2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Украин дахь дайныг Монголд албан ёсоор зогсоох боломжтой

АНУ-ын “The Diplomat” сэтгүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого хариуцсан туслах асан Г.Түвшинзаяагийн бичсэн ийм нийтлэл гарчээ.

Олон улсад ач холбогдол ихтэй аливаа хэлэлцээрийг оролцогч талуудын аль алинд нь нийцсэн газар нутагт явуулах нь амжилтад хүргэдэг талтай. Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт Сингапур, Вьетнам зэрэг хоёр талын аль алинтай дипломат найрсаг харилцаатай улс оронд болсны учир ийм билээ. Тэгвэл Украин, Оросын хооронд хэлэлцээ хийхэд таатай улс орон өдгөө хуруу дарам цөөн аж.

Өмнөд Солонгосоос Украин хүртэлх Евразийн өргөн уудам нутаг дэвсгэрт ардчилсан тогтолцоотой, барууны орнуудтай дипломат болон цэргийн нягт харилцаатай цорын ганц орон бол Монгол. Дэлхийн хамгийн том дарангуйлагч дэглэмтэй хоёр орны дунд хавчуулагдсан “ардчиллын баян бүрд” болохын хувьд монголчууд Украины ард түмний зовлон зүдгүүр, хүсэл тэмүүллийг хэнээс ч илүүтэй ойлгон санаа зовнидог.

Гэвч Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас 90 хувийн хамааралтай. ОХУ Украинд түрэмгий дайн өдөөснийг буруушаах НҮБ-ын Ерөнхий ассамблейн санал хураалтад Монгол Улс түдгэлзсэн нь, мөн ОХУ-ын эсрэг ямар нэгэн хориг арга хэмжээ аваагүй нь үүнтэй холбоотой.

тоймГэхдээ Монгол Улс дайн эхэлснээс хойш цэрэгт татагдан Украинд байлдахаас зугтсан Оросын олон мянган иргэнийг хүлээн авч орогнуулсан билээ. Энэ бол дайныг зогсооход чадлынхаа хэрээр оруулж буй Монголын өчүүхэн боловч хувь нэмэр.
Түүнчлэн Монголын улс төрийн элитийн дунд Орост ч, Украинд ч дотно ханддаг хүн цөөнгүй. Наад захын жишээ хэлэхэд, хилийн чанадад боловсрол эзэмшсэн Монголын дөрвөн ерөнхийлөгчийн хоёр нь одоогийн Орост, хоёр нь баруун Украинд суралцаж байсан юм. Үүнээс гадна Украины Ерөнхийлөгч В.Зеленский хүүхэд насныхаа гурван жилийг Монголд өнгөрүүлжээ. Түүний багад эцэг нь Монголд Эрдэнэтийн зэсийн томоохон үйлдвэрийн бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Иймээс ч Украины соёл болон иргэд нь Монголд ойр дотно юм.

Нээлттэй гадаад бодлоготойн дээр итгэхэд бэрх ч үнэхээр жинхэнэ ардчилсан тогтолцоог цогцлоож чадсан Монгол Улс аливаа хоёр талт хэлэлцээ хийхэд нийцтэй газар хэмээн олон улсад үнэлэгдэх болжээ. Жишээ нь, даяар цар тахал дэгдэхээс өмнөхөн Япон, Хойд Солонгосын тагнуулын албаны ажилтнууд Монголд нууц уулзалт хийсэн ба энэ нь олон нийтэд хожим мэдэгдсэн хоёр талт хэлэлцээрүүдийн зөвхөн нэг нь юм. Үүнээс гадна 2018 оны Ким Жөн Ун, Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах хувилбарыг ч хэлэлцэж байлаа.

Манай улсын газар зүйн хязгаарлагдмал онцлог байдал Оростой ямар ч нөхцөлд дайсагнахгүй байхыг шаарддаг. Гэвч ардчиллыг эрхэмлэдгийн хувьд бид Украин дахь Оросын үйлдлийг зүй бус зүйл гэж үздэг юм. Манайхтай адил нөхцөл байдалтай цөөн хэдэн улс орон байдаг ч тэдгээрийн ихэнх нь дайнаас ичгүүр сонжуургүйгээр ашиг хүртэж байна. Монгол Улс энэ тал дээр онцгой орон бөгөөд Украин, Оросын хооронд тогтвортой энх тайван тогтоохыг л чин сэтгэлээсээ сонирхон хүсч байгаа билээ.

Иймд, Орос, Украины дээд хэмжээний хэлэлцээрийг эх орондоо зохион байгуулах нь энх тайван тогтооход монголчууд бидний оруулах хувь нэмэр гэж үзэж байна. Энэ нь хууль дүрэмд захирагдсан дэлхийн хэв журмыг сахин хамгаалахад ч тус дөхөм болно гэдэгт найднам. Дээр нь, В.Зеленскийд хүүхэд ахуй насаа өнгөрүүлсэн Монголд дахин хөл тавих боломж олгохыг ч хэлэх нь зүйтэй болов уу.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img