Дональд Трамп өнгөрсөн жил сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр Америкийн гудамж талбайд “зүүнтнүүд хууль бус авирлаж байгааг” тэвчихгүй, ерөнхийлөгч болсон тохиолдолд бүрэн эрхээ тултал ашиглаж, тэднийг зогсооно гэж амлаж байлаа.
Тэр одоо энэ амлалтаа биелүүлэхээр хичээж байна. Учир нь Лос Анжелес хотод олныг хамарсан эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа юм.
Тодруулбал, АНУ-ын цагаачлалын бодлого, хууль сахиулагчдын үйлдлийг эсэргүүцсэн олон жагсаал эхлүүлсэн нь олныг хамарсан эмх замбараагүй байдал болон тэлж, үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хот руу Үндэсний гвардынхныг оруулсан. Трамп Үндэсний гвардынхан хүч мөхөстөнө гэж үзсэн бололтой, эмх замбараагүй байдлыг зохицуулахаар 700 гаруй тэнгисийн явган цэргийг дайчлах шийдвэр гаргажээ.
CNN агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд Лос-Анжелес хотын төвд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр 50 хүн баривчлагдсан байна. Бямба гарагт гэхэд л жагсаалыг тараахыг эсэргүүцсэнийхээ төлөө 29 хүн баривчлагдсан бол ням гарагт 21 хүн баривчлагдсан бөгөөд тэд дээрэм тонуул хийсэн, үхэлд хүргэх зэвсэг ашиглан халдсан, Молотовын коктейл ашиглан хүний амь насанд заналхийлсэн гэсэн ноцтой зөрчлийн улмаас баривчлагджээ.
Эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ирсэн цагдаагийнхан болон жагсаалд оролцогчдын хооронд мөргөлдөөн гарсны улмаас цагдаагийн таван алба хаагч, таван морь гэмтсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчид цугласан олныг тараахын тулд хийн гранат, зэвсэг ашиглажээ.
Лос-Анжелес хотод үүссэн нөхцөл байдал хурцадсаны улмаас хотын цагдаагийн газар “тактикийн сэрэмжлүүлэг” зарласан бөгөөд ийм сэрэмжлүүлэг зарласан үед бүхий л офицер жижүүрлэж, нэн даруй хариун үйлдэл хийхэд бэлэн байх ёстой аж. Үүний зэрэгцээ, онц хүнд нөхцөл байдал үүсээгүй л бол иргэдээс ирсэн дуудлага гомдолд цагдаагийнхан хариу өгөхгүй байхыг зөвшөөрдөг гэнэ.
Эсэргүүцэл дагуулсан Трампын бодлого
Хоёр дахь удаагаа төрийн тэргүүний суудалд очсон Трамп цагаачлалын хатуу бодлогоороо алдартай нэгэн. Тэр бээр сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр л цагаачдыг “давруулахгүй” гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан бол Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараахан л долоон орноос цагаач хүлээж авахыг хориглож, АНУ-д мэндэлсэн цагаачдын хүүхдүүдэд иргэншил олгохыг зогсоосон юм. Трамп албан тушаалд очсон эхний өдрөө л Мексиктэй залгаа хил дээр онц байдал тогтоож, 1500 гаруй цэргийн алба хаагчийг нэмэлтээр хил рүү илгээж, улс төрийн орогнол хүссэн хүмүүсийг Мексикийн нутаг дэвсгэр дээр хүлээлгэх шийдвэр гаргаж байлаа. Үүний зэрэгцээ бусад орнуудаас хүсэлт гаргасан дүрвэгчдийг хүлээж авахаа 120 өдрөөр зогсоож, Венесуэл, Хаити, Никарагуа, Украины иргэдэд зориулсан дүрвэгчдийн квотыг цуцалсан юм.
Үүний дараагаас л АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газар Чикаго, Нью-Йорк, Лос-Анжелес, Денвер Майами, Сиатл, Остин болон өөр 10 гаруй хотод хууль бусаар оршин сууж буй цагаачдыг баривчлах ажиллагаа эхэлжээ.
