Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилох, Нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тэрбээр, УИХ-ын 2022 оны намрын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг МҮОНРТ-ийн холбогдох хүмүүстэй удаа дараа уулзалт хийж, тус газарт ажилласны эцэст Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын нэг нь ч биелэгдээгүй гэж телевизийн хамт олны зүгээс Ажлын хэсэгт удаа дараа хандсан. Ер нь олон нийтийн радио, телевиз цаашдаа ийм статустай явах уу, үгүй юу. Үндэсний зөвлөлийн гишүүдийг бид томилоод байдаг. Гэтэл тэр хүмүүс нь ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлагад ажилтнуудынхаа цалинг тодорхой хэмжээгээр нэмэх, ашиггүй байгаа сувгуудын заримыг нь зогсоож, бусад сувгуудаа ашигтай болгох зэрэг чиглэл өгсөн. Гэтэл өөрчлөгдсөн зүйлгүй байна. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо Ажлын хэсгийн тайлан, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсох нь зүйтэй гэж бодож байна гээд энэ асуудал хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд бий юу хэмээн тодруулсан.
Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх тайлангаа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын ажиллагааг зохион байгуулахаас өмнө ирүүлэх тухай албан бичгийг илгээх нь зүйтэй гээд, Үндэсний зөвлөл үнэхээр ажиллаж чадахгүй байгаа, одоогийн байгаа хууль тогтоомжийн зохицуулалт хангалтгүй байгаа бол хуулийг эргэж харах шаардлага үүснэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон хэмээн тайлбарласан байна.
Мөн тэрбээр хүсэлтдээ, сүүлийн жилүүдэд концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машины зэрэг олон асуудалд өөрийг нь хилсээр нэр холбож буйг дурдаад, эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Дээрх хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Жамъянгийн Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхөөр тусгасан УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлах нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.