Ганжуур эрдэнийн эш лүнгийн талаар хансүр, гавж Ё.Амгалангийн нийтлэлийг хүргэж байна.
МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Ганжуурын лүн тавигдаад эдүгээ гурав дахь жилдээ харшлах шалтгаангүй, зохилдох шалтгаан бүгд бүрэлдэн багшийн маань лагшин тунгалаг, эгшиг нь тод, хамаг амьтны тусын тулд хэмээнайлдаж номын ёс дагуу сайхан зохион байгуулагдаж байна. Бурхан багшийн зарлиг Ганжуурын лүн нь багшаас шавьд уламжлагдаж ирсэн байдаг. Ганжуурын лүн хайрладагийн гол зорилго нь номлосон, сонссон энэхүү буянаа хамаг амьтны тусын тулд төгс гэгээрсэн бурханы хутаг олохын уг шалтгаанд зориулах явдал юм.
Монгол оронд түүхэндээ бурханы шашин гурван удаа дэлгэрч ялангуяа III Далай лам Содномжамцын үеэс судар тарнийн шашин наран мэт мандсан. Ертөнцийн аливаа зүйлд зохилдох нөхцөл, харшлах шалтгаан байдаг тулурьдын үйлдсэн нийтийн үйлийн үрээр 1930 оноос хойш Монголын бурхан шашинд цөв сууж нэлээд хүнд байдалд орсон ч 1944 оноос хойш шашин маань дахин сайхан дэлгэрч байна.
Эдүгээ Монгол орноо ариун сайхан Ганжуурын лүн дуурсан байгаа нь Богд нарын минь ач хэмээн боддог доо. Үе үеийнбогдууд монголчуудын сайн сайханы төлөө маш олон зүйлийг хийж ирсэн. Цаашид ч хийх болно. Аравдугаар Богд маань МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд арслант ширээнээ заларсан жил Догдан ринбүүчи багш Ганжуурын лүнг айлдаж эхэлсэн. Олон дээдэс, лам хуврагууд, өглөгийн эзэн, сүсэгтнүүдийн буянаар номын үйл ажиллагаа маань жигд сайхан явагдаж байна.
Ганжуурын лүн хүртсэн минь….
Ганжуурын лүнг монголд олон лам нар тавьж байсан байх аа. Их хүрээний Бизъяагийн аймгийн бага лам Наваан ламтан нь Ганжуурыг нийт 18 удаа уншсан хэмээн өөрөө айлдаж байсан тухай багш нараасаа сонссон. Миний сонссоноор монголд Ганжуурыг хамгийн олон удаа уншсанлам юм.
1937 онд Дандарлан аймгийн лам, VIIIБогдын долоон цоржийн нэг Зандан цорж нартан барын Ганжуурын лүнгайлдаж байхад хэргийн тухайтад алдрыг нь дурдахад Т.Дамдинсүрэн(Өндөр багш) маань хаган боть(нэмэлт боть)-иос бусдыг нь хүртжээ. Учир нь хаган боть унших дутуу байхад Дотоод яамныхан ирээд Зандан цоржийгбариад явсан гэдэг. Өндөр багш маань Дашчойнпэл дацангийн лам бөгөөд тэрбээр нийт таван удаа Ганжуур уншиж байсан хэмээдэг.
Миний хувьд анх 1987 оны өвлийн эхэн сарын шинийн наймны өдрөөс 1992 он хүртэл зургаан жилийн хугацаандӨндөр багшаасаа нартан барын Ганжуурын 56 ботийн лүнг хүртсэн. Багш маань одоогийн Батцагаан дуган баригдсан байгаа яг энэ суурин дээр амьдарч байсан. Нэг газар, хоёр багшаасаа, хоёр дахь удаагаа Ганжуурын лүнг хүртэж байгаа минь ихэд бэлэгшээлтэй сайхан санагдаж байна. Тэр үед багш маань 96 насыг зооглосон хэдий ч өөрийн бүхий л хүч чармайлтаар Ганжуурын лүнг залгуулахыг хичээж байсан нь тодхон. Багш бээр надад “Лүнгээ дүүргэж арай чадсангүй. Бурханы шашны эзэн Донбо Шагжтүба бол Ганжуурыг айлдсан. Бурхан багшид сайн залбирч байгаарай. Энэ насанд ч бүтэж болно, эс бөгөөс дараа төрөлд ч бүтэж болно. Тиймээс сайн залбирч буян хураах ёстой шүү” хэмээн захисан. Тэгээд багшийнхаа айлдвар захиасын дагуу буянд чадлаараа шамдаж, Бурхан багшийн зүрхэн тарнийг уншаад, энэ насандаа Ганжуурынхаа лүнгбүтэн хүртчих юмсан даа гэж ерөөл талбиад явдаг байлаа.
