2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Си Жиньпиний Москва, Фумио Кишидагийн Киевт хийсэн айлчлал ба Жо Байдены баталсан хууль

Дэлхийг шатрын хөлөгтэй зүйрлэвэл, энэ долоо хоногийн эхээр түүн дээр тоглогч нөлөө бүхий хэд хэдэн улс орон гэнэтийн гэмээр ч урьдчилж тооцоолсон нь тодорхой өөр өөрсдийн нүүдлээ нэг дор шахам хийлээ.

“Хятадын удирдагч хаана хэнтэй уулзахаа хэнээр ч залгахгүй” гэдгээ харуулахыг зорьсон нь

Эхлээд энэ сарын 20-ны даваа гаригт БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д гурав хоногийн албан ёсны айлчлал хийхээр Москвад хүрэлцэн ирэх нь тэр. Айлчлал эхлэхээс гуравхан хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш л энэ тухай хоёр орны Гадаад хэргийн яамнаас цагийг нь тулган мэдээлсэн билээ.

айлчлалГааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах захирамж гаргасны дараахан БНХАУ-ын даргаар гурав дахиа сонгогдож эрх мэдлээ бататгасан Си Жиньпин ийнхүү Москвад хөл тавив. Тэрээр Украинд дайн өдөөснөөсөө болж дэлхийн тавцанд шоовдорлогдон ганцаардах болсон ОХУ-ын удирдагчийг дэмжихээсээ илүүтэй “Хятадын удирдагч хаана хэнтэй уулзахаа хэнээр ч залгахгүй” гэдгийг харуулахыг зорив уу даа. Тэгээд ч коммунист дэглэмтэй БНХАУ-д хойд их хөршид нь В.Путины оронд өрнөдийн ертөнцтэй ойртох ардчилсан төр засаг гарч ирэх нь ашиггүй.

Иймээс ч Си Жиньпин айлчлалынхаа өмнө Украин дахь дайныг энхийн замаар зохицуулах 12 зүйл бүхий төлөвлөгөөгөө танилцуулсан. Өрнөдийн ертөнцийн дэмжлэг авахгүй тэрхүү маш ерөнхий, бүрхэг заалтуудтай төлөвлөгөө гээч хэрэгжих ямар ч боломжгүй нь тодорхой. Энэ нь зүгээр л Украины дайнд Оросын ч, өрнөдийн ертөнцийн ч талд оролгүй зайнаас энх тайванд уриалж байх нь ашигтайг гуравдагч орнуудад харуулах зорилго агуулсан болов уу. АНУ-тай сөргөлдөн хоёр туйлт дэлхийн хэв журмыг цогцлоох санаархлаа улам ихээр илэрхийлэх болсон Бээжингийн аль болох олон орныг өөртөө татах бодлогод ч нийцсэн биз ээ.

Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын санаачлагыг В.Путин сайшаан дэмжээд ОХУ Украины асуудлыг улс төр, дипломатын аргаар хэлэлцээний ширээний ард шийдэхэд нээлттэйг мэдэгдэн цаг хожиход ашиглахыг эрмэлзэж буй нь илт.

Ер нь Си Жиньпиний айлчлал БНХАУ ОХУ-ыг дэмжиж буйн тод илрэл болов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хэлэхдээ, БНХАУ-ын удирдагчийн айлчлал В.Путины удирддаг ОХУ-д цаашид ч цэргийн гэмт хэрэг үйлдэх нэг ёсны “дипломат халхлалт” өгсөнтэй өөрцгүйг цохон тэмдэглэсэн юм. Тэгвэл НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтеберг, “БНХАУ ОХУ-д зэр зэвсгийн тусламж үзүүлж хэрхэвч болохгүй. Хэрэв тэгвэл хууль бус дайныг дэмжиж буйгаа яруу тодоор харуулна” гэдгийг хатуу сануулжээ.

