“Хол биш-Их цугларалт” эвентийн үеэр Монголын хөхний төвийг санаачлагч ХСҮТ-ийн эрхлэгч, мэс заслын эмч П.Батсүх “Эхлэх үү, яах уу” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.
Эмч дүү минь саяхан “Монголд эрүүл мэндийн салбарт тэр тусмаа мэс заслын эмч болох уу яах уу? Эсвэл би өөр чиглэлээр явах уу” гэж асуусан юм. Илтгэлийн маань санаа тэр асуултаас үүдэлтэй. Эмч болсноос хойш яг ийм мэдрэмж төрж байсан л даа. Яг л нэг байрандаа гацчихсан юм шиг, өдөр тутам нэг л хэв маягтай. Ажлаа яаж хийж урамтай урагшлах вэ гэж бодоод суучихна. Юу барьж авбал би илүү бахдалтайгаар ажиллах юм бол гэж бодно. Сүүлдээ ер нь оролдоод үзье, болохгүй бол тэр л биз гэж бодсон.
Би 2015-2021 он хүртэл цээжний хөндийн мэс заслын эмч хийдэг байсан юм. Жижигхэн умгар өрөөнд уушги, улаан хоолойн хавдартай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үзнэ. Нэг эмэгтэйн хөхийг үзэж байх үед хаалга онгойж хэн нэгэн “Эмч ээ болж байна уу” гэж асуух жишээний. Ийм нөхцөлд ажилладаг байлаа.
Монголд хөхний хорд хавдарыг даван туулж буй эмэгтэйчүүдийн 90-ээс дээш хувь нь хавдраас болоод хөхөө бүтэн авахуулчихдаг байлаа. Тэдний оргил нас нь 40-49. Гоо зүй, амьдралын чанар, сэтгэл зүй гээд олон асуудалтай уягддаг зүйл. Тэгээд эмчилгээг нь дэлхийн жишигт хүргэхээр зорьсон юм. Кабинетээ хоёр тусдаа болгож дэлхийн жишигт нийцсэн хөхний төв байгуулж үзлэгээ эхлүүлье гэж шийдсэн.
2019 онд төслөө бичээд байгууллагынхаа удирдлагад хандсан. Улсын байгууллага болохоор процесс ихтэй. Олон дахин үзнэ, үүнийг ч түүнийг ч засаж сайжруул гэнэ, “чи чадах юм уу нас чинь арай залуудах биш үү” гэж эргэлзэнэ. Ингэж явсаар 2021 оны 7дугаар сарын 26-нд “За яахав чамд гурван сарын хугацаа өгье, эхлүүлж чадвал чи аваад яв, чадахгүй бол зам замаа бодъё” гэсэн хариу сонссон доо.
Тэр үед манай багт ганц л юм байсан. Тэр нь тушаал. Эцэст нь “Ган Тус” ТББ маань дэмжиж 2021 оны 7 дугаар сард буюу зуны амралтаар 65 жилийн настай эмнэлгийн коридорт өрөө, кабинет тохижуулах ажилдаа орсон. Сарын дараа ямартай ч бүсгүйчүүдээ тусдаа кабинетэд үздэг болсон. Эхлүүлснээ авч явах нь бидний дараагийн том сорилт байлаа. Бас дэлхийн жишигт хүргэнэ гэсэн том амлалт өгчихсөн байдаг. Бууж өгмөөр үе зөндөө байснаа нуухгүй. Эцэст нь “Үүнийг туулсан хүмүүс дэлхий дээр өчнөөн би”, тэдэнд мэйл бичье” гэж шийдсэн. Өөрийгөө танилцуулсан, асуудлаа хэлж тусламж гуйсан хүсэлтүүдийг явуулж эхэллээ.
Нэг өдөр дэлхийд эхний 100-д ордог хоёр сургуулиас “Цаг товлоод уулзъя, асуудлаа хэл бид боломжоороо туслая” гэсэн утгатай хариу ирсэн. Асуудлаа хэлсэн, өнөөдүүл ойлгосон, тэгээд тусалсан.
