Францад 15-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглохоор болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон France2 телевизээр өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, 15-аас доош насныхныг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох шийдвэр Европын холбооны түвшинд гарахгүй бол Франц улс дотооддоо ойрын саруудад хэрэгжүүлэх гэнэ.
Олон нийтийн сүлжээ ашиглахад тодорхой насны хязгаар тавих саналыг анх Франц, Испани, Грек улс Европын холбооны эрх баригчдад хандан гаргасан ч тодорхой хариу хүлээн аваагүй тул эдгээр орнууд бие даан асуудлыг шийдэхээр болсон байна.
Ингээд, Францад олон нийтийн сүлжээнд хориг тавихаас гадна хутга мэс зардаг интернет дэлгүүр, порнограф сайтуудад хэрэглэгчийн насыг зайлшгүй шалгах журам нэвтрүүлнэ гэж Эммануэль Макрон мэдэгдсэн байна.
“15 настай өсвөр насныхан цаашид цахим дэлгүүрээс хутга худалдаж авч чадахаа болино. Бид өргөн цар хүрээтэй санхүүгийн болон бусад хоригийг тавихаар бэлдэж байна” хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ.
Хориг тавих шалтгаан болсон дуулиант хэрэг
Макрон ийм алхам хийх болсон нь өнгөрсөн даваа гарагт Ножан-сюр-Мар хотод болсон ноцтой гэмт хэргээс улбаатай юм.
Тодруулбал, Ножан-сюр-Мар хотын нэгэн сургуульд хүүхдүүдийг сургуулийн барилга руу орохын өмнө цүнхийг шалгаж байх үед 14 настай сурагч сургуулийн ажилтан эмэгтэй рүү халджээ. Улмаар 31 настай эмэгтэй шархаа даалгүй нас барсан аж. Бусдын биед халдсан сурагчийг баривчлах үеэр сурагч цагдаагийн алба хаагчийг ч мөн хөнгөн шархдуулсан байна.
Энэ хэрэг болсны дараа хотын оршин суугчид сурагчийн гарт амиа алдсан бүсгүйн дурсгалыг хүндэтгэн сургууль дээр цэцэг, зурвас авчирж тавьсаар байгаа гэнэ. Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ халдлага тус улсын оршин суугчдыг цочролд оруулсан аж.
“Нам гүмхэн жижиг хотод ийм аймшигтай зүйл болно гэж хэзээ ч бодож байсангүй” хэмээн хэрэг гарсан хотын оршин суугч Лоренс Ракло өгүүлжээ.
Сургууль дээр халдлага болсны дараа Ножан-сюр-Мар хотын эрх баригчид хүүхдүүдийн дунд энэ төрлийн гэмт хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн амласан байна.
“Бид хүлээхгүй”
Хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах саналыг анх Грек улс Европын холбоонд гаргажээ. Улмаар энэ саналыг Франц, Испани дэмжсэн байна.
Олон нийтийн сүлжээ хүүхдүүдийн сэтгэц болон биеийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн судалгаан дээр үндэслэн эдгээр орнууд дээрх санаачилгыг гаргажээ.
Улмаар Эммануэль Макрон мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, хэдэн сарын туршид Европын холбооны түвшинд энэ асуудлаар ямар нэг ахиц гарахгүй бол Франц улс дангаар ийм хориг хэрэгжүүлнэ хэмээн онцолсон байна.
“Бид хүлээж чадахгүй” хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ.
Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Францад сурагч багш болон бусад сурагчид руу халдсан тохиолдол хэд хэд гарсан байна. Ингээд энэ оны гуравдугаар сараас эхлэн Францын цагдаагийнхан хутга мэс байгаа эсэхийг шалгах зорилгоор сурагчдаас түүвэрлэн цүнхийг шалгадаг болжээ. Цаашлаад энэ сард багтаан насанд хүрээгүй хүмүүст хутга мэс зарахыг хориглох тушаал гарч, нэн даруй мөрдөж эхлэхээр болсон байна. Түүнчлэн сургуулиуд дээр металл илрүүлэгч суурилуулах туршилт хийхээр болжээ.