(Төгсгөл. Эхлэлийг энд дарж уншина уу)
-Зохиолчийн хэв маягийг хадгалан өөр хэл рүү буулгана гэдэг тамын ажил. Таны зохиолуудыг хэр сайн орчуулж байна гэж та боддог вэ?
-Өнөөг хүртэл орчуулагчдын бүх ажил надад таалагдаж буй. Орчуулагч бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай ч миний өгүүлэх гэснийг сайн мэдэрч ойлгон дамжуулж байна. Олон зохиолыг минь Натан хэрхэн англи хэл рүү хөрвүүлсэн нь сайшаалтай, үүнд би талархдаг. Өмнөтгөл дээрээ л заримдаа намайг таагүй өнцгөөс харуулдгаас биш. Гэхдээ миний номуудыг франц хэлнээ хамгийн сайн орчуулсан гэж би боддог. Магадгүй франц хэл миний анхны бөгөөд хамгийн сайн эзэмшсэн гадаад хэл учраас тэр байх.
-Ингэхэд та англи, франц хэлийг хэр сайн мэддэг вэ?
-За даа, уншигчийн хувьд би энэ хоёр хэлийг ялгаагүй сайн ойлгохтойгоо. Харин аль хэлээр нь илүү хүмүүстэй харилцдагаа мэдэхгүй юм. Мэдээж аль алинаар нь харийн хүний хувьд хэлтгий л ярьдаг байлгүй дээ. Мөн итали хэл дээрх зохиолуудыг уншихад багагүй цаг зарцуулдаг. Дантегийн зохиолуудыг эх хэлээр нь уншихад ямар яруу сайхан гээч.
-Ихэнх зохиолч өөрсдийгөө бусдаас тусгаарлан нам гүм, тайван орчинд бүтээлээ туурвидаг гэнэ билээ. Таны романуудын гол хүүрнэгч нь ихэвчлэн зохиолч байдаг. Тэр нь тэгээд зочны өрөөнийхөө буйдан дээр хэвтээд л ном уншихын сацуу бүтээлүүдээ туурвидаг. Тэгэхээр та ч бас гэр бүлийнхээ хүрээлэл дунд зохиолуудаа бичдэг гэсэн “хар” төрөх юм?
-Надад роман бичихэд, эсвэл ямар нэг ном уншихад гэр бүлээсээ холдон ганцаар байх тусгай орчин шаардлагагүй ээ. Ихэвчлэн би зочны өрөөндөө ажилладаг. Тэр үед миний хажууд Хикари хөгжмөө сонсч л байдаг, төгөлдөр хуураа дарж л байдаг. Би нэг бичсэнээ олон удаа засч янзлан сайжруулдаг гэж өмнө нь хэлсэн шүү дээ. Тэр болгонд миний хажууд Хикари, бас эхнэр маань байж л байдаг юм.
Манай байшингийн хоёрдугаар давхарт уг нь миний ажлын өрөө бий. Би тийшээ нэг их шагаадаггүй. Гэхдээ романаа дуусгах үед онцгой их төвлөрөх шаардлага гарна л даа. Тэгэхэд л би ажлын өрөө рүүгээ авирдаг. Гэр бүлийнхэндээ солиотой гэмээр төвлөрлөөрөө саад болохгүйн тулд л тэр.
-Таны дийлэнх ном хувийн амьдралын туршлагаас тань урган гарсан гэлтэй. Та юу ч зохиодоггүй хэрэг үү?
