-Хойд хөрш Хятадын нүүрсний зах зээл дээрх нөлөөллөө огцом нэмэгдүүлэх нь тодорхой болчихов уу?
-Оросын нүүрсний экспортод өрнөдөөс хориг тавьсан учраас хойд Хятад руу нүүрсээ эрчимтэй экспортлох нь тодорхой болчихсон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын статистикаас харахад ОХУ-ын Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 60 сая тонн байна. Үүнээс 20 сая нь коксжих нүүрс. Өөрөөр хэлбэл хойд хөрш 20 сая тонн нүүрс Хятадад нийлүүлсэн гэсэн үг. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр манайх 27 сая тонныг Хятад руу экспортолсон. Манай экспорт руу маш ойртчихсон яваа гэж ойлгож болно. Урьд нь Австрали хоригт орчихсон байхад манайх номер нэгт, хоёрт Америк, гуравт Орос жагсч байсан. Хятад, Орос хоёрын харилцаа илүү ойртсоноор ОХУ нүүрсний зах зээл дээр манайтай тун ойртоод байна л даа.
-Энэ жил нүүрсний арилжаагаа зөв хийхгүй бол Орос нүүрсний экспортоороо номер нэг болж магадгүй нь ээ?
-Хэрвээ энэ онд нүүрсний арилжаагаа зөв хийхгүй бол энэ оны эцэс гэхэд Хятадын коксжих нүүрсний зах зээлд хойд хөрш номер нэг болох магадлалтай.
-Ирэх жил яах бол, бидэнд найдвар байна уу?
-Ирэх жил ч Орос тэргүүлэх магадлал өндөр байгаа. Учир нь бид энэ хугацаанд төмөр замаа шийдэж чадахгүй зурагтай яваа. Тэгэхээр ганц гарц маань авто машины тээвэр. Авто тээврээс гадна анхаарах том өнцөг бол одоо яригдаад байгаа биржийн асуудал.
-Нүүрсний экспорттой холбоотой бүгдийг өөрчилж байна л даа. Нүүрс тээвэр, таны сая онцолсон биржээс эхлээд…?
-Харин тэглээ. Биржийн тухайд Засгийн газар эхний хагас жилд тогтоолоор түр журам гаргаж байна. Биржийн тухай хууль долдугаар сарын 1-нээс мөрдөгдөнө гэж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэл хувийг биржээр арилжаална гэж байна. Эцсийн хэрэглэгчид биш дундын борлуулагч компаниуд нүүрсний арилжаанд нэлээд оролцож байсан.
Дажгүй үнэтэй байсан учраас аман дээрээс нь боломжийн үнээр аваад цааш нь ахиу үнээр өгсөөр өнөөг хүрсэн. Биржийн худалдаанд шилжихээр хилийн үнээр худалдана. Бирж дээр зарлаж байгаа үнийн тухайд 180, 190 ам.доллараар дуудна гэсэн үг. Энэ тохиолдолд оролцогч цөөрнө. Өнгөрсөн жил “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсийг 20 компани худалдаж авч байсан гэж үзвэл бирж рүү шилжихээр тэдний тав, зургаа нь л ирэх байх. Ингээд харахаар цөөхөн өрсөлдөгчтэй болно.
-Биржийн тухай хууль хэрэгжихэд буюу нүүрсээ биржээр арилжаалахад ямар асуудлууд үүсэхээр байна?
-Биржийн тухай хуулийг хэлэлцүүлж байгаа ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал гэх мэт төлөөлөл багтсан байсан. Зүй нь татвараас төлөөлөл зайлшгүй байх ёстой.
Уул уурхайн биржийн тухай хуулийг харахаар Уул уурхайн бирж дээр захиалга ирж төлбөр хийгдэнгүүт хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэсэн утгатай заалт бий. Дараа нь биржийн дэргэдэх төлбөр тооцооны төв захиалагчийн шилжүүлсэн төлбөрийг хянаад тооцоог нь хийнэ. Эндээс харахад нүүрсний борлуулалт гэдэг үг өөрчлөгдөж байна. Ачигдаагүй нүүрс борлуулагдчихаж байгаа биз. Шуудхан хэлэхэд оффтейк гэдэг гэрээтэй агуулгын хувьд адилхан зүйл болчихож байгаа юм.
-Нээрээ оффтейк гэрээнээс ялгаагүй шийдэл болчихож байгаа юм байна шүү. Тэгэхээр Эрдэнэс Таван толгой компани тодорхой эрсдлүүдтэй нүүр тулах нь ээ?
