Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн болон шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналт яруу найрагч, хэл шинжлэлийн ухааны доктор, “Ургадаг алт” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөртэй уулзаж хөөрөлдлөө. Зөөлөн дуут, намуун гишгэлт, аядуу зант эл найрагчийн хоёр үгийн нэгэнд “бүдүүн дуут” хэмээн алдаршсан Базарын Цэдэндамбаа багшаа дурсах нь сэтгэлд ээнэг халуун дурсамж хөглөнө.
-Алдарт бүдүүн дуутын ганц шавь намуун дуут Мөнхтөр радиогийн тоймчоос гадна зохиолч, эрдэмтэн хүн. Монгол хүн бүрийн аялах дуртай “Зөөлөн зөөлөн замбуулин” хэмээх дуугаар тань олон түмэн мэднэ. Уран бүтээлийн моринд хэрхэн дөрөөлсөн хуучаа хуваалцаач?
-Сэтгүүлч хүний ганзганд уран бүтээлчийн богц явж байдаг. Уран бүтээлчийн хийж буй зүйлийг бүтээгдэхүүн гэж үзвэл хэрэглэгч нь сонсогчид, ард түмэн. Тэр үзэгчид, сонсогчдод үнэлэгдэх нэг ч гэсэн бүтээл төрүүлэх нь уран бүтээлчийн туйлийн зорилго байх ёстой. Тийм учраас би “Зөөлөн зөөлөн замбуулин”дууг бичсэн. Дуугаа олны дуртай уран бүтээл болсных нь дараа эргээд харахад үгийг нь хэн ч биччихээр санагддаг. Яах аргагүй эхэлж би энэ сэдвээр бичсэн нь олз байж. Нийгмийн амьдралд бухимдсан, худлаа үнэн зүйл рүү туйлширсан ийм цагт нэгэн хэвийн байдлыг, зөв алхмыг уриалсан нэг зүйл хэрэгтэй байсан. Тэгээд 2000 онд Бээжинд байхдаа шүлгийг нь бичиж, 2003 оноос дуулагдаж нийтийн хүртээл болсон. “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэсэн үг маань бүр сүүлдээ улс төрийн хүрээнд, бизнесийн хүрээнд, нийгмийн амьдралын хүрээнд хүмүүс бие биедээ хэлдэг афоризм болтлоо хэрэглэгдэж байна. Энэ үгээс хүмүүс сайхан сэтгэлийн эрч хүч авдаг нь надад их тааламжтай санагддаг. Төрийн шагналт нийтлэлч Баабар гуай хүртэл нэгэн нийтлэлдээ энэ үгийг эш татсан удаатай. Үнэхээр л зөв явбал зөөлөн, зөөлөн байдаг гэдгийг хошин урлагийнхан ч гэсэн хошин хэлбэрээр, сурталчилгааны журмаар ашиглаж байсан шүү.
-Таны анхны дуу чинь “Нутгийн зам” байх аа?
-Би 2012 онд “Жаргалын найман морь” нэртэй шилдэг бүтээлийн найман ботио гаргасан. Түүний нэг ботьд миний бичсэн дуунууд, тэдгээрийн тухай хүмүүсийн бичсэн үгс багтсан байгаа. Анхны дуу маань “Нутгийн зам”. 1992 онд шүлгийг нь бичсэний хойтон дуу болсон. Хөгжмийн зохиолч Хатанбаатар Ереванаас сургуулиа төгсөөд ирсэн шинэхэн залуу ая хийж, Эрдэнэбат гавьяат дуулсан. Энэ дуу маань түмэнд их хүрсэн, түүнээс би урам авч дараагийнхаа уран бүтээлийг хийсэн шүү. “Хустайн гурван даваа”, “Дөргөн нуур”, “Хайранд хоргодсон намар” гэх мэт нутаг усны тухай дуунууд төрсөн.

