2025-07-09, Лхагва
18 C
Ulaanbaatar

Б.Энхгэрэл: Өрнө, дорнын иогчид мэдлэг туршлагаа хуваалцана

Иогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Yoga festival”-ийн ерөнхий зохицуулагч Б.Энхгэрэлтэй иогийн талаар болон энэ сарын 7, 8-нд болох “Yoga festival”-ийн талаар ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд манайхан иогийг олноор сонирхож хичээллэх болсон. Иог хийснээр хүнд ямар ашиг тустай вэ гэдгээс яриагаа эхэлье. 

-Иогийн дасгал өөрөө хүний бие сэтгэл, ухамсрын түвшинд үйлчилдэг гэдгээрээ давуу талтай. Иогийн дасгалаар хүний биеийг хүчтэй, тэнцвэртэй, уян хатан, тэсвэр хатуужилтай болгох нөхцөлийг бүрдүүлдэг. Хүн тухайн зүйл дээрээ анхаарал төвлөрүүлээд ирэхээр сэтгэл зүйн хувьд тэр нь бас илэрч эхэлдэг. Аливаа юмыг хүлээж авахдаа харьцангуй тайван, нэг талаас нь хардаг байсан бол хоёр, гурван талаас нь бодож эргэцүүлэх боломжийг өгдөг гэсэн үг. Иогийг ихэнхи хүмүүс амьсгалын дасгал гэж ойлгоод байдаг. Амьсгал мэдээж маш чухал амьсгалаар нь дамжуулаад хүнийг биетэй нь, биеэс нь сэтгэл зүйтэй нь, сэтгэл зүйгээс нь ухамсартай нь холбож уялдуулдаг дасгал.

Хүн сэтгэл төвшин болоод ирэхээр цаашаа илүү боловсроод ухамсар тэлж эхэлдэг. Бусдыг илүү хайрлах, энэрэх, уучлах, өршөөх нь ихэснэ. Энэ нь бусдад мэдрэгдээд анзаарагддаг, өөрт нь ч бас эерэг үр дүнг авч ирдэг. Бусдыг уучлаад зарим зүйлийг хүлээн зөвшөөрч өнгөрүүлснээр стрессийн түвшин буурч, нойрны чанар сайжирдаг. Стресс, нойрны асуудал шийдэгдээд ирэхээр дагалдаж үүсдэг таргалалт, кортизол даавар, мартаж санах нь шийдэгдэнэ. Ерөнхийдөө цогц зүйл.

Өдөр тутамдаа хүн шүдээ угааж амны үрэвсэлт өвчнүүдээс сэргийлдэг шиг иог хийх юм бол маш олон төрлийн өвчнүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлж болноо гэсэн үг. Нөгөөтээгүүр иог хийдэг хүмүүс өвдөхгүй юм уу гэдэг. Өвдөнө. Өөрсдөөс шалтгаалах зүйл нь иог хийж байгаа болохоос гадна орчны маш олон нөхцөлүүд байна. Хортой утаа, нийгмийн стресс, бухимдал, аваар осол, хүнсний аюулгүй байдал зэргээс үүдсэн өвчинд өртөхөд эдгэрэх процесс арай хурдан. Ялангуяа хавдартай хүмүүс, хавдрын эмчилгээний дараа иог хийснээр эдгэрэх, хими эмчилгээ даван туулах чадвар нь шал өөр. Үүнийг олон улсад иог хийсэн, хийгээгүй хүмүүсийг харьцуулаад судалгаа хийчихсэн байна.

Энэ ч утгаараа иогчдын холбоо нийтэд иогийг түгээн дэлгэрүүлэх, иогийн тухай цэгцтэй бодитой мэдээлэл хүргэх, эрүүл амьдралын хэв маягт хүмүүсийг нэгтгэх зорилготой анх 2014 онд үүсгэн байгуулагдаж байсан. Тэр цагаас хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Одоогийн байдлаар 25 иогийн төв, 5 иогийн сургууль, 100 гаруй багш нарыг нэгтгэсэн ТББ. Ихэвчлэн идэвхтэн гишүүд байдаг.

-Та иог хийгээд хэр удаж байгаа вэ?

