МУБИС-ийн Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш, доктор Б.Энхмаагаас тодрууллаа.
–Z үеийнхний харилцааны онцлогийн тухай их ярих боллоо. Зарим хүн Z үеийнхэн гэж тусдаа хүмүүс биш. Аав ээж, эмээ өвөөтэйгээ хамт амьдардаг энэ нийгмийн нэг эд эс гэдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Тухайн нийгмийн бүтэц онцлог ямар байна түүнээс шалтгаалаад хүмүүсийн амьдралын хэв маяг, хүн хоорондын харилцаа харилцан адилгүй. Тухайн нийгмийнхээ онцлогийг шингээж байдаг. Z, альфа, миллениум аль ч үеийнхэн ялгаагүй бүгд бидний амьдарч байгаа нийгмийн бүтэц онцлогт тулгуурлаад, олон нэршлүүд гарч ирж байгаа. Энэ болгонд нийгмийн шинжлэх ухааны төлөөллийн хувьд судалж эхэлсэн. Монголчуудын хувьд ерээд оноос өмнө социалист нийгэм, хүнээ яаж хөгжүүлж байсан гэхээр би чадна, бүгдийг чадна, бүхнийг нийтийн төлөө гэсэн уриан дор явсан. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд тодорхой байсан зүйлүүд нь тодорхойгүй болж эхэлсэнтэй холбоотой хүн хоорондын харилцаа ч тэр, хүмүүсийн хийж гүйцэтгэж байгаа ажлын онцлог, хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт маш их өөрчлөлт гарсан.Үүнийг барууны сэтгэл судлалын салбарынхан хүний амьдральд гарч ирж байгаа хувьсал болгонтой холбоотойгоор энэ байдлыг тайлбарладаг.
Жишээлбэл, биологийн шалгарлын үүднээс сэтгэл зүйн талаас яривал 50 жилийн өмнө оросын эрдэмтдийн хийсэн судалгаагаар одоо төрөх гээд өвдөж байгаа ээж 50 жилийн өмнөхөөс хоёр цагаар илүү өвддөг болсон. Энэ нэг талаас хүн шинэ нийгэмдээ дасан зохицож байгаа, нөгөө талаас амьтан гэдэг утгаараа нөхцөл байдал орчиндоо дасч байгаа онцлог.
Хүйсийн хувьд бас ялгаа гарсан байна. 50 жилийн өмнө эрчүүдийн үр тогтоох эсийн тоо 300 гаруй мянган ширхэг байсан бол одоо энэ тоо цөөрчээ. Эрчүүдийн үр тогтоох чадвар муудаж байна гэдгийг Саяхны 2019 оны судалгаагаар Санкт Петербургийн их сургуулийн профессорууд баталсан юм. Байгалийн шалгарлын хувьд ч нийгмийн бүтэц өөрчлөгдөхөд ч хүмүүсийн амьдралын хэв маяг харилцаа хандлага өөрчлөгдөж байдаг.
Ерээд оноос өмнө бид мэдээллийг ном, сурах бичиг, сэтгүүл сониноос авдаг байсан. Техник тоног төхөөрөмжийнх тусламжтайгаар хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөх тусам бэлэнчлэх, хүмүүс хоорондын харилцаа алсарч эхэлсэн.
Хүүхэд эхийн хэвлийд байхаас хэрэглээтэй холбоотой дадал, танин мэдэхүйн хөгжил зэрэг явдаг. Ураг бий болж эрхтэн тогтолцоо гүйцэд хөгжих 29 дэх долоо хоногоос хүүхэд хүрээлэн байгаа орчиндоо хэн, юу ярьж байгааг сонорын эрхтэнийхээ тусламжтайгаар ялгаж чаддаг.
–Z үеийнхэн эцэг эхчүүдтэйгээ дайсагнасан байдлаар ханддаг, хувиа хичээсэн хүмүүс гэж саяхан судалгаа харсан. Эцэг эхчүүд, хүүхэдтэйгээ ойлголцоход хэцүү болж байна шүү.
-Эцэг эх байхын тулд сэтгэл зүйн хувьд бэлэн байна уу сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байна уу гэдгийг залуус маань мэдэж байх учиртай. Одоо өсвөр насныхан ээж ааваасаа “Намайг яах гэж төрүүлсэн юм бэ” гэж асуудаг. Тийм үг сонсч байгаа ээж аавд ямар байх вэ.
Та тэр хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд хэрэгцээтэй зүйлийг нь өгөхөд бэлэн үү гэдгийг бодолцоогүй хүүхэдтэй болчихоод энэ олон асуудлууд үүсээд байгаа юм болов уу гэж боддог.
Өнөөдрийн өсвөр насныхны харилцааны онцлог гэвэл өөрийг нь өөр хүүхдүүдтэй харьцуулагдахыг хүсдэггүй. Хүсч байгаа зүйлээ яг л өөрсөддөө ойлгомжтой хэлээр хэлдэг. Тэд мэдээллийг хаанаас ч хамаагүй авна. Өөрсдийнхөө өсөлт хөгжил бие махбодод гараад байгаа өөрчлөлт, онцлогийн талаар бүгдийг түрүүлээд мэдчихсэн байдаг. Хамгийн гол нь эцэг эхчүүд ингэвэл алддаг гэдгийг зөв чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Гэр бүлийн хүрээнд ахмад настан гэж бодсон хүмүүстээ маш хүндэтгэлтэй хандаж чаддаг. Багш болоод эцэг эхчүүдийн зүгээс тэднийг зөвхөн чиглүүлдэг, дэмждэг байгаасай гэж хүсдэг болсон.
-Багш нарын хувьд ч хүүхдүүдийг үгэндээ оруулахад амаргүй болсон гэж яриад байгаа?
-Эцэг эхчүүдийн хувьд чи сургуульд яах гэж явж байгаа гэдгийг хүүхэддээ ойлгуулах учиртай. Сургууль дээр очоод судалж байгаа хичээлүүд чиний амьдралд ямар хэрэгтэй юм бэ. Багш нар ч миний өгч байгаа мэдээлэл шинжлэх ухааны үндэслэлтэй, эх сурвалж сайтай учраас эндээс мэдээлэл хайж авч болно. Бусад чиний хэрэглэж байгаа эх сурвалжуудыг би хараагүй байж болох юм. Чамайг хүсвэл хамтдаа хайж болно гээд харилцан мэдээлэл солилцсон, хамтарч хөгжиж болно шүү гэдгийг мэдрүүлсэн харилцаа өнөөдөр багшид ч эцэг эхэд ч чухал.
Ийм хүмүүсээс нэг сэдвийнх нь хүрээнд дорвитой ярилцлага авсан бол…