2024-10-08, Мягмар
7 C
Ulaanbaatar

Критикал минералын эрин үе

Дэлхийн уул уурхай “ногоон шилжилт” хийж буй энэ цаг үе, ирээдүй хойчид газрын ховор металл улам үнэ цэнээ өгөх нь тодорхой болж байна. Тийм ч учраас шинэчлэн найруулахаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд критикал минералыг “Өндөр технологийн болон дотоодын боловсруулах үйлдвэрлэлд хэрэглэгддэг, геополитикийн болон худалдааны бодлогоос шалтгаалан эрэлт, нийлүүлэлт нь эрсдэлд орж болзошгүй ашигт малтмал” хэмээн тодорхойлжээ.

Критикал минералыг Монгол Улс стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэж томъёолоод байгаа. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиас өмнө салбарын хуульд “стратегийн ашигт малтмал” гэдэг нэр томъёо байсан. Тэгэхээр ирээдүйд нэн чухалд тооцогдох газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатайг олон улсын эрдсийн судлаачид хэлж байна. Хэрэглээнд суурилсан үйлдвэрлэл дэлхий нийтэд илүүтэй явагдаж, цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтэц хөгжихийн хэрээр чухал ашигт малтмал улам үнэд орно. Цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр эрэл нь нэмэгдэж байгаа литийн тухайд зай хураагуурын орлуулшгүй түүхий эд юм.

Газрын ховор элементГанц цахилгаан машин ч биш салхин сэнс, шилэн кабель, сансрын пуужин, сөнөөгч онгоц, гар утас гээд бүгд чухал ашигт малтмалаар хийгдэж байгаа бүтээгдэхүүн. 2022 оны зургадугаар сарын 13-15-нд Канадын Торонто хотноо зохион байгуулагдсан хайгуулч, олборлогчдын PDAC чуулганаар критикал минерал хөрөнгө оруулагчдын ярианы гол сэдэв болжээ.

Цахилгаан машин бүтээхэд ордог лити, кобальт, зэс, рени зэрэг чухал металын төслүүд хөрөнгө оруулагчдын хорхойг асаасаар байгаа юм. Канадын Баялгийн нөөцийн яамны сайд нь “Хөрөнгө оруулагчид байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавиад эхэлчихсэн. Батерей үйлдвэрлэхэд ордог лити, кобальт дээр онцгой анхаарч байна. Хятад улсад гэхэд критикал минералын олборлолт огцом өссөн” хэмээжээ. Өнөөдөр Австрали улс критикал минералын олборлолт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд 360 сая ам.долларын санхүүжилтээ зарлаад байна. Энэ нь нэг талдаа Хятадын чухал ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх нөлөөллийг бууруулах гэсэн оролдлого юм. Австралийн санхүүжүүлэх төслүүдэд газрын ховор метал ялгах, аккумуляторын түүхий эдийг боловсруулах, ванади боловсруулах зэрэг чухал хөрөнгө оруулалтууд багтсан. Чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх компаниудаа ч шинэ зах зээл рүү түрж оруулахад төрөөс дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Австрали улс нь дэлхийн литийн тэн хагасыг үйлдвэрлэгч. Кобальтын үйлдвэрлэлээр дэлхийн мөн хоёрдугаарт, газрын ховор элементийн нийлүүлэлтээр дөрөвдүгээрт ордог аж. Тус улсын Засгийн газар чухал буюу ховор ашигт малтмалыг эдийн засгийн хөгжлийн нэг тулгуур гэж үзэж байна.

Эдүгээ Монгол улс 713 мянган тонн литийн нөөцтэй. Энэ чиглэлд Хөхдэл орд, Мөнхтийн Цагаан дөрвөлжин орд, Арбаян орд зэрэг таван төсөл хэрэгжиж байна. Монголд хэрэгжиж байгаа литийн хайгуулын төслүүдээс эхний сайн үр дүн гарсан мэдээ бий. “ION energy” компани Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгуудад литийн хайгуул хийж эхэлсэнээ мэдэгдсэн. Сүхбаатар аймагт хэрэгжиж буй “Баавгай уул”, Дорноговьд хэрэгжиж буй төслийн нэр нь “Ургах наран”. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах Хөхдэл орд 23.5 мянган тонн литийн нөөцтэй. Тус аймгийн Баянжаргалан суманд “Литиум майнинг” компани литийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Арбаян ордын хувьд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших гянтболд-литийн орд юм. Энэ мэтчилэн дурдаад байвал дэлхийн чухал ашигт малтмалын зах зээлд Монгол улс гол тоглогчдын нэг болох орон зай тийм ч хол биш байна.

