2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Зуны цагийн хуваарьт шилжихийн эерэг ба сөрөг талууд

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 17-ний өдөр “Зуны цагийн тоололд шилжих тухай” Засгийн газрын тогтооолын төслийг боловруулан санал авах болсон тухай тогтоолд гарын үсэг зурсан билээ. Энэхүү санал хэдийгээр дэмжигдээгүй ч олон жилийн турш мартагдсан, дэлхий даяар өнөөг хүртэл үр өгөөжийнх нь талаар маргалдсаар буй зуны цагийн хуваарьт шилжих асуудал эргээд олны анхаарлыг татлаа.

Цаг шижлүүлэх асуудлыг хожим АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Бенжамин Франклин тус улсын Франц дахь Элчин сайд байхдаа анх 1784 оны дөрөвдүгээр сарын 26-нд Парисын оршин суугчдад хандан өглөөний нарны гэрлийг ашиглан лаа хэмнэхийг уриалсан нэрээ нууцалсан захидалдаа хөнджээ. Тэрээр, гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл цаг урагшлуулбал 183 шөнийн дотор лаа огт хэрэглэхгүй байх боломжтой, үүний ачаар жилд хэрэглэх лааны тоог тэн хагасаар бууруулж, 100 мянган айл өрхөд 96 сая ливр хэмнэлт гарах тухай өгүүлсэн аж.
Харин Английн нэртэй барилгачин, эрүүл агаарт амьдрахыг эрхэмлэдэг Вильям Виллетийг зуны цагийн хуваарийг зохиосон хүн гэж үздэг юм байна. Тэрээр 1905 оны хавар өглөөний цайгаа уухаасаа өмнө явган зугаалга хийхдээ нар хэдийн мандсан байхад Лондон тэр чигтээ унтаж буйг анзаараад зуны цагийн хуваарьт шилжих нь зүйтэй гэж боджээ. Тэгээд ч гольф тоглох хорхойтой тэрээр орой үдэш хэтэрхий эрт харанхуй болдгоос болж гольфын тоглоомоо дуусгаж амждаггүйд ихэд дургүйцдэг байжээ.

Ингээд, 1907 онд Их Британийн нэгэн сонинд Вильям Виллетийн бичсэн “Өдрийн гэрлийг үр ашиггүй зарцуулдгийн тухай” нийтлэл гарчээ. Тэрхүү нийтлэлд дөрөвдүгээр сарын ням гариг бүрт цагийг 20 минутаар ургашлуулахыг (дөрөвдүгээр сарын дөрвөн ням гаригт нийтдээ 80 минут гэсэн үг) санал болгосон юм. Энэ саналаа тэрээр 1915 онд өөд болтлоо Их Британид хэрэгжүүлэхийг лоббидсон ч амжилтад эс хүрчээ.

Цаг урагшлахЗуны цагийн хуваарьт анх Канадын Порт Артур хот 1908 оны долдугаар сарын 1-нд шилжиж байсан түүхтэй. Улс орнуудаас хамгийн анх Дэлхийн нэгдүгээр дайны үед 1916 оны дөрөвдүгээр сарын 30-наас Герман ба түүний холбоотнууд нүүрс хэмнэх үүднээс цагийн зүүг урагшлуулсан аж. Дараа жил нь Их Британи ба түүний холбоотнууд, төвийг сахисан Европын цөөнгүй орон энэ жишгийг дагажээ. Харин АНУ 1918 онд зуны цагийн хуваарьт шилжжээ. Өдгөө АНУ, Герман, Их Британи, Израиль, Чили зэрэг дэлхийн 70 гаруй оронд цагийг хавар, намар бүр тогтмол шилжүүлдэг байна.

Манай улсын хувьд, 1983 оноос 1999 он хүртэл 14 жилийн турш тасралтгүй зуны цагийн хуваарьт шилждэг байв. Үүнээс хойш хэд хэдэн удаа сэргээсэн ч төдөлгүй цуцалсаар иржээ.

Гуравдугаар сарын сүүлээр цагийн зүүг урагшлуулдаг жишиг олон оронд тогтсоны гол шалтгаан нь дээр өгүүлсэнчлэн байгалийн гэрлийг аль болох удаан, үр ашигтай ашиглан эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх явдал. Хавар бүр зуны цагийн хуваарьт шилжсэнээр хэдий хэмжээний эрчим хүч хэмнэдэг тухай нарийвчилсан судалгаа, статистикийн тоо баримт цөөхөн ч, олон улсын дийлэнх эдийн засагч үүнийг тодорхой хэмжээгээр үр ашигтай гэж үзсээр иржээ.

Харин эрүүл мэндийн салбарынхан, жилд хоёр удаа цагийг тогтмол өөрчлөх нь хүний амьдралын био хэмнэлийг алдагдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг билээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Германы олон нийтийн бодол санааг судалдаг “Forsa” институт тус улсын иргэдийн дунд цаг шилжүүлэх сэдвээр судалгаа явуулжээ. Тэрхүү судалгаанаас үзвэл, Германы иргэдийн 72 хувь нь өвөл, зуны цагт шилжихийн эсрэг байдаг аж. Судалгаанд оролцогсдын 85 хувь нь дасал болсон амьдралын биологийн хэмнэл алдагдсанаар нойргүйдэж, хэт ядарч, депрессид ордог гэжээ. Цаг шилжүүлсний дараа хүний дотоод цаг доголдсоноор ядаргаа, депрессид ордог тухай орчин үеийн анагаах ухаан нэгэнт тогтооожээ. Иймд эмч нар зөвлөхдөө, цаг шилжүүлсний дараагаар шөнө 7-8 цаг заавал унтах, цэвэр агаарт тогтмол зугаалах, хоолны дэглэм сахиж, аль болох өөдрөг байх нь зүйтэй гэдэг байна. Мөн хүнсний ногоо ихтэй хөнгөвтөр хоол идэж, согтууруулах ундаа, тамхины хэрэглэгээ багасгахыг зөвлөдөг ажээ. Тийм тохиолдолд хүн цагийн шинэ горимд илүү хурдан дасан зохицдог гэнэ.

Товчдоо бол, зуны цагийн хуваарьт шилжих нь эдийн засгийн хувьд ашигтай, их хэмжээний эрчим хүч хэмнэх, эрчим хүчний системийн ачааллыг бууруулах эерэг зэрэг талтай ч ажээ. Гэвч үүний сацуу, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ажлын бүтээмжийг тодорхой хугацаанд бууруулахад хүргэдэг сөрөг үр дагавартай гэж дүгнэж болохоор.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img