Дансны хуулганаас шимтгэл авна гэсэн мэдээ цацагдангуут 100-н айлынхан картаар биш бэлнээр тооцоо хийдэг болчихсон, татвар нэмэх шуугиан ийм аюултай
-Тэтгэврийн хуулийн төслийг харахаар реформын шинжтэй заалтууд анзаарагдсангүй. Яг энэ хувилбараараа батлагдвал үр дүн хэр гарах бол?
-Бидний хувьд реформ хийхгүйгээр тэтгэврийн үр дүн 2.5 жилээр хойшилж байгаа гэж тооцсон. Жилд алдах тусам үр дүн алдсаар явна гэсэн үг. 2019 оноос хойш гээд харахаар тэтгэвэр дээр зээл тэглэх ч юм уу, тэтгэврийн суурийг нэмэх гэх мэт ялих шалихгүй арга хэмжээ авсаар ирсэн. Сангийн алдагдал асар өндөр болчихсон. Жил бүр 500 орчим тэрбум буюу хагас их наяд төгрөгийг төсвөөс авдаг байж байгаад 800-900 тэрбум болоод өсчихсөн.
Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөхийн тулд яах ёстой вэ гэж бодонгуутаа Нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэврийн насыг нэмэх гэх мэт параметрийн хэдэн өөрчлөлт оруулах гээд байна л даа. 800 тэрбумынхаа алдагдлыг бууруулах гэсэн амиа аргацаасан оролдлого. Эдийн засаг хүнд байна гээд эсрэгээрээ эдийн засгаа хорлох ийм шийдэл гаргаж болохгүй.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдал өсөх тусам иймэрхүү аргаар ч болтугай шийдэх гэж улайрах нь тодорхой л доо. Энэ янзаараа байгаад байвал НДШ өсөөд явахаас аргагүй юм биш үү?
-Ийм нөхцөл байдал руу цаашид хүссэн хүсээгүй ороод явна. 2050 он гэхэд НДШ тавь орчим хувьтай тэнцэж байж одоогийн сан ажиллах суурь нөхцөл болно. Хажуугаар нь ахмадын зээлийг тэглэх гэх мэт популист шийдвэрүүд гараад байхаар алдагдал улам эрчээ авах нь аргагүй л дээ.
-Та сая нийгмийн даатгалтын шимтгэлийг 2050 он гэхэд 50 хувь өсгөхөөс аргагүй байдал үүссэн, тэгж байж сан ажиллах суурь бүрдэнэ гэчихлээ. Байж боломгүй санагдаж байна л даа. Ийм эрсдлийг үүсгэсэн гол шалтгаан нь юу вэ?
-Тийм л дээ, НДШ-ийг 50 хувь өсгөнө гэдэг бол байж боломгүй зүйл. Дэлхийн ихэнх улсад насжилт явагдаад тэтгэврийн системдээ хэд хэдэн реформ хийж байна. Гэтэл манайх тэртээ 1800 оны үеийн эв хамтын системээрээ яваад байгаа. Хамгийн гол асуудал нь энэ болчихлоо.
-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш дээд талдаа зуу гаруй хувиар өсчихлөө. Ийм байхад иргэдээ татварын маш өндөр дарамтанд оруулж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Татвар дээр хүн амын орлогын албан татвар, хамгийн сүүлийн бараа бүтээгдэхүүн дээр тооцдог НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт татварууд, ханшийн өөрчлөлт инфляц гээд бодохоор маш олон шууд бус төлбөрийг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад болон амьдрахад хэрэглэж байна. Сүүлийн гурван жилийн байдлыг харахад худалдан авах чадвар 70 хувиар буурчихсан. Ийм нөхцөлд аж ахуйн нэгжид цалингаа өсгөх ямар ч боломж алга. Аж ахуйн нэгжийн хамгийн том худалдан авагч бол иргэд.
Иргэд нь халаасандаа мөнгөгүй учраас борлуулалт буурч, аж ахуйн нэгжүүдийн ашигт сөргөөр нөлөөлж байна. Нөгөө талаас нь харвал бодлогын хүү огцом өсчихлөө. Тэгэнгүүт банкуудаас аж ахуйн нэгжид олгох зээл багасчихаж байгаа юм.
Товчхондоо эдийн засгийн цусны эргэлт хаагдсан үед татварын бодлого орж ирж байгаа учраас хүмүүсийн уур бухимдал буцалж байна.
-Аж ахуйн нэгжүүдэд цалингаа өсгөх боломжийг бүрдүүлэхийн тулд яах ёстой гэж харж байна?
-Макро эдийн засгийн тогтвортой бодлого асар чухал болчихлоо.
-Ингээд ярихаар хэт ерөнхий юм даа. Бодлого тогтворжих хугацаа хэзээ ч юм мэдэхгүй, ойрын шийдэл л чухал болоод байх шиг…?
