2025-07-09, Лхагва
18 C
Ulaanbaatar

Сэндэнжавын Дулам: Монгол соёлоо бүхий л талбар дээр амилуулан сэргээж босгоно

Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор (Sc.Dr),  профессор Сэндэнжавын Дуламтай уулзаж хөөрөлдлөө.

“Монгол соёлын тайлбар толь бичиг” бүтээлээ бичиж хэвлүүлээд номын баяраа хийж буйд баяр хүргэе!

-Урьд нь өөрийн бүтээлийн арван найман ботио гаргасан л даа. Миний бие ачлалт багш нарынхаа буянаар 1973 онд Монгол Улсын их сургууль хэмээх их айлын босгыг алхаж, “багш” хэмээх алдрыг хүртсэнээс хойш нэг жилийн дараагаар 1974 онд МУИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн 49 дүгээрт харьцуулсан аман зохиол судлалын анхны өгүүллээ орос хэлээр гаргаж байлаа. Орос хэлээр бичсний учир нь бидний цаг үеийн шинжлэх ухааны гол хэл нь орос хэл байсантай, орос хэлийг ихэд эрхэмлэн үздэг байсантай холбоотой юм. Тэр өгүүлэл “МУИС, СУИС-ийн профессорын өв” хэмээх өмнөх зургаан ботийн хоёрдугаарт байгаа. Тэр өгүүлэл хэвлэгдсэнээс хойш 52 жилийн ногоо ургахыг үзжээ. Энэ хугацаанд юу эсийг бичсэн гэх вэ. Чингээд   “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын найм дахь удаагийн цувралд миний эхний гурван боть хэвлэгдсэн. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Төмөртогоо нарын эрдэмтдийн бүтээлүүд гарсан тэр цуврал. Тухайн үед 2018 онд  дөчин дөрвөн жилийн бүтээлийг оруулж буй учир хэмжээ дамжаа нь ихэсч тус бүр нь 500 хуудас зургаан боть болж санхүүгийн асуудал хүчир болж ирсэн тул үлдсэн гурван боть нь сэдвийн хувьд ч одоогийн миний ажиллаж байгаа СУИС-ийн судалгааны чиглэлд нийлэмжтэй байх тул тус сургуулийн захирал, хатагтай Э.Сонинтогост учраа айлтгахад уриалгахан хүлээн авч, анхааран үзэж номоос өөр хогшилгүй, үзэгнээс өөр зэвсэггүй өвгөн эрдэмтэн намайг дэмжин тэтгэлээ.

Ботиудаа ямар сэдвээр ангилав?

-Эхний гурван ботьд миний эзэмшсэн монгол, хэл бичгийн мэргэжлийн судалгааны бүтээлүүд багтсан. Сүүлийн гурван ботьд миний гол судалгаа болох бэлгэдэл зүй болон монгол соёл урлагийн чиглэлийн судалгаанууд голлож байгаа. Сэдвийн цар хүрээ ийн өргөн байгаа нь бидний судалгааны арга зүй болох соёлын хүн судлалын биечлэн дагах арга зүй, хээрийн шинжилгээний ажилтай ихээхэн хамааралтай юм. Миний эрдмийн хоёр их багштан Ри, Чой.Лу (Бямбын Ринчен, Чой.Лувсанжав) багш нарын маань сурган заасан монгол утга соёлын өвийг сурвалжлан цуглуулж, хурааж хумьсны үр шим энэ боллоо.

Та бол өрнө, дорнын олон хэлээр эрдэм шинжилгээний бүтээл, өгүүллүүдээ бичихээс гадна гадаадын олон их дээд сургуульд багшилдаг хүн. Гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээлүүдээ эх хэлээрээ хэвлэв үү?

Зарим нь англи, монгол, орос орчуулгатай байгаа. Манай шавь нар, эрдмийн мэргэд орчуулж оруулсан. Заримыг нь орчуулах цаг хугацаа хомс учраас хэвлэгдсэн хэлээр нь оруулсан. “Монгол нүүдэллэх ёсны тухай” 46 хуудас өгүүллийг гэхэд франц хэлнээс хэн нэгэн хүн орчуулах хэрэгтэй болно. Цаг хугацаа ийм хомс учраас Индианагийн их сургуулийн Дотоод Ази судлалын институтээс яаж гаргасан яг хэлбэрээр нь татаад гаргасан.