Лити, кобальтаас гадна рени гэдэг эрдсийн тухай ярих цаг болсон. Газрын ховор металын бүлэгт багтдаг, дэлхийн царцдасны хамгийн ховор элементүүдийн нэг л дээ. Ренигийн цахилгаан эсэргүүцэх чадвар вольфрам, молибдениэс 4 дахин илүү. Тус ховор металыг дулаан боловсруулалт болон электрон тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ашиглаж ирсэн бөгөөд өндөр чанартай бензин, бусад нефтийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд каталикатр болгон хэрэглэж ирсэн. Дэлхийд хамгийн их металл рени үйлдвэрлэгч орон бол Чили дараа нь АНУ, Польш, Хятад, Казахстан зэрэг улс орнууд ордог.

Рени гэх ховор метал нь байгаль дээр дангаар оршдоггүй, голдуу зэс-молибденийн порфирын ордын хүдрээс дайвар бүтээгдэхүүн болж гардаг. Тийм ч учраас Монгол улсын хувьд зэс-молибдений баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулбал “Эрдэнэт үйлдвэр” жилдээ 5 мянган мо баяжмал гаргах ба цаашид Оюу Толгой, Цагаансуваргын ордын зэс-алт, зэс-молибдены баяжмал бүтээгдэхүүнээс рени үйлдвэрлэх боломжтой. Түүнээс гадна Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэ ресурс” компанийн Хөвийн хар, Зуун модны зэс-молибдений ордуудыг ашиглах үед рени үйлдвэрлэл нэмэгдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэгэхээр манай улсад рени үйлдвэрлэлийн боломж чамлахааргүй их. Энэ бол технологийн стратегийн метал бөгөөд эдийн засгийн чамгүй боломжийг даллан дуудах метал юм. Ренигийн үйлдвэрлэлийн хөгжил манай улсад ховор метал ашиглалт, цаашлаад тусгай хайлш, нарийн технологи үйлдвэрлэлийн түүхийн хуудсын эхлэлийг тавих болно.

Монгол улсын бүх нутаг дэвсгэрийг хамарсан газрын ховор элементийн геологийн нарийвчилсан хайгуул, судалгаа хийгдээгүй боловч Ханбогд, Халзанбүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Ар гол зэрэг газрын ховор элементийн баялаг агууламж бүхий газруудыг олж тогтоосон. Үүнд дөрвөн орд, 71 илрэл, 260 гаруй эрдэсжсэн цэгийг илрүүлээд байна. одоогоор Монгол оронд мушгиа худаг, хотгор, Лугийн гол, Халзанбүрэгтэй ордод улсын төсвөөр болон аж ахуйн нэгжүүд хувийн хөрөнгөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгэж, нийт гурван сая тонн ислийн нөөц тогтоогоод байгаа. Хэдийгээр нөөц тогтоогдсон боловч ашиглалтын үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эргэлтэнд орсон орд газар одоогоор байхгүй. энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой юм.

Үүнд:

  • Монгол оронд газрын ховор элементийн болон стратегийн ач холбогдолтой металлын талаарх хууль тогтоомж, тэдгээрийн олборлолт, үйлдвэрлэлтэй холбогдолтой эрх зүйн зохицуулалтгүй.
  • Газрын ховор элементийн хүдрээс баяжмал гарган авах, цаашлаад элемент бүрээр салгахад өндөр үнэтэй, нарийн технологи шаардагддаг.
  • Газрын ховор элементийн олборлолтын болон технологийн салбарт туршлагатай боловсон хүчний хомсдол зэрэг нь нөлөөлж байна.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img