2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Б.Лакшми: Эдийн засгийн тамир тэнхээгээрээ Венесуэлтэй зэрэгцэж сүүл мушгисан гол шалтгаан бол хөрөнгө оруулалтын орчин

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмигаас Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол улс хэрхэн үнэлэгдсэн талаар тодруулж ярилцлаа.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмигаас Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол улс хэрхэн үнэлэгдсэн талаар тодруулж ярилцлаа.

-Монголын бизнесийн зөвлөлийн сарын уулзалтын үеэр танилцуулсан Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн дүн сонирхолтой санагдлаа. Манай улс эдийн засгийн тамир тэнхээгээрээ яагаад сүүл мушгичихав?

-Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн хувьд Монголыг 63 оронтой харьцуулсан судалгаа гаргадаг. Судалгаагаа гаргахдаа 333 зүйлтэй, үндсэн дөрвөн дэд бүлэгт хуваадаг. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн дэд бүлгүүдтэй. 333 шалгуур үзүүлэлтийн хувьд 163 нь статистик мэдээлэл, 92 нь санал асуулгаар гардаг. Бизнес эрхлэгчдээс авдаг судалгаагаа санал асуулга гээд байгаа юм. Хамгийн сүүлийн буюу 2022 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаар Монгол улс 61-т эрэмбэлэгдсэн. Энэ дэд бүлэгт Люксембург нэгд эрэмбэлэгдсэн. Ингэж сүүл мушгихад нөлөөлсөн гол хүчин зүйл бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалт эрс багасчихсан. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах чиглэлд маш сул үнэлэгдсэн. Задлаад үзвэл гадаад хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарахгүй байна л даа. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд бизнест нэлээд саад болж байна гэсэн дүгнэлт гарсан.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан шалтгааны нэг нь бизнесийн сул орчин. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, үйл ажиллагааг нь дэмжихгүйгээр байнга гацаадаг нь нэгэнт ил үнэн. Бизнесийн орчинтойгоо уяад харахаар гадаадын шууд хөрөнгө оруулалт хүссэн хүсээгүй унаж орж ирж байгаа юм.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэж онцгойлох юм байхгүй, адилхан л дэмжинэ гэсэн утгатай мэдэгдлийг улстөрчид хийдэг. Таны ярианаас анзаарахад дотоод хөрөнгө оруулалтын орчин ч хэцүүхэн байгаа юм байна…?

-Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулагчдад бизнесийн орчин чухал. Гадаадын хөрөнгө оруулагчдад яалт ч үгүй тусгай бодлого шаардлагатай. Гадаад хөрөнгө оруулалтын хувьд манай улс бодлогоо тодорхойлох учиртай. Стратеги байхгүй гэсэн том асуудлаа шийдэх ёстой. Би сүүлийн үед гадаад хөрөнгө оруулалтын газрын талаар онцлон хөндөж байгаа. Гадаад хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаа явуулдаг уу, хаана ажиллаж байгаа юм бол гэсэн асуултад танд хариу байна уу?

-Нээрээ хариулахад хэцүү асуулт байна шүү. Бодвол нэг яамны дотоод бүтцэд орчихсон ажилладаг байх даа. Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан газрыг нэг бол тусад нь агентлаг байгуулаад, эсвэл яамны нэг хэсэг болгож жижигрүүлээд, ер нь л үл ойшоосон маягтай хандсаар ирсэн. Эдийн засаг ийм хэцүү үед тусад нь агентлаг байгуулаад идэвхтэй ажилламаар юм, уг нь?

-Би ч тэгж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан газар нэг хэсэг бүр Хүнс, хөдөө аж ахуйн яамны доор хүртэл байж үзсэн. Тусад нь агентлаг байгуулахаас гадна гадаад хөрөнгө оруулалтынхаа стратегийг тодорхой болгох хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалтын асуудлыг бид олон жил алагчилж, ад үзэж ирлээ. Шуудхан хэлэхэд өнөөдөр гадаад хөрөнгө оруулалтын статистик ч гарахаа больчихлоо. Үүнийг зөвхөн Монгол банк гаргаж байгаа. Зүй нь гадаад хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаагаа явуулж, статистик мэдээллээ гаргаад явах учиртай.