Цагаачдыг үй олноор нь албадан гаргах Трампын төлөвлөгөө нэн хатуу. Хууль бус цагаачид АНУ-д төрөл садантай, насанд хүрээгүй хүүхэдтэй, энэ улсад урт удаан хугацаанд амьдарсан нь огт хамаагүй. Тиймдээ ч нэгдүгээр сарын 25-ны өдөр Гватемал руу Америкийн гурван цэргийн онгоцонд суулгаж, албадан гаргасан 265 хүн дотор улс төрийн орогнол хүсэж, шүүх ажиллагаа хүлээж байсан хүмүүс ч багтаж байсан гэдэг.
Эсэргүүцэл эхэлсэн нь
АНУ-ын хууль сахиулагчид хууль бус цагаачдыг баривчлах ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлж байгаа бөгөөд тэд дэлгүүр, зоогийн газар олон нийтийн газраас цагаач гэж үзсэн хүн болгоныг баривчилж, хүмүүсийг хүчээр машинд суулган, хааш нь ч юм авч явж байгаа аж.
Төрийнхний энэ хэтийдсэн гэмээр үйлдэлд олон нийт тэр дороо л хариуг нь өгчээ. Өнгөрсөн долоо хоногт хэдэн зуун хүн Лос-Анжелес хотын төвд цуглан, эрх баригчдыг хууль бус үйлдлээ зогсоож, баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардсан байна. Энэ цуглаан тун удалгүй Трампын цагаачлалын хатуу бодлогыг эсэргүүцсэн жагсаал болон хувирчээ.
Ингээд бямба гарагт цагаачдыг дахин баривчласны дараа Парамаунт дүүрэгт Латин Америкчууд оршин суудаг дүүргийн оршин суугчид болон Цагаачлал, Гаалийн цагдаагийн ажилтнуудын хооронд ширүүн мөргөлдөөн болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
“Гэрчүүдийн өгүүлж байгаагаар, хууль сахиулагчид цугласан олныг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Үйл явдлын газар дээр хийсэн дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, олны дургүйцлийг төрүүлж байна” хэмээн CNN мэдээлсэн байна.
Лос-Анжелес хотын дарга Карен Басс хууль сахиулагчдын үйлдэл “оршин суугчдад айдас төрүүлж байна” хэмээн буруутгасан бол Калифорни мужийн захирагч Гэвин Ньюс үндэсний гвардыг илгээх Трампын шийдвэр хурцадмал байдлыг улам дэвэргэх “зориудын өдөөн хатгалга” хэмээн нэрлэжээ.
Трампын ширүүн хариулт
Лос-Анжелес болон Калифорнийн удирдлага Трампыг шүүмжилсний хариуд Трамкп тэднийг нөхцөл байдлыг зохицуулах чадваргүй хэмээн буруутгасан байна.
“Тэд эмх журам тогтоож чадахгүй бол Холбооны засгийн газар оролцож, эмх замбараагүй байдал, тонуулчидтай зохих ёсоор нь тэмцэнэ” хэмээн Трамп Truth Social хуудсандаа бичжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, оршин суугчид шинээр жагсаал цуглаан, цагдаагийнхантай хийх мөргөлдөөн гарахаас болгоомжилж байгаа бол Лос-Анжелес хотод хурцадмал байдал хэвээр үргэлжилж, аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгаа бол идэвхтнүүд шинээр цуглаан эсэргүүцэлд уриалсаар байгаа гэнэ.
Эмх замбараагүй байдал үүссэний улмаас Трампын захирамжаар Калифорнид Үндэсний гвардын 2000 дайчныг оруулсны зэрэгцээ дахин 1600 цэргийн алба хаагч тушаал хүлээн бэлэн байдалд байгаа аж. Үүний зэрэгцээ 700 гаруй тэнгисийн явган цэргийг дайчилсан нь сүүлийн жилүүдэд АНУ дотооддоо армийн хүчийг их хэмжээгээр дайчилсан анхны тохиолдол болж байгаа юм.