-Та дууны шүлэг бичдэг хүний хувьд уран бүтээлээ үнэлдэг үү. Хөгжмийн зохиолчид бол аялгуу, найруулжуулгаа нэг бүрчлэн үнэлдэг юм билээ…
-Яруу найрагчдын нэг дутагдалтай тал нь уран бүтээлээ үнэлж чаддаггүй зан. Ер нь бол уран бүтээлийг бизнесийн нүдээр харж, мөнгөөр төсөөлөх нь яруу найргийн үнэ цэнийг алдагдуулж, чанаргүй болгоод байгаа юм.

-Тийм байж. Орчин үеийн дууны шүлгийг хэрхэн дүгнэж явна, та?
-Сүүлийн үед дууны яруу найргийн үндсэн шинж чанар алдагдаад байна. Зүгээр нэг компанийн захирал,мөнгөтэй нөхөр, нэртэй уяач, тэр байтугай УИХ-ын гишүүд дууны үг бичдэг болж. Энэ нь дууны яруу найргийн нэр хүндийг унагаад байна. Ямар ч уялдаа холбоо, утга агуулга, гоо сайхан, мөн чанаргүй, сонсголгүй болгож байна. Нөгөө уяачид, бизнесмэнүүд,улс төрчид чинь дууны шүлэг биччихээр жинхэнэ шүлэгчид, яруу найрагчид маань хөөрхий хийх ажилгүй шахуу болчих юм. Дууны шүлгийн чанарыг муутгах, учир зүйн уялдаа холбоогүй, сул үгтэй дуунууд ихээр төрөн гарахад нэр алдарт дуртай мөнгөтнүүд гаж үзэгдэл болж байна шүү. Дууны яруу найраг бол яруу найргийн хамгийн сонгомол утга байх ёстой.
-Та чинь уг гарал Говь-Алтайн хүн, яаж яваад Баянхонгор нутагтай холбогдчихдог билээ?
-Би Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хүн. Манай Хөхморьт Д.Цахилгаан, “Бөх” сонины эрхлэгч Ш.Мягмар, яруу найрагч Дашдондовын Цогбадрах нарын бичиг соёлын улс төрөн гарсан нутаг. Манай Алтайнхан намайг нэг хэсэг таньдаггүй байлаа. Хөхморьтдоо найман жилээ төгсөөд Архангайн Багшийн сургуульд явчихсан болохоор арга ч үгүй биз. Сүүлд уран бүтээлээр минь л таньдаг болсон. Миний залуу нас Баянхонгор аймгийн залуучуудын байгууллагад өнгөрсөн. Тэр сайхан нутаг миний бичижтуурвих хийгээд амьдрал ахуйн гайхамшигт эхлэл байлаа. Эвлэлийн төлөөлөгч гээд бүх сумаар очно. Тийм учраас Баянхонгор аймгийнхан намайг Хонгор нутгийн хүн л гэж боддог байх. Би чинь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүргэн юм шүү.

-Хэл шинжлэлийн ухааны докторын зэргийг ямар сэдвээр хамгаалав?
–“Монгол адууны зүс, шинж заасан тэмдэг нэрийн тухай” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдвээр оюутан байхдаа курсын ажил, дипломын ажил, хожим эрдмийн ажлаа хамгаалсан. Би уран бүтээлчийнхээ хувьд аливаа зүйлд бэлгэшээлтэй ханддаг. Бэлгэшээлийн үүднээс тайлбарлавал Монголдоо хоёрхон байдаг мориор нэрлэгдсэн сумын нэгэнд төрсөндөө ч тэр үү монгол адууны зүсийг судалсан даа. Мөн адуу зурах дуртай. Манай яруу найрагч Ай.Төмөр-Очир адууг уран зурдаг бол би утгын хувьд зурдаг. Ингээд үзвэл яалт ч үгүй адуутай холбогдоод байгаа юм.
-Монгол адууны зүс, шинж түүний нэрийн гарал үүслийн тухай судалгаанаасаа сонирхуулаач?
-Монгол адууны үндсэн зүс нь бол хээр буюу хүрэн бор өнгө юм. Манай монголчууд ертөнцийг танин мэдэх хоёр үндсэн аргатай. Арга билгэ. Түүнийгээ илэрхийлэхдээ цээрлэх, билгэшээх хоёр утгаар илэрхийлдэг. Адууны хээр зүс бол билгэшээлийн талаасаа үүссэн. Анх хээрийн зэрлэг тахийг барьж ирээд хээр гэж нэрлэсэн нь “Араараа дүүрэн ай түмэн хээр адуутай” гэж ардын аман зохиолд хүртэл үлдсэн байдаг.