2022 оны 8 дугаар сард эмнэлгийнхээ коридорт алхаж байтал цагаан халаадтай, шар царайтай гадаад хүн явж байна шүү. Гүйж очоод “Би хөхний төвийн эмч байна аа, ийм ийм асуудал байна аа” гээд дуржигнуулчихлаа. Өнөөх эмч сонсч байснаа “Чи бид хоёр энд уулзах хувьтай байж, би эмэгтэйчүүдийн хавдар, тусламж үйлчилгээг сайжруулна гэж ирсэн боловч яг үнэндээ хөхний хавдрын хүн биш л дээ. Гэхдээ нэгэнт таарчихсан юм чинь жижиг кабинетээр чинь орж үзье” л гэж байна. Тэр үед асуудлаа сайн ойлгуулж хэлж чадсан шүү. Германаас ирсэн хавдрын зөвлөх эмч байсан юм. Одоо бол миний багш. Багш маань гурав дахь жилдээ Монголд ирж байна. Цаашдаа ирж чадахгүй болтлоо ирнэ гэсэн амлалтыг надад өгсөн.
Тэгж амласан нь ч учиртай. Багш маань “Танай Монгол Улс цөөхөн хүн амтай, төвлөрсөн улс.Тэр утгаараа маш хурдан хугацаанд менежмэнт хийж чадвал олон хүний амийг аварч чадна” гэж хэлдэг юм. Багш маань надад эмч, багш, эрдэмтэн байхаас гадна эмч хүн байхыг зааж өгсөн эрхэм хүн. “Хөхний хорт хавдраар 40-49 насны залуу эмэгтэйчүүд их өвдөж байна. Маш олон эмэгтэй өвдөж байна. Нэг эмэгтэй бүрийн ард 1-3 бага, өсвөр насны хүүхдүүд бий. Тэд ээжтэй үлдэх үү үгүй юу гэдэг асуудал яригдаж байна гэсэн үг. Эцсийн дүндээ монгол гэр бүл бүрэн бүтэн байх эсэх асуудал шүү дээ. Миний шавь боломжтой бүх зүйлээ энэ асуудалд зориулаарай. Ажил мэргэжлээсээ битгий урваарай. Боломж харагдаж байгаа шүү” хэмээн урам өгсөн хүн дээ. Тэр урам л өнөөдрийг хүртэлх амжилтад минь нөлөөлсөн.
Бид олон улсын экпертүүдийн зөвлөмжтэйгөөр Хавдар судлалын үндэсний төв дээр хожуу үеийн хавдарын тухайд олон улсын жишигт нийцсэн, тусламж үйлчилгээг үзүүлээд эхэлсэн. Эхлээд нас баралт, том хагалгааны тоо буурахгүй байсан. Бид Nomad mobile clinic гэсэн төслийг санаачилсан. Жижигхэн эхотой Монгол орныг тойрох аян эхлүүлсэн. 5 дахь аймгаа хамруулаад явж байна.
2023 онд 8000 орчим иргэнийг хамруулж 11 хорт хавдрыг эрт үед нь оношилж чадсан. 2021 онд 332 мянган эмэгтэйг хөхний хорт хавдарын эрт илрүүлэгт оруулж тэмтэрч үзсэн гэдэг статистик бий ч үүнээс эрт үеийн хавдар ердөө гуравханыг илрүүлж байсан юм. Нүүдлийн эрт илрүүлгийн төсөл монголчуудад ойрхон, тохиромжтойг ингэж мэдэрсэн. Эндээс нэг л зүйлийг их тод ойлгосон. Юу ч үгүй байсан ч эхэлж болно гэдгийг.
Том ажлыг удирдах, багаараа хамтдаа хөгжих гэдэг асуудал мэдээж тулгарсан. Гэхдээ даваад гарчихсан. Үүнд супер нууц байхгүй. Ерөөсөө л суралцах юм билээ. Би Солонгост сурч байсан. Азийн орнуудад тэтгэлэг авч суралцахын нэг давуу тал нь өрөөндөө тухтай залхуурч унтах боломж огт олгохгүй. Босч хичээлээ хий, сургууль дээр очиж ажлаа хий л гэнэ.