Таны багын найз эрдэмтэн “Гучин мянгатын толь”-ийг хаанаас нь ч асуусан нэг ч үг гаргаахгүй мэдэж байсан гэж бахархан ярьж байсан. Та зөвхөн орос хэлийг ийн элдэнгэшүүлэн өөриймшүүлэхээс гадна бусад хэлүүдийг яаж ийм төгс сурав?

-Хэл сурахад онцгой гайхуулах ч зүйл байхгүй ээ. Франц хэлийг би тэнд гурван жил ажиллаж, дараа нь жил бүр уригдаж олон улсын хуралд илтгэл тавих болсон учраас харилцааны хэрэгцээ үүсээд сурахаас аргагүй болсон. Дээр нь миний хамгийн хайрлаж дурладаг зүйл бол франц яруу найраг, уран зохиол учраас зориуд хичээж шамдсан. Франц хэлнээс Шарль Бодлер, Поль Верлений шүлгүүдийг орчуулах маягаар сурсан. Орос хэл бол тэртэй тэргүй бидний цаг үеийн хамгийн гол хэл байсан. Намайг оюутан байхад манай Лувсанжав багш монголд анх англи хэлний хоёр жилийн оройн курс гэдгийг нээсэн. Төрийн гол байгууллагын чухал мэргэжилтнүүдийг тэр курст сургасан. Лувсанжав багш миний гарын багш болохоор “Чи тэр хойно сууж бай” гэдэг байлаа.

Чой.Лувсанжав багштан тань хэл сурахдаа унтах хэвтэхээ ч умартан шамддаг байсан хүн гэдэг. Танд ямар арга барил нь их нөлөөлсөн бол?

Лу багшийн хэл сурдаг нэг арга бол ерөөсөө нэг л дайралтаар үздэг. Дунд нь амрах залхуурах, зугаалах зүйл байхгүй. Нэг барьж авсан хэлээ өчүүхэн завсар чөлөөгүй оролдон шамдсаар тэр хэл нь өөрөө залхтал дайрдаг хүн байсан. Манай багш шиг энгүй шамдалт хүн тийм элбэг байхгүй. Бид тэр хүний энд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Багшийнхаа гол арга барилыг яахав авсан л байх. Хамгийн гол нь хичээнгүйн хувьд Лу багшийг гүйцэх хүн байхгүй.

Их эрдэмтэн Ринчен гуайгаар хичээл заалгаж байв уу?

-Яг хичээл зорьж заалгаагүй. Би Лувсанжав багшийн шавь болохоор Ри багштай уулзахгүйгээр байж байгаад нэг өдөр ертөнцийн мөнх бус үзүүлэх болчихвол харамсалтай гэж бодоод намрын нарлаг сайхан өдөр сонгож байгаад өргөөг нь зорьж очсон. Хотынхон чинь хаалгаа байнга түгждэг бол тэдний хаалга нь онгорхой байдаг юм билээ. Шууд яваад орчих хэцүү учир хаалгыг хоёр гурав тогштол өглөө дөнгөж боссон бололтой цээж нүцгэн гарч ирсэн. Настай хүн чинь бие нь цаанаа нэг улбагар шалбагар харагддаг даа. Тэгэхэд жигтэйхэн сайхан чийрэг, тэгшхэн биетэй хүн байсан. Цагаан сахлаа намируулаад “Та морилон саатна уу” гэж гар дэлгэн оруулсан нь одоо ч нүдэнд харагддаг. Би тэр тухай сайхан тэмдэглэл бичсэн нь одоо ч надад бий. Тэрнээс хойш овоо нүүр хагарч, орж эрдэм ном асуудаг болсон.

-Их Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын үүсгэн байгуулсан Монголын зохиолчдын байгууллагын түүх ой тохиож байна.

-Ойдоо зориулж ямартай ч зургаан ботио өлгийдлөө. Сэтгэл зүрхээрээ бичиж туурвиад явж байна. Ер нь шүлэг, яруу найраг гэдэг чинь залуу насны үйл хэрэг юм шиг байна шүү дээ. Нэг үгээр Пушкины хэлснээр нас ахих тусам үргэлжилсэн үг рүү тэмүүлээд байдаг шиг байна. Миний судалгааны чиглэлтэй их хамаатай зүйл маань Монголын эртний урлаг, зан үйл болсон учраас бүжгэн жүжгийн цомнол хэдийг бичлээ. “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин”, “Босоо цагаан гурвалжин” гэдэг гурамсан бүжгэн жүжиг маань тавигдлаа.

