2024-10-06, Ням
10 C
Ulaanbaatar

Манай байшин газар хөдлөлтийг тэсвэрлэх үү?

 

Одоогоор нийт 944 барилгад үнэлгээ хийхэд  543 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ

Сүүлийн хоёр жилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдлын 70 хувь нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах хүсэлт байжээ.

Туркт болсон газар хөдлөлтийн гамшигтай холбоотойгоор иргэд өөрсдийн орон сууц нь газар хөдлөлтийг тэсвэрлэх эсэхэд хариулт авахыг хүсэх болсон.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  зохион байгуулсан “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга  зарим тоо дурдсан юм.

Одоогоор нийт 944 барилгад газар хөдлөлийг тэсвэрлэх байдлын үнэлгээ хийж паспортжуулсан. Үүнээс 543 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ. 195 барилгад бэхэлгээ хийж хүчитгэх шаардлагатай гэж үзжээ.

 Уг нь барилгуудыг үнэлэх, паспортжуулах ажил ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 2010 оноос эхэлж хийгдсэн байна.

 Засгийн газрын 2009 оны 157-р тогтоолоор  “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах, үндэсний хөтөлбөр” баталжээ.

Энд Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа 1970 оноос өмнө баригдсан барилгуудыг үнэлэх, паспортжуулах тухай тусгасан байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны зөвлөмжид “Орон сууц олон нийтийн зориулалттай барилга байгууламжуудын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлын үзлэг шалгалт хийх” тухай дурджээ.

Газар хөдлөлтийн бичил мужлалын зураглалаар Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүс буюу 9 балл хүртэл эрсдэлтэй байна. Бичил мужлалаас гадна бүсэд 10742 барилга байна.

  2002 оноос өмнө баригдсан олон нийтийн зориулалттай  барилга буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн барилгуудыг паспортжуулахаар ажилласан байна.

 Орон сууцны 672 барилгыг паспортжуулсан байна.

  Орон сууцны барилгад хийгдсэн үнэлгээгээр 183 нь газар хөдлөлтөд тэсвэртэй. 90 орон сууцны барилгыг хүчитгэх шаардлагатай.

 399  нийтийн зориулалттай орон сууцны барилга газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн үнэлэгдсэн байна. Эдгээр барилгад 12 292 өрхийн  45 832 хүн амьдардаг.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 377 барилгад ашиглахыг хориглосон дүгнэлт гарчээ. Хориглосон  барилгуудаас одоогийн байдлаар 61 барилгыг буулгаж, дахин төлөвлөлтөд оруулахаар болжээ.

Олон нийтийн буюу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн   524  барилгаас 272-ыг нь паспортжуулсан байна. Үүнээс 23 нь газар хөдлөлтөд тэсвэртэй,  105-ыг нь хүчитгэх шаардлагатай. 144 барилга нь газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй гэж гарсан.

Дотор нь барилгын зориулалтаар  нь ялгаж үзэхэд сургуулийн 80 барилга дээр үнэлгээ хийгдсэн. Таван сургуулийн барилга тэсвэртэй,  34 барилга хүчитгэх шаардлагатай.

 41  сургуулийн барилга газар хөдлөлтөд  тэсвэргүй гэж гарсан.

53 цэцэрлэгийн барилгад үнэлгээ хийхэд гурав нь тэсвэртэй,  18-ыг нь хүчитгэх шаардлагатай.  32 нь тэсвэрлэхгүй гэж тодорхойлогдсон.

25 эмнэлэгийн барилгыг паспортжуулахад гурав нь тэсвэртэй, 13 нь тэсвэргүй, хүчитгэх шаардлагатай 9 байна.

 Эдгээр 144 барилгаас одоогийн байдлаар 17-г нь буулгаад шинэчлэх ажил хийж байна.

Эдгээр үнэлгээ хийгдсэн барилгууд нь 2002 оноос өмнө баригдсан  юм.  2002 онд “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх  барилгын норм ба дүрэм” батлагдаж, 2021 онд шинэчлэгдсэн юм билээ. Энэхүү дүрмийг барилга байгууламж шинээр барих болон сэргээн босгох, засварлах ажлын зураг төсөл зохиоход мөрддөг ажээ.

 2002 оноос хойш баригдсан барилгуудад бас паспортжуулалт хийж үзсэн байна.  Одоогийн байдлаар  энэ хугацаанаас хойш баригдсан 80 орон сууц, олон нийтийн барилгад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварын үнэлгээ хийсэн. Үүнээс 55 нь тэсвэртэй. 14 барилгыг хүчитгэх шаардлагатай. 11 барилга тэсвэргүй гэсэн үнэлгээ гарсан. Тухайн барилгын өмчлөгч нараас ирүүлсэн хүсэлтийн дагуу паспортжуулах ажил хийсэн. Шаардагдах зардлыг өмчлөгч нар нь гаргаж энэ ажлыг хийсэн гэнэ.

Жишээ дурдахад Багануур дүүргийн “Уурхайчин” спорт заалны барилга гэхэд барилгын зураг төсөлд дур мэдэн өөрчлөлт оруулсан нь ийнхүү газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг бууруулсан байна. Нийслэлийн 20 дугаар цэцэрлэгийн сургалтын В байр гэхэд  тоосгоны шахалтын  бат бэх нь норм дүрмээс дөрөв дахин бага, даацын хананд хөндлөн хагарал үүссэн байжээ.

Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн барилгын хөрсний суулт үүссэн, даацын хананд ан цав үүссэн байлаа хэмээн нийслэлийн  ерөнхий архитектор ярьсан юм. Нийслэлийн  ерөнхий архитекторын ярьсан эдгээр тоо нь зөвхөн паспортжуулж амжсан барилга байгууламжуудад хамааралтай тоо билээ. Паспортжуулж амжаагүй барилгуудаа үнэлэхдээ мэргэжлийн хүмүүс, төрийн бус байгууллагуудын хүчийг оролцуулбал цаг хугацаа хэмнэх талаар зөвлөгөөнд оролцогч мэргэжлийн хүмүүс сануулж байсан.