Би Солонгост хөхний дурангийн мэс засал, хөхний робот мэс засал гэсэн чиглэлээр сурсан юм. Үүний дараа Монголд хөхний хавдрын дурангийн мэс заслууд эхэлсэн. Удахгүй манай ХСҮТ робот мэс заслыг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна.
Мэргжлийн ажлын хажуугаар багаа яах вэ гэдэг том асуудал. Багаа хөгжүүлэхийн тухайд манай нэг найз дэлхийн шилдэг 10-д орчихсон. Бүр ном хэвлүүлчихсэн. Би гэтэл номгүй. Сураад л. Амжилтад хүрэх минь хэзээ ч юм. Ийм бодолтой л яваад байлаа. Нэг л өдөр номон дээрээс л харж байсан шилдэг их сургуулиуд руугаа мэйл бичлээ. “Сайн байна уу, намайг Батсүх гэдэг. Монголд ийм асуудал байна. Би тэнцмээр байна. Багийн хөгжлийг сонирхож байна, илүү ихийг мэдмээр байна” гэх мэтээр бичлээ. Удсан ч үгүй Харвардаас мэйл ирж байна. “Сайн уу тэнцсэнд баяр хүргэе, манайхаас чамд 25 хувийн тэтгэлэг олгоё” гэж байна. Тэтгэлгээ хасаад 20 мянган доллар төлөх хэрэг гарч байгаа юм. Монголд эмчээр ажилладаг хүнд санаанд багтахгүй их мөнгө.
За тэгээд хариу бичлээ дээ. “Бид Монголдоо хөхний хорт хавдрын 85 орчим хувийг оношилж эмчилдэг баг байгуулсан. Манай багт багаар ажиллах системийн менежмэнт хэрэгтэй байна. Ажлын ачааллаас болоод бидэнд сурч хөгжих боломж маш ховор гардаг юм. Надад тэтгэлэг өгч туслаач. Миний сарын үндсэн цалин 472 доллар шүү дээ” гэж бичлээ. Захирлаасаа цалингийн тодорхойлолтоо аваад хавсаргачихлаа. “Арай ч цайсан юм боллоо. Тэнцэхгүй нь тодорхой юм байна. Солонгос руу дараа долоо хоногт хуралд сууна. Тийш явах визээ мэдүүлье” гэж бодоод өнөө мэйлдээ ач холбогдол өгсөнгүй. Тэгсэн чинь яасан гээ. Мэйл явуулсан яг тэр өдрөө “За баяр хүргэе. Тэнцлээ” гэсэн хариу авдаг юм даа.
Хүн их сонин юм билээ. Тийм гоё хариу авчихаад Солонгосын хурлаа бодоод байгаа юм. Харвардын сургалт маань 3 дугаар сард эхлэх гээд байдаг. Надад 14 хоногийн зай л байсан. Америкийн виз энэ тэр бүр ор сураггүй. За тэгээд АНУ-ын элчингийн вэб сайт руу ороод өнөө дээс томдог үлгэр шиг юмаа тоочлоо. Тэгсэн Америкийн элчин “Ганц сул цаг гарлаа. Нөгөөдөр 09.30 цагт ирж чадах уу” л гэж байна. Тэр өглөө нь Солонгосын элчингийн цонхоор пасспортоо аваад Америкийн элчин рүү харайсан даа. Ингэж л Харвардад элсэж төгссөн түүхтэй.
Тэнд очоод нэг зүйлийг их тод ойлгосон. Бусадтай баг болж хамтарч ажиллахын тулд эхлээд өөрөө хүн байх ёстойг ухаарсан. Хүмүүс том зүйл бүтээх тусмаа маш энгийн болчихдгийг олж харсан. Миний Монголоос ирсэн энэ тэр тэдэнд ямар ч хамаагүй. Ямар асуудлууд байгааг л сонирхоно. Амжилтад хүрчихсэн, нэг тийм өөр оршихуйтай хүмүүсийн дунд яваад орсон.
