Таалал төгссөнийх нь дараа орыг нь залгах хүнийг сонгох онцгой эрх түүний байгуулсан төрийн байгууллагад бий хэмээн Далай лам лхагва гарагт мэдэгджээ. Ингэснээр, Төвөдийн Буддын тэргүүнийг засгийн газар сонгоно гэсэн Хятадын мэдэгдлийг Далай лам няцаасан байна.
Нобелийн энх тайвны шагналт Далай лам төрсөн өдрөө тэмдэглэх долоо хоногийн явцад ийнхүү мэдэгдэл хийлээ. Ням гарагт тэр бээр 90 нас зооглох юм.
“Далай ламын институт үргэлжилнэ гэдгийг би баталж байна” хэмээн Далай лам Дарамсалад цугласан олонд хандан мэдэгдэл хийсэн байна.
Түүнчлэн Далай ламын уламжлал, институтыг дэмжих, хадгалах зорилгоор байгуулсан Gaden Phodrang Trust сан Төвөдийн буддын уламжлалын тэргүүнүүдтэй зөвлөлдсөнийхөө дараа хойд дүрийг нь тодруулах онцгой эрхтэй хэмээн онцолсон байна.
“Тэд эртний уламжлалын дагуу хойд дүрийг хайж, хүлээн зөвшөөрөх ажлыг хийнэ. Өөр хэн ч энэ асуудалд хөндлөнгөөс хутгалдах эрхгүй” хэмээн Далай лам мэдэгджээ. Сангийн удирдлагын нэг Самдан Ринбүчи сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Далай ламын биеийн байдал сайн байгаа, одоогоор хойд дүр хэрхэн тодруулах талаарх бичгээр ямар нэг зааварчилгаа өгөөгүй хэмээсэн байна. Түүний өгүүлснээр, Далай ламын хойд дүр аль ч хүйсийн хүн байж болно, мөн заавал төвөд хүн байх албагүй гэнэ.
“Би энэ талаар нарийвчлан тусгасан зааврыг бичгээр үлдээнэ. Албан ёсны хойд дүрээс өөр, улс төрийн зорилгоор хэн нэгэн, тэр дундаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсад сонгосон нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй гэдгийг санаж яв” хэмээн Далай лам мэдэгджээ. Далай лам ийнхүү өөрийнх нь хойд дүрийг гагцхүү сан мэднэ гэж онцгойлон анхааруулсан нь Хятадын мэдэгдэлтэй холбоотой юм.
Лхагва гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдэл хийхдээ хойд дүр Хятадад төрөх ёстой, мөн Бээжин дэх засгийн газраас зөвшөөрөгдсөн байна хэмээн онцолсон юм. Хятадын удирдлагын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа 1959 онд Төвөдөөс Энэтхэг рүү дүрвэсэн Далай ламыг БНХАУ салан тусгаарлагч гэж үздэг. Тухайн үед Энэтхэгийн Засгийн газар Далай лам болон 100 гаруй мянган төвөд дүрвэгчдэд орогнол олгож байлаа. Энэтхэг улс Хятадтай харилцах дипломат харилцаанд таагүй асуудал үүсэхээс зайлсхийн Төвөдийг илтэд дэмждэггүй ч Далай лам Энэтхэгт шашны үйл ажиллагаа явуулах эрхийг нь ил тодоор дэмжсээр ирсэн юм. 2025 оны гуравдугаар сард Энэтхэгийн парламентын 46 гишүүн Далай лам хойд дүрээ тодруулах, Хятад улсыг үүнд оролцуулахгүй байх онцгой эрхийг нь батласан тунхагт гарын үсэг зурсан байна. Төвөдийн уламжлалын дагуу лам таалал төгсөхөд түүний сүнс хүүхдийн биед шилждэг гэж үздэг.
XIV Далай лам 1935 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цинхай мужид тариачны гэрт мэндэлсэн бөгөөд түүнд Лхамдонров нэр хайрлажээ. Улмаар түүнийг хоёр настайд XIII Далай ламын хойд дүрээр тодруулсан байна. Тухайн үед Төвөдийн засгийн газраас илгээсэн тусгай төлөөлөгчид хэд хэдэн шинжийг харгалзан хүүг Далай ламын хойд дүр гэсэн шийд гаргасан аж. Тухайлбал, XIII Далай ламын эд зүйлсийг үзүүлэхэд хүү таньж, “энэ минийх” хэмээн хэлж байсан гэдэг. Ингээд 1940 оны өвөл Лхамдонровыг Лхас дахь Потала ордон руу хүргэжээ.
XIV Далай ламыг ч бие барсны дараа энэ дэг жаягийг баримтлан хойд дүрийг тодруулах бөгөөд ёс журмыг гүйцэлдүүлэх онцгой эрхтэй байгууллага нь 2015 онд Далай лам байгуулсан “Gaden Phodrang” сан байх аж.