2025-06-23, Даваа
16.4 C
Ulaanbaatar

Ч.Ганжавхлан: Эморол бол сэтгэл гутрал биш амьдрахуй юм

“Хол биш-Их цугларалт” эвентийн үеэр “Ид шидийн орон”-ыг санаачлагч Ч.Ганжавхлангийн тавьсан илтгэлийг тоймлон хүргэе.

Эморол гэж юу юм бэ гэж их олон хүн асуудаг л даа. Энэ асуултад хариулахын өмнө бяцхан түүх ярья. Одооноос долоон жилийн өмнө 2018 онд би нэг шагнал авсан юм. Дэлхийн шилдэг арван залуугийн нэг гээд. Өөртэйгөө нэлээн гүн, дотоод зөрчилтэй байсан үе л дээ. Манлайлагч, шилдэг гэх мэт үгсийг “Ид шидийн орон”-ыг байгуулснаас хойш сонсох болсон. Магтаал сонсох бүрдээ, шагнуулах болгондоо нэг л бодол толгойд эргэлдэнэ. “Би ямар нэгэн амжилт, алдарт хүрэх гэж энэ ажлыг хийгээгүй” гэсэн бодол. Дотоодод минь маш их эмзэглэл байсан учраас тэр бүхнийг хийсэн. Амжилт гэдэг үг надад тэгтлээ наалдахгүй,  ер нь тиймэрхүү үгсэд дуртай биш байсан гэх үү дээ.

Дэлхийн шилдэг залууст багтсаны тухайд 200 орчим улсаас материал авсан юм билээ. Сүүлдээ 1000 гаруй  залуу тунаж үлдсэн байдаг юм. 5000 хүнтэй томоо зааланд сууж байгаад шагналаа авсан. Монголын түүхэнд анх удаа дэлхийн шилдэг 10 залуугийн нэгээр шалгарсан. Шагналаа авах гээд  явж байх замдаа Энэтхэгийн орон гэргүйчүүдийн хотхоноор дайрсан юм. Идэх хоол байтугай уух ус нь ч асуудалтай хэцүүхэн газар. Хамгийн ядуу дүүрэг. Шагнал авахаас өмнө 14 хоног хоосон, ямар ч төлөвлөгөөгүй, гав ганцаараа орон гэргүйчүүдийг харахын тулд тийш зүглэсэн. Тэгээд  тэдэнтэй амьдарч үзсэн. Ганцхан камертайгаа л явсан. Байнгын дотроо зөрчилтэй. “Би яг шагнал авах хүн мөн үү” гэсэн асуулт толгойд эргэлдээстэй.

Тэр газар 14 хоног амьдрахад би соёлын шоконд орсон. Миний хувьд олон оронд ажиллаж амьдарч үзсэн. Арай ч тэгж  соёлын шоконд орно гэж бодоогүй. Хүмүүс нь гэрэл зураг авахад тийм ч дуртай биш. Ганц  хүний зураг авах гэж бөөн юм болно. Харин хорин хүний зургийг авахад нэг нэгнийхээ нүд рүү хараад чин сэтгэлээсээ инээмсэглэж байсан. Одоо ч тэр зураг надад бий.

Орогнох оромж нь сүрэл, идэх хоол, өмсөх хувцсаар тарчиг тийм хэцүү орчинд хүмүүс чин сэтгэлээсээ инээж байсан. Гурав, дөрвөн айл нь намайг гэртээ урьж масала цайгаар  дайлсан. Ийм ядуу хэрнээ ямар аз жаргалтай байна вэ, нууц нь юу юм бол? Ийм асуулт толгойноос салаагүй. Тэгээд би өөрөөсөө асуусан л даа. “Чи аз жаргалтай хүн мөн үү” гэж. Нойргүйдэлтэй,  мэдрэлийн ядаргаанд орчихсон, байсхийгээд бухимддаг аз жаргалгүй нэгнийг олж харсан даа, эцэст нь. Тэгсэн хэрнээ амжилттай, нэр төртэй юм шиг яваад байдаг. Тэр бүхний эцэст ямартай ч шагналаа очиж авсан. Буцаж ирэхэд дотор ямар нэг юм үлдчихсэн. Худлаа юм бичиж буруу юманд  уриалаад байгаа юм шиг санагдсан. Юу ч үгүй мөртлөө хориулаа зургаа даруулахдаа биес рүүгээ чин сэтгэлээсээ инээмсэглэж  зогссон тэртээх тосгоны хүмүүсээс  илүү зовлонг дотроо тээсэн хэрнээ залууст инфлүсер бол, youtube, start up хий гэж уриалах хэрэг байна уу гэж эргэлзсэн. Хов хоосон, дотроо сүнсгүй амьгүй ажилд бусдыг уриалаад байгаа юм шиг санагдаж эхэлсэн.

