2024-10-05, Бямба
1 C
Ulaanbaatar

Леди Гага өнөөдөр гучин долоон нас хүрлээ

Этгээд хувцаслалт, эротик хөдөлгөөн, содон хоолой, сонин сэдэвтэй дуунуудаараа дэлхий даяар алдаршсан Леди Гага өнөөдөр гучин долоон нас хүрлээ. Олон талын авьяастай Америкийн дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин, продюсер, дизайнер тэрээр 1986 оны гуравдугаар сарын 28-нд Нью Йорк хотноо итали гаралтай гэр бүлд төржээ. Түүний жинхэнэ нэр нь Жоанн Анжелина Жерманотта юм. Хөгжмийн “Грэмми” шагналыг зургаан удаа хүртсэнээс гадна киноны “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагналтай түүнийг “Time” сэтгүүл дэлхийн нөлөө бүхий 50 эмэгтэйн жагсаалдаа тогтмол оруулдаг билээ.

Лэди ГагаХүмүүст өөртөө дэндүү итгэлтэй, чулуу шиг хатуу мэт харагддаг Леди Гага бага залуудаа хүчиндүүлснээс үүдсэн сэтгэцийн эмгэг, мөн фибромиалги гэх эдгэшгүй ховор өвчинтэй тэмцсээр өнөөг хүрчээ. Фибромиалги гэдэг нь булчин, шөрмөс, үе мөчөөр өвдөн нойргүйдэл, ядаргаа, сэтгэлийн хямрал, түгшүүр, ходоодны хэвийн үйл ажиллагааны алдагдал зэрэгт хүргэдэг, нийт хүн төрөлхтний ердөө 2-4 хувьд илэрдэг айхтар өвчин аж.

Аав нь янз бүрийн хамтлагуудад тоглодог хөгжимчин байсан тул Леди Гага дөрөвхөн настайдаа бие даан төгөлдөр хуур дарж сурчээ. Тэрбээр сонсголоороо Майкл Жексоны дуунуудыг тоглож, түүнийгээ кассетны магнитофонд бичдэг болсон аж. Дунд сургуульд байхдаа л тэрээр хүүхдийн хамтлагт дуулж эхлэн 13 настайдаа “Дахин хайрлах нь” нэртэй анхны баллад дуугаа зохиосон бол 14 настайдаа ээжийгээ даган жазз клубуудээр явдаг болсон ба театрт тоглож эхэлжээ. Иймээс ч түүнийг нэр хүндтэй “Tisch” хэмээх хөгжмийн урлагийн дээд сургууль урилгаар суралцах 20 оюутны жагсаалтдаа оруулсан байна.

Гэвч дэндүү бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой Леди Гага нэг хэвийн уйтгартай сургалтыг удаан тэвчиж чадаагүй. 19 насандаа тэрээр сургуулиасаа гарахад аав нь сэтгэл санаагаар дэмжээд зогсолгүй тусдаа байр хөлслөх мөнгөөр тэтгэн уран бүтээлийн замналыг нь эхлүүлжээ.

Ингэхдээ эцэг нь нэг жилийн дотор ямар нэг амжилтад хүрэхгүй бол сургуульдаа эргэн орох болзол тавьсан гэдэг. Яг юуг, яаж хийхээ мэдэхгүй балмагдаж байхдаа залуухан бүсгүй дуу хөгжмөө театрчилсан гэмээр тоглолтоор хүмүүст хүргэдэг Дэвид Боуви болон “Queen” хамтлагийн уран бүтээлийг өөртөө нээж, ямар замаар явахаа ойлгосон аж. Шоу бизнесийн оргилд хүрэх эхний шатандаа тэрээр Ферги, Бритни Спирс болон “Pussycat Dolls” хамтлагт дуунуудыг нь зохиож өгдөг болжээ. Тэр үед түүний авьяасыг анзаарсан рэп дуучин Эйкон хөгжмийн продюсер Роб Фьюзаригийн удирддаг алдарт лейблтэй холбож өгсөн аж. Бүсгүйн тайзан дахь өвөрмөц хөдөлгөөн, хачирхалтай хувцаслалт зэрэг нь Роб Фьюзарид “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркюриг эрхгүй санагдуулжээ. Иймээс ч тэрээр бүсгүйд “Queen” хамтлагийн “Radio Ga Ga” дууны адил өөрийгөө Леди Гага гэж нэрлэхийг зөвлөсөн гэнэ.

2008 онд Леди Гагагийн “The Fame” (“Нэр алдар”) дебют цомог гарангуутаа шууд Канадын чаартад хоёрт, АНУ-д 17-д бичигдэн хөгжмийн шүүмжлэгчдээс ч эерэг үнэлгээ авчээ. Дуучин бүсгүй цомгоо онож нэрлэсэн гэлтэй. Учир нь чухам тэр цомгоосоо эхлэн Леди Гага үнэхээр нэр алдарт хүрч, шоу бизнесийн оргилд өнөөг хүртэл оршсоор байгаа билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img