2024-10-05, Бямба
2 C
Ulaanbaatar

Б.Сүнжидмаа: Монголд метан хийн хайгуулын анхны хөндлөн цооногийг энэ онд өрөмдөнө

Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаатай метан хийн салбарын өнөөгийн байдал, хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.

-2018 онд метан хийн салбарт анхны Бүтээгдэхүүн хуваах гэрээг (БХГ) байгуулсан. Түүнээс хойш хэдэн талбайд БХГ байгуулсан бэ?

-Бид 2017 онд нүүрсний давхаргын метан хийн анхны сургалтыг хийж, 2018 онд “Жи Өү Эйч”ХХК-тай метан хийн БХГ байгуулсан. Түүнээс хойш нийтдээ дөрвөн компанитай зургаан талбайд БХГ байгуулсан байна. Одоо хоёр компани эрлээс БХГ байгуулах шат руу шилжихээр хүсэлтээ өгөөд байна. Хийн салбар хөгжихөд гол түлхэц болсон зүйл гэвэл нэгдүгээрт, 2014 оны Газрын тосны тухай хууль юм. Тус хуульд эрлийн гэрээ байгуулахыг хуульчилж өгсөн. Хөрөнгө оруулагч эрлийн гэрээний дагуу судалгааны ажил хийж, талбай нь хэтийн төлөвтэй тохиолдолд БХГ-нд шилждэг. Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажил нь өртөг өндөртэй, эрсдэл ихтэй, хайгуулын ажил урт хугацаанд явагддаг.

Манай төслүүдийн хувьд энэ жил 3 талбайд олборлолтын туршилтын ажил хийгдэж байгаа нь хайгуулын ажил маш эрчимтэй явж байгааг илтгэж байгаа юм. Хоёрдугаарт, дэлхийн томоохон тоглогчдын тоонд ордог Австралийн хөрөнгө оруулагчид манай салбарыг сонирхон хөрөнгө оруулж байгаа нь нөлөөлсөн. Нүүрсний давхаргын метан хийн дэлхийн томоохон тоглогч болсон энэ улсын хувьд хүний нөөц, техник технологи, хайгуулын салбарын үйл ажиллагаа нь тодорхой болчихсон байдаг учраас Монголд шууд нутагшуулан хэрэгжүүлэх нь бид бусдын гаргасан алдааг давтахгүйгээр энэ салбарыг хөгжүүлэх боломжтой болж байгаа юм.

-БХГ гэрээ хийн салбарт амжилттай хэрэгжиж байгаа юм байна. Энэ гэрээний гол зарчмыг товчхон тодорхойлбол?

-БХГ гэдэг нь хөрөнгө оруулагч хөрөнгөө гаргаад хайгуул хийнэ, хэрвээ орд олох юм бол Засгийн газартай ашгаа хуваах, олохгүй бол эрсдлээ өөрсдөө хариуцдаг зарчимтай гэрээ. Энэ нь Засгийн газрууд эрсдэл үүрдэггүй, хөрөнгө гаргадаггүй, харин ашгаас хувь авдгаараа давуу талтай юм. Нөгөө талаас хайгуулын ажлын үед авсан геологи, геофизикийн өгөгдлүүдийг тодорхой хугацааны дараа Засгийн газар дангаараа эзэмшдэг.

Өндөр зардлаар олж авсан газрын гүний өгөгдөл, мэдээллүүд нь шинжлэх ухааны бусад салбаруудын хөгжилд том түлхэц болдог.

Одоогийн байдлаар компаниуд хайгуулын ажил хийн, хөрөнгө оруулсаар байна. Хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулсан амаргүй он жилүүдэд ч манай хайгуулын салбарын хөрөнгө оруулалт зогсоогүй. Шалтгаан нь дэлхий нийтээрээ эрчим хүчний ногоон эх үүсвэрийг анхаарч дэмжих болсонтой холбоотой гэж бодож байна.

-Та эрчим хүчний ногоон эх үүсвэрийн тухай дурдлаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нь Засгийн газрын бодлогын нэг том чиглэл. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад эдгээр төслүүд өгөөжөө өгөх болов уу?