-Би 2012 оноос хийж эхэлсэн. Анхны хүүхдээ төрүүлсний дараа сэтгэл гутралын хөнгөн хэлбэртэй байсан. Маш их стресстэй, өндөр ачаалалтай ажилладаг, нийгмийн идэвхтэй хүн чинь хүүхдээ төрүүлээд гэртээ суунгуут нийгмээс таслагдсан юм шиг мэдрэмж авсан. Дээрээс нь би маш их таргалалттай. 52 кг-аас 104 кг болсон. Огцом өөрчлөлт миний амьдралд гараад ирсэн. Өөрийгөө арчлахаас гадна нэг хүнийг арчилна. Нийгмийн харилцаа байхгүй. Гадаад төрхийн хувьд өөртөө итгэлгүй, илүүдэл жингээс болоод чихрийн шижингийн шинж тэмдэгтэй, цусны даралт ихэсдэг болчихсон. Хүүхдээ арчлах гэхээр сэтгэл зүй, биеийн хувьд эрүүл биш байхаар хүүхдэд сайн биш шүү дээ. Тэгээд л би юу хийх вэ, яаж үүнээс гарах вэ гэж хайж байгаад иог хийж эхэлсэн. Түүнээс хойш 13 жил иог хийж байна.

-Иог хийснээр танд ямар эерэг нөлөө гарсан бэ?

-Сэтгэл санааны хувьд маш тайван болсон. Өмнө нь шууд уурлаад л хариу үйлдэл үзүүлдэг байсан бол иог хийснээр илүү тэвчээртэй, уурлах зай нь хамаагүй холдсон. Уурлах юм мөн үү бишүү, уурлаад нэмэртэй юу, үгүй юу гэдэг нь ялгараад сэтгэл зүйн хувьд маш тайван болж эхэлсэн. Биеийн төвшний асуудлууд ч цэгцрээд ирсэн. Би өмнө нь мигреньтэй байсан. Толгойн өвчин намдаах эм уугаад явж байдаг байсан. Иог хийж эхэлснээс хойш мэгриндээ санаа зовохоо больсон. Мэдээж таргалалт шийдэгдэчихэж байгаа юм. Одоо бол эрүүл мэндийн үзлэгт ороход дандаа “perfect” гэж гардаг.

-Үр дүнгээ биеэрээ мэдэрсэн юм чинь үүнийгээ бусадтай хуваалцаж багшилсан уу?  

-Иог өөрөө хүний биеийн бодисын солилцоо, дааврын тэнцвэрт маш их нөлөө үзүүлдэг. Би жирэмсний иог хэсэг ордог байсан. Нийт 45 жирэмсэн ээж дээр ажиглалт хийсэн. Тэгэхэд иогоор хичээллэсэн жирэмсэн ээжүүдийн тээх явц болон төрөх процессд хүндрэл багатай. Хамгийн багадаа нэг цаг өвдөөд төрдөг. Давхар сэтгэл зүй маш тайван. Үүнийгээ дагаад нярай ч тайван. Ая сонсохоор зохион байгуулалттайгаар унтдаг гэж байгаа юм. Яагаад гэхээр ээж нь хэвлийд байхад нь 8,9 сар ая сонсоод амардаг байсан учраас хүүхдүүд нь бас тийм. Амьсгалаа мэдрээд биеэ удирдаад сурчихсан хүмүүс чинь эмчийн заавар аваад төрөхдөө эрсдэл багатай төрдөг. Цэвэршилтийн процесс явагдаад эхэлсэн хүмүүс ч мөн сэтгэл санаа нь өөрчлөгддөг үүн дээр мөн эерэг үр дүн гарсан.

