АНУ-ын сансар судлалын NASA байгууллагын захиалгаар “Axiom Space” компани сарыг зорих “Артемис III” хөтөлбөрт оролцох сансрын нисгэгчдийн тусгай өмсгөлийн эх загварыг танилцуулжээ. “Артемис III” хөтөлбөрийн гол зорилго нь 50 гаруй жилийн дараа саран дээр дахин хүн буулгаж, манай гаригийн дагуулын өмнөд туйлд судалгаа хийх явдал ажээ.
“Axiom Space” компани “AxEMU” нэртэй тусгай өмсгөлийг сарны гадаргуугаар алхаж явах, бусад хөдөлгөөн хийхийг аль болох хөнгөвчилж, сансрын нисгэгчдийг болзошгүй элдэв аюулаас хамгаалахаас гадна эрэгтэй, эмэгтэй ямар ч хүнд таарахаар зохион бүтээсэн байна.
NASA-гийн захирагч Билл Нелсон “NASA, “Axiom Space” компанийн хамтын ажиллагаа саран дээр сансрын нисгэгчдийг буулгах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой.
Шинэ үеийн “AxEMU” тусгай өмсгөл саран дээр анхны эмэгтэй сансрын нисгэгч хөл тавихаас гадна цаашид янз бүрийн салбарын мэргэжилтнүүд судалгаа хийх явдлыг боломжтой болгож буйгаараа онцлог юм” гэжээ. Удахгүй “AxEMU” тусгай өмсгөлийг сансрынхтай төстэй нөхцөлд, тусгайлан тоноглосон танхимд туршиж эхлэх юм байна.