2024-10-05, Бямба
4 C
Ulaanbaatar

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар: Ирэх онд дүүргээ бүрэн камержуулна, үр дүнд нь гэмт хэргийн гаралт 50 хувиар буурна

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатартай ярилцлаа.

-Таны хувьд дүүргүүдийн Засаг даргын орлогч нараас мерит зарчмаар одоогийн карьераа бүтээсэн гэдгээрээ ялгардаг цөөхөн эрхмийн нэг. Чингэлтэй дүүрэгтээ яг хэчнээн жил ажиллаж байна вэ?

-Миний хувьд Чингэлтэй дүүргийн уугуул. МАН, МАСЗХ-нд 2000 онд элсээд нэг их удалгүй дүүргийнхээ залуучуудын холбооны дарга болж байлаа. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд дүүрэгтээ төлөөлөгчөөр нэр дэвшиж дөрвөн удаа ялалт байгуулсан. Чингэлтэй дүүргийн 35 төлөөлөгчөөс дөрвөн удаа сонгогдсон хоёр хүний нэг нь би л дээ. 2008-2012 оны хооронд л нэр дэвшээгүй. Тэр жил нийслэлд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан юм. Гэтэл тухайн үед Шадар сайд байсан М.Энхболд даргын зүгээс дүүргийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллах санал тавьсан. Ийм шалтгаанаар нийслэлд нэр дэвшилгүйгээр Чингэлтэй дүүргийн намын хороонд ерөнхий менежерээр ажиллаж орон нутгийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн хүмүүсийг ялуулж байлаа.

-Чингэлтэй дүүргийн онцлог гэвэл та юуг тодотгох вэ?

-Манай дүүрэг 1992 онд АИХ-ын тогтоолоор байгуулагдсан түүхтэй. Тэр үед Чингэлтэй хайрханыхаа нэрийг өгсөн юм. Тухайн үед 18 хороо, 83 мянган иргэнтэйгээр Сүхбаатар дүүргээс өрх тусгаарлаж байсан юм. Өнөөдөр 24 хороо, 160 гаруй мянган хүн амтай өргөжин хөгжиж яваа. Дүүргийн хувьд үйлдвэрлэл гэхээсээ илүү худалдаа, үйлчилгээ төвлөрсөн, банк санхүү, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн оффис олонтой. 93 мянган метр квадрат газар нутагтай. 24 хорооны зургаа нь байшин хороолол, үлдсэн 18 хороо нь гэр хороололтой. Манай дүүргийн өөр нэг том онцлог бол ногоон байгууламж. 24, 19 дүгээр хорооны тухайд үндсэндээ зуслангийн бүсэд хамаарагддаг.

-Дүүрэгт тулгамдсан асуудал олон биз?

-Тулгамдаж буй асуудлуудын тухайд ганц дүүрэг гэхгүй нийслэлийн хэмжээнд яригдах нийтлэг бэрхшээлүүдийг ярих хэрэг гарна. Утаа, түгжрэлийг хэн ч хараад мэдэрч байна. Тэр хэрээрээ арга, шийдэл хайж яваа. Гэтэл олны нүдэнд ил харагдаж, шууд мэдрэгдэхгүй нэг том асуудал бий. Тэр нь хөрсний бохирдлын асуудал. 18 хороо маань нүхэн жорлонтой байна. Халдварт өвчин тархах гэх мэт нийгмийн шинжтэй олон асуудлын үүтгэлийн нэг нь хөрсний бохирдол юм. Үер болоход гэр хорооллын айлуудын нүхэн жорлон халихаар хотын төвд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө. Эко жорлонтой болоход онцгой анхаарах цаг ирчихсэн.

-Таны яриад байгаа асуудлаас гарах бас нэг шийдэл бол гэр хорооллын дахин төлөвлөлт. Энэ тал дээр дүүргийн зүгээс хэр анхаарч байна?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр манай дүүрэг маш сайн ажиллаж байгаа.

-Эмнэлгийн хувьд онцолж хэлэхээр том асуудал байна уу?

