2025-07-09, Лхагва
18 C
Ulaanbaatar

Трамп: Путин галаар наадаж байна, би байгаагүй бол…

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдохоосоо өмнө Орос, Украины дайн зогсоож чадахгүй байгаад Байденыг буруутгаж, “би Ерөнхийлөгч байсан бол дайн эхлэхчгүй байлаа, дахин Ерөнхийлөгч болвол дайныг хэдхэн өдрийн дотор дуусганагэсэн мэдэгдлийг удаа дараа хийж байв. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, тангараг өргөснөөс хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч Орос, Украины дайн үргэлжилсэн хэвээр, Трамп, Путины яриа хэлэлцээ үр дүнгээ хараахан өгөөгүй л байна. Сүүлийн үед Трамп Путиныг шүүмжлэх нь нэмэгдэж, мягмар гарагт ч мөн Путиныг хатуухан шүүмжилж, ОХУ-ын эсрэг хоригоо чангатгана гэж сүрдүүлжээ.

Трамп Truth Social олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хатуухан шүүмжилж, өөрийнх нь бодлого байгаагүй бол ОХУ ноцтой асуудалтай тулгарах байсан гэжээ.

“Би байгаагүй бол ОХУ тун тааруу зүйлстэй нүүр тулах байсан. МАШ МУУ зүйлстэй учрах байсан. Үүнийг Владимир Путин ойлгохгүй юм. Тэр галаар наадаж байна!” хэмээн Трамп бичжээ.

Трамп цахим хуудсандаа пост оруулахдаа илүүтэй ач холбогдол өгсөн үгсээ том үсгээр бичдэг зуршилтай. Тиймдээ ч “маш муу” гэх үгсийг тодотгон томоор бичсэн байна. Энэ удаад тэр бээр Путиныг шүүмжлэх болсон шалтгааныхаа талаар бичээгүй. Гэхдээ даваа гарагт мэдэгдэл хийхдээ, Орос улсын Ерөнхийлөгч “олон хүнийг хөнөөж байна”, тэр бүү хэл “тэр галзуурчхаж” хэмээн өгүүлж байв. Эдгээр үгс нь ОХУ дрон, пуужингаар өргөн цар хүрээтэй цохилт өгсний хариу байлаа. Энд сануулахад, ОХУ дайн эхэлснээс хойших хамгийн томоохон хэмжээний цохилтыг ням гарагт Украины хотуудад өгсний улмаас 12 хүн амиа алдаж, олон хүн шархадсан юм.

Трамп албан тушаалдаа орсныхоо дараа Путин дайныг зогсоох хүсэлтэй байгаа гэдэгт итгэж байгаагаа удаа дараа мэдэгдэж байв. Түүнчлэн, 2022 оны хавар зогссон Украин, Оросын хэлэлцээг сэргээх байр суурийг баримталж, хэлэлцээрийн явцад саад болохгүйн тулд ОХУ-ын эсрэг шинээр хориг тавихыг дэмждэггүй байсан юм.

Гэтэл, АНУ зүтгүүлж, Украин дэмжсэн 30 хоногийн гал зогсоох горимыг ОХУ зөвшөөрөөгүйн дээр, Истанбулд болсон энхийн хэлэлцээр дээр Украин болон түүний барууны холбоотнууд “байж болшгүй” гэж үзэхээр шаардлагуудыг Оросын тал тавьсан аж. Түүнчлэн, ОХУ эзлэн түрэмгийлэхээр оролдож буй нутаг дэвсгэрээс Украиныг цэргээ гаргах ёстой гэж үзэж байгаа юм.

Хоёр талын энэ хэлэлцээрийн дараа, тавдугаар сарын 19-нд Путин, Трамп нар утсаар ярьж, үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Трамп дайн дуусах итгэл үнэмшлээр дүүрэн байгаагаа илэрхийлж байв. Гэтэл ОХУ Украинд цуврал цохилт өгсний дараа Путины талаарх Трампын мэдэгдлийн өнгө аяс эрс өөрчлөгдөх болсон юм.

Мягмар гарагт нийтэлсэн постдоо Трамп Орост хандах бодлогоо эргэн харсан нөхцөлд энэ улсыг юу хүлээж байгаа талаар тодорхой бичсэнгүй. Харин өмнөх Ерөнхийлөгч Байдены захиргаа Украины руу халдсан Оросын түрэмгийллийг эрс шүүмжилж, Украинд хэдэн тэрбум долларын өртөгтэй зэвсэг нийлүүлж, Оросын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байлаа.

Шинэ хоригийн сураг

Трамп Оросын довтолгоонд дургүйцэж байгаагийн улмаасэнэ долоо хоногт ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихболомжийг судлаж байгаа гэж Wall Street Journal сонинмягмар гарагт холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлдээр үндэслэн нийтлэжээ.

Сонинд мэдээлэл өгсөн нэгэн эх сурвалжийн өгүүлснээр, шинэ хориг тавьбал үүнд банкны хориг хамаарахгүй гэнэ. Гэхдээ буулт хийх, тэр дундаа 30 хоногийн гал зогсоохгоримыг зөвшөөрүүлэхийн тулд Путинд дарамт шахалтүзүүлэх бусад арга хэмжээний талаар ч яригдаж байгаа аж.

WSJ сонины бичсэнээр, дайныг энхийн хэлэлцээрээр зогсоох гэсэн оролдлогоос Трамп залхсан, тиймээс хүчин чармайлт талаар болж байгаа бол цаашид хичээхээ больж, ширүүхэн алхам хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ АНУ хэлэлцээрийн явцаас гарвал ямар үр дагавар гарах, Трамп Украинд цэргийн тусламж үзүүлэх эсэх талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм.

Хэлэлцээр, санамж бичгийн тухайд

Истанбулд болсон уулзалтын дараа талууд сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах үндсийг тавих хамтарсан санамж бичиг боловсруулахаар ажиллаж байгаа гэж ОХУ мэдэгдсэн.

Мөн мягмар гарагт Украины асуудал хариуцсан Трампын тусгай элч Кит Келлог Фокс Ньюс сувагт ярилцлага өгөхдөө эвлэрэх саналыг Украины талаас хүлээж авсан, Владимир Путины хэлж байсан санамж бичгийн Оросын талын хэсгийг хүлээж байгаа гэж онцолжээ.

Келлогийн өгүүлснээр, санамж бичиг гэдэг нь ОХУ болон Украины хувьд зарчмын чухал зорилго, нөхцөлүүдийг агуулсан баримт бичиг аж. Хоёр талаас энэ баримт бичгийг цуглуулж, дараагийн удаад нөхцөл, зорилгыг нэгтгэх алхам хийх гэнэ. Үүний дараа хэлэлцээрийн дараагийн шат эхлэх магадлалтай бөгөөд хэлэлцээрийг Ватиканд хийх Трампын саналыг ОХУ хүлээж аваагүй тул дараагийн шатны хэлэлцээрийг Женевт хийж магадгүй гэж Келлог онцолжээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мягмар гарагт мэдэгдэл хийхдээ Орос, Украины шинэ шууд хэлэлцээр дахин Истанбулд болж магадгүй хэмээн онцолсон. Гэхдээ дараагийн уулзалтын газар, огнооны талаар ямар нэгэн тохиролцоо байгаа эсэх талаар тэр бээр тодорхой мэдээлэл өгөөгүй юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img