ЮНЕСКО-гийн тайзнаа тавигдсан гэдэг бил үү?

ЮНЕСКО-гийн дэлхийн конвенци гэж байдаг. Урлагийн язгуур эртний бүтээлүүдийн олон янз байдлыг хадгалан үлдээх тухай конвенци байна. Тэрэнд бүжгэн жүжгүүд маань сайхан нийцсэн гэж ойлгож байгаа. 2019 оны  арванхоёрдугаар сарын 19-нд “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг маань ЮНЕСКО-гийн тайзан дээр тавигдсан сан. Хөгжмийг нь “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, миний докторант  Д.Ариунболд туурвисан. Бүжгэн жүжгийг мөн миний докторант, гавьяат жүжигчин Д.Энхгэрэл найруулан дэглэсэн. Анх би энэ бүжгэн жүжгээ археологичдын номоос санаа авч бичсэн юм. 2019 оны намар өөрийн биеэр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт очиж Дэл уулын дөрвөлжин булшны хадны зургийг үндсэн эхээр нь үзсэн. Түүнийг үзээд археологчдын хуулбар зураг дээр дутуу орхисон дүрсүүд байгааг олж мэдсэн. Тухайлбал, тэр толгойг нь уруу нь харуулсан хүний дүрс нэг биш, хоёр байхыг, бас нэг нуруундаа сумтай амьтны дүрс байгааг олж үзсэн, энэ бол тэр хорлогчин бөөгийн удам залгагч нь, амьтан бол үнэнч нохойг нь түүнтэй хамт хойлголсон гэсэн үг. Биднийг Парист очиход улс орон даяар тээврийн хэрэгслийн ажил хаялт зарлаад, зөвхөн ганц метроны шугам ажиллаж байсан. Өөр хотуудад байдаг хамаг найз нөхөд минь очиж амжихгүй боллоо гэж харамсаж байсан. За ер нь бүжгэн жүжгийг минь үзэх үзэгчгүй боллоо гэж бодож байсан, гэхдээ нэгэнтээ зорьж ирсэн улс тоглолгүй буцалтай биш, арав хорин хүн байсан ч тоглоно доо гэж бодож байлаа. Яг тоглолтын үдэш нэвтрэх чип нь дуугарсааар нэг мэдсэн 819 үзэгч ирсэн байсан, бөөн баяр далай болоод бүжгэн жүжгээ тоглосон билээ. Эхлээд би энэ бүжгэн жүжгийн үүдэл санаагаа хэрхэн олсон, хадны зургийг хэрхэн тайлсан тухайгаа франц хэлээр илтгэл тавьсан, орчуулга нь дэлгэц дээр англи хэлээр явж байсан. Залгаад тоглолт нь болоод дуусахад танхим дүүрэн үзэгчид цөм босоод олон минут тасралтгүй алга ташиж, “Браво” хэмээн орилолдож байхад ямар их баяр хөөртэй байсан гээч. Дараа нь бусад хотуудад тоглох урилга хөвөрч эхэлсэн, харамсалтай нь бид дөнгөж тэр шөнөө л хонох зардалтай байсан тул өглөө үүрээр нисэх буудал руу явцгаасан даа. Дараа нь би Хөмөргөн гурвалжнаа босгож “Босоо цагаан гурвалжин” болгоод гурамсан бүжгэн жүжиг бүтээсэн юм. Хоёрдахь нь “Тамганы бүжигчин” Хэнтий аймгийн Биндэр сумын Рашаан хадны тамгадын зургаас сэдэвлэсэн юм. Бүжгэн жүжгийг миний шавь урлаг судлалын доктор М.Мөнгөнцэцэг дэглэсэн, хөгжмийн зохиолч нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр. Сүүлчийн бүжгэн жүжиг нь “Босоо цагаан гурвалжин”, дэглээч нь урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, хөгжмийн зохиолч нь төрийн шагналт С.Соронзонболд. Эл гурамсан бүжгэн жүжгээр би монгол угсаатны соёл иргэншлийн үүсэл, өрнөл, мандал, бадралыг л харуулах гээд байгаа юм шүү дээ.

