ОХУ Украины нутаг руу түрэмгийлэн орсон өдрөөсөө дөрөв хоногийн дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Беларусийн Гомельд талууд анхны хэлэлцээр хийж, энэ нь бүтэлгүйтэж байлаа. Дараа нь, Туркийн Истанбул хотод гуравдугаар сард хэлэлцсэн ч мөн л тодорхой үр дүнд хүрээгүй юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон барууны орнууд уриалж, санаачилгыг гартаа авснаар хоёр жил тасалдсан хэлэлцээр 2025 оны тавдугаар сард дахин сэргэж, Истанбулд талууд хэлэлцэж байлаа. Энэ хэлэлцээрээс тодорхой үр дүн гараагүй ч дараагийн шатанд талууд өөрсдийн нөхцөл, шаардлагыг тусгасан баримт бичигтэй ирж, санамж бичиг байгуулна гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Дараагийн хэлэлцээр хэзээ болох нь тодорхойгүй, АНУ-ын тал Ватиканд хэлэлцээ хийхийг санал болгож байсан ч Оросын тал татгалзаж байлаа. Харин өмнө нь хоёронтаа уулзсан, Туркийн Истанбул хотод дахин хэлэлцэх саналыг ОХУ гаргажээ.
Тодруулбал, 06 дугаар сарын 02-ны өдөр Туркийн Истанбулд шууд хэлэлцээрийн хоёр дахь шатыг зохион байгуулах саналыг ОХУ Украинд тавьж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. Сергей Лавровын албан ёсны мэдэгдэлд цохон тэмдэглэснээр, “хямралын анхдагч шалтгааныг найдвартай даван туулах бүхий л асуудлаарх” ОХУ-ын байр суурийг багтаасан санамж бичгийг хэдийнэ бэлджээ.
Талууд тавдугаар сарын 19-нд уулзахдаа ийм санамж бичгийн төсөл боловсруулахаар тохиролцсон юм.
Улмаар, Владимир Мединскийн тэргүүлсэн өмнөх төлөөлөгчдийн баг Украины төлөөлөгчдөд энэ санамж бичгийг танилцуулж, ирэх сарын хоёрны өдөр Истанбулд шууд яриа хэлэлцээрийн үеэр шаардлагатай тайлбар тодруулгыг өгөхөд бэлэн гэж Сергей Лавров онцолжээ.
DW, Ройтерс зэрэг барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, Украины тал дахин хэлэлцээ хийхэд бэлэн бөгөөд санамж бичгийг боловсруулахад хэт удаж байна гэж Оросын талыг буруутгаж байсан аж.
Санамж бичигт юу багтав?
Хоёр тал өөрсдийн нөхцөлийг тусгах санамж бичигт ОХУ ямар нөхцөл оруулж байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй. Гэхдээ Владимир Путин дайн дуусгах нөхцөлөө хэдийнэ тодорхойлсон гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
Тус агентлагт Оросын гурван эх сурвалж мэдээлэл өгсөн бөгөөд тэдний өгүүлснээр, НАТО дорно зүгт тэлэхгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгөх, ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг зогсоовол дайн дуусах боломжтой гэж Владимир Путин үзэж байгаа аж.
Сөргөлдөгч талуудын хэлэлцээрийн явцтай ойр, өндөр албан тушаалын эх сурвалжууд “Путин энх тайван тогтооход бэлэн, гэхдээ ямар ч үнээр хамаагүй биш” хэмээн онцолсон байна.
Путин НАТО-аас дорно зүгт тэлэхгүй гэдгээ бичгээр баталгаажуулж өгөхийг шаардаж байгаа нь “Украин, Гүрж, Молдав болон бусад хуучин зөвлөлтийн орнуудыг НАТО-д элсэх боломжгүй болгож”, Украиныг төвийг сахисан статустай болгон, орос хэлт хүн амыг хамгаалахын төлөө зогсож байгаа гэж эх сурвалжууд өгүүлжээ. Үүний зэрэгцээ Төв банкны царцаасан хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдэх хүсэлтэй байгаа гэнэ.
Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, барууны хориг арга хэмжээний шинэ багцаас үүдэн гарах эдийн засгийн хүндрэлээс үл хамааран ОХУ олон жил байлдаж чадна гэж Кремлийн эрх баригчид үзэж байгаа аж.
Өөрийнх нь тавьсан болзлыг хүлээж авах боломжгүй гэдэг нь ойлгомжтой болвол Украины хувьд “маргаашийн өдөр нь илүү хүнд тусна” гэдгийг харуулахын тулд Путин бүх чадлаараа хичээнэ гэж өөр нэг эх сурвалж онцолжээ.