Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- Дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар баталсныг би улс төрийн зорилготой хууль бус, улс төрийн хүчирхийллийн хэлбэртэй шийдвэр тогтоол гэж харж байгаа. Надад байгаа АН-ын албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг Л. Гантөмөр гэдэг хүн аваагүй. Өнөөдөр хууль ёсны тамга, гэрчилгээтэй байгууллага л хууль ёсных байдаг биз дээ.
- Хэн АН-ыг төлөөлж Л.Гантөмөр, С.Баярцогт гэдэг хоёр хүний нэрийг Дээд шүүхэд хүргүүлсэн юм бол, хэнээр гарын үсэг зуруулж, ямар тамга дарсан юм бол гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Хоосон цаас өгсөн юм биш үү тэр этгээдүүд.
- Дээд шүүх АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг аль аль тал нь эх хувиараа ирүүлж байгаагүй гэсэн тайлбар өгсөн гэсэн. Юу гэсэн үг вэ. 2017 оны Улсын дээд шүүхийн 01 тогтоолоор С. Эрдэнэ гэж бичсэн байгаа. Тэр гэрчилгээ дээр бичигдсэн С. Эрдэнэ гэж хүн өнөөдөр амьд мэнд АН-ын даргын ажлаа хийгээд явж байна. Би яахаараа өгөөгүй байдаг юм.
- АН-ын даргын талаарх сүүлийн үеийн асуудлыг би хууль дүрэм журмыг уландаа гишгэсэн улс төрийн зорилготой, бүр цаашлуулж хэлбэл хойд хөршийн бодлого оролцсон улс төрийн үйл ажиллагаа гэж харж байна.
- Л.Гантөмөрийн хувьд олон жил намын татвараа төлөөгүй, намын анхан, дунд шатны үйл ажиллагаанд огт оролцоогүй. Энэ хүн намын даргад нэр дэвших хүртлээ намд юу ч хийгээгүй. Ямар ч гавьяа байгуулаагүй. Гэнэт л хуйвалдааны аргаар гараад ирсэн.
- Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгосон хүн нь би. Ерөнхийлөгч болсных нь дараа ЖДҮ гэх мэт олон асуудал гарч ирсэн учраас би өөрөө санаачлан Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруултал Х.Баттулга манай бүлгийн гурван гишүүнийг урвуулчихсан. Ингээд хоёрхон саналын зөрүүтэйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэж байлаа. Урвуулсан гишүүд нь Л.Болд, Ж.Батзандан, Т.Мурат гурав. Яг энэ цаг үеэс намын дотоод зөрчилдөөн эхэлсэн. Энэ бүгдийн цаана мань хүнийг бүх талаар нь дэмжсэн гадны том хүчин байж гэдгийг одоо, өнгөрсөн хойно нь ойлгож байна.
- Хөрш улсын хувьд хүлээцтэй тэвчээртэй хандах асуудал байдаг л байх, бидэнд. Х. Баттулга гэж хүн сүүлийн арван жил Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвттэл хорлов гэсэн өнцгөөс ажвал өөр өнцөг харагдана. Нарийн царигийн төмөр зам тавьсан бол бид өнөөдөр Хятадад экспортлох бүтээгдэхүүнээ хэд дахин нэмэгдүүлж болох байсан. Одоо Орос яаж байна, Хятадтай нарийн царигийн төмөр замаар холбогдчихсон нүүрсээ цутгаж байна шүү дээ. Эдийн засаг геополитикийн хувьд аваад үзэхээр асар том гүрний асар том бодлого явж байна. Шуудхан хэлэхэд Монгол Улсын ардчилал хэмээх үнэт зүйлийг ямар нэгэн аргаар устгах далд санаа, холын бодлого хэрэгжиж эхэлжээ гэж хардах үндэс байна.
- Л.Гантөмөрийг Х.Баттулгын дуулгавартай цэрэг нь болж яваад харамсаж байна. Х.Баттулга дээр ажиллаж байсан бүх хүн Л. Гантөмөр дээр очсон. УИХ-д сонгогдсон бүлгийн гишүүдийн дийлэнх нь Женкогийн захиалгаар сонгогдсон хүмүүс. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь гэмт хэрэгт холбогдож байсан.