1998 онд Гандангийн лам нартайгаа Энэтхэгт явж эргэл мөргөл хийх завшаан тохиож Доржданд очоод Далай багшид бараалхан мөргөж, Далай багш бидэнд Лавдүй, Жонжүг хэмээх хоёр номыг талыг хүртэл нь айлдаж хайрласан. Тэр үед Далай багшид бараалхан өөрийн өмнө нь хүртэж байсан Ганжуурын 56 боть лүнгийн тэмдэглэлийг үзүүлэн үлдсэн ботийн лүнг гүйцээх хүсэлтэй байгааталаараа айлтгахад багш “Би Жадамба, Нит, Шит судруудыг уншиж өгч болно. Гэхдээ чамд Ганжуурын лүнгээ дүүргэхэд100 гаруй хоног хэрэгтэй болно шүү. Би ерөөл тавъя” хэмээсэн.
Үүний дараа жил буюу 1999.07.13-нд IXБогд маань Монголдоо морилсон түүхэн үйл явдал тохиож Ө.Гүндсамбуу лам, Жамъян лам бид гурав бараа болж байлаа. Тэгээд нэг өдөр Богд багшид “Ганжуурын лүнгээ дүүргэх хувь надад байдаг болов уу” гэж айлтгахад “Тэр болно болно. Дарамсалад Ризон ринбүүчи Ганжуурын лүн айлдаж байгаа, тэнд очиж суугаарай. Би нөхцөлийг нь бүрдүүлэхэд тусална аа” гэж айлдлаа. Тэгээд Богд маань Монголд гурван сар саатан буцах болоод Гандангийн захиргаанаас Ө.Гүндсамбуу лам бид хоёр замд нь бараа болохоор томилогдон Буриад, Тува, Оросоор дамжин Дарамсалад очсон. Дарамсалад очсон даруйдаа гурвуулаа Далай багшид мөргөн Богд маань монголдоо морилсон тухайгаа, мөн монголчууд хэрхэн хүлээж авч байсан хийгээд цаг үе, нөхцөл байдлын талаар хөөрөлдөн суусан нь их л сонин сайхан санагдаж байлаа.
Тэр үед Далай багш надаас “Чи чинь Ганжуурын лүн хүртэнэ гэдэг билүү? Догдан ринбүчи Доржданд Ганжуурын лүн тавих гэж байгаа. Тэнд очиж Ганжуурын лүнгээ дүүргээрэй. Би бас очиж ноднин айлдсан Лавдүй, Жонжүг номоо гүйцээнэ” хэмээж билээ. Тийнхүү 1998 оны 10 сард Догдан ринбүүчи багшдаа бараалхаж айлтгахад багш маань найрсаг дотноор хүлээн авч “Бололгүй яахав. Би чиний зогссон газраас цааш нь уншаад өгье” хэмээн гурван сарын турш уншиж Ганжуурын лүнгээ дүүргэж байлаа. Хаган ботио бас Монголоос хүнд захиж авчруулаад Доржданд уншуулсан. Ганжуурва багшид Ар халхаас Ө.Гүндсамбуу лам бид хоёр бараг анхны шавь нар болж байсан байх аа.Ийнхүү Өндөр багшийнхаа онцгойлон захисан захиасыг биелүүлсэндээ одоо ч миний бие ихэд баярлаж явдаг даа.
Мөн тэр үедээ мянган бурхан гэгээрэх учиртай Доржданд Ганжуурва багшдаа Монголд ганжуурын лүнг айлдаж хайрлаарай хэмээн хадаг барин айлтгаж байсан ба түүний дараагаар хамба лам нар тэргүүтэй олон лам нар айлтган дуртгаж байсан. Ийнхүү нэг ламаас хоёр дахь удаагаа лүн хүртэж байгаа нь урьдын буян юм. Бурханы номд “Олуулуулаа сонс, олон удаа сонс, олон ламаас сонс, олон дахин бясалга” гэж гардаг нь ийнхүү номын ёсоорбүтэж байна даа. Анх Ганжуурын лүнг ганцаараа сонсож байлаа. Дараа нь Доржданд олуулаа сонссон. Одоо энд бас дахин, олуулаа сонсож байна. Харин бясалган дадуулах нь хувь хүний мэрийлт юм. Бүх багш нар үүнийг чухалчлан айлддаг юм шүү.
