Өхөөрдөм төрхтэй Labubu дэлхий дахинаа тренд болж байна. Олны танил, одод энэ тоглоомыг үнэтэй цүнхэн дээрээ зүүж, цуглуулагчид ховор хувилбарыг нь олж авахаар дараалалд хэдэн цагаар уйгагүй зогсож байгаа бол ТикТок сүлжээнд энэ тоглоомыг задалж байгааг харуулсан дүрс бичлэг дүүрэн. Хятадын Pop Mart бренд үлгэрийн дүрийг хэрхэн дэлхийн тавцанд гаргасан, шүдээ ярзайлган инээж байгаа энэ Лабубу хаанаас үүсэлтэй вэ?
Өхөөрдөм мангас
Лабубу анх 2015 онд Хонконгийн зураач Лун Касины бүтээсэн The Monsters цувралын нэг хэсэг болон гарчээ. Луныг багад нь компьютер, видео тоглуулагч байдаггүй, чөлөөт цагаа үлгэрийн баатрууд зурж өнгөрүүлдэг байсан нь энэ дүрийг бүтээх сэдэл өгсөн байна. Лун Хонконгт төрсөн ч багадаа Нидерланд руу шилжжээ. Энд ирээд тэрбээр зурагтай ном байнга уншиж, улмаар Герман, Их Британи, Скандинавын одой, тролл, эльфийн тухай домгуудын үндсэн дээр Лабубу хэмээх гайхамшигт дүрүүдийн ертөнцийг бүтээсэн аж.

Нэрэнд нь тусгайлсан утга байхгүй, үлгэр, ид шидийн амьтан гэдгийг илтгэж зохиомол нэр өгчээ. Лун 2019 онд Pop Mart-тай гэрээ байгуулсан ч 2023 онд Exciting Macaron цуврал гарсны дараа Лабубу чихмэл тоглоомууд гарснаар энэ тоглоом нийтэд хүрч эхэлжээ.
Лабубу алдаршсан нь
Загварын ертөнцөд Лабубу гарч ирснээр илүүтэй алдаршсан бөгөөд Өмнөд Солонгосын Black Pink хамтлагийн гишүүн Лисагийн ачаар дэлхийн тренд болох эхлэл нь тавигджээ.
Дуучин Лиса олон нийтийн сүлжээн дэх хаягаараа Лабубу тоглоомын гэрэл зураг дэлгэж, Pop Mart-аас гаргасан “гэнэтийн бэлэгтэй хайрцаг” задлаж буй дүрс бичлэг оруулахын зэрэгцээ Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Лабубуг дурдаж байв. Ингээд 2024 оны дунд үеэр энэ тоглоом Лисагийн эх орон болох Таиландад ихэд алдаршжээ.
Лабубуг худалдан авахаар хүмүүс урт дараалалд зогсон, онлайн дэлгүүрээр худалдаалагдаж эхлэхийг хүлээж байв. Гэхдээ энэ улсад Лабубуг өндөр үнээр зарж байлаа, Хятадад 99 юаниар худалдаалагдаж буй энэ тоглоом Таиландад тав дахин өндөр үнээр буюу 512 юанийн үнээр зарагдаж байв. Үүний зэрэгцээ Pop Mart Таиландын аялал жуулчлалын газартай хамтран ажилласан нь ч энэ тоглоом алдаршихад нөлөөлжээ. Аяллын сурталчилгаан дээр Лабубу Бангкокоор зугаалан, тайланд үндэсний хувцас өмссөн байгаагаар дүрслэгдсэн байх бөгөөд түүний оролцсон гэрэл зураг, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж, энэ тоглоомын эрэлт эрс өссөн аж. Лизагийн араас бусад алдартнууд ч Лабубугаар гангарч эхлэв.Рианна Louis Vuitton цүнхэндээ хэд хэдэн Лабубу зүүсэн бол өнөөдөр Miu Miu зэрэг тансаг брендийн цүнх болон үүргэвч, тэлээ бүсэн дээр ч энэ тоглоомыг харж болохоор болжээ. Рианнагийн араас Ким Кардашьян дөрөвдүгээр сард инстаграм хуудасныхаа дагагчдад Лабубу хүүхэлдэйний цуглуулгаа харуулж, харин тавдугаар сард Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бэкхем охин нь бэлэглэсэн Лабубу тоглоомын зургийг инстаграм хуудсандаа оруулж байв.
Хэрэглэгчид энэ тоглоомыг олж авах гэж урт дараалал үүсгэн, заримдаа худалдааны төвийн ойролцоо майхантай хоноглож, хоорондоо дараалал булаацалдан маргалдах нь энүүхэнд. Тухайлбал, Их Британид хэт их эрэлт үүсэж, хүмүүс үймээн дэгдээсэн тул Pop Mart 16 дэлгүүрт зарагдаж байсан бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж, борлуулалтыг зогсоожээ. Одоо энэ тоглоомыг алдартнуудаас авахуулаад өсвөр насныхан, насанд хүрэгчид, гудамжинд зөрж өнгөрөх хүнээс ч олж харж болно. Харин өхөөрдөм төрхтэй ч шүдээ ярзайлгасан энэ бяцхан “араатан” яагаад олны анхаарлыг ихэд татаж, дэлхийн трэнд болсоныг хэн ч мэдэхгүй.
pazuzu