Их гүүш Хатагин Го.Аким хадны зургийг харь гарагийнхнаас илгээсэн код, илгээмж гэж тайлбарлаад байгаа. Та болохоор монгол угсаатны  соёл иргэншлийн түүх гэх маягийн юм яриад, бүжгэн жүжиг туурвиад  байх юм?

-Тэгэхээр ийм байна аа, хүү минь. Би бэлгэдэл зүйн судалгаа, тэр дотроо дүрсийн бэлгэдэл, дохио зангааны бэлгэдлийг олон жил судалсан. Хадан дээр байгаа дүрс, хүмүүсийн хөдөлгөөний биеийн хэлмэрүүд яг юуг заагаад байгаа юм бэ гэдгээс санаа авч, энэ тайллуудыг хийгээд байгаа юм. Хадны зураг дүрс чинь цаанаа дан танивар дохионууд, кодууд байхгүй юу. Хөмөргөн гурвалжин гэхэд чинь уруугаа харсан гурвалжин тамга шүү дээ. Энэ чинь монгол домог зүй, бөө мөргөлийн хар тэнгэрийн язгуурыг тэмдэглэсэн байдаг. Манай монгол бөөгийн харын хартай бөө нар бол хөмөргөн гурвалжин хэнгэрэг барьж, чонын арьсаар бүрж бөөлдөг уламжлалтай байсан. Энэ бүх монгол бөө мөргөл, тайлга тахилгын соёл, бэлгэдлийн судалгаанууд чинь надад ийм уран бүтээлүүдийг гаргаж өгч байгаа юм шүү дээ.

Та бөө мөргөлийн судалгаагаар дэлхийд танигдсан эрдэмтэн. Жинхэнэ тэнгэрийн улаач нартай тэнгэр болохоос нь өмнө уулзаж учирч явсан байж таараа. Одооны бөө зайрангуудыг та юу гэж бодож явдаг вэ. Жинхэнэ эрдэм билэгтэй бөө нар байгаа бол уу?

Багаар бодоход хоёр янзын бөө нар байна. Яг өөрсдийнхөө өвгөдийн уламжлалыг аваад, хойч үедээ дамжуулан, одоо ч гэсэн голдуухан нууц байдалтай байдаг бөө нар байх. Тэрнээс гадна нийгмийн донсолгоон, долгисоон, зах зээлийн байдлыг өөртөө ашигтайгаар амин зуулга болгочихъё гэсэн нэг хэсэг хүмүүс байдаг. Тэд бол хуурамч бөө нар юм. Гэхдээ тэр бүхнийг шалгаруулдаг комисс гэж ямар байх биш. Судлаачаас өөр ялгаж салгадаг хүн байх биш. Тийм учраас өөр урсгал болоод явчихдаг тал бий. Энэ  нь ч  гэсэн өөрөө өнөөгийн нийгмийн нэг үзэгдэл.

Та тэр мундаг тэнгэрийн улаач нартай уулзаж учирч, тамлага тахилгыг нь харж явсан хүний хувьд өөрөө бөөлж болохгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Би судлаач болохоос бөө хүн биш шүү дээ. Бөөгийн увдис гэдэг маань энгийнээр хэлбэл удам судар дамжсан, онгод тэнгэр тамгалсан хүмүүст наалдаж үлддэг ажил. Надад тийм зүйл байхгүй учраас би цэвэр судлаачийнхаа байр сууринаас хандана.

Та ойрын үед төрж өссөн нутаг Баянхонгор аймгийн Баянбулаг сумандаа очив уу?  

Өнгөрсөн жил сум байгуулагдсаны 100 жилийн ойд  Бум-Очир хүүтэйгээ очсон. Одоо ч үеийн нөхөд минь тун цөөрчээ. Эрчүүд бүр их цөөрчээ. Харин бага сургуульд хамт сурч байсан “охид” бол байна. Ойгоор манай Баянбулаг сумын сургууль миний нэрэмжит танхим нээсэн юм. Хамаг  хамаатан садан маань хандив өргөөд том лед дэлгэц, компьютераас эхлээд сургалтын тоног хэрэгслээр тоноглож өгсөн. Тэр нээлтэнд сумын удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, ахан дүүс, нөгөө хэдэн ангийн охид маань ирсэн. Би бага сургуулийн хөг паянгаа яриад их хөгжилтэй байсан. Одоо эмгэд болсон ангийн охид маань дээр цагийнхаа сурагчийн дүрмээр сууцгаагаад (ширээ түшин лаглайн сууж болохгүй гэдэг) дурсамжаа яриад сайхан байлаа …

-Баянбулаг сум бөх сайтай нутаг юм даа. Улсын  харцага Д.Батболд, Н.Золбоо нарын цолтнууд төрлөө?