-Үнэнийг хэлэхэд би роман бичиж эхлэхдээ зохиолын баатрыг хэрхэн цогцлоох, түүнийг ямар замналаар явуулахаа, зохиол хэрхэн дуусах ёстойг бүрэн гүйцэд тодорхойлоогүй байдаг. Тэр бүхэн миний дээр хэлсэн сайжруулалтын явцад л надад ойлгомжтой болдог юм. Дахин дахин хуулан бичиж зохиолоо сайжруулах явцад гэв гэнэт цоо шинэ дүр төрх, үйл явдал толгойд ороод ирнэ шүү дээ. Тэр нь бодит амьдралаас тэс өөр орчин байх нь цөөнгүй. Ингэж л зохиолын бэлэн ясыг мах аажмаар бүрснээр бүрэн бүтэн бүтээл минь төрдөг гэж хэлж болох байх.
Гэхдээ би бүх романаа өөртөө зориулсан юм шиг ээ. Эргээд харахад бүтээлүүдээс минь би залуудаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй дунд эргэм насандаа, хөгширсөн хойноо хэрхэн сэтгэж байсан нь шууд харагддаг гэх үү дээ.
Жишээлбэл, “Тэнгэр эрхсийн хий үзэгдэл Агу”-д би надтай адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болсон хүний тухай өгүүлжээ. Тэр зохиолын баатар надаас тэс хөндлөн өөр шийдвэр гаргадаг. Агугийн эцэг оюун ухаан муутай хүүдээ туслахаас татгалзаад орхин явдаг юм. Тэгвэл “Хувийн туршлага”-даа би Берд гэгч мөн л оюун ухаан дутмаг төрсөн хүүтэйгээ хамт амьдрахыг шийддэг эцгийн тухай бичжээ.
Эл хоёр эсрэг тэсрэг зохиолыг би бараг л нэг цаг үед гараасаа гаргасан. Юутай ч би Агу, Берд хоёрын эцгүүдийн тухай бичсэнийхээ дараа Бердийн замналыг сонгосон юм. Хэрхэхээ мэдэхгүй байсан шийдвэрлэх тэр үед зохиолчийн ажил минь надад зөв зам зааж өгсөн гэж өдгөө дүгнэж болмоор.
-Хикари таны бүтээлүүдэд цөөнгүй гарч ирэх юм?
-Би Хикаритайгаа дөчин дөрвөн жилийн турш хамт амьдарч байна. Хүүгийнхээ тухай бичих нь миний утга зохиолд өөрийгөө тодорхойлох ганхашгүй багана болсоор ирсэн. Оюуны хомсдолтой хүн өөрийгөө хэрхэн мэдэрч, өөрийгөө хэрхэн илэрхийлж, тэр нь ямар амаргүй байдгийг харуулахын тулд би хүүгийнхээ тухай өгүүлсээр өнөөг хүрчээ. Хүү маань залуу зандан насандаа өөрийгөө, өөрийнхөө хүнлэг сэтгэхүйгээ хөгжмөөр илэрхийлж эхэлсэн юм. Тэгэхэд би өөрийгөө танин мэдэх үйл явцад орж, харин Хикари өөрийн замналаа үргэлжлүүлсэн.
-Та бүтээлүүддээ яагаад хүүгийнхээ жинхэнэ нэрийг оруулахаар шийдсэн юм бэ?
-Эхэндээ би зохиолууддаа хүүгээ Иа нэрээр орлуулдаг байлаа. Гэхдээ яг үнэндээ би хүүгээ Пух гэж дууддаг.
-Яагаад тэр вэ?
-Винни Пух гэж дэлхий даяар алдаршсан хүүхдийн зохиолын баатар байдаг даа? Түүнээс болж л би эхнэртэйгээ гэрлэсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед “Иванами Шиотен” гэх хэвлэлийн газар Винни Пухийн тухай номыг хэдхэн мянган ширхэгээр хэвлэж л дээ. Хэн хүнд олдохгүй. Дунд сургуулийн хүүхэд би бээр эхнэрийнхээ ах Зюүзо Итамиг сайн таньдаг, гэрт нь орж гардаг байлаа. Тэгтэл ээж нь нэг удаа надаас “Пухийн зэргэлдээх байшин” номыг олж өгөхийг хүссэн юм. Тэрээр дайны туршид тэр номыг уншиж тайтгардаг байсан ба хаа нэгтээ алдчихаж л дээ. Би ч яахав, Токиогийн хуучин номын дэлгүүрүүдийн байнгын үйлчлүүлэгч хойно “Винни Пух”, “Пухийн зэргэлдээх байшин” номуудыг дор нь олоод өгсөн юм. Үүний дараа би охинтой нь, ирээдүйн эхнэртэйгээ захидлаар харилцдаг болсон. Тэгж л бүх юм эхэлсэн юм даа.