Сүнжидмаа-Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоосоо салсан түүхийг судлаад үзэхэд хийн түлшийг эрчим хүчний салбартаа хэрэглэсэн байдаг. Лондон хотод 1952 онд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон. Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсны улмаас ямарч салхигүй болж, Лондон хотыг өтгөн хар утаа бүрхэн авч, ард иргэд нь нүүрсний утаанд хордож, орондоо амьсгал хураах нь жирийн хэрэг болж, ганцхан өвөл 12 мянган хүний алтан амийг авч одсон байна.

Зарим өдөр утаанд хордож амь алдагсад 4 мянгад хүрч байсан гэдэг. Хохирогчдын 78% нь хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүд байж. Эндээс харахад утааны асуудал ганц манайд байгаа биш, хөгжсөн улс орнуудад ч тодорхой хугацааны өмнө тулгарч байсан. Тэд хийн түлш хэрэглэж, энэ бэрхшээлээс салсан. Европын хотууд ОХУ-аас авсан хийн түлшийг эрчим хүчиндээ хэрэглэж байсан бол одоо дайнаас болж хомсдол үүсэн, хүн төрөлхтөн хийн түлшний ач холбогдлыг илүү сайн ойлгож байна. Австралийн хөрөнгийн бирж дээрх манай компаниудын хувьцаа өсч, хайгуулын хөрөнгө оруулалт тасрахгүй үргэлжилж байна.

Ямар ч салбар хөгжихөд байнгын шинэ зүйлтэй нүүр тулдаг. Хийн салбарын хайгуулчид маань утааны асуудлыг шийдэхүйц нөөц тогтоохын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа тул өндөр хүлээлттэй байна.

-Хийн түлшийг манайд яаж ашиглах боломжтой вэ?

-Олон улсад хийн түлшийг цахилгаан, дулаан, машины түлш, химийн үйлдвэр, ахуйн хэрэглээнд гэх мэт өргөн хүрээнд ашиглаж байна. Бид ч тэр жишээгээр ашиглаж агаарын бохирдлоо бууруулна. Нөөцөөс нь хамаараад бага хэмжээний нөөц тогтоогдвол сумын цахилгаан дулаан, ахуйн хэрэглээг хангах, ихээхэн хэмжээний нөөц тогтоогдвол Улаанбаатар хотын утаа үүсгэж байгаа эх үүсвэрүүдийг хийн түлшээр ажилладаг болгох, Монгол улсын хэрэгцээнээс илүү гарахаар нөөц тогтоогдвол экспортлох гэх мэт бидэнд хэрэглэх маш том боломж байгаа.

-Монгол Улс хий хэрэглэгч орон болоод удаж байна. Бид импортоор хий оруулж ирдэг. Манайд хийн доод урсгал нэлээн сайн хөгжсөн. Хаа сайгүй газын цахилгаан станцтай болж, хөдөөгийн малчид маань ч баллонтой хий тавиад хоол цайгаа хийж байна. Бид хийг хэрэглээд хэвшиж байна уу?

-Импортын хийг монголчууд ахуйн хэрэглээндээ хэрэглэх, машины түлш болгох зэргээр доод урсгал нэг үеэ бодоход хурдацтай хөгжиж, хөдөөний ард иргэд маань ч хотын биднээс илүү их хий хэрэглэдэг болоод байна. Гол нь хийн ордтой болж “Монголд үйлдвэрлэв” гэсэн хийг хэрэглэх нь л чухал байна.

Утаанаас болж бид бүхний амьдралын чанар маш их муудаж байгаа тул хойч үеэ бодоод энэ үеийнхэн бид хийн түлшний эрэл хайгуулд гарахаас өөр зам алга.

