр сонинд Свердловскийн талх, гоймонгийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд нэгнийхээ фронтод амь үргэдсэн дүүгийнх нь өшөөг авахад туслахаар танк худалдаж авсан тухай нийтлэл гарсныг олж уншжээ. Мария Октябрьская үүнээс санаа аван байдаг эд хөрөнгөө худалдаж 50 мянган рубль хүрэнгүүт 1943 оны хоёрдугаар сарын 19-нд Улсын банкинд тушаасан аж.
Тэгээд тэр өдрөө ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины нэр дээр цахилгаан илгээжээ. Тэрхүү цахилгаанд,
“Хүндэт Иосиф Виссарионович, миний нөхөр, хорооны комиссар Илья Федотович Октябрьский эх орныхоо төлөө тулалаж амь үрэгдсэн билээ. Би фашист нохдоос нөхрийнхөө, амь үрэгдсэн хүн бүрийн өшөөг авахыг хүсч байна. Үүний тулд танк үйлдвэрлэхэд зориулан бүх хувийн хадгаламж болох тавин мянган рублийг Улсын банкинд тушаасан болно. Танкийг (“Боевая подруга”) ”Байлдааны анд бүсгүй” гэж нэрлээд намайг энэ танкны жолоочоор фронт руу илгээж өгнө үү. Би жолооч мэргэжилтэй, маш сайн пулемётчин, Ворошиловын мэргэн бууч хүн. Танд халуун мэндчилгээ дэвшүүлж, дайснуудыг айлгасаар, эх орныхоо алдар нэрийг өндөрт өргөсөөр урт удаан наслахыг хүсэн ерөөж байна. Мария Васильевна Октябрьская. Томск хот, Белинскийн гудамж, 31” гэжээ.
Иосиф Сталин мятаршгүй бүсгүйн санаачлагыг дэмжсэн байна. Хэдхэн хоногийн дараа Мария Октябрьскаяд Кремлиэс доорх хариу иржээ.
“Мария Васильевна Октябрьская танаа,
Мария Васильевна, Улаан армийн хуягт танкийн хүчний талаар санаа тавьсанд баярлалаа. Таны хүсэл биелэх болно.
Миний мэндчилгээг хүлээн авна уу.
Иосиф Сталин.”
Маргааш нь л Мария Октябрьская ЗХУ даяар алдаршив. Бүхий л сонин хэвлэл түүний захидлын хэсгүүдээс нийтэлж эхэлсэн учраас арга ч үгүй.
Томскийн цэргийн комисс Сталины хариуг тушаал хэмээн хүлээн авч, Октябрьскаяг 1943 оны тавдугаар сард Омскийн танкийн сургуульд элсүүлсэн аж. Мөн оны намар тэрээр бүх шалгалтаа онц дүнтэй өгч, түрүүч цол аваад цамхаг дээр нь “Байлдааны анд бүсгүй” гэсэн бичээс бүхий танкныхаа хамт фронт руу илгээгджээ.
1943 оны аравдугаар сарын 12-нд Улаан арми Баруун фронтынхоо хүчээр Оршанскийн давшилтын ажиллагааг эхлүүлэв. Гол цохилтыг Витебск-Полоцкийн чиглэлд хийхээр төлөвлөсөн байна. Арваннэгдүгээр сарын 18-нд Новое Село тосгоны ойролцоох тулалдааны үеэр “Байлдааны анд охин” гэсэн бичээстэй танк дайсны хамгаалалтын тэргүүн эгнээг хамгийн түрүүнд нэвтэрчээ. Октябрьская танкаараа чадварлаг манёврлаж, Германы хамгаалалтыг жинхэнэ утгаараа бут цохиж байв. Тэрээр их бууны багийг устгаж, дайсны байрлал руу гүн нэвтэрч чаджээ.
Ширүүн тулалдаанд түүний танкийн баг 30 хүртэл дайсныг устгаж чадсан боловч “Байлдааны анд бүсгүй” ч бас герман суманд өртөж гинж нь тасрав. Танк зогссоныг хараад германчууд түүн рүү миномётоор зогсолтгүй гал нээж, танкчдад гарч машинаа засах боломж олгохгүй байжээ. Үдэш болтол “Байлдааны анд бүсгүй” явган цэргийн довтолгоог дэмжин суурин галын цэгийн үүрэг гүйцэтгэв. Тэгээд шөнийн харуй бүрийд л сая нэг гарч, гинжийг буцааж холбосон байна.