Манай дээр бас жил хагасын хугацаанд хүүхдийн өсөлтийг дэмжих иог хичээллэсэн. Энэ нь хүүхдүүдийн өсөлтөд маш үр дүнтэй байсан. Сар эхлэхэд хүүхдүүдийн биеийн үзүүлэлт ямар байсан, хичээл төгсөхөд ямар болж байна, нойрны чанар, анхаарал төвлөрөлт ямар байсныг шалгахад хүүхдүүд сайжраад дэлгэцийн хамаарал нь ч буурдаг. Нэгдүгээрт тэд нар хичээлийн ачаалалтай, хоёрдугаарт эцэг эх, гадна орчноос авах стресс өндөр. Үүн дээр иог нэмэгдчихээр эхний сар хүндрэлтэй байсан. Дараа дараагийн сараас дасаад хичээлийн чанар муудаагүй анхаарал төвлөрлийн хугацаа уртассан учраас хичээлээ ойлгох нь сайжирсан гэж багш нар ярьж байсан. Мөн 7 хоногт гурван удаа биеийн идэвхтэй хөдөлгөөн хийгээд ирэхээр бодисын солилцоо сайжраад хүүхдүүдийн өсөх процесс түргэссэн.

-Хүүхдийн өсөлт дэмжих иог гэхээр их сонирхолтой  сонсогдож байна. Энгийн иогтой ижилхэн хичээлүүд үзэх үү?

-Нэгдүгээрт хүүхдүүдийн биеийн хөгжил гүйцээгүй, томчуудыг бодвол илүү зөөлхөн, үе хоорондын зай ихтэй байдаг. Тэгэхээр бэртэх гэмтэх магадлал нь тэр чинээгээрээ их. Хоёрд анхаарал төвлөрөл маш бага. Томчууд бол би мөнгөө төлөөд цаг гаргаад ирсэн юм чинь хийх ёстой гэдэг. Гэтэл хүүхдүүдийг ээж аав нь хөтлөөд ирчихсэн учраас хийнэ л гэж боддог. Нэг нь нэг инээдтэй юм болоход л анхаарал нь сарниад явчихна. Тэгэхээр хүүхдүүдийн хичээлийн цаг, дасгалын менежмент маш чухал. Аль хэсэгт нь ачааллаж, амраагаад, инээлгэх вэ гэдэг чухал.

Хүүхдүүдийг олон тоогоор нэг ангид оруулахгүйг хичээдэг. Нэг ангид 15-аас дээш хүүхэд ороод ирэхэд л уур амьсгал эвдрээд эхэлдэг. За тэгээд дасгалыг нь зөв тааруулах хэрэгтэй. Хүүхдүүд том хүн шиг ачаалал авч чадахгүй. Чадахгүй гэдгээрээ чадамжийг нь үнэлж байгаа юм биш. Чаддаг хүүхдүүд бий. Гэхдээ том хүн шиг бэхэжчихсэн биеийг уяраах гэж биш хүүхдийн өсөлт дэмжих гэж байгаа учраас дасгалыг тааруулах хэрэгтэй. Хүүхдийн өсөлтийн дааврыг ямар үед ямар дасгалаар аль булчинг идэвхтэй ажиллуулж байж ялгардаг юм. Даавар ялгарсны дараа зөв голдрилоор нь яаж шимэгдүүлэх вэ зэрэг процессыг эмчтэйгээ цуг хийнэ. Үүнийхээ дагуу л хичээл орно. Өнөөдөр хөл орж байгаа бол өөр юм ачааллахгүй гээд хязгааруудаа маш сайн тогтоож өгөх ёстой. Гол чухал нь л дасгалын уялдаа, хязгаар.

 -Мхн. Бие махбодиос гадна тэдний сэтгэл зүй бас их чухал шүү дээ.

-Яг тийм. Нэг урвайсан хүүхэд ороод ирэхээр нөгөө хэдийгээ уруу татаад урвайлгачихдаг. “манай багш тэгж загнаад, тийм шдээ манай багш бас тэгж загнадаг” гэдэг. Анхаарал төвлөрөл нь 10-15 минут учраас бүтэн цагийн хичээлийг яаж барих вэ? Дараа нь хичээлээсээ ирсэн, гараад хичээлдээ орох хүүхдүүдийг яаж амрааж дааврыг нь зөв зохистой шимэгдүүлэх вэ зэрэг нарийн тооцоотой.