– Болдын Эрдэнэхүү гэж бас нэг улсын начин гарч ирж байна даа. Би залуу байхдаа Баянхонгорын Баацагааны бөхчүүд гэж их сонсож байсан юм. Улаан гуталт Нямжанцан эд нар гээд. Сүүлийн үед тэгсэн манай сумаас бөхчүүд төрж байгаад баярлаж л явах юм даа. Миний нагац ах Төмөрбаатар (Төмөөдэй) гээд дээр үед гайгүй сайн барилддаг бөх байсан юм.

“Төмөөдэй” гэж бид авгайлдаг Рэнжингийн Төмөрбаатар гэж хүн байсан юм. Их сайн бөх байсан юм гэнэ лээ. Би бол тэр зүгийн авьяас чадвар тун тааруу хүн юм. Тэрнээс сайн бөхийн удам судар гэж манай суманд байна аа.

-Та Ардын уран зохиолч Тангадын Галсанг багшаа гэдэг шиг санагдах юм?

– Их сургуулийн нэг ширээний хамгийн сайн анд минь Ламжавын Лувсандорж гэж гайхамшигтай яруу найрагч байсан юм. Лувсандорж бид хоёр өөрийнх нь шүлэгт гардгаар “Ижилдээ хайртай үрээ даага шиг Эгэмээ түшин дасалцсан нөхөд” байлаа. Лувсандоржийн хүндэлдэг уран бүтээлийн найз нөхөд гэсэн чинь эсэргүү зохиолч Тангадын Галсан, нөгөө муу нэртэй Чойном энэ тэр байдаг юм байна. Таван зуун айлаар л хөллөцгөөгөөд л, архи дарс уугаад, шүлгээ дуудаж явдаг байлаа. Би арван жил дөнгөж төгссөн жаахан хүүхэд тэр айхтар томчуудыг бараадаад, шүлэг найргийг нь сонсоод явж байх үеэс л Га багштай дотносож ахмад хүнийх нь хувьд үгийг нь сонсдог болсон доо.

-Чойном гуайтай бас уулзаж явав уу?

– Үгүй ээ, одоо би тэгж муухай худлаа яриад “Чойномын найз байсан. Нөхөрлөж явсан” гэж хэлэхгүй. МУИС-ийн оюутны байранд туранхай сахалтай хүн манай дээд ангийн төгсөгчийн өрөөгөөр хонож өнжөөд явж байсныг харж байснаас бишээр уулзаж учирч байгаагүй. Цаанаа манай Лувсандорж, Галсан багш эдний л хамсаатан байсан юм шиг байгаа юм.

-Таны шавь нараас итгэлийг чинь өвөрлөх хэн хэн байна?

-Яруу найргийн чиглэлээр МУИС-ийн багш Дагийраазайн Нямдорж гэж маш их онгодтой, мэдрэмжтэй яруу найрагч хүү бий. Тэр шавийнхаа шүлгийг би их таашаадаг. Надад их олон сонин бодол төрүүлдэг. Жижигхэн бясалгал шүлгээс нь их бодол ундардаг. Судлаачдаас миний шавь нараас нэг Конго нутгийн африк залуу байна. Антуан Мостаэрт монгол судлалын төвд ажиллахаар ирээд сүүлд нь Монгол оронд үлдэж, надад хадаг барин шавь болсон. Монгол хэлийг ёстой ус цас шиг сурсан хүн дээ. Монгол хүн ч ичмээр сайн ярина даа. 2017 онд Боннын их сургууль дээр таараад “Бага бол ихийн эх. Багш бол шавийн эх” гэж хадаг, шинэ номоо өргөн барьсан даа. Монголын соёлыг судалдаг африк гэж би өөр хүн дуулаагүй. Миний тэр шавь л байх шиг байгаа юм.

