Бидний өвөг дээдсийн үүсгэн байгуулсан Монголын их гүрний нэг хэсэг болох Алтан ордыг бутарсны дараа тусгаар болж хүчирхэгжсэн Москвагийн вант улсаас өнөөгийн Орос гүрний түүх эхэлдэг. Монголын төр барих ухаанд олон зуун жил суралцсан Оросын хаад Алтан ордод хамаарч байсан бусад газар нутгийг түвэггүй өөртөө нэгтгэсэн билээ. Үүний дараа Кавказ, дундад Ази, төв болон хойд Европын ард түмнүүдийг түрэмгийлэн газар нутгаа тэлсэн байдаг. Нэлээд сүүлд буюу Турктэй хийсэн дайны дараа, Наполеоны түрэмгийллийн өмнөхөн буюу 1812 оны тавдугаар сард “найрсаг ард түмнүүдийн гэр бүл”-дээ нэгтгэсэн нь өдгөөгийн Молдов юм.
ЗХУ 1992 онд задарсны дараа хасаг, чантуу, хиргис, украин, гүрж, эстони гээд 15 үндэстний нэгэн адил гэнэтийн бэлэг гардаж, ямар ч тэмцэл хийлгүй шууд тусгаар улс болсны нэг нь Молдов. Тэгтэл Молдовын Ерөнхийлөгч Майя Санду саяхан тус улсын албан ёсны хэлийг молдов бус румын гэж нэрлэх тухай тогтоолд гарын үсэг зуржээ. Иймээс тус улсын Үндсэн хууль, төрийн бусад бүх албаны баримт бичигт молдов хэлийг румын гэж өөрчлөх үйл явц ид өрнөж байна.
Үүнтэй холбогдуулан Сайя Манду мэдэгдэхдээ, “Би Молдовт амьдардаг, эх орноо хайрладаг хүн бүрийг төрөлх румын хэл нэгтгээсэй гэж хүснэм. Энэ цагаас эхлэн бид Европын албан ёсны хэлүүдийн нэг, дэлхий даяар 27 сая хүний ярьдаг хэлд нэгдэж байна. Молдовын иргэд биднийг румын бус молдов хэлээр ярьдаг гэж олон арван жилийн турш итгүүлэхийг оролдож байсан улсад биднийг үндэстний хувьд хуваан тусгаарлах ганцхан л зорилго байсан. Хуваагдсан ард түмнийг эрхэндээ оруулж хянахад илүү хялбар. Хуваагдсан ард түмэн өөрийгөө хамгаалах нэгдмэл хүчгүй болдог учраас л тэр” гэжээ.
Молдов гэж үл ялиг аялгатай ч үндсэндээ румын хэл ажээ. Тийм учраас энд хавчуулан тэмдэглэхэд, Орос гүрэн яагаад буриад гэгч тусдаа хэл “зохиосон” нь ойлгогдоно биз ээ.
Молдовын Ерөнхийлөгч чухам яагаад энэ цаг үед ийм шийдвэр гаргасан нь сонин. Учир юу гэвэл, Орос Украиныг түрэмгийлэн довтолсны дараагаар Румын, Украины дунд хавчигдсан жижигхэн тус улсын аюулгүй байдал хэврэг болжээ. Оросын пуужингууд Украин дахь байндаа хүрэхдээ Молдовын агаарын орон зайг зөрчих нь нэг бус удаа. Украины агаараас хамгаалах хүчний унагасан пуужингуудын хэлтэрхийнүүд ч тус улсын тосгон суурингуудад унаж байжээ. Дээр нь Молдов Украинаас нийлүүлдэг эрчим хүчээс хамааралтай улс. Иймээс ч Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний системүүдийг бөмбөгдөх болсон нь олон өдрийн турш тог тасрахад хүргэж байгаа аж.
Үүнээс гадна Молдовын эрх баригчид тус улсад Оросын зүгээс төрийн эргэлт хийхийг оролдож байна гэж мэдэгдсэн. Тус улсын нийслэл Кишиневт эрх баригдчдыг огцрохыг шаардсан жагсаал үргэлжилсээр. Энэ нь мэдээж улс орноо тогтвортой эрчим хүчээр хангаж чадахгүй байгаатай холбоотой. Энэхүү бэрхшээл дээр дөрөөлөн Оросыг дэмжигч сөрөг хүчний удирдагч, Молдовын коммунист намын тэргүүн, тус улсын ерөнхийлөгч, орос гаралтай В.Воронин тэрхүү жагсал, цуглааныг өдөөж байгаа ажээ. Жагсагчдад мөнгө өгдөг ба тэрхүү мөнгийг Оросын удирдлага шилжүүлдэг гэсэн хар бий.
Майя Санду Молдовын Ерөнхийлөгч болсноосоо хойш эх орондоо өрнөдийн ертөнцийн дэмжлэгийг авах бишгүй оролдлого хийжээ. Тэр бүхний ачаар өнгөрсөн оны зургадугаар сард Молдов Европын холбоонд элсэх нэр дэвшигчийн статустай болсон юм. Улсынхаа албан ёсны хэлийг румын гэх зарласан нь үүнд түлхэц болно гэж “Reuters” агентлагийн шинжээчид дүгнэж байна. Угаасаа хөрш зэргэлдээ Румын Европын холбоо төдийгүй НАТО-гийн гишүүн орон юм хойно.
Ер нь Молдовт үндэсний хэлээ аль 1990-ээд оноос ерөнхий боловсролын сургуулиудад румын хэл гэж заах болсон тул энэ шийдвэрт тус улсын иргэд ихэнхдээ эерэг ханджээ. Энд Румыны Хууль зүйн яамны нэгэн мэдээллийг дурдах нь зүйтэй болов уу. Тэрхүү мэдээлэлд, 2009-өөс 2021 оны хооронд Молдовын нийт хүн амын 39,5 хувь буюу бараг нэг сая иргэн Румын улсын давхар иргэншилтэй болсон тухай дурджээ.
Майя Сандугийн шийдвэрт дургүйцэж буй ганцхан улс бол Орос. Эх орныхоо сүлд дууллыг ЗХУ-ын үеийнхээр эргэж сэргээсэн В.Путин тус улсыг эргэн хүчирхэгжиж “алдсан” бүгд найрамдах улсуудаа хянах оролдлогыг үй олон хийсэн. Тэдний нэг нь Украинд халдсан явдал.
Иймээс ч ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч М.Захаровагийн мэдэгдэлд гайхах зүйлгүй. Тэрээр, “Кишинев дахь өнөөгийн дэглэм Бессараби өдгөө хэний эзэмшил, Днестр мөрний зэргэлдээх нутаг хаана хамаарах вэ гэдэг асуудлыг сөхлөө” гэжээ.
Гэвч Украинд дэгдээсэн дайндаа ялалт байгуулах нь нэгэнт боломжгүй болсон ба дэлхий даяар шоовдорлогдсон В.Путин Молдовт ч нөлөөлж хүчрэхгүй нь илт. Иймд, Молдов тун удахгүй Европын холбооны гишүүн улс болж, энэхүү холбооны нөмрөг дор ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэн дээшлүүлэх биз ээ.