2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Д.Дамба: Боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шийдэл нь ерөөсөө л нарийн царигтай төмөр зам

Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамбатай ярилцлаа.

-Уул уурхайн салбар урагшлах янз байна уу гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-Манай уул уурхайн салбар урагшлаагүй, зогсчихсон. Лиценз олгохоо болиод 10 гаруй жил болж байна. Үндсэндээ геологи, эрдэс баялгийн салбарт арав гаруй жилийн цонх гарчихлаа. Хайгуул хийхгүй бол Монголд уул уурхайн салбар байхгүй болно. Манай газар доор Оюутолгой шиг орд дахиад хэд, хэд бий. Тэр бүх ордыг хайхаа больчихсон. Тэгсэн хэрнээ техникийн сургуульдаа геологийн ангитай. Жил бүр хэдэн арваар нь төгсгөөд байх юм. Тэр хүмүүсийг юу хий гэж байгаа юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа биз.

-Уул уурхайн салбарынхны оролцсон FuckUpNights-ийг сонирхлоо л доо. Таны ярьсан түүх, байр суурь сонирхолтой санагдсан. Төмөр зам тавьчихлаа, нүүрсээ тээвэрлэх том гарцтай боллоо гэж байгаа ч ачир дээрээ өчнөөн ажил дутуу, түүхий байна л даа. Энэ тал дээр таны хэлсэн байр суурийг олон хүн сонсоосой гэж бодсон шүү?

-Уул уурхайгаараа амьдаръя, хөгжье гэвэл ярих юм их байна. Тэнд нэг нөхөр босож ирээд уул уурхай чинь муу муухай, газар дэлхий ухаад, байгаль орчин сүйтгээд байна гээд хашгирахаар л төр засаг нь дагаад намирчих юм. Ингэж болохгүй. Төмөр зам тавих нь буруу, тавибал өргөн царигаар тавина гэхээр өө тэгье гээд л тавьчихдаг. Энэ бол маш том алдаа.

-Сая тавьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нүүрс мөддөө гарахгүй. Ард түмэн ойлгохгүй болохоор тэрийг нь далимдуулаад баахан худлаа мэдээ цацчих шиг болсон. Цаанаа холбогдоогүй юм чинь нүүрс гарах боломжгүй гэдгийг хэлж, бичиж байгаа хэвлэл ч цөөхөн байна. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Миний ойлгосноор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлаад ирэхдээ энэ асуудлаар Хятадын талтай тохиролцож Монголын хил дотор шилжүүлэн ачих терминал байгуулахаар болсон гэсэн шүү дээ. Тиймээс энэ асуудал шийдэгдсэн л гэж харж байна. Харин сая нээлтээ хийсэн төмөр замын хувьд бол Тавантолгойгоос ачаа ачиж, Гашуунсухайт дээр л буулгана. Нөгөө л алдарт царигийн асуудал гарч ирж байгаа юм. Хятад нарийн царигтай. Хятадын нарийн царигтай төмөр зам хил дээр тулж ирээд бараг 20 жил болж байна. Ингээд харахаар Хятадын нарийн царигийг Монголын өргөн царигтай яаж холбох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Шийдэл олоод холбочих байлгүй дээ л гэсэн бодолтой л сууж байна.

-Яг нарийндаа Таван толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам зөвхөн нүүрс тээврийн зориулалттай юм чинь нарийн царигаар барьсан бол хаана хаанаа амар шийдэл болох байсан. Энэ талаар хүчтэй дуугарсаар ирсэн цөөхөн хүмүүсийн нэг нь та. Нүүрсээ зөөхийн тулд таны хэлснээр олон л асуудалтай нүүр тулах байх даа?