-Нобелийн шагнал хүртэх болсныг тань анх дуулаад таны гэр бүл хэрхсэн бол?
-Гэр бүлийн маань хандлага өөрчлөгдөөгүй ээ. Нобелийн шагнал хүртсэн тухай мэдээ ирэхэд би яг энэ буйдан дээр суугаад ном уншиж байлаа. Хикари хажууханд хөгжмөө сонсоод л. Токиогийн их сургуулийн биологийн химийн оюутан удаахь хүү, Софиагийн их сургуулийн оюутан охин хоёр маань гал тогооны өрөөнд байв уу даа. Тэр хоёр маань надад шагнал олгоно гэж төсөөлөө ч үгүй.
Тэгтэл орой есөн цагийн үед утас дуугардаг юм байна. Хикаригийн минь хийх дуртай зүйлүүдийн нэг гэвэл гэрийн утас авч хэнтэй ярихыг лавлаад дамжуулдаг явдал л даа. Тэрээр англи, франц, герман, орос, хятад, солонгосоор “Сайн байна уу? Танд юугаар туслах вэ?” гэж маш сайн хэлдэг юм. Иймд, утас дуугарахад тэр түрүүлж очиж аваад англиар нэлээд хэдэн удаа “Үгүй” гэж хариулснаа утсыг надад дамжуулсан. Шведийн академийн Нобелийн шагналын хорооноос залгаж буйгаа учирласан хүн “Та Кензабуро Оэ мөн үү, Нобелийн шагналаас татгалзаж байгаа хэрэг үү?” гэж лавлаж билээ. Тэгэхэд нь би, “Хүү Хикари минь миний өмнөөс татгалзсан хэдий ч би өөрөө бол авна аа” гэж хэлээд утсаа тавьсан юм. Тэгээд л гэр бүлийнхэндээ хандаж Нобелийн шагнал авах болсон тухайгаа дуулгасан. Тэгэхэд эхнэр минь “Яг биз?” гэж билээ.
-Таны эхнэр өөр юу ч хэлээгүй гэж үү?
-Тийм ээ. Бага хүү, охин хоёр ч мөн адил. Тэр хоёр дуугүй л өрөө өрөө рүүгээ орсон. Хикари хөгжмөө сонссоор л байсан. Би түүнтэй Нобелийн шагналын талаар хэзээ ч ярьж байгаагүй л дээ.
-Энэ бүхэнд та санаагаар унасан уу?
-Би зүгээр л үргэлжүүлэн номоо уншсан. Гэхдээ л, “Ийм юм дуулаад ямар ч гэр бүлд ингэж ханддаг бол уу?” гэсэн асуулт толгой дотор эргэлдсэн. Тэгтэл үүний дараагаар утас тасралтгүй таван цаг тачигнасан. Мэдэх, мэдэхгүй өчнөөн хүн ярьсан. Гэрийн гадаа сэтгүүлчид багширалдаад л. Хүүхдүүд ийм байдлаас үнэхээр залхсан. Би гэрийн хөшгөө буулган гэр бүлийнхээ хувийн амьдралыг бусдаас далдлахыг хүссэн дээ.
-Нобелийн шагнал хүртэхэд өөр хар бараан тал гэж бий юу?