Эдүгээ Ганжуурва багш маань өглөө бүр Бурхан багшийн зарлиг, Бодьсадвын явдалд орохуй ном болон бусад дээдсийн айлдсан номоос иш татан айлдаж байгаа нь миний хувьд тэртээ 2000 онд Доржданд Далай багшаас Жонжүг номын тайлбарыг сонсохын зэрэгцээ лүнгээ хүртэж байсан үетэй минь яг л адилхан давтагдаад байгаа юм шиг санагдаж байна. Энэ мэт төрөл тутамдаа давтан дадуулсаар багш нарын минь айлдсанчлан түргэнээ туулсан бурханы хутгыг олох юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр эдүгээ номоо сонсож сууна.
Ганжуурын лүнг хүртэх учир…
Хамгийн гол нь ном хүртэж суухдаа нисваанисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэр хоёрыг л арилгахын тухайтад зорьдог. Бурхан багшийн айлдсан сургаалыг судалснаар нисваанисын түйтгэр, мэдэгдэхүүний түйтгэр хоёрыг арилгаад буяны чуулган, билгүүний чуулган хоёрыг төгсгөн хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг олох явдал юм. Бурхан багш энэ хоёр түйтгэрээс ангижирч туулсан бурхан болж гэгээрсэн. Гэгээрсэн бурханы сургаалыг сонссон төдийгөөр л тухайн газар орон болон хүнзондоо, цаашлаад даян дэлхийд ч машид тустай. Энэ лүнд зорин ирээд сууж байгаа хүмүүс, мөн хажуугаар нь сонсоод өнгөрч байгаа хүмүүс төдийгүй бидний нүдэнд харагдах, харагдахгүй амьтад, цагаан зүгийг тэтгэгч тэнгэрүүд ч зүг зүгээс цуглан ирж ном сонсож байхыг үгүйсгэхгүй. Мөн урьд олон бурханы заларч номоо айлдсаны үрээр эдүгээ гэгээрч буй бурхад, бодисадва нар ч морилж сав, шим ертөнцийг ч адислаж байгаа. Тэднийг гэгээрсэн хүмүүс л мэдэж чадна.
Багш өглөө болгон их нигүүлсэнгүй бодь сэтгэлийн тухай айлдаж, нигүүлсэнгүй сэтгэл нь оргилон тэсч яданзаримдаа хайлж байна шүү дээ. Багшийн “Ачит эх болсон зургаан зүйл амьтан орчлон тэргүүлшгүйгээс бидэнд ачлаад байгаа шүү” гэдэг айлдварыг л манай сүсэгтнүүд нэг сайн ойлгоосой гэж хүсч байна. Эх болсон зургаан зүйлийн амьтан чинь ямар их ачтай юм бэ, Бурханы номыг уншаад судлах тусам, Бурханы эрдмийг бодох тусам л Бурхан эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө гэгээрсэн гэдгийг л ойлгуулахын төлөө бидэнд багш маань айлдаад байна. Бүгдийг мэдэх хүн байгаа л байх. Гэхдээ сүсэгтэн над мэтийн хүмүүс бол багшийнхаа өглөө бүр айлдаж байгаа айлдварыг дотроо бодоод, лүнгээ маш бишрэлтэйгээр сонсох нь чухал юм.
Хэдийгээр багш маань сэнтийдээ морилоод сургаал номоо хайрлаж байгаа мэт харагдавч Бурхан багшийн хувилгаан дүр бодитойгоороо залраад ирсэн ч юм билүү бид мэдэхгүй. Дээдэс лам нарын номыг сүсэг бишрэлтэй хүн бол бараг ойлгочихдог гэсэн шүү. Дээдсийн адистидээр “тийм л юм айлдаад байна даа” гээд ойлгоно гэж байгаа ш дээ. Яагаад гэвэл лам багш бол бурхангайгаа нэгэн мөн чанартай болохоор, бурхан бол бүгдийг адисладаг учраас хүний сэтгэлд ямар нэгэн эрдэм төрдөг. Яг нарийндаа бол лам хуврагууд болон сүсэгтнүүдээс нэг нэгээр нь асуувал эрдэм төрсөн л байгаа. Тэгж байж л олон өдөр ийм итгэл бишрэлтэй номдоо зорин ирж сууж байгаа шүү дээ.