Хол замд явах гэж байна гэж бодъё. Тэгвэл машиныхаа бензин зарцуулалтыг тооцоолж байгаад тэнд очоод цэнэглэнэ гэдэг шиг хүүхдүүд дээр ч мөн үүнийг бодох ёстой. Ингэснээр хүүхдүүдийн тархины амрах процессыг маш сайн дэмждэг. Дасгалаараа даавар ялгарлыг идэвхжүүлж өглөө. Тархи амрангуут даавар үйлчлээд хүүхдийн биед өсөлтийн процесс явагддаг. Үүнийг нь л дэмжиж өгдөг уялдаатай хөтөлбөр.

-Хүүхдүүдийн өсөлтийг дэмжихээс гадна бас сэтгэл зүйг ойлгох, тайвшруулах иогийн хичээл байдаг уу?

-Жоохон стресс ихтэй, өсөх нь хамаагүй гэвэл өөр техникээр явна. Хүүхдийн стресс хаана, юунаас үүсээд байгаа юм гэдгийг анзаарна тэгэнгүүтээ хүүхдийг аль болох өөрөөр нь байлгах хэрэгтэй. Стресс ихтэй хүүхэд өөрөөрөө байх нь их өөр. Нэг бол уурлаад хүний яриа хүлээж авч чадахгүй, эсвэл хэцүү байсан ч хийх гээд улайраад байдаг. Үүнийг нь эхлээд сайхан тайлж задалж өгөх хэрэгтэй. Стресстэй хүүхдийг аль болох л инээлгэсэн, хөгжөөсөн, тайвшруулсан байдлаар хичээлээ явуулна. Тэгвэл хүүхдийн стресс тайлагдаад нийгэмшээд, бусад хүүхдүүдтэй харилцаа өөрчлөгдөөд эхэлдэг. Хүүхдүүдээ аль болох л уйдаахгүй, залхаахгүй л байх хамгийн чухал.

-Хүүхдийн випяшна бясалгалаас юугаараа өөр вэ?

-Випашяна бясалгал амьсгал дээр төвлөрүүлж хөдөлгөөнгүй хийдэг. Иогтой тэр талаараа төстэй. Иог хэзээ ч амьсгалгүй дасгал явдаггүй. Чи гараа өргөхдөө амьсгал авсан бол буулгахдаа гаргана. Ингэхээр хүүхдийн анхаарал амьсгал, бие дээрээ төвлөрдөг. Хүний ухаан санаа өөр дээрээ байгаа тохиолдолд өөрийгөө таньж мэдэх боломжийг иог нээж өгдөг.

-Иогийн фестиваль 5 дахь жилдээ зохиогдох гэж байна шүү дээ.

-Иогийн холбооны нэг зорилго нь энэ фестивал. Хамгийн чухал нь нийтийн эрүүл амьдралын хэв маягийг дадуулж, иог гэх зүйлийг зөв зохистойгоор ойлгуулах зорилготой. Жишээлбэл Бат гээд хүн иог ёстой уйтгартай гэхэд Дулмаа нь иог зөвхөн туранхай сунгалттай хүмүүс хийдэг гэх хэвшсэн ойлголтуудтай. Гэхдээ үнэндээ тэдгээр хүмүүс хийж үзээгүй байдаг. Тэгэхээр тэр ойлголтыг эвдээд иог чинь хэн ч хаана ч хийж болдог. Сандал, эвхдэг ор байтугай эмнэлгийн орон дээр байгаа хүн ч хийх боломжтой маш олон төрлүүд байдгийг таниулах зорилготой. Ойлгуулъя гээд хүн ярих нэг өөр, биеэрээ хийх нэг өөр. Тэгэхээр туршиж үзэх боломжийг иогийн фестивал олгодог. Хүн өөртөө тохирсон иогийн төрөл, багшийг олохын тулд их хугацаа зарцуулна шүү дээ. Ажлаа зохицуулна, байрлал нь хол бол ийш тийш явна. Ингээд дор хаяж хамгийн хурдандаа 7 хоногийн дотор 5 багшийн хичээлд суух боломжтой. Харин та иогийн фестивалд ирсэнээр 2 өдрийг өөртөө зарцуулаад 37 төрлийн иогийн хичээлээс сонирхол татсан хичээлдээ өөрийнхөө сонголтоор суугаад үзэх боломжийг олгож байгаа юм. Нийт 12 хичээлд суух боломжтой. Ингээд олон хичээлд суугаад үзчихээр иогийн тухай ойлголт нь цэгцтэй болоод ирнэ. Мөн өөртөө таарах иогийн төрлийг ч олох боломжтой.

