2024-10-11, Баасан
-5 C
Ulaanbaatar

Ц.Батсайхан: Улаанбаатарын барилгуудын ихэнхи нь уул руугаа дөхсөн. Уулан дээр газар хөдлөлтийн цохилт хоёр дахин ихэсдэг

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөлгөөний үеэр ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Батсайхан  “Улаанбаатар хот орчмын  газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэлээ. Түүний яриаг та бүхэндээ хүргэе.

Япончуудын илрүүлсэн Улаанбаатарын хагарал

Улаанбаатарын орчим дахь зургаан газар хөдлөлтийн  хагарлыг онцолж, сүүлийн 20 жилд судалгаа явуулж байна. Дээр нь нэмж нэг идэвхитэй голомтыг  (Улаанбаатар хагарал) японы судлаачид  тодорхойлсон.

2005 оноос Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн өндөр идэвхижил ажиглагдаж эхэлсэн ба өнөөг хүртэл үргэлжилж байна.  Газар хөдлөлтийн идэвхижил нэмэгдсээр 2013 онд газар хөдлөлтийн тоо 2000 давж бүртгэгдсэн. Хот орчимд болж буй газар хөдлөлтийн тоо ихэссэн. Алсын болон дунд зайн Байгаль нуур, Хөвсгөл нуур орчимд болсон газар хөдлөлт Улаанбаатар хотын байшин барилгад маш их нөлөөлж байгаа. Хамгийн урт нь Хустайн нурууны хагарал, дараа нь Гүнжийн хагарал, төв аймагт Шархай, Авдар уулын хагаралууд дээр байдаг. Магнитутаар үзвэл 7,8 хүртэл хүчтэй газар хөдлөлт болно. Хотод 5 болон зургаа хамгийн ихдээ 9 баллын нөлөө үзүүлнэ гэж тооцсон. Япончуудын илрүүлсэн “Улаанбаатарын хагарал”-ыг сансрын зургаас харвал  Налайхын баруун урдаас эхлээд, Найрамдал хүүхдийн зуслан хүртэл  үргэлжилж байгаа. Үүнийг бид идэвхигүй хагарал гэж үздэг. Харин Японоос ирсэн судлаач үүнийг идэвхитэй хагарал гэж бүрэн итгэлтэй байдаг.

Япончуудын хувьд нэг сая хүнтэй хотын хажууд  байгаа хагаралыг идэвхитэй гэж тооцдог юм билээ. 25-30 мянган жилийн өмнө энэ хагарал дээр хүчтэй газар хөдлөлт болж байсан гэсэн тооцоо хийсэн.  Хүрэлтогоотын зүүн талд байдаг цэг дээр идэвхитэй хагаралын шинж тэмдэг илэрсэн. Цаашдаа үргэлжүүлж судлах ёстой. Энэ бол Нарантуул худалдааны төв, Далан давхар,  Баянхошуу, Скай Резортын хажуугаар өнгөрч байгаа.  Энэ хагаралын урт 50 гаруй км. Энэ зургийг 1950-иад онд агаараас авсан зургаас япон эрдэмтэд тодруулсан юм билээ. Өнөөдөр бол барилга барьж байгууламж барьчихсан болохоор ийм хагарал ерөөсөө мэдэгдэхгүй.

Дараагийн зурагт газар хөдлөлтийн төлөв байдлыг харуулсан.

XXI   зуун гарсаар эхний  11 жил  магнитут нь  дөрөв давсан газар хөдлөлт гурван удаа болж байсан бол дараагийн арван жилд энэ тоо хоёр дахин өссөн. Энэ нь газар хөдлөлтийн эрсдэл өсч буйг илтгэж байгаа юм.

Сүүлийн арван жилд 2013-2023 онд болсон газар хөдлөлтийн байдлыг хэмжээд, 2013 онд хамгийн их 2000 давсан газар хөдлөлт болж байсан бол сүүлийн жилүүдэд мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдэж байна. Сүүлийн арван жилд болсон газар хөдлөлтийн голомтуудын байршлын зураг байна. Энэ дээр магнитут нь дөрөв байсан бол зургаа болсоныг харж болно.

Онцгой газар хөдлөлтүүд.  2021 онд онцгой жил байсан. Ханхын газар хөдлөлтийн үеэр нийслэлд олон барилгад цав үүссэн. Дараа жил нь газар хөдлөлтийн тоо ихэссэн ч хүч нь багассан.  Богд ууланд болсон 2,5 магнитутын газар хөдлөлт маш сул гэхдээ  Богд уулын аманд байрласан барилга байшинд амьдардаг хүмүүст маш хүчтэй чичиргээ мэдрэгдсэн. Түүнээс гадна дуу сонсогдсон байгаа юм.

Газар хөдлөлт байгалийн үзэгдэл, чичирхийлэл 15-20 секунд үргэлжлээд дуусдаг. Маш хүчтэй мэдрэгдэнэ. Гэхдээ хүн амд эрсдэл учруулах нь бага. Эрсдлийг юу өсгөж байна гэвэл бидний барьсан барилга байгууламж,  хоолой.

ЖАЙКА, Онцгой байдлын хамтарсан судалгаагаар хөрсний нуралт суулт, гулсалтыг нэг их хөндөөгүй байдаг. Улаанбаатарт сүүлийн арван жилд барьж байгаа барилгуудын ихэнхи нь уул руугаа дөхсөн. Гадаргуугийн налуу 15 градусаас хэтэрсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгад ирэх цохилт хоёр дахин нэмэгддэг. Уулан дээр газар хөдлөлтийн цохилт хоёр дахин ихэсдэг. Япончуудын 2013 онд хийсэн газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээгээр бидний төсөөлж байснаас өндөр гарсан. Хустайн нуруунаас 7,6 магнитутын хүчтэй газар хөдлөлт ирэхэд Улаанбаатарт 9.5 баллаар мэдрэгдэнэ гэж тооцсон. Энд уулан дээр налуу газар байгаа барилгуудын эрсдлийг дутуу үнэлсэн. Төвлөрсөн орон сууцны 13 хувь, хувийн орон сууцны 33 хувь эрсдэлд өртнө гэж үзсэн. Энэ байдал сүүлийн арван жилд жаахан өөрчлөгдсөн. Нийслэл 1950-иад онд баригдсан барилгуудыг нэлээд олныг нураасан.

Газар хөдлөлтийн үед сургууль цэцэрлэг, эмнэлэгт газар хөдлөлтийн баллыг нэгээр нэмж тооцох ёстой. Нэг, 23 дугаар сургуулийг онцолж хэлмээр байна. Анги дүүргэлт 50 хувийн хэтрэлттэй. Барилга  нь 1950-аад онд баригдсан. Эрсдэл нэлээд өндөртэй сургууль шүү.

Өнөөдөр гэр хороолол гэрүүдээс бүрдэхээ байсан.

  Гэр хорооллын хашаануудад байшин барьчихсан. Нэг, хоёр бүр дөрвөн давхар ч байшин харж байсан. Тэднийг мэргэжлийн улсууд бариагүй, ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс барьсан байдаг. Ийм болохоор эрсдэл нэмэгдэнэ шүү.

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг хамтарч хийсэн. Улаанбаатар 7-9 баллын газар хөдлөлтийн аюулын бүсэд оршиж байгаа. Туул голыг дагасан хөндийд 8 баллаар, уулархаг газраа 7 баллын бүсэд багтдаг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img