-Тийм л дээ, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь зөвхөн нүүрс тээврийн зориулалттай байтал заавал өргөн цариг тавих шаардлагагүй байсан. Хариуцдаг байгууллага нь хүртэл Монголын төмөр зам. “Улаанбаатар төмөр зам”-аас огт өөр байгууллага. Ийм байхад сая хэлсэн чиглэлд өргөн цариг тавих шаардлага байхгүй. Нүүрсний тухайд энэ төмөр замаар тээвэрлэлээ гэхэд хилээр гарахгүй. Хилээр гарахгүй юм чинь Цагаан хаднаас машинаар зөөснөөс ялгаагүй эд л дээ. Гэхдээ төслийг хариуцаж яваа хүмүүс нь өөр зүйл бодож байхыг үгүйсгэхгүй. Терминал байгуулна энэ тэр гэхгүйгээр анхнаасаа нарийн цариг тавихад болчих асуудал байсан юм. Хятадын хилээс Монголын саяны тавьсан төмөр зам 12 км зайтай. Төмөр замын өндрийн түвшин ялгаатай. Гэх мэтээр яривал бид олон асуудалтай нүүр тулах нь ойлгомжтой.

-Царигийн асуудлыг сая таны ярьсан шиг өөрсдөдөө ашигтайгаар шийдчихье гэхээр хуулиа зөрчих гээд байна гэсэн утгатай тайлбарыг албаны хүмүүс хэлдэг л дээ…?

-Төмөр замын төрөөс баримтлах хуулийг 2012 онд баталсан юм. Үүнийгээ өөрчилж чадахгүй л ийм байдалд хүрчихээд байна л даа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад байгаа хэрнээ нэг жижиг хуульд өөрчлөлт оруулахад болохгүй юмгүй шүү дээ.

-Мөнгө олж байгаа гол хоёр бүтээгдэхүүн бол нүүрс, зэс. Зэсийн хувьд цахилгаан машин энэ тэр гээд харвал ирээдүй нь тодорхой металл. Нүүрсний тухайд ямар ирээдүй байгаа бол?

Дамба-Дайнтай холбоотойгоор дэлхий даяар эрчим хүчний хямралд орж, нүүрсний хэрэглээ өсчихсөн. Ердөө саяхан л бид Европыг нүүрс түлдэггүй, ногоон тив болсон мэтээр төсөөлж ярьж байсан даа. Гэтэл бодит байдал дээрээ тийм биш гэдгийг нь одоо бултаараа харж байна. Тэд нүүрсээр ажиллаж, дулаан, эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станцуудаа одоо ч ашигласаар байгаа. Дайнтай холбоотойгоор нүүрс бүр ч чухлаар тавигдаж байна. Европын орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авснаас шалтгаалж нүүрсгүй болчихсон. Ийм шалтгаанаар Африкийн орнуудаас нүүрс авч эхлээд байна. Монголд нүүрснээс их юм алга. 21 аймгийн хоёрт нь л нүүрс байхгүй. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордгийг та мэднэ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор нүүрсийг хэрэглээнээс шахахгүй л бол бид энэ түүхий эдээсээ ашиг хүртсээр байх болно.

-Нүүрсийг хэдий хугацааны дараа хэрэглээнээс шахах бол, энэ салбарт юунд онцгойлж анхаарах ёстой гэж та бодож байна вэ?

-Дэлхийн хандлагыг анзаарахад ойрын арван жилдээ лав өөрчлөгдөхгүй байх. Тэгэхээр бидний санаа зовох асуудал бол нүүрс хэзээ хэрэглээнээс шахагдах вэ гэсэн асуулт биш. Нүүрсээ яаж үнэд хүргэх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Нүүрсээ үнэд хүргэх гол гарц бол хоёулаагийн яриад суугаа тээврийн асуудал. Манай улсын нүүрсний чанар гологдохооргүй сайндаа орно. Сая Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрсний ангилал гэж гаргасан. 26 төрлийн ангилал гаргасан харагдсан. Өөрөөр хэлбэл 26 төрлийн нүүрс байна гэсэн үг. Ингээд харахаар нүүрсний нөөц, чанарт санаа зоволтгүй. Зөв менежмент хийх, өртгийг нь бага байлгах, хилийн нэвтрүүлэх чанарт анхаарах зэрэг л бидний санаа зовох асуудал.