2018 онд анх хийгдэж байсан фестивал маань 5 дахь жилдээ зохиогдож байна. Ковидын цар тахлын үед завсарлаад 2023 оноос хойш идэвхтэй зохиогдож байна. Энэ удаа бид хэд аль болох гадны сайн багш нарыг боломжоороо авч ирээд байна. Анх удаагаа нэг фестивалд дөрвөн гадаад багшийн 11 хичээл дэлгэгдэж байгаа. Бүгд өөр өөрийн онцлогтой. Иог хийж үзээгүй, зүгээр сонирхдог, иогийн багш хэн ч суух боломжтой. Хичээлүүд нь бүгдээрээ анхан шатнаас ахисан шат хүртэл дэс дараалалтай бий.

-Эрүүл мэндийн шалтгаантай нуруу, мөр гар өвддөг хүмүүст зориулсан хичээлүүд байгаа юу?

-Нуруу өвддөг бол нуруу, үе мөч өвддөг бол үе мөчний иогдоо орох боломжтой. Тэр байтугай энэ жил art terafy гэж шинэ төрөл орж ирж байгаа. Та өөрийгөө ойлгохгүй сэтгэл зүйн асуудал байвал энэ хичээлд суугаад үзэх хэрэгтэй. Мэдээж бас бясалгалын хичээлүүд бий.

-Ямар ямар бясалгалын хичээлүүд байгаа вэ?   

-CBCT гээд энэрэхүйн бясалгал, Oxford-ийн Mindfull бясалгал зэрэг хичээлүүд бий. Аль аль бясалгалд нь би суусан. Суусан хүний туршлагаар ярихад хоёулаа Буддын шашины хүнийг энэрэх  бясалгалын нэг төрөл гэж тайлбарладаг.

Mindfull бясалгал нь аливаа үйл ухамсартай, анзаарагатай, хоол идэж байсан ч хоолоо мэдрээд амтлаад тухайн цагтаа оршихыг илэрхийлдэг. Чамд яг юу байна түүндээ талархалтай хандахыг заадаг. Энэрэхүйн бясалгал нь өөрийгөө хайрлах, уучлах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Ингэснээр яг энэ сэтгэлээр бусдад ханддаг.

Энэ хоёр бясалгал нэг л  юмны хоёр тал шиг хүнийг байгаа орчинд нь буулгаж ирдэг. Уурласан ч анзаарагатай. Чи яагаад уурлаад байгаа юм. Энэ хүн чамайг уурлуулсан байхад ахиад нэмээд чи өөрийгөө уурлуулах шаардлага байна уу, жоохон бодоод анзаараад үз дээ гээд хүн өөрийгөө анзаарах тэр боломжийг илүү их нээж өгдөг.

Фестивал дээр нь хүүхдийн иога байгаа юу?

-Байхгүй. Ирэх жилүүдэд оруулж ирье гээд бид төлөвлөж байгаа. Хүүхдийг маш онцгойлж авч үзэх шаардлагатай. Хэдэн ч насны хэдэн ч хүүхэд ирсэн аюулгүй, зөв хийлгэх ёстой учраас тэр боломжоо бүрэн бүрдүүлээгүй болохоор хойшлуулаад байна.

-Анх удаа иогийн фестивал гэж сонсоод сонирхоод ирж байгаа хүмүүстээ зориулж зөвлөгөө өгвөл, юуг анхаарч бэлдэх хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт өглөө цагтаа ирэх. Цагтаа ирсэнээр хүн нөхцөл байдлыг эхнээс нь зөв авна гэсэн үг. Хичээлүүд дээр цагтаа орсоноор халаалтын хэсэг, булчингийн ачааллах хэсэг, эргээд амраах тайвшруулах зэрэг хэсэгтэй. Тэгэхээр жоохон хоцорчиход л ангиа олохгүй, халаалтаа хийж амжихгүй байх зэрэг асуудалтай.

