Энэ сарын 13-ны өдөр Израиль Ираны цөмийн объект, цэргийн бааз, командлалын бүрэлдэхүүнд цохилт өгч, энэ улсын эсрэг урьд хожид байгаагүй томоохон ажиллагаа эхлүүлсэн юм. “Арслангийн үндэстэн” нэртэй энэ халдлага нь Ираны зүгээс цөмийн аюул заналхийлэл нэмэгдэж байгаагийн хариу болсон гэж Израилийн эрх баригчид мэдэгдсэн юм.
Израилийн агаарын цохилтын улмаас Исламын хувьсгалын харуулын корпусын дээд удирдлага зэрэг олон хүн амиа алдсан бөгөөд Иран хатуухан хариу өгөхөө амлаж, цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс гарсан. Израиль, Ираны хооронд сөргөлдөөн яагаад үүсэв, хэрхэн өрнөв?
Израиль Иранд цохилт өгсөн шалтгаан
Иранд шахын дэглэмийг түлхэн унагаж, Рухолла Хомейни тэргүүтэй шийтийн шашны санваартнуузд эрх мэдэлд очсон 1979 оноос Израиль, Ираны сөргөлдөөн ихтэй. Рухолла Хомейни Израиль улсыг хүлээн зөвлшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, арабын газар нутгийг эзлэн түрэмгийлсэн хэмээн буруутгаж байлаа. Мөн сионизмыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч үзэл суртал хэмээн зарлаж байв.
Арван жилийн дараа Рухолла Хомейнигийн оронд аятолла Али Хаменеи тэргүүн болж, тэр бээр Израилийг бүс нутгийн хорт хавдар хэмээн нэрлээд, Израилийн эсрэг ариун дайн эхлүүлэхийг уриалж байлаа.
Аятоллууд төрийн эрхэнд гарснаар Иран Израилиас харилцаагаа таслаж, исламын хувьсгалын экспорт дээр үндэслэгдсэн үзэл суртлыг хөгжүүлэх болсон юм. 1980-аад оноос эхлэн Иран өөрийнх нь ашиг сонирхолд үйлчилж байсан бүлэглэл, холбоотнуудын бүхэл бүтэн системийг Израилийг тойруулан байгуулжээ. Израиль болон Барууныг эсэргүүцэх үзэлтэй албан бус эвслийг “эсэргүүцлийн тэнхлэг” хэмээн нэрлэж байв.
Ингээд Иран улс 1982-2000 онд Ливанд Израильтай тэмцэж байсан “Хезболла” бүлэглэл, Йемен дэх хуситууд, Газын зурвас дахь ХАМАС болон Сирид Башар Асадын дэглэмийг дэмжиж байлаа.
Иран, Израилийн хоорондын төлөөллийн дайн
2006 онд Ливаны хоёрдугаар дайны сөргөлдөгч талууд нь үнэндээ Израиль болон Иран байлаа. Мөн 2007 онд цэргийн эргэлтийн дараа Газын зурвасын эрх мэдлийг гартаа оруулсан ХАМАС -тай хийж буй Израилийн дайнд ч Иран оролцож байгаа юм.
Үүний зэрэгцээ Иран улс 1980-аад оноос эхлэн цөмийн хөтөлбөр хөгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөр нь 1950-иад оноос эхтэй. Иран улс энхийн зорилготой гэсэн халхавчин дор өөрийн гэсэн цөмийн зэвсэг боловсруулж байна гэж олон улс удаа дараа буруутгаж байлаа. Иран улс цөмийн хөтөлбөр хөгжүүлж байгаа тул бүс нутаг дахь аюулгүй байдлын гол аюул занал гэж Израиль үзэх болсон юм.
Энэ бүх хугацаанд хоёр тал нэгнийхээ эсрэг түрэмгий ажиллагаа явуулсаар байв. 2015 онд Израиль Сири дэх цэргийн цуваа руу халдаж Хезболлагийн хэд хэдэн гишүүн, Исламын хувьсгалын харуулын корпусын генерал Мухаммед Али-Аллах Дадиг устгасан юм. Үүний хариуд Хезболла Ливантай залгаа хил дээр Израилийн хэд хэдэн машин руу буудаж байлаа. Үүний дараа 2020 онд Израиль Ираны Батлан хамгаалах яамны дэргэдэх Судалгаа, инновацийн төвийн тэргүүн, цөмийн физикч Мохсен Фахризадег устгасан. Дараа нь, 2021 онд Ираны Натанзе цөмийн объект дээр осол гарч, 2023 онд Исфахане цэргийн үйлдвэр рүү дронууд халдсан нь Израилийн хийсэн хэрэг гэж Иран үзэж байлаа. 2022-2024 онуудад Израиль Исламын хувьсгалын харуулын корпусын хэд хэдэн өндөр албан тушаалтныг устгажээ.
Израиль, Ираны сөргөлдөөний үндсэн сэдэв
Иран:
Израиль:
Өнгөрсөн онд энэ хоёр орны зөрчилдөөн шууд цэргийн мөргөлдөөнийг үүсгэсэн юм. 2024 оны 04 дүгээр сард Израиль Дамаск дахь Ираны Консулын газар руу халдаж, Исламын хувьсгалын харуулын корпусын хоёр генералыг хөнөөж, үүний хариуд Иран 300 гаруй пуужин, дрон хөөргөж байлаа. Үүний дараа Израиль Исфаханд цохилт өгч, 07 дугаар сард ХАМАС-ын тэргүүн, есдүгээр сард Хезболлагийн тэргүүнийг устгасан. Ингээд 2025 оны зургадугаар сард Израиль “Арслангуудын үндэстэн” тусгай ажиллагаа эхлүүлсэн нь энэ.
“Арслангуудын үндэстэн” ажиллагаа
2025 оны 06 дугаар сарын 13-ны шөнө Израилийн өгсөн цохилт сөргөлдөөний 40 жилийн түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй цохилт болсон юм. Цохилтын бай нь Ираны цөмийн гол объектууд, цэргийн удирдлага, цөмийн хөтөлбөр хариуцдаг эрдэмтэд байлаа.
Израиль үүнийгээ урьдчилсан цохилт хэмээн нэрлэсэн юм. Израилийн Батлан хамгаалах армийн мэдээлснээр, Иран цөмийн зэвсэг бүтээхэд нэн ойртсон бөгөөд 15 цөмийн бөмбөг хийх нөөцтэй болсон аж. Энэ зэвсгээ дайсныхаа эсрэг ашиглахаар бэлдэж байсан гэж Израиль үзжээ.
Ингээд 06 дугаар сарын 13-ны өдөр Израилийн 200 гаруй онгоц Ираны нутаг дэвсгэр дээрх цөмийн объектууд, баллистик пуужингийн үйлдвэр, цэргийн бааз, командлалын байр, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, пуужингийн төхөөрөмж зэрэг нийт 100 гаруй бай руу довтолжээ.
Энэ халдлагын улмаас 100 орчим хүн амиа алдаж, өндөр албан тушаалын цэргийн алба хаагчдын орон сууц бүхэлдээ сүйдсэн байна. Халдлагаар Исламын хувьсгалын харуулын корпусын командлагч Хосейн Салами, тус корпусын элитийн тасгийн командлагч Голам-Али Рашид, агаарын цэргийн хүчний командлагч Али Хажизаде болон зургаан цөмийн физикч амиа алджээ.
Үүний хариуд Иран Израилийн зүг 800 дрон хөөргөж, “Хатуу шийтгэл” нэртэй ажиллагаа эхлүүлж, Димон хот дахь Израилийн цөмийн объектод цохилт өгсөн байна.