-Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Ямар ч байсан энэ өвлийг улсаараа тэг хөлдчихгүйхэн шиг давлаа. Гэхдээ эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа нөхцөлд энэ мэтээр “аргалж, чаргалаад” асуудал шийдэгдэхгүй. Эрчим хүчний үйлдвэрлэлээ сайжруулахын тулд Монгол Улс хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ. Нэг өдөр улсаараа гал алдах эрсдэл бидний дэргэд ирчихсэн байна шүү дээ?
-Монгол Улсын цахилгаан, эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөж, аж үйлдвэр, үйлчилгээ, хотжилтын үйл явцыг даган байнга эрэлт нэмэгдэж, эрчим хүч, цахилгааны дутагдалнэмэгдэж, түүнийг импортоор орлуулж байна. Тухайлбал, 2021 оныг 2013 оноос хойш сүүлийн 10 жилд сая кВт цагаар хэмжихэд цахилгааны хэрэглээ 6215 сая кВт цагаас 9684 сая кВт цаг хүртэл нэмэгдэж, 63.8 хувиар өссөн байхад дотоодын үйлдвэрлэл 55 хувиар өсөж, импорт 52%-иар өссөн байна.
Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, барилгын эрэлт 64% өсөхийн зэрэгцээ өрхийн цахилгааны хэрэглээ түүнээс ч их буюу 82%-иар 2013 оноос хойш өсчээ.
Хотжилт, үйлдвэржилт нь цахилгааны хэрэглээ нэмэгдэх гол шалтгаан болж байгаа бөгөөд манай улсын хувьд цаашид ч олон аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, Налайх, Шинэ Зуунмод дагуул хотуудыг барих, шинээр Хархоринг сэргээх гэж байгаа энэ үед цахилгаан эрчим хүчний хангамж ихээхэн чухал байгаа. Цаашид эдийн засаг өсөх хэмжээгээр цахилгааны хэрэглээ улам их нэмэгдэх болно. Гэтэл Монгол Улс энэхүү өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэгцээг импортоор хангаж, үнийн дүнгээр гадагшаа 2013 онд 112 сая доллар төлж байсан бол 2021 онд цахилгааны импортод 160 сая долларыг төлж байна, Төлбөрийн тэнцэл алдагдалтай энэ үед гадагшаа ийм их хэмжээний долларын урсгалыг төлж байгаа нь эдийн засагт хохиролтой, төгрөгийн ханш унах бас л нэгэн шалтгаан болж байна.
-Дэлхийн геополитикт нөлөөлж буй гол асуудал өнөөдөр эрчим хүч болсон. Харамсалтай нь, Монгол эрчим хүчний хувьд хоёр хөршөөсөө хамааралтай. Ингээд айлаас гал гуйгаад удаан явбал улс төр, эдийн засгийн хувьд эрсдэлтэй биш үү?
-Монгол Улсын цахилгааны импорт нэмэгдэж хоёр хөршөөсөө худалдан авах нь улам их нэмэгдэж байгаа. Цахилгааны импортын хувьд өмнө нь зөвхөн ЗХУ, дараа нь ОХУ-аас цахилгааны импортоор авдаг байсан бол сүүлийн үед БНХАУ-ас импорт нэмэгдэж байна. Иймээс бидний хувьд цахилгааны импортыг аль болохоор багасгах нь чухал. Дэлхийн бусад орнуудын хувьд 2020 оны ковид Украин-Оросын дайн зэрэг хүчин зүйлүүд АНУ, Европ, БНХАУ болон бусад орнуудад дотоодын цахилгааны үйлдвэрлэлийг дэмжих, нөөцийг бий болгох талаар маш хүчтэй түлхэц өгсөн. Япон, БНСУ, БНХАУ, БНЭУ зэрэг улсууд дотоодод цахилгааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар хамгийн их хичээж байгаа бол Европ, Герман улсууд хуучин станцуудаа сэргээх талаар ч ажиллаж байна. Ийм нөхцөлд Монгол Улс цахилгаан эрчим хүч, шатахууны хэрэгцээг дотоодоод бүрэн хангах чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байна.
-Эрчим хүчний төслүүдээ хөдөлгөх гэхээр эх орончид нь эсэргүүцээд эхэлдэг. Үүний ард их гүрнүүдийн Монголыг эрчим хүчний хамааралтай байх сонирхол байж болох уу?
-Мэдээж, аль ч улс өөрийн экспортоо дэмжих, түүний дотор цахилгааны экспортыг дэмжих сонирхолтой байдаг. Эрчим хүчний хараат байдал аливаа улсын эдийн засгийн хөгжлийг хязгаарлах, аж үйлдвэрийн хөгжилд нь саад учруулах, амьжиргааны чанарт сөргөөр нөлөөлдөг. Иймээс их гүрнүүдийн сонирхол ямар ч байснаас үл хамааран, Монгол Улс дотоодын нөөц бололцоогоор эрчим хүчний өөрийнхөө хэрэгцээг хангах, үйлдвэрлэлээ байнга нэмэгдүүлэхийг зорих нь зөв.
-Монгол нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчнээс эрчим хүч үйлдвэрлэх боломжтой, нөөцтэй. Яагаад нар, салхины цахилгаан станцыг түлхүү хөгжүүлж болохгүй гэж?