Манайхан бултаараа амжилтад хүрсэн хүмүүсийн түүх, амжилтад хүрэх аргын тухай бичиж уншиж байсан цаг л даа. Тэгээд нэг шийдэлд хүрсэн. Өөрийнхөө алдааг бичих ёстойгоо олж харсан. Тэр цагаас хойш хоёр жил хиншүү ханхалтал эморч суусан. Өөрийнхөө хийсэн новшийн гэсэн бүхнийг, хийсэн алдаагаа ном болгож гаргахаар шийдсэн. Нэр нь ч ороод ирсэн. “Чөтгөрийн бясалгал” ийм сэдлээс төрсөн ном.

Надтай цуг дэлхийн шилдэг болсон есөн залуугийн хувьд үнэхээр мундаг хүмүүс. Сирийн дүрвэгчдийн армид дайны талбай дээр 14 жил мэс засал хийсэн, өрсөлдөөний эсрэг том ажил эхлүүлсэн гэх мэт дэлхийн хэмжээний өөрчлөлтийг хийсэн залуус байсан.

Би тэр үед нэг зүйлийг их тод олж харсан. Тэдний хэн нь ч өөрийнхөө улсын асуудлыг яриагүй. Манай улсын дайн, өлсгөлөн гэх мэт эх орныхоо асуудлыг хэн нь ч сөхөөгүй. Дэлхийг яаж дайнгүй болгох вэ, дэлхийг хэрхэн өлсгөлөнгүй байлгах вэ,  дэлхийгээ яаж сайхнаар авч явах вэ гэцгээсэн хүмүүс байсан.

Миний хувьд  дэлхийн хэмжээнд дэлхийн хүүхдүүд гэж бодож эхлээгүй байсан үе л дээ. Яг түүнээс л би өөрийнхөө ялгааг олж харсан. Хэдийгээр миний Монгол хөгжиж яваа, тэр утгаараа олон олон асуудалтай байж болох ч монгол үндэстэн дандаа дээшээ харж, урагш алхах ёстойг ой тойндоо буутал мэдэрсэн. Бид яагаад дэлхийн хүүхдүүдийн аюулгүй байдал, дэлхийн хүүхдүүдийн төлөө юм хийж болохгүй гэж. Монгол хүний оюун бодол шингэсэн ямар нэгэн зүйлийг дэлхийн хүүхдүүдийн төлөө хийх ёстой юм байна гэдгийг олж харсан. Голдоо ортол, ясандаа тултал ойлгосон.

Үүний дараа Эверестээс бууж ирэхдээ газар хөдлөлтөд 2000 хүнээ алдсан Непалийн тосгонд очиж сургуулийг нь засч, багш нарын урсгал зардлыг хандиваар шийдэхээр болсон юм. Монголынхоо далбааг хананд нь өлгөсөн.

Монгол үндэстний сайхан сэтгэлээр Ид шидийн орон Непальд ажиллаж байна. Хандлагын хувьд ийм сэтгэхүй рүү чиглэх ёстой юм билээ, бид. Монголчууд авдаг биш өгдөг сэтгэхүйтэй байх ёстой. Тэр үед фэйсбүүкээс пост  харсан Солонгос, Япон дахь непальчууд “Танай монголчууд манайд тусалсан байна шүү дээ баярлалаа” гэж хэлсэн байсан. Олон улс дахь монголчуудад хүртэл сайнаар нөлөөлсөн ажил болсон.

Өнөөдөр Монгол Улсын дөрвөн зүгт зургаан “Ид шидийн орон” олон мянган хүүхдийн амьдралд  гэрэл асаасаар байна. Өнгөрсөн хугацаанд тусалсан ид шидтэй ах эгч нар бол хамгийн чухал хүмүүс. Чин сэтгэлээсээ баярлах учиртай эрхэм хүмүүс дээ, манай Ид шидтэй ах эгч нар.

За одоо эморол гэж юу вэ гэсэн асуулт руугаа эргээд оръё. Д.Нямсамбуу гавж хүмүүсийн сэтгэл санааг хэрхэн засах вэ гээд Оксфордыг зориод ирсэн. Одоо бясалгалын хөтөлбөр хэрэгжүүлж нийгэмд гэрэл түгээж байна. Би тэр хөтөлбөрт нь хамрагдсан юм. Оксфордын тэр хөтөлбөрийн гэрийн даалгавар юу гээч. Эморол. Намрын навч, голын урсгалыг ширтэж сууж байгаад юу мэдэрснээ ярь гэсэн даалгавар өгч байх жишээний. Энэ чинь бидний яриад байгаа эморол шүү дээ. Оксфордын их  сургуулийн хөтөлбөрт бидний яриад буй эморол байж байна. Тэгэхээр бидний эморлын ертөнц бясалгалын маш олон элементтэй ойролцоо болж таарч байгаа юм.

Эмороход байгаль их чухал. Байгальд гарч эморч бай. Мянгахаан километр яваад -50 градуст кофе чанаад уучих хэрэгтэй. Боржигины бор талд очоод хэвтчихэж бай. Явраад байвал хэвтчих.

Эморол бол амьдрахуй. Амьдрахуй ба амьд байхыг эморол гэнэ. Өөрийгөө олох, чагнахыг эморол гэнэ. Эмороод байвал бас сайн үйл хийчих хэрэгтэй. Хамгийн гол нь хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл байх нь чухал.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img