Кремльд гурван цагийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн дараа хоёр орны удирдагчид “ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааны тухай” болон “ОХУ, БНХАУ-ын 2030 он хүртэлх эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн тухай” хамтарсан мэдэгдлүүдээс гадна 14 баримт бичигт гарын үсэг зурсан.

Гэхдээ ОХУ шиг өрнөдийн ертөнцийн эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөхгүйн тулд Бээжин хойд их хөршдөө зэр зэвсэг шууд нийлүүлэхээс эвтэйхэн татгалзаж дөнгөсөн бололтой. Харин тойруу замаар гуравдагч орнуудаар дамжуулан ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай хагас дамжуулагч, өндөр технологийн бусад бүтээгдэхүүн худалдахаар тохиролцоонд хүрсэн байж магадгүй.

Үүний сацуу байгалийн хий экспортолдог Европын гол зах зээлээ алдсан ОХУ “Сибирийн хүч” хоолойгоор БНХАУ-руу нийлүүлсэн тус түүхий эдийн хэмжээгээ өнгөрсөн оны дотор даруй 1.5 дахин нэмэгдүүлэн 2.7 тэрбум кубметрт хүргэсэн юм. Ингэснээр, Туркменистан, Катарын урд гишгэн БНХАУ-д байгалийн хий нийлүүлэгч хамгийн том орон болсноор төсвийн алдагдлаа тодорхой хэмжээгээр нөхөж чадсан билээ. Угтаа энэ нь ОХУ-д Украин дахь дайныг үргэлжлүүлэн санхүүжүүлэхэд дэм болсоор.

Тэгвэл Москвад болсон дээд хэмжээний уулзалтаар талууд Сахалинаас нэмж 10 тэрбум кубметр байгалийн хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаас гадна “Сибирийн хүч” хоолойн хүчин чадлыг 2027 он гэхэд 38 тэрбум кубметрт хүргэхээр тохиролцжээ.

Түүнчлэн В.Путин, Си Жиньпин нарын хэлэлцсэн сэдвүүдийн нэг нь Монголын газар нутгаар тавих “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг барих асуудал байлаа. Жилд 50 тэрбум кубметр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай тус хоолойг В.Путин “зууны төсөл” гэж нэрлэсэн нь бий. Гэвч албан ёсны айлчлалын үр дүнгийн талаарх хоёр талын хамтарсан мэдэгдэлд тус төслийг урагшлуулах хүчин чармайлт гаргах тухай л өнгөц дурджээ.

Катар, АНУ болон бусад хэд хэдэн орноос шингэрүүлсэн байгалийн хийг их хэмжээгээр худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсны дээр Туркменистанаас байгалийн хий татах хоолой барих төсөл дээр ажиллах болсон БНХАУ өртөг өндөртэй “Сибирийн хүч-2”-ыг барих зайлшгүй шаардлагатайд эргэлзсээр буй тухай “Reuters” агентлаг уламжилсан юм.
Си Жиньпиний ОХУ-д хийсэн айлчлалын цаад зорилго, үр дүнгийн талаар өгүүлэхэд нэг ийм.

Фумио Кишида Си Жиньпинтэй “барьцан” Киевийг зорьсны учир

Си Жиньпиний тусгай онгоц Москвагийн “Внуково-2” нисэх буудалд газардсан өдөр БНХАУ-ын Ази дахь эдийн засгийн гол өрсөлдөгч Японы Ерөнхий сайд Фумио Кишида Нью Дели хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийж байв. Энэтхэгт хийх айлчлалаа өндөрлөөд эх орноо зорих учиртай байсан тэрээр Польш руу нисч, тэндээс галт тэргээр маргааш нь Киевт хүрэлцэн ирсэн. Фумио Кишида Си Жиньпинтэй “барьцан” урьдчилж зарлалгүй гэнэт Украинд айлчилсан нь мэдээж учиртай. Дэлхийн II дайн дууссанаас хойш дайн байлдаантай улсад хийсэн Японы анхны Ерөнхий сайдын энэ айлчлалын аюулгүй байдлыг хангах үүднээс чандлан нууцалжээ.