Ийм нөхцөлд газар хөдөлбөл…?

Улаанбаатар газар хөдлөлтийн долоогоос есөн баллын бүсэд хамаардаг.

Харин өнгөрсөн хоёрдугаар сард  Турк улсад 7,8 магнитутын  газар хөдлөлт болсон. Аврах багийг ахалсан   Онцгой байдлын  ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр нөхцөл байдал ямар байсан тухай зөвлөлгөөнд оролцогчдод  ийнхүү ярьсан юм.

Газар хөдлөлт болсон хот 2 сая хүнтэй. Замын хоёр талаар бүх байшин нурсан байсан. Тэсч үлдсэн байшингуудыг дахин  ашиглах  боломжгүй. Бүтэн үлдсэн барилгууд хүнээ амьд үлдээхэд тусалсанаараа давуу талтай. Дийлэнх барилгаа нүхтэй тусгаарлагч тоосгоор дүүргэсэн юм билээ. Шидэж үзэхэд их л хэврэг байсан. Овоолсон нурангин дороос амьд хүн үлдэх магадлал бага. Сүүлд нурангин дороос настай хүн амьд гарч ирж байсан. Тэр бол ховор тохиолдол. Нурангин дунд гурвалжин зай үлдсэн тохиолдолд л хүн амьд үлдэх боломжтой байдаг. Үүнийг бид амьдралын гурвалжин гэж хэлээд байгаа юм.

Одоогийн байдлаар 50 гаруй мянган хүн амь эрсэдсэн гэсэн тоо бий. Биднийг ажиллаж байхад хүнд машин механизм оруулаад хотоо цэвэрлэж эхэлсэн.

Газар хөдлөлтийн гамшгийн дараа дийлэнхидээ иргэд өөрсдөө өөрсдийгөө аварч бусаддаа тусалж байсан.  Бидний очсон эхний гурван өдөр бол хөл, толгой нь олдоогүй.

Бөөн дуу чимээ,  орилсон хашгирсан, хаана юу болоод байгаа нь мэдэгдэхгүй.  Хяналтанд авч чадахгүй юм билээ. Бужигнаад л байсан. Тэр дундуур бид хүн аврахаар хичээсэн. Тав, зургаа дахь хоногоосоо  ажиллагаагаа жаахан хянах байдалтай болсон.

Газар хөдлөлтийн дараа 48 цагт  голомтод төрийн үйлчилгээг  үзүүлээгүй байсан. Яагаад гэхээр аврагч нарын ар гэр нь бас гамшигт  өртсөн. Сэтгэл зүйн хувьд ч аврагч нар нь аврах ажиллагаанд оролцож чадахгүй байсан.

Аврагч нартаа “Та бүхэн аврах ажиллагаанд оролцож болно эсвэл ар гэрийнхэндээ туслаж болно” гэсэн.  Дийлэнх нь ар гэрийнхэндээ санаа зовж,  сэтгэл санаа нь хямарчихсан байсан учраас аврах ажиллагаанд шуурхай орж чадаагүй. Ийм эгзэгтэй мөчид  очоод,  шууд аврах ажиллагаанд оролцоод явсан гээд бидэнд туркчууд хүндэтгэлтэй хандаж байсан.

Бодит байдал дээр бол ийм л нөхцөл  үүсэх юм билээ. Байшингийнх нь тааз дээр дээрээсээ нурчихсан. Бид хүн амьтан байна гэсэн мэдээлэл ирэхээр очиж үздэг.  Үндсэн газар хөдлөлт болоод өнгөрсөн ч биднийг байх хугацаанд байнга газар чичирхийлж байсан. Аврах ажиллагаа зохион байгуулахад хүндрэлтэй.

Олон хүнийг маш хурдан удирдлагаар хангаж, зохицуулалтад оруулах чухал юм билээ. Хөл толгой нь олдохгүй. Заримдаа аврагч нараа удаан ажилласан гээд бухимдаад гар хөлөөрөө, чичээд авсан тохиолдол ч гарч байна лээ хэмээн Б.Ууганбаяр генерал ярилаа.

Тавдугаар сарын 24-26-нд Монгол Улс  “Стратегийн команд штабын сургууль” зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэрбээр дуулгасан юм.

Энх цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана гэдэг дээ.

Уг зөвлөлгөөнд оролцсон  Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар “2020 оноос хойшхи барилгуудад газар хөдлөлтийг тэсвэрлэх чадавхийн үнэлгээ хийнэ. Чанаргүй барилга захиалагч, гүйцэтгэгч нарт хариуцлага тооцох болно. Орон сууцны бүтээцийг өөрчилж байгаа үйлдэлд хяналт тавихгүй өнгөрөөд байна. Иргэд бие биедээ хяналт тавьж, төрийн байгууллагад мэдээлдэг тогтцолцоог бий болгоно” гэсэн шүү.

Орон сууцны бүтээцэд өөрчлөлт хийх нь газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг бууруулж байгаа талаар зөвлөгөөнд илтгэл тавьсан хяналтын байгууллагынхан нэг бус удаа дурдсан юм.

Зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг нэгтгэж, дүгнэлт гаргасныг танилцуулсан  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Орон сууцны зориулалттай байранд өргөтгөл, засвар шинэчлэлт хийх замаар барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл барих, үйлдвэр үйлчилгээ явуулдаг байдлыг зогсоож, буруутай этгээдээр сэргээн засварлуулж, хүчитгүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах” талаар онцолсон билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img