-Энэ тохиолдолд Эрдэнэс Таван толгой компанид хүндрэл үүснэ. Өнөөдөр биржээр зуун мянган тонн нүүрсээ зарчихлаа гэхэд тухайн нүүрсийг долоо юм уу 14 хоногийн дараа ачуулна. Эрдэнэс Таван толгойн гаргаж байсан уламжлалт тайлан дээр нүүрс ачигдсанаар борлуулалт хийгдсэн гэж үздэг. Эрдэнэс Таван толгойн дүрэм журам өөрчлөгдөөгүй учраас тайлангаа тэгж гаргана гэсэн үг. Гэтэл уул уурхайн биржийн хууль өөр зохицуулалттай. Арилжаа хийгдсэн бол борлуулагдлаа гэж үзнэ. Гэтэл ачих хугацаа нь долоо хоногоос нэг сарын хооронд хэлбэлзэнэ гэж түрүүн хэлсэн. Нэгдүгээр улирлынхаа тайланг гаргалаа гэхэд татварын албанаас “Танай захиалга нэг сарын аравны өдөр хийгдсэн байна. Тэгэхээр борлуулалтын орлогоо тайлагнах ёстой” гэсэн шаардлага тавьж таарна. Уул уурхайн биржийн хуулийг уншаад ухаад үзэхээр энэ мэт зөрчил анзаарагдаж байна.
Биржийн хууль дээр татварынхан, Сангийн яамныхан оролцоогүй юм шиг санагдсан. Арилжааг арилжаа хийгдсэн өдрөөр тооцно гэж байгаа бол Эрдэнэс Таван толгой компани борлуулалтын орлогоо түүнтэй уялдуулах учиртай. “Биржээр арилжсан бараа бүтээгдэхүүний борлуулалтыг арилжаа хийгдсэн өдрөөр тооцно, борлуулалтын орлого хэмээн үзнэ” гэж тодотгох учиртай.
Өөрөөр хэлбэл Эрдэнэс Таван толгой борлуулалтаа бусад компаниас арай өөрөөр тайлагнах хэрэгтэй болж байгаа биз. Өөрөөр хэлбэл энэ хоорондын зөрүүг яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Татварын алба тэрийгээ хийхгүй бол “Эрдэнэс Таван толгой” компанид татварын акт тавигдах эрсдэлтэй. Өөр нэг асуудал бий. Хөдөө аж ахуйн биржийн хуульд гэрээ худалдана гэж байгаа. Үр тарианы гэрээ гэх мэтийг худалдана гэсэн үг. Гэтэл Уул уурхайн биржийн тухайд түүхий эд худалдана гэж байгаа юм. Адилхан түүхий эдийн бирж гэдэг утгаараа нэг бол хоёулаа гэрээ борлуулах ёстой, эсвэл хоёулаа түүхий эд борлуулах учиртай.
-Таны яриаг сонсох нь ээ Уул уурхайн биржийн хуулийн хэрэгжилтийн явцад асуудал их гарах юм байна…?
-Товчхондоо Уул уурхайн биржийн хуулийг онолын төвшинд л хийсэн. Практик дээр ямар бэрхшээл учрахыг огт тооцоогүй. Бирж дээр зарласан хилийн өндөр үнээр нь худалдаж авахгүй байх эрсдэл бий. Энэ тохиолдолд захиалга нь биелэгдэхгүй, ханш нь унаж таарна. Уул уурхайн биржийн хууль мөрдөгдөөгүй байхад нэг асуудал үүсч байгаа.
Иргэний тухай хуулинд гэрээ хэлцэл гэсэн утга бий. Тэгэхээр долдугаар сарын 1 хүртэл Иргэний тухай хуулийн дагуу гэрээ хэлцэл байгуулна гэсэн үг. Долдугаар сарын 1 болонгуут Уул уурхайн биржийн тухай хуулиар арилжаа хийгдсэн өдрөөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Үүнийг сайтар ойлгож харах хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар гадны түүхий эдийн биржүүдийн хууль жишигт бол бирж өөрөө түүхий эдээ хариуцдаг. Гэтэл өнөөдөр албаныхны тайлбарыг сонсохоор бирж зөвхөн төлбөрийг нь хийнэ, ачуулахыг нь Эрдэнэс Таван толгой хариуцна гээд байгаа. Харин гадны биржүүд тийм биш, худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг бирж нь л хариуцдаг. Энэ мэт олон асуудал байна. Төгсгөлд нь онцлоход хойд хөрш Хятадын зах зээлийг онилчихсон ийм үед нүүрсний зах зээлээ бужигнуулах нь буруу шийдэл.