2024-10-13, Ням
-2 C
Ulaanbaatar

Эмийн үнэ, чанарын асуудлаар салбарынхан хэлэлцлээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, нийгэмд болон салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх гарцыг эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран тодорхойлох зорилгоор “Салбараа сонсъё” аяныг санаачлан зохион байгуулж байгаа.
“Салбараа сонсъё” аяны ээлжит уулзалтаа өчигдөр /2023-03-20/ эм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй хийлээ.
Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд иргэдийг бухимдуулж буй эмийн үнийн хяналтгүй өсөлт, эмийн чанар, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлохоос гадна болзошгүй нөхцөл байдал үүссэн үед улсын эмийн нөөц бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох гэсэн үндсэн дөрввөн чиглэлээр эм хангамжийн байгууллагынхны санаа бодлыг сонсож, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, баримтлах бодлого шийдвэрт тусгахыг зорьж энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйгаа онцолсон.
Тэрбээр эмийн үнийн өсөлтийн шалтгааныг тодруулах зорилгоор Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж, тодорхой судалгаануудыг хийлгэж байгаа. Мөн эм, биобэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанарыг баталгаажуулахтай холбогдсон зохицуулалтыг олон улсын практикт нийцүүлэх, хуурамч, стандартын бус эмтэй тэмцэх үүрэг хариуцлагыг тодорхой болгон хуульчлах, эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, чанар, аюулгүй байдал, хөрөнгийн оновчтой төлөвлөлт, засвар үйлчилгээний менежментийн зохицуулалтыг цогцоор тусгасан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг дуулгасан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хянат, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа танилцуулж, тодорхой мэдээллүүдийг өгсөн бөгөөд өнөөгийн байдлаар Монгол Улсад 3400 гаруй нэр төрлийн эм импортоор, 1000 орчим нэр төрлийн эмийг дотоодод үйлдвэрлэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-ны байдлаар Монгол Улсад 4204 нэр төрлийн эм бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээрийн 80 шахам хувь нь импортын эм. Импортоор эм оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй 220 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг мэдээллийг өгсөн.

Уг мэдээллийн дараа уулзалтад оролцогчид эм хангамжийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням:
-Монгол Улсад эм хангамжийн 3100 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж тэдгээрт 13 мянган хүн ажиллаж байгаагийн 50 хувь нь эм зүйч мэрэгжлийнхэн байгаа. Эдгээр байгууллага 2021 онд 164.5 сая, 2022 онд 159.3 сая ам.долларын эмийг импортоор оруулж ирсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмийн үнэ дунджаар 40 хувь өссөнд ковидоос эхлээд валютын ханшийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн.
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн холбооны зөвлөх Ж.Рэнчин-Амгалан:
-Эмийн үнийн өсөлт иргэдэд бэрхшээл үүсгэж байгаа нь үнэн. Өсөлтийг хэрхэн хязгаарлах боломж байгаа вэ гэдгийг тал талаас нь нуцхацтай харж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Эмийн үнийг бууруулахын тулд эмийн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх гарцыг судалж үзэх хэрэгтэй. Мөн өргөн хэрэглэдэг зарим эм дээр ч энэ асуудлыг харж үзэх шаардлага байгаа. НӨАТ-ыг эмийн үйлдвэрлэлд, эмийн санд гэхчилэн шат шатандаа давхар төлж байна.
Өнөөдөр зах зээлд бүртгэлгүй, мэргэжлийн бус хүмүүс хийж байгаа хууль бус эмийн эргэлт байгаад хяналт тавих тогтолцоо байхгүйд онцгой анхаарах ёстой.