-Нобелийн шагнал хүртлээ гээд тэгтлээ муу юм ч, сайн юм ч юу байх вэ дээ. Харин шагналд нэр дэвшсэнийг минь дуулангуутаа гэрийн гадаа сэтгүүлчид байнга намайг отдог болсон. Миний уран бүтээлийг үнэлдэггүй, улс төрийн байр суурийг минь эсэргүүцдэг хүмүүс ч надтай дотносохыг хүссэнийг яана.
Угтаа бол Нобелийн шагнал утга зохиолын хувьд тэгтлээ ач холбогдолтой биш хэдий ч тухайн зохиолчийг нийгэм дотор өргөж өгдөг. Энэ шагнал нэг ёсны юунд ч, яаж ч хөрвүүлж болох үнэт валют гэлтэй. Миний хувьд Нобелийн шагнал авчихаад өөрийгөө хэн гэж бодож байсан, түүгээрээ л үлдсэн. Угаасаа биеэ тооно гэдэг ямар ч зохиолчид, ер нь ямар ч хүнд зохисгүй. Энд гэж хэлэхэд, Нобелийн шагнал хүртсэнийхээ дараа дорвитой уран бүтээл туурвисан хүн хуруу дарам цөөн. Томас Манн байна. Дээр нь Фолкнер.
-Хикариг төрөхөд та хэдийнэ нэр алдартай зохиолч болсон байв. Таныг эхнэртэйгээ гэрлэхэд гайхамшигтай хос гэж хэвлэл мэдээллээр шагширдаг байж. Тэр үед Хикари таны карьерыг сүйтгэнэ гэж бодож байв уу?
-Хикариг төрөхөд би хориннаймтай байлаа. Үүнээс таван жилийн өмнө би нэр хүнд бүхий Акутагавагийн шагналыг гардсан юм. Гэвч би оюуны хомсдолтой хүүтэй болсноосоо айгаагүй, хэнээс ч ичиж үүнийгээ нуугаагүй. Энэ нь надад зохиолчийнхоо үйлийг үргэжлүүлэхэд харин ч түлхэц болсон.
Үндсэндээ бол миний амьдралын гуравны нэг нь ном уншихад, өөр гуравны нэг нь зохиол бичихэд, үлдсэн гуравны нэг нь Хикаритайгаа амьдрахад хуваагддаг гэж хэлж болно биз ээ.
-Зохиол бичихдээ та ямар өдрийн дэглэм баримталдаг нь сонин байна?
-Нэгэнт роман эхлүүлсэн бол би дуусан дуустал нь өдөр алгасахгүй бичдэг. Тийм үед ихэвчлэн өглөө долоон цагт босоод оройны долоо хүртэл ажилладаг. Ингэхдээ би өглөөний цай уудаггүй. Нэг аяга ус л хүртдэг. Энэ нь зохиолчийн ажлыг өдөөдөг байж мэдэх юм. Гэхдээ зохиолч бүр өөр өөрийн дэглэмтэй биз ээ.
-Та нэгэнтээ, романууд тань ойгоор хүрээлэгдсэн төрж өссөн тосгондоо эргэн очих арга гэж хэлж билээ?
-Тийм ээ. Би зохиолууддаа төрж өссөн тосгоноо бишгүй эргэн дурсдаг. Гэхдээ миний зохиолуудад оюун санаанаасаа зохиосон тэс өөр тосгон, тэс өөр ой дүрслэгдэх нь цөөнгүй.
Энд нэгэн дурсамжаасаа хуваалцъя. Би бага ангид байхдаа гэрийн даалгаврын дагуу ойгоор хэсүүчлэн моддын нэрсийг цээжилж явахдаа хэт даарч хатгаа туссанаа санадаг юм. Орон дээрээ халуурч хэвтэхэд мөдгүй үхэх юм шиг санагдаад. Тэгээд ээжээсээ, “Би үхэх болов уу?” гэж асууж билээ. Ээж минь, “Чи одоо үхлээ ч би чамайгаа дахин төрүүлнэ ээ” гэсэн. “Тэгвэл би өөр хүүхэд болно шүү дээ?” гээд намайг гайхшрахаад ээж, “Би тэр хүүхдэд чиний мэддэг, чиний уншдаг ном бүхнийг зааж өгнө өө” гээд тайвшруулж билээ. Үүний дараа би мэдээж дороо эдгэрсэн.