Гэхдээ байгалийн хий гэдэг өнөөдөр хайгаад маргааш олчихдог зүйл биш. Маш их хөрөнгө оруулалт шаардагдана. 300 метрээс гүнд эдийн засгийн үр ашигтай хуримтлал үүссэн байдаг учраас олж тогтооно гэдэг геологичдын цуцашгүй хөдөлмөрийн үр шим, цаг хугацаа хөрөнгө мөнгө шаардсан нөр их ажил.

-Метан хийн давуу талуудыг ярилцлаа. Одоо эрсдлийг нь ярья. Манай улсын хувьд метан хийг олборлодоггүй учраас энэ агаарт дэгдчихдэг. Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь мэдээж таатай биш байх…?

-Нэгдүгээрт, нүүрсийг олборлох явцад метан хий агаарт аяндаа дэгддэг. Метан хий нь дулаан хий тул хүлэмжийн хийг нэмэгдүүлж дэлхийн дулаарлыг дэмждэг. Хоёрдугаарт, нүүрсний гүний уурхайг ашиглах явцад ялгарч буй хийг нь урьдчилан зайлуулахгүй бол дэлбэрч аюулгүй ажиллагаа алдагддаг. Үүний нэг жишээ нь Налайхын их уурхайд тохиолдсон шүү дээ.

СүнжидмааМөн нүүрсний ил уурхайн олборлолтын үед тэсэлгээ хийх түүнчлэн гаргаад овоолсон нүүрсний хажуугаар машин явж, оч үсрэх төдийд хийтэй нүүрс шатамхай болчихдог тал бий. Гуравдугаарт, нүүрсийг олборлох явцад хий нь дэгдээд л алга болчихвол эдийн засгийн хувьд хохиролтой. Тиймээс дэлхий нийтээр эхлээд метан хий, дараа нь нүүрс гэсэн дараалалтай олборлодог юм.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн XXI (COP21) чуулга уулзалтаар дэлхийн 100 гаруй орон метан хийн ялгарлаа бууруулах, 50 гаруй орон метан хийн салбараа хөгжүүлэх зорилт тавьсан. Нүүрсний давхаргын метан хий нь ашиглавал ашигтай, ашиглахгүй орхивол хортой ийм л байгалийн нөөц. Бэлэн байгаа эрчим хүчний энэ сайхан эх үүсвэрээ зүгээр хаях нь авдранд байгаа алтаа гаргаад хаяж байгаатай агаар нэг юм.

-Орон нутгийн нүүрсний уурхайнуудад метан хийн илэрцүүд хэр байдаг вэ?

-БХГ байгуулсан 4 компани гэрээ байгуулснаасаа хойш хайгуулын ажлыг тасралтгүй хийж, одоогийн байдлаар зургаан талбайд геофизикийн болон өрөмдлөгийн ажлыг эрчимтэй хийж байна.

2022 онд “Жи Өү Эйч”ХХК Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Номгон дэд сав газарт олборлолтын туршилтын ажлыг эхлүүлсэн бол энэ онд “Метангаз ресурс”ХХК Тавантолгойн нүүрсний орд дээр хөндлөн цооног өрөмдөж олборлолтын туршилтын ажил хийхээр, “Тэлмэн ресурс”ХХК Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Гурвантэсийн нүүрсний орд дээр олборлолтын туршилт хийхээр ажилдаа ороод байна.

Энэ онд бид Монгол Улсад метан хий дээр анхны хэвтээ цооног өрөмдөх гэж байгаа ба энэ салбарт хүний нөөцийн болон технологийн хувьд хөгжсөн, шинэ шийдэлтэй нүүр тулсан, гадаадын мэргэжилтнүүдээс туршлага судалсан, шинэ зүйлд суралцсан сонирхолтой он болох нь. Метан хийн тухайд энэ бол хамгийн сүүлийн үеийн, нарийн технологи.

-Хийн салбарт үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэн, үндэсний компаниудыг чадавхжуулах нь чухал. Энэ тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Бид метан хийн хайгуулын салбарт үндэсний мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгч нарыг бэлтгэх тал дээр онцгойлон анхаарч байгаа ба компаниуд маань ч энэ тал дээр сайн хамтран ажиллаж байгаа. Төслүүд эхэлсэн цагаасаа өнөөдрийн хүртэл геологийн ажлыг үндэсний компаниудаар хийлгэж байна. Үндэсний өрмийн компаниуд тунамал хурдасд бага гүнд өрөмддөг байсан бол одоо маш олон хүндрэл бэрхшээлийг даван 1000 метр хүртэлх гүнд өрөмдөж байна.

