- Шар нунтаг бол байгалийн ураныг баяжуулаад хүчил хэлбэртэй болгосон л нэг бүтээгдэхүүн шүү дээ. Цааш нь олон дамжлагаар боловсруулж байж цөмийн реакторын түлш болдог эд. Ураныг олборлоод, шар нунтаг гаргаж авах хүртэлх процесст цацрагийн түвшин тухайн газар нутагт байгалийн суурь түвшингээсээ тэгтлээ ихэсдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүст нөлөөлөх цацрагийн түвшин маш бага.
- Байгаль дээр ураны төрлийн хоёр изотоп байдаг. Химийн хувьд ижил шинж чанартай, харин физик болон цөмийн урвал явагдах шинж чанараараа ялгаатай хоёр өөр уран байдаг гээд ойлгочихож болно. Одоогийн цөмийн реакторуудад хэрэглэгдэж түлш болдог нь уран-235 гэдэг изотоп.Энэ изотоп байгаль дээрх ураны 0.7 хувийг эзэлдэг. Тэгэхээр байгалийн уранд байх 235 гэсэн хэмжээг өсгөх шаардлага гарч ирнэ. Тодруулж хэлбэл дараагийн шатны баяжуулалт хийгдэнэ гэсэн үг. Ийм нарийн технологи улс бүрд байдаггүй. Байхыг нь ч хүчирхэг гүрнүүд зөвшөөрдөггүй.Учир нь уран-235-ын өндөр баяжмал гаргана гэдэг нь шууд атомын бөмбөгийн түүхий эд болчихож байгаа хэрэг. Ямар төрлийн цөмийн реактор гэдгээсээ хамаараад хэрэглэх түлш нь янз бүр байдаг. Голдуу 5-20 хувийн уран-235-ын агууламжтай түлш хэрэглэдэг. Түлшний үлдэж буй хэсэг нь ураны нөгөө изотоп. Уран-238 гэдэг изотопийн хувьд байгал дээр 99.3 хувийг эзэлдэг.Тэгэхээр хүн төрөлхтөн одоогоор байгалийн ураны нэг хүрэхгүй хувийг нь эрчим хүчний зорилгоор ашиглаж чадаж байгаа гээд ойлгочихож болно. Гэхдээ уран-238-ын эрчим хүчийг ашиглах шинэ төрлийн реакторуудын судалгаа эрчимтэй хийгдэж байгаа.
- Манай улсад шар нунтаг хүртэл боловсруулах тул цацрагийн өндөр агууламжтай хаягдал үүсэхгүй. Уран гэдэг бол хэдэн тэрбум жилийн настай цацраг идэвхт химийн элемент. Олон сая жил байгаль дээр бүрэлдэж бий болсон ураны орд дотор задралаас нь үүссэн бусад элементүүд ч хамт байж байдаг. Хүдрийн биетээс ураныг нь ялгаж авсан ч тухайн биет дотор байх бусад элементүүд тэр чигтээ үлдэнэ гэсэн үг. Гэхдээ үлдсэн элементүүдийн хувьд байгальд ямар хэмжээний идэвхжилтэй байсан тэр хэвээрээ л байна.Уран олборлолтоос үүдэж цацрагийн бохирдол үүсэх нь бага гээд байгаа нь ийм учиртай. Мэдээж уурхайн хайгуул, олборлолтын үед сахих дүрэм журмууд гэж бий. Дүрэм журмаа мөрдөөд ажиллахад уран олборлоход аюулгүй.
- Монголд орж ирэх нь гэж шуугиад байгаа цөмийн хаягдал гэж юу вэ гэдэг талаар товч тайлбар өгье. Цөмийн реактор дотор уран шатах нь байгаль дээрх задралаас арай өөр. Цөмийн хуваагдах урвал явагддаг. Өөрөөр хэлбэл, үелэх системийн 92 дугаарт байрлах уран хоёр хуваагдахаар нийлбэр нь 92 гарах янз бүрийн хөнгөн элементүүд үүсдэг. Тэдгээрийн ихэнх нь хурдан хурдан хугацаанд задраад байгаль дээр тогтвортой байдаг хөнгөн элементүүд үүсдэг. Урт настай олон мянган жилд задарч дуусах элементүүд ч байдаг. Мөн шатдаггүй гэж сая ярьсан уран-238-аас байгаль дээр байдаггүй, илүү хүнд элемент болох плутони үүсдэг. Энэ нь бас л зэвсгийн түүхий эд болдог. Ийм шалтгаантай учраас их гүрнүүд ашигласан түлшийг мөн л өөрсдийн хяналтанд байлгах сонирхолтой. Тэгэхээр манайхны яриад байгаа шиг нууцаар оруулж ирээд хаа нэг газар булчихна гэсэн ойлголт огт байхгүй. Одоогоор ашигласан түлшийг маш цөөхөн газар дахин боловсруулалт хийдэг.
- Манай орны ихэнх ордын нүүрс бага боловч ураны агууламжтай байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоосон зүйл. Нүүрсэнд ганц уран ч гэлтгүй их олон төрлийн хүнд металл агуулагддаг. Энэ бүх хүнд элементүүд нүүрсний утаа, үнсэнд агуулагддаг юм. Зөвхөн манай улсад ч биш бусад орнууд ч энэ талаар анхаарч судалсан байдаг л даа. Нүүрсний цахилгаан станцын ойролцоо амьдарч буй иргэдийн авах цацрагийн нөлөөлөл цөмийн станцын ойролцоо амьдардаг иргэдийхээс 100 дахин их байдаг гэсэн судалгааг АНУ-ын Оак Ридж лабораториос гаргасан байдаг.Улаанбаатарчууд жилдээ ойролцоогоор 5.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Монгол орны нүүрсэнд дунджаар 1 ppm (саяд нэг буюу тонн нүүрсэнд 1 гр) уран байдаг гэсэн судалгаа бий. Нэг зүйлийг онцолж хэлэхэд голдуу үүнээс ч их хэмжээтэй байдаг. Эндээс ургуулаад тооцохоор нийслэлчүүдийн түлсэн нүүрсний үнс, утаагаар ялгарсан уран багаар бодоход л жилдээ таван тонн болно гэсэн тоо гарч байна.
- Цацрагийн хордлогоос болж гажигтай төл гарсан гэж үзвэл ургийн гажиг бий болохуйц их хэмжээний цацрагийн бохирдол байгаа гэсэн үг. Үнэхээр тийм бохирдол байгаа бол манай иргэний хөдөлгөөнийхөн ч гэсэн цацраг хэмжигч барьж очоод хэмжчих боломж бүрэн бий. Нэг зүйлийг дахиад онцолъё. Тийм өндөр хордлого өгөхүйц цацрагийн тун ураны уурхайгаас болж үүснэ гэж хэзээ ч байхгүй.