-Биднийг нарийн царигийн төмөр зам тавьж чадахгүй бужигнаж байх зуур хойд хөрш Хятадтай нарийн царигийн төмөр замаар холбогдож, манай гол өрсөлдөгч болчихлоо. Би буруу санаагүй бол та арваад жилийн өмнөөс л энэ талаар сануулж ярьж байсан…?

-Тийм л дээ, миний хувьд 10 гаруй жилийн өмнөөс л нүүрсний салбарт манай хамгийн том өрсөлдөгч бол Орос гэж хэлж байсан. Оросын Сибирийн бүс нутаг маш сайн чанартай нүүрсний орд олонтой. ОХУ техник, тенхологи сайтай учраас хүссэн хэмжээгээр нь Хятадад нүүрс нийлүүлэх боломжтой улс. Бидний цариг ярьж дотооддоо маргалдаж, гол хэрэглэгчийнхээсээ өөр буюу өргөн цариг тавьж байх хооронд оросууд Алс Дорнодоор нарийн царигаар БНХАУ-тай холбогдчихсон. Төр нь нүүрсний зах зээлдээ зөв бодлого явуулж чадсан гэсэн үг. Манай холбогдох хүмүүс энэ мэт асуудлыг анхааралдаа авч, ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид улсаараа нүүрснээсээ өндөр өгөөж олох боломжоо алдсаар л явна.

-Гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргачихвал нүүрсээ үнэд хүргэх маш том гарц болно. Харамсалтай нь энэ асуудал нэг л ахиж өгөхгүй юм. Шалтгаан нь юундаа байдаг юм бол?

-Ганцхан шалтгаан бий, ерөөсөө л геополитикийн асуудал. Манай улс хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог жижиг улс. Энэ хоёр гүрний газар нутгаар дамжиж байж л гуравдагч орон руу гарах асуудлыг ярина. Гэхдээ миний хувьд гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргаж байж өндөр өгөөж олно гэсэн бодолтой хүмүүсээс өөр бодолтой явдаг.

Хажууд маань Хятад гэж асар том хэрэглэгч байхад гуравдагч орныг эрэлхийлэх шаардлага байхгүй. Хятадууд манайхаас нүүрс авахгүй гэсэн удаагүй шүү дээ. Саяхан БНХАУ-ын БХАТИХ-ны дарга манайд айлчилсан. Айлчлалынхаа үеэр 40-70 сая тонн нүүрс авах боломжтой гээд хэлчихсэн. Хэрэглэгч нь ийм хэмжээний нүүрс авна гэдгээ албаны өндөр төвшинд илэрхийлээд байхад тултал нь нийлүүлэх тал дээр нь анхаарах хэрэгтэй.