-Таныг нойргүйтэл зовоодог гэж үнэн үү?
-Би угийн нойр муутай хүн. Үүнээсээ болж л оюутан байхдаа роман бичиж эхэлсэн юм. Хоёр жилийн турш хамаарсан нойрны эмнээсээ салахад унтахаасаа өмнө уудаг аяга архи тус болсон доо. Ер нь зохиол бичих үедээ би гал тогоондоо орж ганц хоёр зуун грамм виски, хоёроос дөрвөн лааз шар айраг хүртээд тайван амгалан унтдаг. Гэхдээ ийм дэглэм унших чадамжийг минь эрс бууруулдаг юм.
-Та амьдралаа эргэн хараад зөв зам сонгосон гэж боддог уу?
-Би ихэнх амьдралаа эхнэрийнхээ хийсэн хоолыг идэж, Хикаригийн хажууд хөгжми сонсож өнгөрөөжээ. Гэхдээ тун дажгүй, сонирхолтой карьер сонгосон байна шүү. Өглөө бүр миний унших ном дуусашгүй гэсэн бодолтой сэрсээр л байна. Миний амьдрал ийм л юм даа.
-Та аль номоо хамгийн амжилттай нь гэж боддог вэ?
-“1860 оны хөл бөмбөг”. Залуу насны минь бүтээл учир илэрхий согог дутагдал бишгүй л. Хэдий тийм ч миний хамгийн амжилттай роман болов уу.
-Та ямар нэг шашин шүтдэг үү? Таны сүсэг бишрэл гэвэл?
-Би ямар нэг шашин шүтдэггүй, гэхдээ атеист буюу шашингүйн үзэлтэн биш. Би сэхээтэн хүн бүрт байх учиртай ёс суртахууныг бишрэн хүндэлдэг. Харин сүсэг бишрэлийн хувьд гэвэл Хикаритайгаа дөчин дөрвөн жил хамт амьдрахдаа түүний тоглох хөгжмөөс ямар нэг дээд ертөнцийн тайж болшгүй эрхэм зүйлийг мэдэрсээр иржээ.
Би мөргөж залбирдаггүй. Гэхдээ үүний оронд өдөр бүр хийдэг хоёр зүйл бий. Эхнийх нь бол, би өглөө бүр дор хаяж хоёр цаг би өөрийн итгэдэг сэтгэгчид, зохиолчдыг уншдаг. Хоёрт гэвэл би унтахаас нь өмнө Хикариг жорлонд хүргэж өгдөг. Энэ нь миний хувьд нэг ёсны шашны зан үйл юм. Үүний дараа би тагш юм уугаад унтдаг даа.
“The Paris Review” сэтгүүлд өгсөн алдарт зохиолчийн ярилцлага ийн өндөрлөж байна. Гэвч түүний хүү, зохиолуудынх нь гол баатруудын нэг Хикаригийн тухай хэдэн үг нэмж тэрлэхгүй бол болохгүй нь. Аав, ээж нь түүнийг нялх байхад тайвшруулж унтуулахаар Моцарт, Шопены хөгжмийг сонсуулдаг байжээ. Төдөлгүй Хикари төгөлдөр хуурын багштай болоход төгс сонсголтой нь тогтоогдсон аж. Оюуны хомсдолтой хэдий ч тэрээр өдгөө Японы хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэг болжээ. Түүний “Хикари Оэгийн хөгжим” хэмээх цомог Японд сонгодог хөгжмийн цомгуудаас хамгийн ихээр худалдаалагдсан хэвээр.