Хэвтээ цооногийн хувьд анх удаа хийгдэж байгаа тул тоног төхөөрөмж болон хүний нөөцийн хувьд дотоодын нөөц бололцоогоо дайчлан хийх боломжгүй тул цэвэр гадаад мэргэжилтнүүдийн баг ажиллана. Үндэсний мэргэжилтнүүдийг чадавхижуулах ажлын хүрээнд нүүрсний давхаргын метан хийн чиглэлийн сургалтуудыг гадаад багш нараар удирдуулан хийж байна. Хийн хайгуулын компаниудад болон туслан гүйцэтгэгч компаниудад үндэсний олон геологичид, инженерүүд гадаад мэргэжилтнүүдийн удирдлага дор ажиллаж хийн хайгуулын чиглэлээр мэргэшиж байна. Жишээ дурдвал геологич Б.Одхүү, В.Ганзориг, Г.Мөнх-Эрдэнэ нараар удирдуулсан геологичдын багийг нэрлэж болох нь.

-Өнгөрсөн онд энэ чиглэлээр хийсэн ажлаасаа сонирхуулаач?

-Аливаа нэгэн салбар хөгжихөд системтэй үе шаттай хийгдэх ажлууд гэж байдаг. 2022 онд хийгдсэн томоохон ажлын нэг нь Австралийн Засгийн газрын техникийн туслалцааны хүрээнд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд метан хийн баялгийн үнэлгээг хийлгэж, хэтийн төлөв бүхий талбайнуудыг ялган, 7,4 их наяд метр куб метан хийн баялаг байгааг тооцоолсон. Австралийн АМЕП төсөл уг судалгааг хийх боломжтой компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлаж Австралийн “Сайпер” компани шалгаран, Монголын үндэсний мэргэжилтэн, докторуудыг оролцуулан баялгийн үнэлгээний судалгааг хийлгэсэн.

Олборлолтын туршилт амжилттай болж, эдийн засгийн ач холбогдол бүхий хуримтлал тогтоогдвол хийн нөөц тооцоолох ажил хийгдэнэ. Бид энэ ажлыг угтуулан “Газрын тосны баялагийн үнэлгээ, нөөцийн тооцооны тайланд тавих шаардлага”-ыг хийж батлуулаад байна.

-Засгийн газрын хувьд “Алсын хараа 2050” гэсэн томоохон бодлого бий. Тэр бодлогод метан хийг хөгжүүлэх ажил багтсан. Бодлогын түвшинд шийдэгдсэн учраас метан хийн эрэл, хайгуул амжилттай урагшилж байна гэж ойлгогдлоо.

Стратегийн чухал түүхий эд болсон хийн салбарыг хөгжүүлэхийн тулд Засгийн газраас анхаарч, асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн удирдлагын байгууллагад тус салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, дэмжиж ажиллах үүрэг даалгаварыг өгч ажилладаг. Мөн газрын тосны тухай хуулийн 9 дугаар зүйл, 10 дугаар зүйлээр дээрхи 2 байгууллагын чиг үүргийг хуульчилж өгсөн байдаг. Энэ салбарыг хөгжүүлэх үүргийг манай агентлагт төрөөс ийнхүү өгсөн болохоор бид амжилттай хэрэгжүүлэхийн төлөө зорин ажиллаж байна.

Хойч үе маань эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хийн нөөц зайлшгүй хэрэгтэй байгаа гэдгийг, тус нөөцийг бий болгохын тулд хүн бүрийн оролцоо, салбарын ач холбогдолыг ойлгох явдал чухал байна.
-Ярилцсан Танд баярлалаа.

Б.БУЯНЭМЭХ

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img