Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр /2023.03.21/ хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дурдаад, 2022 оны явцын дундаж үнэлгээ 74.2 хувьтай гарсан хэмээн танилцууллаа. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 9 бүлгийн хүрээнд 150 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2022 оны явцын дундаж үнэлгээ 45.7 хувьтай байна гэлээ.
Сайдын танилцуулснаар Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нь 6 бодлого, 259 зорилтын хүрээнд 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2022 оны байдлаар 69.8 хувийн /өссөн дүнгээр 39.3 хувь/ хэрэгжилттэй гарчээ.
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд 6 бодлогын хүрээнд 23 зорилт дэвшүүлж, 300 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2022 оны жилийн эцсийн байдлаар дунджаар 67.5 хувьтай байгаа аж.
Цар тахал, дайн, дэлхийн улс орнуудад тулгамдаж буй инфляц зэрэг хүндрэлүүд учирч байсан хэдий ч 2022 оны нэгдүгээр улиралд -3.8 хувьд хүрч унаад байсан эдийн засаг 2022 оны эцэст 4.8 хувьд хүрч өссөн байна.
Монгол Улсын Засгийн газраас экспортыг эргэн сэргээхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагаст 8.1 сая тонн буюу өмнөх оноос 12.7 хувиар агшаад байсан нүүрсний экспорт 2022 оны эцэст 31.6 сая тоннд хүрч 2021 оноос даруй хоёр дахин өссөн байна. Зэсийн баяжмалын хувьд 1.4 сая тонн экспортолж, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн. Ингэснээр АМНАТ-ийн орлого 2.7 их наяд төгрөг, уул уурхайн орлого 4.1 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 750.0 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Засгийн газраас 2022 оны аравдугаар сард “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоол гаргаж хэрэгжүүлсэн нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд нөлөөлж улмаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон “Оюу толгой” ХХК нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж, 2022 оны эцэст валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрээд байна гэв.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, “Улсын хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн”-д аудит хийн, дүгнэлт, зөвлөмж гаргаснаа танилцуулсан юм.
Тэрбээр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд 82 буюу 27.3 хувь нь үр дүнтэй, 71 буюу 23.7 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 88 буюу 29.3 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 59 буюу 19.7 хувь нь үр дүнгүй, зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг хангаагүй гээд аудитаар цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэсэн дүгнэлтийг танилцуулсан. Тухайбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний 285 төсөл, арга хэмжээг уялдуулан боловсруулж, харин Хүний хөгжлийн бодлогын 6, Эдийн засгийн бодлогын 8, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын 1 төсөл, арга хэмжээг тус тус уялдуулаагүй, Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоолол судалгаа хийгдээгүй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулаагүй зэрэг хуулийн шаардлага хангаагүй төсөл арга хэмжээг тусгасан нь бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн биелэх нөхцөлийг бууруулж байна хэмээн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга зэрэг холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон холбогдох баримт бичгийг дүгнэхэд ямар аргачлал ашигласан талаар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, эрчим хүчний салбар өнгөрсөн жил 80 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Иймд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх болон хөгжлийн чиг хандлага юу байна вэ, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Дарханы арьс ширний үйлдвэрийг байгуулах бүтээн байгуулалтын ажлын явц болон эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын талаар асуулаа. Мөн тэрбээр, Хавдарын шинэ эмнэлэг байгуулах, Эрхтэн шилжүүлэх төв байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажил “0” гүйцэтгэлтэй байна гэв.
Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ерэн-Өлзий, дэлхийн улс орнууд ногоон эрчим хүчний бодлого руу шилжсэн. Монгол Улс цаг уурын хувьд онцлогтой. Жилийн 12 сарын 9 сард нь дулаан хангамж шаарддаг. Өнөөдрийн байдлаар нүүрсээс өөр эрчим хүчний эх үүсвэр байхгүй. Цаашид газрын гүний дулаан ашиглах, сэргээгдэх эрчим хүч зэрэг эх үүсвэрийг ашиглах боломжтой. 2022 оны байдлаар Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, дагуул хотуудыг түшиглээд дулааны станцууд барих төсөл эхэлсэн гэлээ.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Дарханы арьс, ширний цогцолбор үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэл болон тоног төхөөрөмжийн судалгаа хийгдсэн. Хувийн хэвшил бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа учраас төрийн өмчит компанитай нийлүүлэх, суурь дэд бүтцийн ажлыг шилжүүлэхээр ажиллаж байна. Энэ ондоо багтаж ажлыг эхлүүлнэ гэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай, 300 төсөл арга хэмжээ төлөвлөснөөс 22 арга хэмжээ тасарсан. 300 төсөл арга хэмжээг 11,7 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэсэн боловч 4,1 их наяд төгрөг буюу 35 хувийг санхүүжүүлсэн байна. Төсвийн орлого давж биелсэн байхад санхүүжилт яагаад тасарсан бэ, хоёрдугаарт, 2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 39 хувьтай байна. 1087 арга хэмжээ төлөвлөснөөс 183 төсөл арга хэмжээ нь тасарсан гэж байна. Эрхтэн шилжүүлэх төв, Сүрьеэгийн эмнэлэг байгуулах, Шинжлэх ухаан технологийн зардлыг 4 дахин нэмэгдүүлэх, Асгатын ордыг ашиглалтад оруулах зэрэг бүтээн байгуулалт эхлээгүй байна. Үлдэж буй хугацаанд барьж байгуулж амжих эсэх талаар асуув.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, 2021 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тавиагүй байна. Төсвийн орлого давж биелсэн ч Засгийн газарт дур мэдэн санхүүжүүлэх эрх байхгүй. Харин төсвийн эх үүсвэр батлагдсан ч тендерийн асуудлаас шалтгаалж бүтээн байгуулалт зогссон асуудал бий. Тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станцын тендерийг хоёр удаа зарласан боловч шалгаруулахгүй удааж байна. Эх үүсвэр, боломж нь байгаа ч ажлын хариуцлагагүйгээс энэ мэт цаг хугацаа алдсан ажил цөөнгүй.