Түүнчлэн энэхүү ном сууж байхдаа номын омгийг төрүүлэхээс биш нисваанисын омгийг төрүүлж болохгүй шүү гэж багш маань захиаж байна. Би энэ ховор номыг сонсож байгаа нь урьд төрлийн буяны үр юм байна шүү, энэ номыг сонссоноор дараа төрлийн минь ерөөл барилдлага ч сайхан байх болтугай хэмээн бодоорой. Багш маань энэ олдсон цаг хугацааг нарийн нямбай байж, тэргүүлшгүй цагаас ачаар тэтгэсэн эх болсон зургаан зүйл хамаг амьтны төлөө төгс гэгээрсэн бурханы хутгийг олохын уг шалтгаан болгож номоо сонсоорой гэж дахин дахин айлдаад байна шүү дээ.
Би боддог юмаа. Миний аав ээж бол нэг нь 1905 оны хүн, нөгөө нь 1917 оны хүн. Хоёулаа VIIIБогдын үед төржөссөн хүмүүс. Би хэдийгээр VIIIБогдыгоо үзээгүй ч Богдынхоо талаар сонсож, уншиж, мэдсэн. Ээж минь Цагаан дарь эх их уншдаг. Би арван настай байхдаа ээжээсээ“Цагаан дарь эх бурхан байдаг уу” гэж асуухад “Байлгүй яахав, Богдын дэргэд Цагаан дарь эх бодитой заларч байсан шүү” гээд залбирч байж билээ.
Миний багш нар бүгд л VIIIБогдын үед амьдарч байсан. Миний зайвын багш Дияанч лам бол Булганы лам боловч түмэн гэлэнгийн үед Хүрээнд ирээд Дашчойнпэлд сууж, дараа нь Шавдүвлин хийдэд сууж байсан. Мөн миний Өндөр багш бол Их хүрээний хүн. Төв аймгийн Эрдэнэ сум буюу IIБогдын нутгийн хүн. Надад 1900 оны ч багш байсан. Бүгд л Богддоо залбирч мөргөдөг байсан. Шадүвлин хийд бол VIII Богдын сангаас бүх хэрэглэлээ авч Монголынхоотөлөө хатуу, хатуу гүрмийг хийдэг, Монгол улсыг сайн сайхан байлгахын төлөө ном уншдаг, ялангуяа Чойжоо дүгжү өдөр бүр гаргадаг хийд байсан гэдэг. VIII Богдтой уулзаж учирдаг байсан хүнтэй би уулзсан байна шүү дээ. Би түүндээ бас их баярладаг юм. Тэгээд түүнээс тасраагүй IX Богд, одоо ингээд X Богдтой уулзаж байгаа маань их хувь заяа юм даа л гэж залбирдаг.
Монголчууд бидэндээ IX Богд маань ном тавьж, сургаал номоо айлдаж байсан. Шавь нар нь номоо үзэж жил бүр жарзанд гардаг. Энэ жил ч гарч байна. Богдын мааньномын үйлс дэлгэрч байна даа. Монгол улсын шашны эзэн XБогд маань номоо сайхан сурч байна. Энэ жил цагаан сараар золголт болоод Лам минь Бурхан багшийн айлдсан дөрвөн шад номыг айлдсан. Тэгэхээр богд нарынхаа номыг тасрахгүй сонсож байгаадаа л ихэд баярлаж явна даа. Ганжуур бол богд нартай нягт холбоотой юм шүү.
За ингээд Бурхан шашны эзэн Шагжтүвийн шашин шинийн саран мэт зүг бүхнээ дэлгэрч, бурханы шашны баригч Дээрхийн гэгээн XIVДалай багшийн маань лагшин тунгалаг, XБогдын маань насан урт, лагшин тунгалаг, эрч хүч ихтэй, эрдэм ном нь оргилсон, шашныг бариач лам нар болон хойч үеийнхэн, шашнаа хүрээлэгч сүсэгтнүүдийн нас буян арвижин эд таваар нь баялаг, ёстой л Найданжүдэг шиг олуулаа, Намсрай шиг баян байж бурхан шашин улам илүү бадран замбуутивээр түгэн дэлгэрэх болтугай.