-Сэргээгдэх эрчим хүчний хувьд Монгол Улс дотоодын үйлдвэрлэлийн багахан хувийг түүнээс хангаж байгаа.
2021 онд нийтдээ дотооддоо 7913 сая кВт цаг үйлдвэрлэхэд, нарны цахилгаанаар 156 сая, усан цахилгаан станцаас 83 сая, салхин цахилгаан станцаас 563 саяыг л үйлдвэрлэсэн тоо байдаг. Гэтэл тэр жилдээ импортоор 1861 сая кВт цаг цахилгааныг гадаадаас авч 160 сая доллар төлсөн байгаа.
Үүнийг харахад, дотоодын нар, салхи, усан цахилгаан станцуудыг хөгжүүлэх боломж байгаа. Одоогийн байдлаар цөөн тооны нарны цахилгаан станц, 3 салхин станц ажиллаж, шинээр эх үүсвэр барьж байгуулах асуудал нэн удаан хэрэгжиж байгаа.
-Эрчим хүчний үнийг төрөөс тогтоодог. Энэ нь энэ салбарын хөгжилд чөдөр тушаа болох нь бий. Нөгөө талаасаа эрчим хүчний үнэ нэмэгдвэл бүх л бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Эргээд иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж улстөрчид бэргэдэг тал бий. Эрчим хүчний үнэ чөлөөлөхийн эерэг, сөрөг тал нь юу вэ?
-Эрчим хүчний салбар нь өөрөө монопол салбар, цахилгаан эрчим хүчээр хангах үйлчилгээ нь нийтээр хэрэглэх үйлчилгээ гэж ойлгож байна. Тийм учраас эрчим хүчний салбарыг хараат бусаар зохицуулах шаардлагатай гэж үздэг. Дэлхийн аль ч улсын эрчим хүчний салбарыг авч үзвэл салбарын autonomous буюу хараат бус зохицуулах байгууллага нь хэрэглэгч болон салбарын компаниудын эрх ашгийг тэгш байдлаар хангаж зохицуулдаг. Хэрэглэгчийн эрх ашгийг бодож, үнэ нэмэхгүй бол салбарын компаниуд санхүүгийн хүндрэлд орж, шинээр хөрөнгө оруулалт татаж боломжгүй, салбарын компаниудыг дураар байлгавал монополь үнэ тогтоож хэрэглэгчийг хохироодог. Харин манай эрчим хүчний салбарт хараат бус зохицуулах байгууллага биш Засгийн газар үнэ тогтоож байна. Иймээс цаашид эрчим хүчний нэгдсэн томоохон зах зээлтэй болох, өрсөлдөөнийг үүсгэх, нөгөө талаас хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхийн тулд алхам алхмаар үнийг чөлөөлөх процесс явагдах байх.
-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогодоо эрчим хүчний төслүүдээ урагшлуулахаа амласан. Үнэхээр эрчим хүчний салбар тэлж, үйлдвэрлэл нь нэмэгдэж чадах болов уу?
-Дотоодын үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа ч, эрчим хүчний салбарт сүүлийн 6 жил шинэ Багануурын төслөөс бусад сэргээгдэх эрчим хүчийг ашигласан шинэ эх үүсвэрүүдийг байгуулах ажил мөн л хэрэгжихгүй өдий хүртэл ирлээ. Шинээр орчин үеийн технологи бүхий, утааны хаягдал багатай, байгальд ээлтэй цахилгаан, дулаан станцыг байгуулах ажил хийгдээгүй тул ирэх онуудад мөн л цахилгаан эрчим хүчийг импортоор авах, дулаан болон цахилгааны болзошгүй тасалдлаас сэргийлэх шаардлагатай байгаа хэвээр байна. Түүнчлэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашигласан, өндөр бүтээмж бүхий эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдтэй болоход бидэнд гадаадын хөрөнгө оруулагчид зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид дотоодоос болон гаднаас хөрөнгө оруулагчид татахын тулд нэн тэргүүнд өмнөх хөрөнгө оруулагчдад өгсөн амлалт, тохирсон гэрээгээ биелүүлж байх нэн чухал болоод байна. Үүнийг мөн зайлшгүй анхаарах хэрэгтэй.
-Төр хувийн хэвшлийн түншлэл гэж эрх баригчид ярьдаг. Хууль ч батлуулчихлаа. Эрчим хүчний салбарт төрийн хувийн хэвшлийн түншлэл хэр байна?
-Энэ салбарт төр хувийн түншлэл асар их хэрэгтэй байна. Эрчим хүчний төслүүдийг одоогийн санхүүгийн нөхцөлд төрөөс санхүүжүүлж чадахгүй байгаа бол, хувийн хэвшилд боломжийг олгоод концессын гэрээгээр бүтээн байгуулалтаа, мөн цэвэр хувийн хөрөнгө оруулалтаар станцуудыг байгуулах ажлыг дэмжих, урагшлуулах боломж байгаа гэж үзэж байна. Ингэсэн тохиолдолд томоохон компаниуд энэ салбарт орж, улмаар Монгол Улсын хувьд эрчим хүчний бие даасан байдал, импортоос хараат бус байдлыг бэхжүүлэх болно.