Ер нь цаашид жилийн төлөвлөгөөг сайн судлаж гаргах шаардлагатай юм. Эдийн засгийн хөгжлийн яам энэ жилийн төлөвлөгөөг сайн гаргахаар ажиллаж байна. Цаашид бид хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд таван ч яаманд арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 39,2 хувьтай байгаа. 2022 онд хэрэгжүүлэх ажлыг 60,8 хувиар үнэлж УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Үлдсэн хугацаанд биелүүлэх боломжтой. Нийт 131 арга хэмжээ биелээгүй байгаа нь олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Төлөвлөлт бодит бус байхаас гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт зэргээс хамаарч гүйцэтгэл хангалтгүй байна хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Д.Ганболд, 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болсон. Гэвч өнөөдөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 60 гаруйхан хувьтай байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт зайлшгүй хөрөнгө оруулалтыг хэрхэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна вэ, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүний хөгжлийн бодлого алдагдаж байна, нийгмийн эрүүл мэндийн асуудалд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэр хорооллын нүхэн жорлонг стандартад нийцүүлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй гэсэн байна. Энэ тоо хэр бодитой вэ. Мөн Дэнжийн мянга, Дамбадаржаа төвийг байгуулахад газар чөлөөлөлтийн асуудал яагаад шийдэгдэхгүй удаж байгаа талаар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн хүмүүст ямар байдлаар хариуцлага тооцох вэ, инфляцийн түвшинтэй уялдуулж цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Төрийн албан хаагчдын цалинг хэрхэн уялдуулж нэмэх вэ, хөдөө аж ахуйн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ гэсэн асуултуудыг асуусан.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хавдрын шинэ эмнэлэг, Эрхтэн шилжүүлэх төв байгуулах зэрэг санхүүжилтийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэхээр төлөвлөсөн. Гэвч гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй учраас төлөвлөгөө биелсэнгүй. Санхүүжүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал, авлига болон албан тушаалын хэргээс төрд хураагдсан хөрөнгийг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад нэн тэргүүнд зарцуулах асуудал яригдаж байна гэв.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат, хүний хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх шаардлагатай болон үр дүнгүй, хэрэгжилт хангалтгүй гэсэн 33 арга хэмжээ орсон байна. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг хөгжүүлэх талаар 15 төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан талаар танилцууллаа.
Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, гэр хорооллын 2000 нүхэн жорлонг үе шаттайгаар стандартын шаардлагад нийцүүлэх зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 1760 нүхэн жорлонг шинэчилсэн. Нүхэн жорлонгийн нэг маягийн зураг гарсан байгаа. Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг дэд төвүүдийг байгуулах ажил газар чөлөөлөлтийн хөрөнгийн асуудлаас болж зогссон байна. Газар чөлөөлөлтөд 68 тэрбум төгрөг шаардлагатай гэж үздэг. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр газар чөлөөлөлтийн ажил явж байгаа гэв.
Сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 39,3 хувьтай байна. Биелэлт муутай байгаа учраас хамгийн багадаа 5 сайдтай хариуцлага тооцохоор яригдаж байгаа. 2023 оны төсөвт цалин нэмэгдүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөгийн үүсвэр тавигдсан.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар Засгийн газар ажиллаж байна. Энэ гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 10 тээврийн хэрэгслээр 251 тонн мах экспортлосон байна. Мөн 16 тээврийн хэрэгслээр 439 тонн арьс шир гарсан гэсэн мэдээлэл байна гэв.
Тус хуралдааныг даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр улс орны хөгжлийн төлөвлөлт, түүний гүйцэтгэлийн талаар томоохон шинэчлэл хийсэн. Тиймээс хөгжлийн төлөвлөгөө залгамж чанараа хадгалж, үргэлжилж байх ёстой. Энэхүү үндсэн дээр УИХ-ын Хяналт, шалгалтын хуулийг батлан хэрэгжүүлж байгаа. Засгийн газарт Хяналт, шалгалтын тусгай нэгж байгуулан ажиллаж байна. Бид цаашид тайлан, төлөвлөгөөний биелэлтийг сонсох биш арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлэх ёстой гэв.
Эцэст нь энэ хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг нэгтгэн боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хоёр Байнгын хорооны ажлын хэсэгт даалгалаа.