2025-07-09, Лхагва
18 C
Ulaanbaatar

Иранд цохилт өгөх эсэхээ Трамп хоёр долоо хоногт багтаан шийднэ

Иран, Израилийн сөргөлдөөн дахин хурцадмал байдалд ороод долоо хонож байна. Энэ хоёр улсын шашин суурьтай сөргөлдөөн 40 гаруй жил үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд аль нэг тал руугаа цохилт өгөх, цэргийн өндөр албан тушаалтнуудыг хөнөөх зэрэг үйлдэл гарч байсан ч өнөөгийнх шиг шууд тулсан сөргөлдөөн гарч байсангүй.

Иран улс Израиль, Палестины мөргөлдөөнд Палестиныг дэмждэг, ер нь л Израилийг арабын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлсэн, шашныг гутаасан гэж үзэн энэ улсыг хүлээн зөвшөөрдөггүйн дээр шашны зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжсээр ирсэн. Улмаар Иран улс нууцаар цөмийн зэвсэг боловсруулж дуусахад багахан хугацаа үлдсэн, энэ зэвсгээ сөргөлдөгч талдаа ашиглана гэж үзсэн Израиль улс түрүүлж цохилт хийснээр өнөөгийн сөргөлдөөн эхэлсэн юм.

Долоо хоногийн хугацаанд талууд харилцан цохилт өгч, олон хүний амь нас эрсдэж байгаа энэ үед дэлхий нийт АНУ ямар шийд гаргахыг чих тавин хүлээж байлаа. Харин Трамп хэрхэхээ ойрын үед шийднэ гэсэн хариу өгчээ.

Тодруулбал, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хоёр долоо хоногийн хугацаанд дипломат замаар шийдэхээр Трамп төлөвлөж байгаа гэнэ. Ийм шийдэлд хүрч чадахгүй бол АНУ энэ сөргөлдөөнийг шийдэхэд оролцож, Иранд цохилт өгөх эсэхээ шийднэ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт зургадугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.

Трампын мэдэгдсэнээр, хэлэлцээ хийх магадлал байгаа бөгөөд энэ хэлэлцээрт “уран баяжуулах” заалт орохгүй, түүнчлэн Иран улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэсэн заалтыг тусгах гэнэ.

DW агентлагийн мэдээлснээр, Иран, АНУ-ын төлөөлөгчид  Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг боловсруулах зорилгоор дөрөвдүгээр сараас хойш хэдэнтээ уулзсан аж. Ийм бичиг баримт боловсруулах гол зорилго нь Иран хэзээ ч цөмийн бөмбөгтэй болохгүй гэдгийг баталгаажуулах зорилготой гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хоёр долоо хоногийн туршид хэлэлцээрийн явцыг ахиулах оролдлого хийж, энэ нь бүтэлгүйтвэл дараагийн алхамдаа шилжих аж. Дараагийн алхам нь Иранд цохилт өгөх. Энэ төлөвлөгөөгөө ч хэдийнэ батлачихсан гэж The Wall Street Journal сонин мэдээлжээ.

Тодруулбал, Иранд цэргийн цохилт өгөх төлөвлөгөөг Дональд Трамп хэдийнэ дэмжсэн, гэхдээ одоогоор тушаал өгөөгүй байгаа гэнэ. Учир нь Иран ойрын үед цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэж Трамп найдаж байгаа гэж сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж онцолжээ.

Иран цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй, АНУ цохилт өгөхөөр болвол нэн тэргүүнд Фордо дахь уран баяжуулах үйлдвэр Америкийн цохилтын гол бай болох гэнэ. Энэ үйлдвэр уулан дор нууц байдалтай байх бөгөөд GBU-57A хэмээх хамгийн хүчирхэг бөмбөгөөс өөр ямар ч бөмбөг энэ байршилд хүрч цохилт өгч чадахгүй гэж цэргийн шинжээчид үздэг. GBU-57A бөмбөгийг тээгч үл үзэгдэгч бөмбөгдөгч B-2 Spirit гагцхүү АНУ-ын зэвсэглэлд л байдаг аж.

Үүнээс өмнө, Трамп Ираныг нэн даруй, үг дуугүй бууж өгөхийг шаардаж, энэ бол “эцсийн тулган шаардалт” хэмээж байлаа. Ираны агаарын орон зайд АНУ бүрэн хяналтаа тогтоосон, түүний зэрэгцээ Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи хаана нуугдаж байгааг мэднэ хэмээн Трамп мэдэгдээд, гэхдээ одоогоор түүнийг хөнөөх төлөвлөгөө алга хэмээж байлаа.

Эргэн сануулахад, Израиль энэ сарын 13-ны шөнө Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж, цөмийн объектууд, цэргийн бааз болон Ираны армийн бие бүрэлдэхүүнд цохилт өгч эхэлсэн юм. Энэ нь Иран цөмийн зэвсэг бүтээхэд нэн ойртсонтой холбоотой гэж Израилийн эрх баригчид мэдэгдэж байв. Харин Иран цөмийн бөмбөг хийж байгаа гэж буруутгасныг эрс няцааж, Израилийн цохилтын хариуд олон зуун дрон, баллистик пуужин хөөргөсөн юм. Сөргөлдөөн эхлээд долоо хоногийн туршид харилцан цохилт үргэлжилсээр байна. Гэхдээ Израилийн армийн цохилтын ачаар Ираны цөмийн хөтөлбөрийг хэдэн жилээр хойшлуулсан гэж Нетаньяху мэдэгдсэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img