Отгонбаатар-Дүүргийн Засаг даргын орлогчоор 2021 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлж байлаа. Тухайн үед манай дүүрэг зориулалтын бус эмнэлгийн барилгатай байсан. Зориулалтын бус барилгатай учраас хүнд өвчтөн ирэхэд тээвэрлэх лифтгүй гэх мэт өчнөөн бэрхшээл тулгарсаар байна. Уг нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барилгын асуудлыг эмнэлгийн тоног төхөөрөмжтэй нь шийдэхээр ярьж эхэлсэн ч газаргүйн улмаас хойшлогдсоор өнөөг хүрсэн юм. Ямартай ч дүүргээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүдтэйгээ, ИТХ-тайгаа ярьж байж дүүргийнхээ төсвөөр 2.8 га газрын чөлөөлөлтийг хийж дуусгалаа. Ингэсний хүчинд Азийн хөгжлийн банкны төсвөөр баригдах 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ татсанаар удахгүй зориулалтын иж бүрэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.

-Том ажил амжуулжээ. Өөр ямар том ажлын ард гарав?

-Манай дүүрэг Засаг даргын дөрвөн орлогчтой байснаа Төрийн хэмнэлтийн тухай хуулиар өнгөрсөн тавдугаар сарын 30-нд нэг орлогч үлдсэн нь миний бие юм. Төлөвлөлт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан миний хувьд бүх асуудлыг гүйцэтгэж илүү эрчимжүүлж ажиллах шаардлагатай нүүр тулсан. Дүүргийнхээ бүх салбарыг хариуцаад ирэхээр ажлаа зуун хувь мэддэг болж, асуудлуудыг илүү томоор харж байна. Та түрүүн тулгамдсан асуудлын талаар асуусан даа. Хаврын цагт шар усны үер, өвөлдөө халиа тошоо асуудал болдог. Халиа тошоо болсон газарт буусан айлуудыг харахаар ямар ч зөвшөөрөлгүй байдаг. Хүн амьдарч болохгүй хэсэг гээд зөвшөөрөл өгөөгүй байхад буучихаад хүний эрх яриад байх нь их хэцүү. Ийм нөхцөлд албадан нүүлгэхээс аргагүйд хүрдэг. Энэ мэт тулгамдсан өчнөөн асуудлыг цаг үедээ тохируулаад шийдээд явж байна. Өнгөц сонсоход багахан ажил мэт санагдавч яг хийгээд явахаар амар ажил биш.

-Ингэхэд танай дүүргийг камерын төвтэй болсноор гэмт хэргийн гаралт мэдрэгдэхүйц буурсан гэж сонссон. Камерын төвөө дүүргийн төсвөөр шийдсэн үү?

-Дүүргийн төсвөөр шийдсэн. Монгол улсын хэмжээнд ганц Камерын төвтэй болсон нь манай дүүрэг. Бүх хороогоо бүрэн камержуулах ажил өрнөж байгаа. Өнгөрсөн онд нэгдүгээр хороондоо 145 камер тавьж, 100 хувь камержуулсан.

Ингэснээр тухайн хороон дээр халаасны хулгай, өрхийн хулгай гэх мэт ахуйн гэмт хэрэг 35-40 хувь буурсан. Бидний 2023-2024 оны гол зорилго бол дүүргээ бүрэн камержуулах. Бүрэн камержуулчихвал гэмт хэргийн гаралт 50 хувь багасна гэж харж байгаа. Камерын төв байгуулчихаар эргүүлүүд ажиллах шаардлагагүй болчихож байгаа юм. Камерын төвөөс камержсан газруудаа бүрэн хянана гэсэн үг.

-Та түрүүн зуслангийн бүсэд учраас ногоон дүүрэгтээ орно гэж ярьсан. Дүүргээ ногоон болгохын тулд хийж буй том ажил гэвэл юуг онцлох вэ. Жишээ нь тэрбум мод санаачлагын хүрээнд мод тарьж байна уу?

-Тэрбум мод санаачлагын хүрээнд том объекттой онцлох хэд хэдэн газарт жилийн хугацаанд 83 мянган ширхэг мод тарьсан. Чингэлтэй дүүргийг цэцэрлэгт хүрээлэнгүй гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ манай дүүрэгт Явуухулангийн цэцэрлэг, Эрдэнэсийн арал гэх мэт 60 гаруй цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай бий. Тодруулж хэлбэл мини цэцэрлэгт хүрээлэнг олноор нь байгуулж байна. Чингэлтэй хайрханыхаа өвөрт аялал жуулчлалд зориулсан том бүтээн байгуулалт хийгээд эхэлчихсэн, өнөө жил ашиглалтад өгөх байх.