-Том зүйл ярихаас аргагүй болчихоод байна л даа. Макро эдийн засгийн бодлого тогтвортой байж л инфляц, ханш нам төвшинд тогтвортой байна. Ийм нөхцөл бүрдэж байж байгууллага ашигтай ажиллаж, иргэд дажгүй амьжиргаатай аж төрнө.
-Татварын бодлого руу хэт чиглэвэл сүүдрийн эдийн засаг идэвхжих сөрөг тал үүсэх байх, тийм үү?
-Тэгнэ. Далд эдийн засаг үүснэ. Дэлхийн банкны судалгаанаас харахад эдийн засгийн 40 орчим хувь нь далд эдийн засагт хамаарч байгаа. Энэ хувь улам ихэснэ гэсэн үг.
Сая данс билүү хуулганаас татвар авах болсон чинь зуун айлынхан буруугаар ойлгочихож. Тэгээд интернэт банкаар гүйлгээ хийхээ больчихож. Гэх мэт гажуудал үүсээд эхэлчихэж байгаа юм. Товчхондоо татвар тийм сайн арга биш.
Төрийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хамгийн эцсийн, хамгийн хөшүүн, хамгийн олон зүйлд нөлөөлдөг шийдэл гэж ярьдаг. Манайх шиг ил тод байдал сайн биш, тайлан нь хэд хэдэн янзаар гардаг газруудад татварын ийм бодлого хэрэгжүүлбэл далд эдийн засаг улам идэвхжинэ.
-Нийгмийн даатгалын шимтгэл өнөөдөр ч аж ахуйн нэгжүүдийн том зовлон. Дахиад нэмбэл аж ахуйн нэгжүүдээ улам сөхрөөчих юм биш үү?
-Тэгнэ. Нийгмийн даатгалын шимтгэл гээд ярихаар бид их зүйл бодоод байдаг. Гэтэл тэтгэвэрт бараг 20 хувь нь зарцуулагддаг. Талаас илүү хувийг нь аж ахуйн нэгжүүд төлдөг, үлдсэн буюу талаас бага хувийг нь ажилчид төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх тусам их ачааг үүрдэг ажил олгогч талын шимтгэл нэмэгдээд байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг 19 хувь гэж бодъё.
Нэг сая төгрөгийн цалинтай хүн 190 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлж байна. 190 мянгын 100 мянгыг нь ажил олгогч талаас төлж байгаа. Хэрэв ингэж өндөр авдаггүй бол аж ахуйн нэгжүүдэд ажилчдынхаа цалинг нэмэх боломж үүснэ. Аж ахуйн нэгжид цалингаа өсгөх боломж өгөхгүй байна л даа.
Нэрлэсэн цалин нь өндөр сонсогддог ч гар дээр авч байгаа нь бага байдгийн учир энэ. Байгууллагаас ажилтандаа өгч байгаа өгөөж нь тэг болчихож байна л даа. НДШ нэмэгдэхээр болчихвол байгууллагуудад НДШ төлөх сонирхол багасна. Гэрээт ажилтантай хамтрах, бэлнээр өгөх, өөр хэлбэрээр зардлаа хаах гэх мэт байдал руу шилжихээс аргагүйд хүрнэ.
-Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авна гэсэн мэдээлэл сүүлдээ худлаа болж таарсан. Гэхдээ ингэж сэвж байгаад л ямар нэг байдлаар татвар нэмэх шийдвэр гаргах магадлал өндөр. “Өө өмнө нь яригдаж байснаас арай багаар нэмэхээр болж” гэсэн бодлыг төрүүлж байгаад элдэв шийдвэрээ гаргадаг арга бий болчихсон…?
-Таны хэлсэнчлэн татвар дээр иймэрхүү шийдэл гаргахгүй байлаа ч ярих асуудлууд өчнөөн бий. Өнөөгийн өргөн барьж байгаа Тэтгэврийн хууль маш буруу хууль. Реформ эрэлхийлээгүй хууль. Тэгэхээр ямар ч хууль өргөн бариад үр дүнгүй гэсэн үг. Реформ уг нь их энгийн. “Таны нийгмийн даатгалын шимтгэлд төлж байгаа 19 хувийн дөрвөн хувийг нь аваад нэр дээр чинь үүсгэчихье. Тэр дөрвөн хувь чинь хөрөнгийн зах руу ороод бонд гэх мэт бүтээгдэхүүн болж өгөөжөөрөө өсөөд явна” л гэж байгаа юм.