-Нүүрсээ боловсруулж баяжуулж гаргана гэж олон жил ярьсан ч тодорхой ахицгүй яваад байгаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Гол асуудал нь ерөөсөө л хөрөнгө мөнгө. Уул уурхайн мэргэжлийн хүний хувьд Тавантолгойгоос Зүүнбаян руу тавьсан төмөр замыг одоо хийх ёстой ажил биш байсан гэж боддог. Харин үүний оронд баяжуулах үйлдвэр барьсан бол илүү мөнгө олох боломжтой байсан. Энэ төмөр замаар яг юу тээвэрлэх гэж байгааг нь би ойлгохгүй байна. Манайх шиг эдийн засаг нь хүндхэн нөхцөлд байгаа орон ойрын хугацаанд үр ашгаа өгөхгүй зүйлд хөрөнгөө зарцуулмааргүй л байгаа юм. Төмөр замын оронд баяжуулах үйлдвэр юм уу дулааны цахилгааны станц барих хэрэгтэй байсан юм. Хийх ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлж, нэн шаардлагатайгаас хийх хэрэгтэй болов уу гэж харж байна. Хэрэв арван жилийн өмнө бид төмөр замаа тавьчихсан байсан бол хил гаалын хорио цээрээс үл хамааран уул уурхайн түүхий эдээ экспортлосоор байх байсан. Одоогоос 12 жилийн өмнө гялгар уутанд элс хийж гоожуулаад Монголын баялаг яг ингэж гоожоод дууслаа хэмээгээд намайг Монголын баялаг шавхагдахад голлон нөлөөлөгч, Хятадын тагнуул гэцгээж байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдлаас харахад тэгэж гоожих чинь зөв байсан юм биш үү. Олон боомттой байх нь ашигтай гэдгийг Ерөнхий сайд хэд хэдэн онцолсон. Боомтоос болоод нүүрсээ гаргаж чадахгүй байна гэдэг бас л үнэн. Ерөнхий сайд үүнийг олж харсан нь сайн хэрэг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас өмнө би дуугараад л ад болсон болохоос зайлшгүй хийх ёстой зүйл. Боомт бол маш чухал.

-Боомт дээр ямар асуудлуудыг хамгийн түрүүнд шийдэх ёстой гэж та харж байна вэ?

Дамба-Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Нэвтрүүлэх чадвар гэхээр л шууд гараад явчихдаг төмөр зам буюу өнөө л царигийн асуудал сөхөгдөнө. Одоогоор манайхаас Эрдэнэт, Оюу Толгой гэсэн хоёрхон газрын зэс гарч байгаа. Гэтэл Цагаан суварга гээд орд газар байна. Тавантолгойгоос Зүүнбаян руу тавьсан төмөр зам энэ үед хэрэг болно. Тэгэхээр одоо тэр төслийг хөдөлгөөд ордыг нь ашиглах хэрэгтэй. Эрдэнэт, Оюу Толгой шиг том биш ч гэсэн боломжийн орд манайд олон бий. Зөвхөн Эрдэнэт, Оюу Толгой, Тавантолгой гэлтгүй өөр бусад ордуудаа хөдөлгөөнд оруулмаар байна.

-Том ордуудаа ашиглая гэхээр гадаадын хөрөнгө оруулалтын асуудал яригдаж таарна. Тасраад удаж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нээхийн тулд бид яах ёстой вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль эрх зүйн орчныг тогвортой байлгах хэрэгтэй.

Ер нь гадаадын хөрөнгө оруулалтаа эргэж харах цаг болсон. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манайд газрын ховор элементийн нөөц бий. Газрын ховор элемент бол нүүрс шиг олон сая тонноор нь гаргаж багыг олох биш, өчүүхэн багаас ихийг олох боломжтой бүтээгдэхүүн. Энэ мэт шинэ гарц шийдлийг хаймаар байгаа юм.

Гэтэл өнөөдөр бидний ярьдаг юм нүүрс л болчихоод байна. Нүүрсийг ингэж их ярьж байгаа шалтгаан нь тодорхой. Манай төрийн томчууд бүгдээрээ нүүрс зөөдөг машинтай учраас ийм том сэдэв болоод яваа хэрэг. Хувийнхаа хэдэн машиныг ажилтай байлгахын тулд нүүрс гэцгээхээс бус өөр юунаас орлого олж болоход төдийлөн анхаарахгүй байна л даа.

Намайг Монголын Уул уурхайн ассоциацийн тэргүүн байхад уул уурхайн бүтээгдэхүүнээ солонгоруулна гэж их ярьдаг байсан. Гэтэл одоо зэс, нүүрс л ярьдаг болж. Шийдвэр гаргадаг хүмүүс маань хувийн эрх ашгаа нэгдүгээрт, улсын эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг болчихсонд л хамаг учир байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img