Олон ч танил, найз нөхөдтэй болсон доо. Би тэнд сурч байхдаа монгол хүн гэдгээрээ бахархсан шүү. Монгол эрдэмтний бүтээлээс Харвардын профессор илтгэл дээрээ эш татан ярихыг сонсох шиг сайхан хаана байхав.
Төгсөх жилдээ хөгжиж буй улсын эмч нарт зориулсан олон улсын мэс заслын хөтөлбөрт apply хийгээч гэсэн санал сонссон. 182 орны эмч нар apply хийсэн юм билээ. Монголоос би тэнцсэн. Паул багшийн эхлүүлсэн хөтөлбөр л дөө. Паул багш тэр үед “Чи надтаөй дөрвөн жил хамт байвал цаашдын амьдрал чинь эрс өөрчлөгдөнө. Юун 472 доллар болно шүү дээ” гэж хэлж байсан юм. За тэгээд багшийнхаа хэлснийг аавд дуулгалаа. Гэтэл аав “Би залуудаа эх орныхоо хилийг манасан. Одоо чи залуудаа эх орныхоо эрүүл энхийг манах учиртай” гэсэн хариу хэлсэн. Ингээд л эх орондоо ажиллахыг сонгосон.
Тэр хөтөлбөрт хамрагдсанаар би АНУ-ын хөхний мэс заслын нийгэмлэгийн хамгийн анхны монгол гишүүн болж, өөрийн багаа мөн Америкт сургах эхлэлийг тавьсан. Зорилго оролдлого бүрийнхээ дараа өөрийгөө таньж, аль болох энгийн төлөв дарууг эрхэмлэх болсон.
2023 онд би найзуудтайгаа Эверестэд гарсан юм. Тийш явахдаа бодлоо маш сайн цэгцэлсэн. Юу чухал, юу чухал биш, юунд түүртээд яваа гэдгээ их тод олж харсан. Эверест дээр хүчил төрөгч маань 82, зүрхний цохилт 127-той гарсан л даа. Тэр үед “Өвчтөн маань амьсгалын аппаратад орохдоо ингэдэг дээ. Даралт нь унах, амьсгалын дутагдалд орохоор ийм зовуурь илэрдэг байх нь” гэсэн бодол тасхийгээд ороод ирсэн. Тийм үед нь үзлэг хийхдээ “Эмч нь ойлгож байна, та минь хичээгээрэй” гэж хэлдэг байснаа санасан. Яг үнэндээ мэдрээгүй хэрнээ тэгж хэлдэг байсан хэрэг шүү дээ. Гэтэл Эверест дээр өвчтөнийхөө мэдэрдэгийг биеэрээ мэдэрсэн.
Хоосон коридороос эхэлсэн ажил минь миний бахархал. Яг энэ жижигхэн өрөөнд миний баг бий. Өрөө нь жижиг, хүн нь цөөхөн байж болно. Гэхдээ зорилго хүсэл нь хол, тэмүүлэл нь том бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүрээллээ аажим аажмаар тэлсээр байдгийг бид олоод харчихсан.
Одоо энэ түүх маань томорсоор байна. Бид үндэсний хэмжээнд хөхний хорт хавдарыг оношлох, эмчлэх баг болж чадсан. Бид Монгол орны дөрвөн зүг найман зохист хөхний хорт хавдрын эрт илрүүлгийг бүх шатанд нь илрүүлж эмчилэхээр хичээж ажиллаж байна.
Гурван жил хагасын өмнө нийт эмэгтэйчүүдийн 90 хувь нь хөхөө авхуулдаг байсан. Одоо бол хөхний хавдар байгаа яг тэр хэсгийг л авдаг болсон. Хөхийг нь авлаа гэхэд хэвлийн харвинтай хэсгийг ашиглаж, дуран, нээлттэй хагалгаагаар хөхийг нөхөн сэргээх аргуудыг ашиглаж байна. Үндэсний хэмжээнд ийм эмчилгээ хагалгааг үзүүлэх баг бий болсон гэж сэтгэл дүүрэн хэлэх байна.