Гадаад хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд хамгийн түрүүнд анхаарах асуудал бол бүртгэл. Зуун айл руу явах уу, нэг цэгийн үйлчилгээн дээр очих уу гэдэг асуултын хариу тодорхойгүй. Зориод очиход угтаж авах төрийн албан хаагч нь гадаад хэлтэй, туслаж дэмжиж зөвлөөд өгөх чадвартай юу гээд харахаар хэцүү зураг харагддаг.

Гадаад хөрөнгө оруулалтын газар гэсэн бие даасан бүтэц байхгүй учраас гадаад хөрөнгө оруулагчийн шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлж чадахгүй байна л даа. Хоёрдугаарт визээ сунгуулах гээд очихоор бүрдүүлэх бичиг баримт нь өөрчлөгдчихдөг гэх мэт асуудал гардаг. Гуравдугаарт хөрөнгө оруулагчдад зориулсан төвлөрсөн мэдээлэл бүхий цахим хуудас алга.

-Хөрөнгө оруулалт тасарсан гол шалтгаан хуулиндаа байна уу, эсвэл өөр шалтгаан бий юу?

-Хэрэгжүүлэлтдээ л асуудал байна. Бодлогын орчин ямар ч байж болно. Хятадын хөрөнгө оруулалтын орчныг их хатуу гэж үздэг ч хөрөнгө оруулалтын урсгал тасардаггүй. Шалтгаан нь урд хөршийн хөрөнгө оруулалтын орчин тогтвортой, өөрчлөгддөггүй, ойлгомжтой байдаг. Хүмүүс нь солигдож болно, хэрэгжүүлэлт нь өөрчлөгддөггүй, тогтвортой байх ёстой.

-Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн дүгнэлт рүү эргээд оръё. Бусад гурван үзүүлэлтээрээ ч манай улс Венесуэлтэй ойролцоо, сүүл мушгиж яваа харагдсан…?

-Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаагаар 61-т эрэмблэдэгдсэн. Энэ дэд бүлэгт Дани улс нэгдүгээрт эрэмбэлэгдээд байгаа. Засаглалын үр ашгаар 57-нд жагсаад байна. Энэ дэд бүлэгт Швейцарь нэгт эрэмбэлэгдсэн. Дэд бүтцийн хувьд манай улс 62-т эрэмбэлэгдсэн. Энэ дэд бүлэгт мөн л Швейцарь нэгт эрэмбэлэгдлээ. Дэд бүтэц гэдэгт зөвхөн хатуу дэд бүтэц багтдаггүй. Зөөлөн дэд бүтэц орж байгаа.

-Дэлхийн өрсөлдөх чадварын өмнөх тайлангуудад манай улс ингэж сүүлж мушгисан удаагүй. Ер нь жил ирэх бүр л байдал улам муудаад байна уу?

-Ер нь тийм. Сүүлийн таван жилийн байдлаар Монгол улсын өрсөлдөх чадвар байнга буурч ирсэн. 2018 онд манай улс 57-д эрэмбэлэгдэж байсан бол сүүлийн жилүүдэд буурсаар, 2022 оны байдлаар ийм үзүүлэлттэй гарлаа л даа.

-Манай улсын онцлох таван сорилт гэсэн хэсэг тайланд харагдсан. Бид ямар сорилттой тулгарчихсан яваа бол?

-Импортын хамааралтай байдал асуудал сорилт болж байна. Хил гаалийн хоригоос үүдсэн үнийн өсөлт хэвээр үргэлжилнэ гэсэн дүгнэлт гарсан. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн бууралт, гадаад валютын нөөцийн хомстол гэх мэт асуудал хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Ядуурал, ажилгүйдэл гэх мэт нийгмийн асуудлууд мөддөө арилахгүй нь тодорхой байгаа. Эдгээр асуудлаас үүдсэн эдийн засгийн өсөлтийн удаашрал өнөө жилийн тухайд том сорилт хэвээр үргэлжлэх дүр зураг харагдлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img