–Та Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийг олон жил бэлтгэж, хөдөө хөхөрч гадаа гандсан хүн дээ?
-Монголын радио хэмээх хэвлэл мэдээллийн ууган байгууллага ер гаруй жилийн түүхтэй. Энэ байгууллагын нэрийн хуудас болсон буурал түүхтэй олон нэвтрүүлгүүдийн нэг бол “Ургацын далай”. Энэ нэвтрүүлэг 1964 оны долдугаар сарын 25 -нд Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Мэдээлэл радиогийн улсын хорооны даргын тушаалаар анх бэлтгэгдэж байсан. Тэр цагаас хойш өдгөө жар гаруй жил болж. Энэ түүхэн хугацааны тэн хагаст сэтгүүлч миний бие ажилласан байна. “Ургацын далай” нэвтрүүлгийг би гурван том үүрэгтэй байсан гэж дүгнэж байгаа. Монголын газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын үйл явцыг мэдээлж сурвалжлах, зохион байгуулах үүрэгтэй байж. Өөрөөр хэлбэл хоёр аймгийн дунд тариалангийн халз уралдаан зохиох, газар тариалан эрхлэгчдийн дунд тэмцээн зохиох ч гэдэг юм уу. Гуравдугаарт, нэвтрүүлэг өөрийгөө тойрсон олон нийтийн үйл ажиллагааг бий болгосон. Ажилтнууд, дуу, нэрэмжит шагнал олгодог. “Ургацын далай”нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” гэдэг шагналыг шилдэг тариаланчдад өдгөө ч олгож байгаа. “Шинэ эрин” студийн нэрийн хуудас болсон “Ургацын далай”нэвтрүүлэг эхлээд хөгжим нь эгшиглэхээр намар болж байгааг, “Таван эрдэнэ”-ийн дуу эгшиглээд эхлэхээр хавар болж байгааг олон түмэн сонор, сэтгэл зүрхээрээ мэдэрдэг. “Ургацын далай” нэвтрүүлгийн анхны редактор бол “Ургацын далай” дууны шүлгийг бичсэн Б.Дэндэв гэдэг хүн байсан юм билээ. Энэ дууны хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддорж бичсэн байдаг.
–“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрийн хуудас болно гэдэг гайхамшиг шүү. Та ч олон уран бүтээлийн санаа олсон байлгүй?
–Нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан агсан арваад жил, миний багш Б.Цэдэндамбаа есөн жил, би хорин жил энэ нэвтрүүлгийн ерөнхий редактороор ажилласан байдаг. Миний хувьд яруу найраг, сэтгүүл зүйн хорь гаруй номтой. Үүнээс сүүлийн жилүүдэд “Ургадаг алт” хэмээх газар тариалангийн гавьяатнуудынхаа тухай нийтлэлүүдийг ботиллоо. Их олон боть болсон шүү.
-Олон түмнээ “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан Монгол Улсын Соёлын гавьяатзүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Цэдэндамбаа гуайн гарын шавийн хувьдбагшийгаа дурсах зүйл их байгаа даа?
-Миний багш бол “бүдүүн дуут” хэмээн Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн Базарын Цэдэндамбаа гэж хүнгэнэсэн дуутай, нэрт сэтгүүлч, сайн зохиолч байлаа. 1992 онд албан ёсоор гавьяаныхаа амралтад гарахдаа буудайн алтан тоостой дуу хураагуураа олон түмний өмнө надад өгч билээ. Багш маань үнэхээр гайхалтай уран бүтээлч байсан. Багш маань “За, Мөнхтөр өө, энэ микрофоныг олон жил нар, салхинд гаргаж яваарай” гэж захиж билээ.

-Та багштайгаа их дотно байсан биз?