Хэрвээ тэтгэврийн реформ хийчихвэл өнөөдөр ажиллаж яваа хорин настай залуу тэтгэвэрт гарахдаа 4.2 сая төгрөгийн тэтгэвэр авна. Тэтгэврээс гадна хуримтлалтай. Харин өнөөдрийн сангаар бодвол 1.2 сая төгрөгийн тэтгэвэр авахаар байгаа. Нэг зүйлийг онцлоход ямар ч хуримтлалгүйгээр ийм бага тэтгэвэр аваад амьдарна гэсэн үг.
Тэтгэврийн реформыг энэ мэтээр хийхгүй бол өнөөдрийн тухайн сангийн мөнгө ахмадуудын тэтгэвэр рүү урсаад, ажиллаж байгаа хүмүүсийн нэр дээр юу ч үүсэхгүй байна л даа.
-Тэтгэврийн хуулийн төсөл дэх гол гол өөрчлөлтүүдээр ярилцлагаа үргэлжлүүлье?
-Тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барвал нийт шимтгэлийн 20 хувийг ар гэрт нь өвлүүлэх гэсэн заалт байна. Энэ заалт батлагдаад хэрэгжвэл одоогийн систем дээр асар их дарамт ирнэ. Ямар ч реформ хийхгүйгээр нийт төлсөн шимтгэлийнх нь 20 хувийг ар гэрт нь өвлүүлэх боломжгүй.
Одоо хэцүүхэн байгаа алдагдал огцом өснө. Одоо хэлэлцэх гэж буй Тэтгэврийн хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг арилжааны банкинд байршуулах гэсэн заалт бий. “Капитал” банкинд мөнгөө алдаж дуусаагүй байхад ийм яриа, шийдэл гаргасанд гайхаж байна.
Нийгмийн даатгалын 2 хувийг буцаан авах боломжтой хуримтлалын санд байршуулах гэсэн заалтыг ойлгоогүй. Реформ талаас ярив уу, өөр санаагаар оруулсан уу, бүү мэд. Тэтгэвэр авах доод хэмжээ 45 байсныг 40 болгох гэсэн заалт харагдсан. Орлогын 45 хувь байсныг 40 болгож бууруулна гэж байгаа юм уу, эсвэл өөр утгаар тусгасан уу, сайн хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийн системээр хүмүүс тэтгэвэрт гараад цалингийнхаа 30 хувьтай тэнцэх тэтгэвэр авч байгаа. Реформ хийвэл тэтгэвэрт гарах хүмүүс цалингийнхаа 85 хувьтай тэнцэх тэтгэвэр авах юм.
-Тэтгэврийн реформ хийлээ гэж бодоход хэдэн оныхон үр өгөөжийг нь хүртэх бол?
-Реформ 1990 оноос өмнөх оны залууст нөлөөлөх магадлал нэлээд бага. 1990 оноос хойшхид нөлөөлнө. Реформ хийхгүй явах тусам энэ тоо 1995, 2000 он гэх мэтээр улам наашилна. Үр дүн нь ийм айхавтар алсын чигтэй учраас тэтгэврийн реформыг цаг алдалгүй хийх хэрэгтэй.
-Тэтгэврийн реформыг цогцоор нь хийж чаддаггүй юм аа гэхэд хамгийн хурдан хугацаанд үр дүнгээ өгөх шийдлүүдийг хэрэгжүүлмээр байгаа юм. Тийм шийдлүүд байна уу?
-Миний түрүүн хэлсэнчлэн дөрвөн хувийг нь биш юм аа гэхэд ядаж төлж яваа нийгмийн даатгалын шимтгэлээс нэг хувийг нь туршаад үзэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлийн 19 хувиас ганцхан хувийг нь хуримтлалын санд хийчихмээр байгаа юм.
-Хуримтлалын нэг хувийн мөнгөө хаашаа хөрөнгө оруулалт хэлбэрээр хийж өгөөж гаргах вэ гэсэн асуулт гарч ирэх байх…?
-Гадны том хөрөнгө оруулалтын сангуудыг харахад бүгд тэтгэврийн сан байдаг. Тиймэрхүү сангууд оруулж ирж болно. Хөрөнгө оруулалтын сангуудад итгэдэггүй юм аа гэхэд топ таван арилжааны банкууд руугаа хийх боломжтой. Гэх мэт маш олон шийдэл бий. Хамгийн гол нь миний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн нэг хувь миний нэр дээр үүсэх нь чухал байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд Засгийн газрын сонгуулиас өмнө хийх ёстой чухал шийдэл энэ л байна.
-Таны ярьж байгаа нэг хувиар хуримтлал үүсгээд, тэр хуримтлал нь иргэдийн нэр дээр үүсээд явбал үр дүн нь хэдэн жилийн дараа гарч эхлэх бол?
-Наад зах нь таван жилийн дараа мэдрэгдэж эхэлнэ. Арван жилийн дараа асар өндөр өгөөж мэдрэгдэнэ.