Бүр Цэргийн хэлтэст л Октябрьскаяг танкийн жолооч болох хүсэл эрмэлзлээсээ татгалзахыг ятгаж эхэлсэн аж. Түүнийг фронтод сувилагчаар явуулахыг оролдсон боловч тууштай шулуун зан, мэдээж хэрэг Сталины гарын үсэг эмэгтэйд танкчнаар үлдэх боломж олгожээ. “Байлдааны анд бүсгүй”-г 1943 оны аравдугаар сард Дачинскийн гвардийн хоёрдугаар танкийн корпусын 26 дугаар бригадын мэдэлд очиход, командлагч нь болох Алексей Бурдейный Октябрьскаяг аврах өөр нэг оролдлого хийв. Тэрээр түүнд довтолгоонд ордоггүй командлагчийн танкийнхаа механик жолооч болохыг санал болгожээ.
Гэвч дайснуудаас нөхрийнхөө өшөөг авах чин хүсэлтэй танкчин эмэгтэй ямар нэг буулт хийх талаар бодохыг ч хүсэхгүй байв. Үүнээс хойш Мария Васильевна удаан байлдаагүй. Тэрээр 1944 оны нэгдүгээр сарын 18-нд Витебск мужийн Крынки гацааны ойролцоо сүүлчийн удаа тулалдаанд оржээ.
Шаталсан гүнзгий хамгаалалт байгуулсан нацистууд эцсээ хүртэл тулалдаж байлаа. Октябрьская танк эсэргүүцэх хоёр бууг бут устгаж чадсан боловч Германы нэг их бууны багийнхан оновчтой буудсанаар танкных нь зүүн талын гинж газарт гулсан унав.
Мария Васильевна аюулыг үл хайхран дайсны галын дор гэмтлийг засч эхэлсэн бөгөөд их бууны сумны хэлтэрхийнд хүнд шархджээ. Эмч нар түүнийг тулалдааны талбараас гарган хээрийн эмнэлэгт хүргэж, хагалгаанд оруулсан байна. Гэвч Октябрьскаягийн биеийн байдал аажмаар муудаж эхэлжээ.
Мария Васильевнаг Москва руу яаралтай шилжүүлэхээр шийдвэрлэсэн ч тэрээр 1944 оны гуравдугаар сарын 15-ны үүрээр өөд болжээ. Эрэлхэг танкчин эмэгтэйг нас барахын өмнө фронтын цэргийн зөвлөлийн гишүүн Лев Мехлис болон дарга нь болох хошууч Топак нар эргэж, Эх орны дайны нэгдүгээр зэргийн одонгоор шагнан хорооных нь хамт олноос явуулсан бэлэг, мөн захиаг өгчээ.
Захианд, “Бид бүхний ээж Мария Васильевна та сайн байна уу? Танд хурдан эдгэхийг ерөөе. Бидний “Байлдааны анд бүсгүй” маань Берлинд хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Бид таны шархны төлөө дайснаас хайр найргүй өшөө авах болно. Нэг цагийн дараа тулалдаанд гарах гэж байна. Бид бүгд таныгаа чанга тэвэръе. Манай “Байлдааны анд бүсгүй” танд мэндчилгээ дэвшүүлж байна” гэжээ.

Мария Октябрьскаяг Смоленск хотын Кремлийн ойролцоох Баатруудын дурсгалын талбайд мөнх нойрсох 1812 оны дайны баатар эрсийн дэргэд цэргийн ёс хүндэтгэлтэйгээр оршуулсан ба 1944 оны наймдугаар сарын 2-нд ЗХУ-ын баатар цолоор нөхөн шагнасан билээ.
Түүний танкны багийнхан Германы Кенигсберг хотод хүрэхэд дайн дуусчээ. Тэдний гурван танк сөнөсөн ч ээж Мария Октябрьскаягаа дурсан хүндэтгэж, шинээр хүлээж авсан танк болгоныхоо цамхаг дээр ямагт “Байлдагч анд бүсгүй” гэж бичдэг байжээ.