-Багш хүмүүст ярихдаа “Би газар дээр ганц шавьтай хүн. Ер нь ч тэгээд би шавь тогтоогоод байхаар өөдтэй явсан биш дээ” гэдэг байлаа. Залуудаа жаахан бужигнуулж дэжигнүүлдэг билэг танхай нэгэн явж л дээ, хөөрхий. Бид хоёр их дотно байсан. Бүүр төрсөн хүүхэд шиг нь л хандаж, асарч байгаад бурханы оронд залсан даа.Төрсөн газарт нь мөргүүлсэн, сүүлийн хоёр романыг нь хэвлүүлсэн. Хүслийг нь биелүүлэхийг хичээсээн. Багшийнхаа тухай олон өдөр хоног хөөрөлдөөд үл дуусам сайхан дурсамжууд хөвөрнө шүү.
ТЭНГЭРТ ОДСОН БАГШАА БОДОХООР АЛТАН НАМАР НАЛАЙЖ, УРГАЦЫН ДАЛАЙ ХАЛИУРАХ ЮМ ДАА
-Агаарын долгионоор “Ургацын далай” дуу яваад ирэхээр нарийн хялганын орой намилзаад ирэх шиг санагддаг. Таны хувьд намрын тухай ямархан мэдрэмж төрж эхлэх вэ?
-“Ургацын далай” хангинаад эхлэхээр “За, намар боллоо доо” гэж монгол хүн бүхэн ойлгодог. Ингэж л хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Анхны редактор Дэндэв гуай “Ургацын далай” дууны үгийг бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Чимэддорж гуайг “Оргил” амралтад амарч байхад З.Далхжав гуайгаар өгч явуулж, нэг шөнийн дотор дуутай болж байсан нэвтрүүлэг. Зориулсан дуугүй байхад яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав гуай нараар дөрвөн шүлэг зохиолгоод л тухайн үед нь нэвтрүүлгийнхээ өмнө уншуулаад явдаг байсан байгаа юм.
-Та түрүүн Цэдэндамбаа багшийнхаа газар дээрх ганц шавь гэж бахархалтай дурсаж байсан даа?
-Хори шарайд Базарын Цэдэндамба хэмээх хаа холоос дуу нь сонсогдох энэ хүнийг нэгэн үе танихгүй монгол нэгээхэн ч үгүй байсан даа гэж санадаг юм. Ямартаа л Монголын радиогийн “бүдүүн дуут” гэх вэ дээ. Багш маань тэнгэрийн орноо залраад хэдэн ч жил болж байна. Наадмын маргааш намар гэж монголчууд бид сүрхий онож хэлсэн шиг байгаа юм. Намар айсуйгэгээн шаргал өдрүүдэд багшийгаа дурсан санаж, өөрийн эрхгүй содон сайхан дуу хоолойг нь үгүйлдэг дээ. Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэр нүүр нь, нэрийн хуудас нь явсан энэ хүний дуу хоолой радиогоор хүнгэнэж, эх орон даяар намар болсныг зарлан тунхагладаг байлаа.
-Таны багшийг тариан талбай дээр очилгүйгээр угаалгын өрөөндөө оёдлын машин тачигнуулж трактор комбайны дуу чимээ орлуулаад нэвтрүүлгээ хийчихдэг, бичлэгийн аппаратандаа “ховлуулаад” ажлаасаа халагдсан ч гэх шиг яриа байдаг. Тэр бүхэн нь үнэн юм болов уу?
