Израиль энэ сарын 13-ны шөнө Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлж, цөмийн объектууд, цэргийн бааз болон Ираны армийн бие бүрэлдэхүүнд цохилт өгч эхэлсэн. Энэ нь Иран цөмийн зэвсэг бүтээхэд нэн ойртсонтой холбоотой гэж Израилийн эрх баригчид мэдэгдэж байв. Харин Иран цөмийн бөмбөг хийж байгаа гэж буруутгасныг эрс няцааж, Израилийн цохилтын хариуд олон зуун дрон, баллистик пуужин хөөргөсөн юм. Сөргөлдөөн эхлээд долоо хоногийн туршид харилцан цохилт үргэлжилсээр байна. Гэхдээ Израилийн армийн цохилтын ачаар Ираны цөмийн хөтөлбөрийг хэдэн жилээр хойшлуулсан гэж Нетаньяху мэдэгдсэн юм.
Хоёр тал арав гаруй хоног дайтсаны эцэст зургадугаар сарын 24-ний өдөр эвлэрэв. Гэвч асуудал ингээд шийдэгдсэн гэхэд итгэмгүй.
Өнгөрсөн бямба гарагийн шөнө АНУ Ираны цөмийн объектуудад цохилт өгч, харин мягмар гарагийн өглөө Израиль, Ираны хооронд эвлэрэл зарламагц Трамп Вашингтоныг орхин ээлжит гадаад айлчлалдаа мордсон юм. Трамп цэргийн цохилт өгсөн нь Ираны цөмийн аюул заналыг үгүй хийсэн, ингэснээрээ “12 өдрийн дайн” хэмээн Трамп нэрлэж байсан үйл явдалд цэг тавилаа. Ийм л мэдээлэл дийлэнх хэвлэлээр гарч байна. Гэхдээ энэ нь ердөө л өнгөц харахад…
АНУ Ираны цөмийн объектуудыг устгасан гэж эрх баригчид мэдэгдэж байхад АНУ-ын цэргийн тагнуулынхан Америкийн хэвлэлүүдэд мэдээлэл өгөхдөө цохилтоос үүдсэн хор хохирол Цагаан ордныхны ярьж байгаачлан тийм ч ноцтой биш гэдгийг онцолжээ.
Урьдчилсан дүгнэлтээр, Ираны цөмийн хөтөлбөр хэдэн сараар саатах нь саатна, гэхдээ баяжуулсан ураны нөөц бөмбөгдөлтийн үеэр устгагдаагүй гэж тагнуулын тайлантай танилцсан эх сурвалжууд CBS сувагт мэдээлэл өгсан байна.
Харин Цагаан ордон энэ мэдээллийг үгүйсгэж, Трампыг харлуулах гэсэн оролдлого хэмээн мэдэгджээ.
Асуудал шийдэгдсэн мэт харагдах энэ үед цөмийн зэвсгийн гол бүрэлдэхүүн болсон баяжуулсан ураны хэмжээ ба хаана байгаатай холбоотой асуултууд хариултгүй хэвээр үлдэж байна. Түүнчлэн Иранд эвдэрч сүйдээгүй үлдсэн дахин нэг цөмийн объект байгаа гэх мэдээлэл ч гарч байгаа юм.
Хэдийгээр хоёр тал гал зогсоох горимыг мөрдөж байгаа ч Ойрх Дорнодод эвлэрэл ихээхэн хэврэг байдаг. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн Израилийн довтолгооны улмаас Ираны манлайлал ихээхэн суларсан бол тус улсын ирээдүй бүрхэг хэвээр үлдэж байгаа юм.
Авторитар дэглэм эрх мэдлээ алдахад ямар эрсдэл үүсдэг талаар ойлгохын тулд Сирид гарсан цус урсгасан иргэний дайныг харахад л хангалттай. Ираныг энх тайван, хөгжил цэцэглэлт хүлээж байна гэж Трамп мэдэгдсэн ч үнэндээ бүс нутгийн хурцадмал байдал бодитоор оршсоор байна. Мөн гал зогсоосноор асуудал нэг мөр шийдэгдэхгүй гэсэн байр суурийг шинжээчид ч илэрхийлж байгаа юм.
Тухайлбал, Ливийн аюулгүй байдлын цэргийн шинжээч Адель Абдель Кафи РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө “гал зогсоохоор тохиролцсон нь дайн дууссан гэсэн үг биш” хэмээн онцолжээ.
“Иран, Израилийн хооронд гал зогсоож буй нь сөргөлдөөн дуусгавар болж байгааг илтгэж буй хэрэг биш. Харин шинэ эриний эхлэлийг тавьж байна. Энэ эринд бүс нутагт эвсэл, зэвсэг нийлүүлэлтийн схем шинэчлэгдэн бүрдэнэ” хэмээн Кафи өгүүлжээ.
Түүнчлэн, исламын улс Израильд хор хохирол учруулчих чадвартай гэдгийг Ираны хариу цохилт араб-муслимын ертөнцөд тодорхой харуулсан нь энэ сөргөлдөөний ёс суртахууны нэгэн чухал аспект байсан гэдгийг шинжээчид онцолж байна.