Манба дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, хамба Д.Нацагдорж:
-Уламжлалт анагаах ухаан 90 оноос хойш хөгжөөд тодорхой хөгжлийн түвшинд хүрч байна. Эмийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье. Эм, эмнэлгийн хэрэгслийн хуульд уламжлалт эмийн тодорхой зохицуулалт байдаггүй. Тиймээс хуулийн төсөлд уламжлалт эмийн асуудлыг оруулахыг онцгой анхаарч дэмжээрэй.
Уламжлалт анагаах ухааныг дотооддоо болон гадаадад хөгжүүлэх бодлогогүй, чанарын шаардлагыг хангахад арга зүйн зөвлөгөө өгөх газар байхгүй, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого алга. Тусгай жор, нотолгоотой уламжлалт анагаах ухааны аргаар хийсэн дотоодын БИБ /биологийн идэвхт бүтээгдэхүүн/-ийг зөвшөөрөх хэрэгтэй байна. Гэтэл европ болон уламжлалт эмийг хамтруулсан эм үү, эм биш үү гэдэг нь мэдэгдэхгүй зүйлсийг БИБ гэж бүртгэдэг.
Уламжлалт эмийг ЭМД-ын хөнгөлөлтөд хамруулах, улсын эмийн нөөцөд оруулах хэрэгтэй байна. Дотоодоос эмийн ургамлаа түүж түүхий эдээ бэлтгэхэд зөвшөөрөл болон эрх зүйн талаас нь дэмжлэг үзүүлэх цаг нь болсон.
УАУТХ-гийн захирал Ч.Чимэдрагчаа:
-Уламжлалт эмийн чанар аюулгүй байдалд хяналт тавьж, эм зүйн салбар зөвлөлүүдэд уламжлалтын мэргэжлийн хүмүүсийг оруулах, ЭЭХХЗГ-т уламжлалтын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох зэргээр оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг 220 гаруй ургамал байгаа. Эмийн түүхий эдийн асуудлыг Эмийн тухай хуулиараа зохицуулдаг болохгүй бол бусад хуулиар бэлтгэхэд хүндрэлтэй байна.
Уламжлалт эмийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхээр 60 гаруй жил зүтгэж байна. УАУ-ны салбарт инновац, технологийн судалгаа хийгдсэн уламжлалт эмийн судалгаа их байгаа, судалгаатай эмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байхгүй гэдэг шалтгаанаар эмийн хөнгөлөлтөд оруулахгүй байна. Эмийн хөнгөлөлтөд оруулах хэрэгтэй. Уламжлалт эмийн борлуулалт нийт эмийн борлуулалтын 1.0 хувьд ч хүрэхгүй байна.
“Мөнхийн тун” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэг:
-Эмийн үйлдвэрийг хөгжүүлэх цогц төсөл хөтөлбөрийг гаргаж, эм зүйн салбарын эмийн үйлдвэрийн технологич, эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер, эмийн үйлдвэрийн химич бэлтгэх шаардлагатай байна.
GMP шаардлага хангаагүй үйлдвэрүүд ажиллаад л байна. GMP шаардлага хангахад 6-8 тэрбумын хөрөнгө зарцуулдаг. GMP шаардлага хангасан үйдвэрийг шалгаад тусгай зөвшөөрлийг гурван жилээр сунгадаг хугацааг уртасгах, инновац шингэсэн шинэ тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөд анхаарч, зайлшгүй шаардлагатай эмийг үйлдвэрлэж байгаа эмийн үйлдвэрийг татварын дэмжлэгт хамруулдаг тогтолцоо бий болгох.

Мөн уулзалтад оролцогчдоос
-Дулааны зардал, цалин нэмэгдсэн зэргээр үйл ажиллагааны зардал өсөж байгаа нь эмийн үнэнд нөлөөлж байна. ЭМД, НД-ын шимтгэл өссөн нь байгууллагын зардалд хүндрэл учруулах нэг шалтгаан болж байна.
-Үнэ, чанар хоёр мөнхийн хэлхээтэй байдаг. Бодит нөхцөл байдлаа тодорхойлохгүйгээр тендер зарлаж байгаа нь чанаргүй эм авах нөхцөл бүрдэж байна.
-Эмийн зөв хэрэглээ болон эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулах хэрэгтэй байна. Хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг эмийг хувь иргэн гар дээрээс худалдаалж байна.
-Эмийн салбарынхны цалин харьцангуй өндөр хэдий ч иргэдийн бухимдал, ачаалал эмийн сангуудад шууд очдогоос ажиллах хүнгүй болж байна. Эмийн сангийн зардал өссөн. Түрээсийн зардал нэмэгдсэн. Эмийн сан бөөний үнэ дээр 20-30 хувийг л нэмдэг ч эргэлтийн хөрөнгө бүрдүүлэх боломж гардаггүй. Зах зээл бага ч өрсөлдөгч олонтой онцлог салбар.
-Эдийн засгийн дарамтанд КОВИД, ЭМД-аас хамааралтай орсон эмийн салбарын нэр хүндийг өсгөх арга хэмжээг авах хэрэгтэй байна зэрэг саналууд гарсныг цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах болно гэдгийг уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд хэллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img