-Цэдэндамбаа багш их хошин шогийн мэдрэмж сайтай мундаг зохиолч, том сэтгүүлч, гайхалтай халуун сэтгэлтэй найрагч байсан даа. “Эзэн Чингис хаан бид хоёр чинь нэг улсын, нэг аймгийн, нэг сумын, бүр нэг бригадын хоёр шүү дээ” гэх дуу нь одоо ч чихнээ сонсогдох шиг болж байна. Хэнтий аймгийн Дадал сумын буриад гэсэн үг л дээ. Их хошин ертөнц шүү дээ. Тиймээс өөрт нь зориулж л найз нөхөд нь ийм сайхан амьд домог зохиож байсан болов уу. Газар тариалангийн салбараа гарын арван хуруу шигээ мэддэг, энэ салбарын жинхэнэ дууч нь байсан даа. Нэг удаа багш халчихаад “Ардын хянан шалгах хорооныхон нисдэг тэргээр шалгалтаар явж байна. Миний баруун гар талд Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ардын хянан шалгах хорооны дарга Бугын Дэжид, зүүн гар талд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Шаравын Гунгаадорж, дунд нь би. Бид гурав яг л төрийн далбаа шиг юмнууд явж байна” гэж шууд тайлбарлаж байснаа ярьж байсан юм. Тэр аппаратандаа ховлуулсан гэдэг чинь бас л бодит зүйл юм билээ. Аппаратнаас хальсыг нь монтажилтал “Муусайн дарга нар ямар ч ажил хийдэггүй. Мань мэт л зүтгэх юм” гэж бичээстэй байсныг нэг нөхөр алтан хошуу өргөж, ажлаасаа хүртэл халагдсан байдаг юм. (инээв. Л.Б)
-Цэдэндамбаа гуай нэвтрүүлгээ яаж хийж байсан туршлагаа гарынхаа шавьтай хуваалцана биз?
-Багш маань радиод орчихоод л нэвтрүүлгээ гялалзуулж өгдөг байж. Тэр үед Хөдөө аж ахуйн редакцийн хариуцлагатай редактор, алдарт сэтгүүлч Мятавын Цагаан байж л дээ. Багшийн занг арван хуруу шигээ мэднэ. Жаахан тааруухан нэвтрүүлэг хийчихээрээ андашгүй гэнэ л дээ. “За, Цагаан дарга аа, алаад өгсөн дөө” гээд л текстээ ширээн дээр нь тавьдаг гэж байгаа. Сайн нэвтрүүлэг хийчихвэл чимээгүйхэн тавиад л гардаг байж. Нэг удаа “Алаад өгсөн дөө” гэсэн тодотголтой нэвтрүүлгийнх нь текстийг уншаад “За Дамбаа ах аа, та ийм ч юм бичих гэж дээ” гээд текстийг өгтөл багш маань “Харин тийм ээ, амиа хорломоор текст” гэнгүүт урж хогийн сав руу шидчихээд дахиад л бичгийн машинаараа тачигнуулж өгсөн гэж байгаа. Ийм л сонин сайхан хууч дүүрэн хүн бол багш маань юм даа. Багш “Ургацын далай” нэвтрүүлгийн томилолтоор Дорнод аймагт оччихоод дарга нартай нь уулзаж хадлан өвс бэлтгэх ажлын явцын талаар асууж тодруулжээ. Дарга нар нь баахан хүснэгт төлөвлөгөө дэлгээд л ярьж өгч. Маргааш нь багш радиогоор “Дорнодынхон харандаагар хадлан хадаад л сууж байна” гээд ярьсан гэж байгаа. Иймэрхүү цэц онч, дүр дүрслэл зохиол бүтээлээс нь олоход төвөггүй шүү. Харьцуулал, зүйрлэл, егөөдөл, ёжлол дүүрэн түүний бичсэн зүйлийг нэрлээд байвал зөндөө зөндөө. Үнэхээр л адтай зүйрлэгч дүрслэгч нэгэн л дээ. “Алтан хоргойн өөдөс шиг алаг цоохор эрвээхий ангас ангас дэвнэ” ч гэх юм уу, “тэнгэрт дүүжлээстэй юм шиг тэр хөөрхөн болжмор” гээд уншихад мөн ч урамтай сан.
-Алтан намрын эл сайхан хонгор шаргал өдрүүд аргагүй л багштай чинь холбогдож сэтгэлийг чинь хөглөдөг юм байна даа?
