2024-10-07, Даваа
7.5 C
Ulaanbaatar

Хүн төрөлхтөн дэлхий, сарны дундуур аюултай солир нисч өнгөрснийг анзаараагүйн учир

Сүүлийн долоо хоногт Хятадын удирдагч Орост гэнэт айлчилж, В.Путин Беларусьт цөмийн зэвсгээ байрлуулахаа мэдэгдэж, АНУ-д торнадо салхи бүхэл бүтэн хотыг газрын хөрснөөс арчсан гээд дэлхийд олон ноцтой, чухал үйл явдал ар араасаа хөвөрсөн билээ. Иймээс ч хүн төрөлхтний дийлэнх өнгөрсөн бямба гаригийн орой дэлхий, сар хоёрын дундуур Нью-Йоркийг тэр чигт нь устгах чадалтай аварга том солир нисч өнгөрснийг анзаараагүй биз ээ.

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 2023 DZ2 нэр авсан 90 метрийн голчтой солир Гринвичийн цагаар 19.49-д дэлхийд 175 мянган км зайд ойртож өнгөрсөн тухай мэдэгдсэн юм. Ийм хэмжээний том солир дэлхийд ингэж ойртох нь тун ховор тохиолддог аж. Энэхүү үйл явдал солирыг анхааралтай судалж, сансрын иймэрхүү объект дэлхийг мөргөхөд хэрхэн бэлдэх талаар үнэ цэнтэй мэдээлэл өгчээ.

солир2023 DZ2 солир дэлхийгээс маш ойрхон өнгөрсөн учир нислэгийг нь энгийн дурангаар ч ажиглах боломжтой байсан аж. Үүнээс гадна “The Virtual Telescope Project” төслийн цахим хуудаснаа тус солирыг нисч өнгөрөхийг интернет хэрэглэгчдэд зориулан шууд дамжуулан үзүүлжээ.

Эрдэмтдийн тооцоолсноор 2023 DZ2 гурван жилийн дараа дэлхийд дахин ойртох ч мөн л мөргөлдөхгүй өнгөрөх юм байна. Харин энэ сарын эхээр дээрх солиртой ойролцоо хэмжээтэй 2023 DW гэгч өөр нэг солир илэрсэн. Тэр солир 2046 оны гэгээн Валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд дэлхийд унах магадлал 432-ын 1 гэнэ.

Гэхдээ өдгөө тэр мэтийн солир дэлхийг мөргөхөөс айх зүйлгүй болсон. Юу гэвэл, NASA өнгөрсөн оны есдүгээр сард маш сонирхолтой, сансрын зонд аппаратаар солир мөргөн нислэгийн чиглэлийг нь өөрчлөх туршилт хийсэн билээ. Энэ нь дэлхийг сансрын аюулаас хамгаалахад чиглэсэн хүн төрөлхтний анхны туршилт байлаа. “DART” буюу “Солирын чиглэлийг өөрчлөх давхар туршилт” нэр авсан тэрхүү ажиллагааны явцад 570 кг жинтэй аппарат 163 метрийн диаметртэй Диморф гэгч солирыг 20000 км\цаг хурдтайгаар амжилттай мөргөсөн юм.

солирТэгэхэд NASA-гийн Од гаригсын шинжлэх ухааны удирдах газрын захирал Лори Глейз, “Хүн төрөлхтөн аюултай солироос өөрийгөө хамгаалж чадах шинэ эринд ийнхүү шилжиж буй нь гайхалтай. Урьд өмнө бидэнд тийм боломж ер байгаагүй” гэдгийг онцлон тэмдэглэж байсан билээ.

“DART” ажиллагаа үр дүнд хүрч Диморф солирын нислэгийн чиглэл зохих хэмжээгээр өөрчлөгдсөнийг эрдэмтэд тогтоосон юм. Иймээс ч хэд хоногийн өмнө дэлхий, сарын дундуур өнгөрсөн солирт хүмүүс тэгтлээ ач холбогдол өгөөгүй биз ээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img