-Дүүргийн хэмжээнд ирэх жилүүдэд хэрэгжүүлэх том төсөл, бүтээн байгуулалтаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Маш сайхан асуулт байна. Манай дүүргийн хувьд анх 18 хороотой байгуулагдсан гэж хэлсэн дээ. Дараа нь 2000 онд нэг хороо, 2022 онд таван хороо нэмэгдсэн юм. Өнгөрсөн жил байгуулагдсан таван хорооны тухайд өөрийн гэсэн байргүй. Өнөө жил гурван хорооныхоо барилгыг дүүргийнхээ төсвөөр барьж байна. Хорооны барилга барих газар чөлөөлөлтийг нь хийж дууссан. Гурван хорооны барилгыг бариулах ажил тендерийн шатандаа яваа. Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулахын тулд том хороодыг хувааж байгаа юм.

Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс зуслангийн бүсэд хүртэл хороо байгуулж өгч байна. Нэг хорооныхоо барилгыг худалдаж авах шийдвэр гарчихсан. Хоёр дахь том ажил гэвэл түгжрэлийг шийдэх үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрыг гэр хороолол дунд барих шийдвэр гаргасан.

Ингэхийн тулд эхний ээлжинд барилгын төсөв, зургийн асуудлаа шийдэх учиртай. Энэ асуудлаар БХБЯ-нд хандаж хүсэлт гаргасны үндсэн дээр өнгөрсөн жил дүүргийнхээ барилгын зураг төслийн ажлыг хийлгэсэн. Өнөө жил хүлээж авна. Бидний хувьд өнгөрсөн оноос газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл дүүргийн барилга баригдах газрыг чөлөөлж эхлээд байна.

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар яг хаана баригдах вэ?

Отгонбаатар-Дэнжийн мянга, цагаан байрны орчимд баригдана. 4.9 га газрын тавин хувийг чөлөөлсөн байгаа. Газар чөлөөлөх ажил энэ жил үргэлжилж байна. Газраа чөлөөлөөд авчихвал дүүргийн тамгын газар гэр хороололд баригдана гэсэн үг.

-Бусад дүүргийн хувьд Чингэлтэй дүүргээс жишиг авахаар зүйл гэвэл та юуг онцолмоор байна?

-Ногоон дүүрэг гэдгээрээ манайх брэнд болчихсон. Жишиг болох хоёр дахь ажил бол Камерын төв. Монгол улсын хэмжээнд Камерын төвийг дүүрэг өөрөө байгуулж болдог гэдгийг нийслэлд, улсад харуулж чадсан. Энэ төвийг дүүргийн төсвөөрөө шийдсэн нь асар том үр дүн өгсөн. Гэмт хэргийн гаралт 40 гаруй хувиар буурна гэдэг маш том өгөөж. Өнөөдөр айлын цонхоор орж хулгай хийхээр завдаж буй хүнийг Камерын төвөөс харчихаад хулгайгаа хийж амжаагүй байхад нь цагдаа нар оччихож байна. Камержуулалтад дүүргээс мөнгө гаргангуут иргэд, аж ахуйн нэгжүүд бас дэмжиж хандив өгч байгаа. Иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ энэ мэтээр хамтраад явбал ирэх жил гэхэд дүүргээ бүрэн камержуулах нь тийм том асуудал биш.

-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж айхавтар үг бий. Авлигад нэр холбогдсон дарга нарыг харах нь ээ гэрээ засаагүй буюу мөнгөний хор нь арилаагүй үедээ төрд том албан тушаал хашчихсан шиг санагддаад байдаг юм. Шуудхан асуухад та гэрээ засч чадсан уу?

-Чадсан гэж бардам хэлнэ. Бид аав ээжээс наймуулаа. Миний бие эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Энгийн бор амьдралаас босч ирсэн. Хориод жилийн өмнө байгуулсан нэг компани бий. Бизнесээ анх эхлэхдээ нярав, нягтлан, цэвэрлэгч гээд бүгдийг өөрөө хийж босгож ирсэн. Эхэн үед намайг л байхгүй бол ажил явдаггүй байсан бол одоо би байхгүй ч бизнес урагшилдаг систем рүүгээ орчихсон. Тийм учраас чаддаг хүмүүст нь даатгаад удаж байна. Аав, ээжээс үлдсэн нэг том зарчим бол шударга амьдрах. Тэгэхээр шударга амьдрах бол миний хувьд аав, ээжээс ирсэн өгөгдөл. Аав ээжийгээ бурханы орноос харж байгаа гэж бодоод хичээж амьдардаг даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img