айлчлал

ОХУ цэргийн хүчээр цөмрөн орсон эхний өдрөөс эхлэн Украины талд баттай зогссон Япон Киевт улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамгийн их тусламж үзүүлдэг орнуудын нэг. Өнгөрсөн онд Японы санхүүгийн болон эд материалын тусламжийн хэмжээ 1.6 тэрбум ам.долларт хүрсэн билээ.

Фумио Кишида Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзахдаа, “Украины ард түмний нугаршгүй эр зориг, тэсвэр хатуужлыг бишрэн хүндэтгэж байна. ОХУ-ын Украинд хийж буй түрэмгий дайн олон улсын дэг журмыг алдагдуулсан адал балмад явдал” гэжээ. Тэрээр мөн Японы Засгийн газар Украинд 470 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн юм. Үүнээс гадна Японоос Украины эрчим хүчний салбар, хөдөө аж ахуйг сэргээн босгоход 5.5 тэрбум ам.долларыг үе шаттайгаар зориулах болсон тухай ч дуулгажээ.

Хамгийн гол нь Фумио Кишида В.Зеленскийг Хирошимад ирэх тавдугаар сард болох “Их долоо”-гийн чуулга уулзалтад оролцохыг урьсан юм. АНУ, Герман, Итали, Их Британи, Канад, Франц, Японы төрийн тэргүүн нарын тэрхүү уулзалтаар Украиныг дэмжиж, харин ОХУ-ыг эрс буруушаах нь дамжиггүй.
Товчдоо бол Япон БНХАУ-д ийм нүүдлээр хариу барив.

Жо Байдены баталсан хуулиас болж БНХАУ-ын нэр хүнд дэлхий даяар унах магадлалтай

БНХАУ-ын дарга Си Жиньпинийг ОХУ-д айлчилж эхэлсэн эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын Конгрессоос өргөн барьсан нэгэн хуулийн төслийг баталсан.

Хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу АНУ-ын тагнуулын албад Ковид-19 цар тахлын үүслийн талаар цуглуулсан нууцын зэрэглэлтэй мэдээллүүдээ ил болгох учиртай юм.

айлчлал

Үүнтэй холбогдуулан Жо Байден мэдэгдэхдээ, “Ирээдүйд заналхийлж болох цар тахлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд бид Ковид-19 юунаас үүссэнийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Үүний тулд бүхий л нууцын зэрэглэлтэй, тэр дундаа БНХАУ-ын Уханийн вирус судлалын их сургуультай холбоотой мэдээллийг сайтар нягтлан шалгах нь зүйтэй” гэжээ.

Энэхүү хуулийг батлахаас нэлээд өмнө АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рей хэлэхдээ, титэмт вирусыг лабораторид гарган авсан байх магадлал хамгийн өндөр бөгөөд цар тахал эхэлсэн шалтгааныг тогтоох ажилд БНХАУ-ын Засгийн газар элдвээр саад болохыг оролдсоор ирснийг цохон тэмдэглэж байлаа.
Тэгвэл өнгөрсөн оны аравдугаар сард Германы хэсэг эрдэмтэд судалгаа хийж, титэмт вирусыг лабораторийн аргаар гаргаж авсныг үндсэндээ нотолсон гэдгээ зарлаж байсан юм.

БНХАУ-аас эх авч бүх тивд тархан олон сая хүний аминд хүрсэн цар тахлыг өдөөгч титэмт вирусыг лабораторид гаргаж авсан нь ил болж эхлэх нууц материалуудаас тогтоогдвол юу болох бол? Манай урд их хөршийн нэр хүнд дэлхий даяар навс унаад зогсохгүй улс орнууд ар араасаа БНХАУ-аас их хэмжээний нөхөн төлбөр шаардаж эхлэх юм биш үү? Жо Байдены баталсан хууль иймэрхүү үр дүнд хүргэж тунчиг болзошгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img