Уран бүтээлч: Ж. Мөнхцэцэг (1967)
Бүтээлийн нэр: Хясаа
Техник: Зотон, тос
Бүтээгдсэн он: 1994 (2022)
Хэмжээ: 60х80
Хадгалагдаж буй газар: Монголын уран зургийн галерей
Ж.Мөнхцэцэг нь Дүрслэх урлагийн коллеж, Минскийн Уран зургийн академийг төгссөн өнөөгийн Монголын дүрслэх урлагийг тодорхойлж яваа уран бүтээлчдийн нэг. 1995 онд Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэснээс хойш Улаанбаатар (Монгол), Токио (Итали), Венец (Итали), Банкгок (Тайланд), Бюль (Швейцар), Блүүмингтон (АНУ), Хонг Конг, Сингапурт өөрийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байсан нь түүний уран бүтээлчийн бяд, сэтгэлгээний цар хүрээг илтгэдэг.
Ж.Мөнхцэцэгийн 1994 онд бүтээгдсэн “Хясаа” бүтээл нь хоёр нийгмийн шилжилтийн үе хийгээд 1990 оны зааг дээр мэндэлсэн Монголын нэн орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн чухал гэрч болсон бүтээл юм. Нөгөө талаасаа тус бүтээл нь хувь уран бүтээлчийг бүрэлдэн бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн бүтээл билээ. Тиймээс манай улсын сан хөмрөгт хадгалагдаж олны хүртээл болох ёстой бүтээлүүдийн нэг маргахын аргагүй мөн.
“Хясаа” бүтээл нь уран бүтээлчийн гол сэдвүүдийн нэг болсон эмэгтэй хүний мөн чанарыг уудалсан сэтгэлгээний бүтээлүүдийн нэг. Бүсгүй хүн, хясаа хоёрыг юу нэгтгэж байна вэ? Монголын уран зургийн галерейн захирал Б. Сарантуяа: “Эмэгтэй хүний уян зөөлөн чанар, үзэж туулсан амьдралыг хясааны үе давхаргаар төлөөлүүлэн дүрсэлснээрээ гайхалтай онцлог бүтээл юм” хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр хясаа нь хүрээлэн буй орчны онцлогоос хамаарч хавтсаа бэхжүүлэх ер бусын чадвартай агаад хатуу ширүүн байх тусам илүү зузаан илүү бат бэх хавтас буюу хуягийг бүтээдэг. Мөн элс чулууг үзэсгэлэнт сувд болгон хувиргадаг гайхам амьд биет билээ.
Ж.Мөнхцэцэгийн тус бүтээл нь метафор дүүрэн дүрслэл, нууцын чинадад илрэх бэлгэдэлт дүр бүхий бүтээл. Зураач хясааны хавтасны хээг зузаан импасто тавьж биежүүлэн дүрслэхийн сацуу мандах нарны улаарах туяаг хавтас дээр тусгасан байх нь хясааг илүү үзэсгэлэнтэй болгож өгчээ. Түүнчлэн хясааны хээ угалзран алтрах нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнг илтгэх мэт нандин хийгээд эрхэмсэг харагдуулдаг.
Зотон дүүрэн дүрслэгдсэн хясааны дүрслэл ихэнх тохиолдолд хүний нүдэнд ч үл өртөх тэрхүү бяцхан биетийг илүү хүчирхэг харагдуулах агаад хээний угалз нь зотонгоос гарч дээш тэмүүлэх нь хязгааргүйд үргэлжлэх сэтгэгдлийг үзэгчдэд үлдээнэ. Ийм маягаар зураач хийсвэрлэл хийгээд бодит байдал, хүчирхэг хийгээд нандин нарийн оршихуйн эсрэгцэл дээр эмэгтэй хүний мөн чанарыг дүрсэлэн илэрхийлсэн байдаг.
Үнэхээр эмэгтэй хүн хясаа мэт бус уу? Хайр энэрэл нь бяцхан хясааны нялаахай мэт уясам ч, аюулын өмнө үл бөхийх. Хүчирхэг далайн шуурганаар шидэгдсэн ч хадан хясаатай халз тулах аварга том агаад бүхнийг тэсээд үлдэх бат бэх. Гайхам үзэсгэлэнт эрдэнийг дотроо бүрэлдүүлэн тээж явах зузаан болхи хавтас нь мандах нарны туяад эрдэнэ мэт гялалзах гоо үзэсгэлэнтэй. Хайр нь хязгааргүйд тэмүүлэн угалзарч мөнх үргэлжлэх бэлгэдэлтэй.
Ийнхүү тус бүтээл нь реализмаас сэтгэлгээний илэрхийлэл рүү шилжсэн нэн орчин үеийн урлагийн түүхийн гэрч болон бүтээгдсэнээрээ гүн ач холбогдолтой билээ.
Ж.Мөнхцэцэг 2000 оноос өмнө угалзран долгилох, хээлэн урсах өргөн зураасыг өөрийн уран сайхны хэллэг болгон ашигласан хэд хэдэн бүтээл байдаг бөгөөд цаашлаад бүтээлүүдэд нь үсний сэдэв болж хувьссан болох нь ажиглагддаг. 2010 оны үеэс зурааснууд нь илүү нарийн болсоор ирсэн байдаг. Мэдээж зураас бол зураачийн цор ганц уран сайхны хэллэг биш боловч уран бүтээлчийн хувьд бүрэлдэн бий болоход ихээхэн нөлөөлсөн дараагийн уран бүтээлийн эрэл хайгуулд нь суурь болсон нь илэрхий ажиглагддаг. Давтамжтай хээлэн тиглэх түүний зурааснууд нь метафороор илэрхийлэгдсэн бэлгэдэлт шинж чанартай байсан гэдгийг онцлон дурдах нь зүй юм. Өөрөөр хэлбэл уран сайхны хэллэгээс сэтгэлгээний илэрхийлэл болж утга шилжсэн хэмээн ойлгоно.
Магад тиймээс зураач маань “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төслийн хүрээнд 2021-2022 онд тус бүтээлийг дахин сэргээн бүтээж Монголын уран зургийн галерейд хүлээлгэн өгөхдөө “Энэ бүтээлээ дахин хуулбарлаад сууж байхдаа миний бүтээлүүдийн суурь болсон чухал бүтээл гэдгийг ойлгосон” хэмээн хэлсэн байдаг биз ээ.
Зүүлт: 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртөж дүрслэх урлагийн сор болсон мянга орчим бүтээл галд өртсөн харамсалтай үйл явдал болсон. Тус аюулд “Хясаа” бүтээл өртөж дахин сэргээгдэх боломжгүй болсон юм. Монголын уран зургийн галерей “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төслийг санаачилж Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр 2020 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд тус төслийн хүрээнд 2022 онд тус бүтээлийг зураач маань дахин сэргээн бүтээсэн билээ. Өнөө тус бүтээл Монголын уран зургийн галерейд хүндтэй байр суурь эзлэн олон нийтэд хүрч байна.