- Л.Гантөмөрийн талаар яривал олон юм бий. Боловсролын сайд байхдаа хүүхдүүдийн тархийг яаж угаав, яаж хордуулав, боловсролын салбарыг яаж унагав, мүүний шашин гэж оруулж ирээд багш ажилчдын тархийг хэрхэн угаав гээд яривал их юм байгаа. Өнөөдөр ч гэсэн сайд нь хийж явсан салбарынхаа төслийн сургуулийг аваад хувийн болгоод суучихсан хүн шүү дээ.
- С.Баярцогт яаж ч тэнэгтсэн Женкотой нийлэх хүн биш. С.Баярцогтыг улстөрчийнх нь хувьд сайн мэднэ, харин хувь хүнийх нь тухайд мэдэхгүй. Өвөр түрийндээ орж, ойр дотно найз нөхөд гэж явсан биш.
- Ц.Элбэгдорж байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, энд тэнд олон улсын хурал цуглаанд суугаад явдаг хүн. Би түүнийг хор найруулаад явдаг хүн гэж хардаггүй. 33 жилийн тэртээ ардчиллын туг болж явсан хүн өнөөдөр ухаан санаа нь муудахгүй л бол үнэт зүйлийнхээ эсрэг хор найруулаад ардчиллын эсрэг явна гэж байхгүй. Х. Баттулгын хувьд тийм үнэт зүйлгүй. 2005 онд Эрэл-ийн намаас АН-д орж ирсэн хүн шүү дээ.
- М.Энхсайхан манай намын Улс төрийн зөвлөлийн даргаар ажиллаж байна. Улс төрийн зөвлөлийг шинэ дүрмийн дагуу “сүүдрийн засгийн газар”-ын хэлбэрт шилжүүлж ажиллуулахаар төлөвлөж байна.
- УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хэн нь ч АН-ын төлөө үг, үзэл бодлоо илэрхийлэхгүй, эрх барьж буй намдаа зарим нь тусалж давхар дээл өмсөхөд нь нэмэр болоод явж байна. Шударга ёсны орой дээр суусан дээд шүүх гол сөрөг хүчний намаараа тоглочихоод байхад Д.Ганбат гишүүнээс өөр дуугарч байгаа хүн алга. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд Х. Баттулгын үүдэнд сууж байдаг л 10 хүн шүү дээ.
- Нүүрсний хулгай бол Монголын байгалийн баялгийг эрээ цээргүй тонон дээрэмдсэн, асар том луйврын хэрэг. Аль ч намын гишүүн бай хуулийн хариуцлага хүлээх ёстой.
- Хэт олонхыг бүрдүүлсэн парламентад төрийн бүх шатны байгууллага МАН-ын мэдэлд байна Гол сөрөг хүчний намаа дотор нь хагалж, намын дүрмийн дагуу байх ёстой хууль ёсны зүйлд халдаж байгаа нь хүчирхийлэл.
- Үзэл санаа үнэт зүйлтэй нэгдье гэвэл би хэнтэй ч уулзахад бэлэн. Хэнтэй ч нэгдэхэд бэлэн. Үнэт зүйл үзэл санаагаа үгүй гэж байвал би бас үгүй. Би хувь хүний эрх чөлөө, парламентын засаглалын төлөө л зүтгэнэ.
- Х.Баттулга намайг хамгийн муу хүн болгох гэж өнөөдрийг хүртэл явлаа. Би намын даргын ажлаа өгсөн. Гэтэл яасныг та мэдэж байгаа. Би сандал суудлын төлөө яваагүй. 33 жил ардчиллын төлөө зүтгэсэн, тэмцсэн хүний хувьд “Одоо больчихооч” гэдэг үгийг ойлгохгүй байна. Үнэт зүйл үзэл санаагаа орхи гэсэн үг үү. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээ орхиж чадахгүй. Ардчиллын төлөө эцсээ хүртэл явна.
- Надад эрх баригчидтай нийлж намаа хуваах ямар ч шаардлага байхгүй. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аасаа нэр дэвшиж журмын нөхдийнхээ дэмжлэгтэйгээр гарч ирсэн. Хэн нэгэн хөндлөнгийн дэмжлэгээр гарч ирээгүй. Харин би эрх баригчдад хариуцлага тооцох гэж оролдсон. Үүнийхээ үр дүнд АН аас сонгогдсон Ерөнхийлөгчийг урвагч гэж таниагүй учраас асар том алдаа гаргасан.