Хоёрдугаарт биедээ эвтэйхэн хувцастай, хувийн хөлсний алчууртай, тайлахад хялбар гуталтай ирэх хэрэгтэй. Фестивал дээр тодорхой хэмжээгээр ус тараана, хамтрагч байгууллагууд маань ирж унд, хүнсний худалдаа гаргана. Тэгэхээр нэг өдөр сайхан эрүүл цагаан хоол идээд өнгөрүүлэх боломжтой. Өглөөнөөс орой хүртэл байх учраас ажлаа бас маш сайн төлөвлөж  ирэх хэрэгтэй шүү. Нэг багшийн хичээл дахин давтаж орох боломжгүй байдаг. Эрт ирэх юм бол гарын бэлгээ аваад хамтрагч байгууллагуудын шагналын сантай тэмцээнд орох зэрэг бүх үйл ажиллагаанд жигдхэн оролцох боломжтой.

Гуравдугаарт заалны багтаамжаараа тасалбар борлуулж байгаа учраас эртхэн тасалбараа авах хэрэгтэй. тасалбартай гэхээр манайхыг ашгийн төлөө гэж ойлгоод байдаг. Фестивал маань ашгийн бус нийтэд түгээх зорилготой. Сайн дурын ажилчид гэхэд л 70, 80 хүн ажиллана. Тэдний зарим нь цалинтай, мэдээж өдрийн хоол байна. Нэмээд түрээсийн зардал гээд маш олон зардал гарна. Үүний талыг нь билетнээсээ, ивээн тэтгэгч байгууллагаасаа гаргадаг.

-Олон улсын багш нар их ирсэн харагддаг шүү дээ. Энэ удаад хаана хаанаас багш нар ирсэн бэ?

-Өмнө нь манай фестивал дээр Чили, Япон, Герман, Энэтхэг, Орос улсаас багш нар оролцож байсан. Энэ удаад Вьетнам, АНУ-аас шинэ багш нар ирж байгаа. Мөн Энэтхэгийн Эрүүл мэднийн яам гэгддэг Аюуш яам, Элчин сайдын яамтай хамтын ажиллагааны хүрээнд олон жилийн туршлагатай иогийн хоёр багш ирж байна. Иог Энэтхэгээс гаралтай. Тэр утгаараа энэтхэг хүмүүс иогийг хэрхэн хийдгийг энэ эвентээрээ харуулна.

Баруунжчихсан Америк, Европ иогийн стиль бас өөр. Энэтхэг яг уламжлалаа барьдаг бол барууны орон шинжлэх ухааны түвшинд иогийг судалдаг. Иогийн энэ хөдөлгөөнийг хийхэд хүний биеийн булчин, парасемпатик мэдрэлийн системд ямар нөлөөтэй вэ гэх мэтээр  маш нарийн судалдаг. Тийм учраас өрнийн багш нар энэтхэг багш нараас өөр. Бидний хувьд уламжлалт, шинжлэх ухаанд суурилсан шинэ хувилбар хоёуланг нь  жигд анхаарч авч явахыг хичээдэг.

Тиймдээ ч бясалгалын төрлүүд дээр дурын нэг бясалгал заадаг хүмүүсийг сонгодоггүй. Наад захын жишээ нь Оксфордын хөтөлбөрт хамрагдчихаад ирсэн хүнийг сонгох жишээний. Хүний эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал учраас иог бясалгал хоёрт аль алинд хариуцлагатай байх ёстой л доо.

-Багш нараа сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

-Хэдэн жил багшилсан, ямар туршлагатай юм гэдгээс гадна хичээлийг яаж заадаг вэ, аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байна, яг дүрмийнхээ дагуу явж байна уу гэх мэтээр шалгадаг. Ер нь анзаарах юм бол фестивал дээр багадаа 7,8 жил багшилсан хүмүүсийг авч ирж байгаа.

-Монгол багш нараас дурдвал хэн хэн байгаа вэ?

-Хүмүүсийн сайн мэдэх Болортуяа багш, нүүрний иогийн Туул багш, Нараа иогийн Нараа зэрэг иог сонирхдог хүмүүст дотно танил багш нарыгаа урьсан. Багш нар маань жил болгон иогийн фестивалдаа оролцоод явдаг.

 

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img