-Багшийн маань тухай амтай бүхэн л дурсан ярина. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн Нямаа нэгэн ярилцлагадаа “Гайхалтай, бадрангуй яруу найрагч. Шүлгийг нь багаасаа л уншдаг байлаа. Дайчин, давшингуй, сэтгэл хөдлөлтэй хүн. Цаанаасаа л, бурханаас тэр хүнийг радиогийн сэтгүүлч болгож төрүүлсэн гэмээр. Яриаг нь сонсохоор жигтэйхэн гоё дүрсэлж ярьдаг хэрнээ бичсэн нь ярьдаг шиг нь сэтгэлд буудаггүй” гэсэн. Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай багшийн дотно хүмүүсийн нэг байсан. Тэр нэг удаа “Зохиолчид золигийн улс л даа. Бие биеийнхээ тухай хошин яриа хөөрөө гаргадаг. Тэр нь заавал нэг учиртай. Дүртэй байснаас биш нэг нэгийгээ доромжилсон, давхар санаа агуулсан зүйл байхгүй ээ. Ухаан нь зохиолчдыг нохой болгосон онигоо бий. Тэнд янз янзын нохой гардаг. Зарим нохой Удвал даргын өмнө дээш харан унаж эрхэлж, зарим нь хэзээ хуцахаа даргаасаа асууж байдаг. Базарын Цэдэндамба мундаг улаан шар овчарк болчихсон, дээгүүрээ нисэж өнгөрсөн “АН-2” онгоцны сүүдэртэй хөөцөлдөж, сүүдэр нь туссан газрыг шороотой нь үмхэн авч, сэгсчиж байгаагаар гардаг. Зохиолчдыг зуух болгосон удаа бас бий. Манай Дамбаа бас л лут гарна даа. Зуухны бөөр улаан болчихсон, хүнгэнээд л байдаг, тэгсэн мөртлөө дээрх цай нь ер буцалдаггүй зуух гэж гардаг шиг билээ, манай Дамбаа аа чинь” гэж дурссан удаатай. (инээв. Л.Б) Ийм сайхан амттай яриа дурсамж багшийн маань эргэн тойронд цагийн мөнхөд бүчиж байсан даа. Багш маань Соёлын гавьяат зүтгэлтэн алдар цолыг хүртээд ярилцлага өгөхдөө “Монголын радиог сонсоогүй чих байхгүй” гэсэн юм. Энэ бол радиог дээш нь суга татсан реклам юм даа.
-Сайн хүний тухай дурсамж аяндаа хөврөх юм даа. Та багшийгаа нутагт нь аваачиж шавайг нь хангасан гэсэн дээ?
-Балжийн голын эрэг хөвөө, Ламын хөхүүртийн өвөлжөө бол Цэдэндамбаа багшийн төрсөн тоонот нь. Ламын хөхүүрт гэдэг нь өвөрмөц сонин домогтой л доо. Нэг лам хөхүүртэй айраг ганзагалж даваа хөтөл давах гээд унаа морь нь эцэж хөхүүртэй айргаа модонд өлгөж үлдээгээд явсан гэх юм билээ. Үүнээс хойш тэр газрыг нь Ламын хөхүүрт гэх болсон домогтой. Тэр жил цагаан сарын өмнөхөн багшийгаа нутагт нь очуулах, төрсөн гэрийн буурин дээр нь аваачих гээд зүтгэлээ. Цас шуурга болсон цавцайсан цагаан хангай юм. Их сүрлэг. Дадалын төвөөс багшийн маань танил Чимиддоржтон хэмээх өвгөн буриад газарчлан Балжийн гол тийш явлаа. Сумаас гуч орчим километр явж хүрэх юм. Багш маань төрсөн буурин дээрээ ирээд их л сүсэглэн залбирч “Энэ чинь Ганц улиас, тэр чинь Ламын хөхүүрт шүү дээ” гэж нүд нь сэргээд ярьж байсан. Тэгээд буцахдаа,
“Эх болсон тоонот минь ээ
Ижий болсон газар шороо минь ээ
Зуны аагимд сэрүүцэж суусан ганц улиас минь
Зудалж үзээгүй их сайхан хангай дэлхий минь
Эцэг минь энд ходоог тэрэг дархалж байлаа
Эжий минь энд мойлтой тос хутгаж байлаа