-Та СУИС-иас гадна хаана бас ажиллаж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг байгууллагын даргаар  таван жил ажилласан. Зөв бичих дүрмийн журамласан толь гаргалаа. 2020—2021 онд Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050” дээр 9 их баганын анхных нь болох “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Өмнөх баримт бичгүүдэд ийм томоохон бүлэг болгож байгаагүй юм билээ. Анх 9 их баганын хамгийн сүүлд оруулаад ирэхээр нь багийнхаа нөхдөд би хэллээ. Уг нь үнэт зүйл гэдэг чинь төрийн бүх бодлогын тэргүүнд байх ёстой зүйл, одоо хамгийн сүүлд нь орчихжээ. Хүнээр зүйрлэвэл толгой нь уруугаа, хөл нь дээшээ харсан байна гэсэнд багийн бүх гишүүд зөвшөөрөөд эхний баган болгон оруулсан. Гэхдээ томьёоллыг нь “Үндэсний нэгдмэл үнэт зүйл” болгосон. Үүний гол философи нь Үндэстэн улс (Nation-State)  оршин тогтнохын тулгуур үндэс нь улс үндэстэн даяараа үндэсний үнэт зүйлээрээ нэгдэж байвал өнөө удаан орших боломжтой, ийм нэгдмэл үнэт зүйл үгүй бол салж бутарна. Дэлхийн түүхэнд ийм жишээ зөндөөн. Монгол Улс бол төрийн албан ёсны нэг хэлтэй, нэг түүхтэй, нэг соёлтой Үндэстэн улс (Nation-State)  байх бүх болзлыг хангасан улс мөн билээ. Чухам үүнийг л томьёолсон хэрэг. Энэ багийн бүрэлдэхүүнд манай улсын хамгийн оюунлаг хүмүүс цугларсан учир миний бодлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ бодлогыг хэрэгжүүлэх гол яам болох бие даасан Соёлын яамыг ч олон жилийн дараа байгуулсан. Дөнгөж саяхан  “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн тайланг бичицгээлээ. Үр дүнг тооцож үзлээ. “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”-ийн олон зүйл сайн биелсэн, зарим нь даван биелсэн байна. Тухайлбал, дэлхий дэхинд “Монгол соёлын орон зай бий болгох”, “Монгол соёлын нөлөөний хүрээ бий болгох”, “Монгол соёлын түрэлт бий болгох” гэсэн гурван шаттай зорилт маань сайтар биелж байна. Ялангуяа монгол соёл урлагийг өнөөдөр дэлхий даяар мэддэг болжээ. Дэлхийн рок урлагийг мухардлаас гаргасан “Hu” хамтлаг, “Уухай” хамтлаг, үндэсний урлагаа дэлхийд таниулсан “Хөсөгтөн” хамтлаг, Морин хуурын чуулга, дэлхийн театрын урлагийн өлгий нутаг Их британийн “Колизеум” театрт 17 удаа, 40000 үзэгчдэд тоглосон “Монгол хаан” жүжиг, Францын Нант хотод гараад Европоор тойрч яваа “Монголчууд; Чингис хаан дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн, томоохон кино наадамд өндөр дэсийн шагнал хүртэж байгаа “Баавгай болох сон”, ‘Трио’ кинонууд энэ бүхэн бол “Монгол соёлын түрэлт бий болгох” зорилтыг биелүүлж байна.

Сүүлийн 5, 6 жил үндэсний их баяр наадмын найруулагчийн багийн болон дэд хорооны зөвлөхөөр дараалан ажиллаж, зарим жил наадмын талбай дээр МҮОНТВ-д тайлбарлагчаар ажилласан. 2500 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг цэнгэлдэх хүрээлэнд өдөр шөнөгүй ажиллаж нөр их хөдөлмөрийг хамтдаа амжуулдаг юм.

Хамгийн сүүлд 1218 хуудастай “Монгол соёлын тайлбар толь бичиг” бүтээлээ бичиж хэвлүүлээд, дэлхий даяар тархсан монголчууд, монгол угсаатнууд маань машид сонирхон захиалан авч байна. Хойч үеийнхэндээ монгол соёлоо түгээхийн тулд бүтээсэн хэрэг. Энэ толийн удиртгалд монгол соёлын онолын концепцийг анхлан боловсруулж, монгол соёлын долоон гол чанарыг томьёолсон байгаа.  Цаашид би энэ толио баяжуулаад олон боть ном болгоно. Миний хувьд бурхан буян хайрлаад, чөтгөр чөлөө олговол хийж бүтээхээр бодсон санасан олон зүйл байгаа. Монгол соёлоо бүхий л салбараар, бүхий л талбарт амилуулан сэргээж босгоно. Гэхдээ одоохондоо тэр болгоныг тоочих боломжгүй ….

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img