Эргэж ирж чадахгүй ээ, нутаг минь
Элбэрэл бүхэн чинь надтай хамт шүү…” гээд нулимсаа урсган сөхөрч байсан даа. Энэ мөрүүд багшийн минь цээжнээс урсан гарч хоолой нь зангиран хэлсэн тэр цагаас хойш үнэхээр нутагтаа явж амжаагүй. Зөн совингоороо мэдэж л байсан юм байлгүй дээ. (Нүдэнд нь нулимс цийлэгнэж, хоолой нь зангирав. Л.Б) Багш маань нутаг очоод буцах замдаа “Мөнхтөр өө, багш нь мөн ч их баярлаж байна даа. Хөдсөн дээлхөдөрч, хөмөн гутлынхаа мөрийг гаргасан газартаа ирээд сэтгэл их хөдөллөө. Түүх яримаар санагдлаа,1915 оны гантай зун аав ээж маань хойд нутгаас хэдэн буриадын хамт морин тэргэндээ ойр зуурын новшоо ачин нохойгоо дагуулаад гарсан гэдэг. Тэр зун тууврын малд ч идэх өвс байгаагүй гэдэг. Тэгж явсаар байгаад Чингис хааны нутаг Ононд нүүж ирсэн юм билээ. Зарим нь орос хувцастай ядарч сульдсан гэж жигтэйхэн морь үргэмээр амьтад ирсэн. Би 1931 онд Ононы Балж Галттай дахь Ламын хөхүүртийн өвөлжөөнд төрсөн Хорь буриад хүн. Манайх дөчөөд оны үед хоёр мянгаад хонь, хоёр зуу гаруй үхэр, хоёр азарга адуу, дөчин хоёр тэмээтэй лут айл болсон байлаа. Нутгийн хөгшчүүд Чингис хааныг “буриад анчдын задгай гал дээр мах шарж зооглоод Балж голын хатуу яргайгаар нум хийж сур харваж явсан” гэдэг домог ярьдаг. Тийм нутагт нүд нээсэн болохоор бардам сайхан л амьдарч явна даа. Ан хийж баавгайнаас бусдыг нь унагаж явлаа. Ер нь би янз бүрийн ажил их хийсэн дээ. Онондоо эмээл хийж, Зүүнбаянд өрөмдөгч, Баянгийн модны уурхайд чулуу ачигч, Кино үйлдвэрт реферэнт, Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, 1957 оноос хойш сэтгүүлчийн ажилд болсон болоогүй хэдэн насаа цацаад дуусах шив дээ. Хүүхэд байхдаа мал дагана гэж л боддог байлаа. Гэвч Улаанбаатарт эрдэм номын мөр хөөж ирсэн хүн” гэж дурсамжийн богцоо задалж байсан даа. Миний багш ийм л хүн байсан юм.
–Базарын Цэдэндамба хэмээх тэр том найрагчийн уран бүтээлийг дурдахгүй өнгөрвөл алдас болох мэт санагдлаа?
-Өөрийнх нь хэлснээр бол Монголын бүдүүн хоолойтой бүхэн дуулсан “Монголын сайхан орон” дуу нь байна.
“Эрээлжлэн эрээлжлэн харагдамтгай
Элгэн сэнхэр нютаг минь
Эцэг эхээс заяатай
Эх сайхан Монгол минь”. Энэ дуу үнэхээр л сэтгэл зүрхнээс нь урсан гарсан юм шиг сайхан дуу. Багш маань дуунуудаа ер тоохгүй. Хамгийн сайхан нь Дарамзагдтай хийсэн “Монголын сайхан орон” л гэнэ. Ардын жүжигчин Жаргалсайхан олонд хүргэсэн дуу шүү дээ. Үүнийгээ гурван буриадын дуу л гэнэ. Түүний бичсэн “Ятгын эгшиг”, “Монголын сайхан орон”, “Улаалзай”, “Алтан намар”, “Хонгор нутгийн жороо”, “Хангайн дуу”, “Эх орон”, “Сарлагчин”, “Говь хангайн цэнхэр орон”, “Барилгачин хүүхнүүдийн дуу” зэрэг олон дууг нь уншигч олон сайн мэднэ дээ. Тэнгэрийн оронд заларсан бүдүүн дуут багшаа бодохоор алтан намар аяндаа налайж, ургацын далай халиурах шиг болох юм даа.