Гурван жилийн өмнөөс олны өмнө гарахаа байж сураггүй болсон тэрбумтан Жек Ма БНХАУ-д эргэн очжээ. Энэ нь тус улсын удирдлага бизнес эрхлэгчдэд зөөлөн хандаж эхэлсний шинж тэмдэг болох тухай “ВВС” агентлаг онцлов.
Цахим худалдааны аварга том “Alibaba” компанийг үүсгэн байгуулсан тэрээр өдгөө 58 настай. Төрөлх Ханжоу хотдоо барьж өгсөн дунд сургуулийн сурагчидтай уулзаж хиймэл оюун ухааны талаар ярилцсан талаар “South China Morning Post” сонинд мэдээлжээ.
Хятадын хамгийн алдартай, нөлөө бүхий бизнесменүүдийн нэг болох Жек Ма 2020 онд олны нүдэнд харагдахаа байсан юм. Үүний дараа түүнийг гэр хорионд орсон байж болзошгүй гэх таамаглал ихэд дэлгэрсэн. Гэвч төдөлгүй Жек Ма Япон, Испани, Нидерланд, Тайланд, Австралид харагдсан тухай мэдээлж байв.
Сураггүй болохоосоо өмнө Жек Ма услынхаа онлайн арилжааны зах зээлийг зохицуулдаг байгууллагыг чанд хатуу хяналтаараа инновацийг боомилж байна гэж шүүмжилсэн удаатай. Мөн БНХАУ-ын банкны салбарыг ломбардын сэтгэлгээгээр ажилладаг хэмээжээ.
Жек Ма эх орондоо ийнхүү эргэн очсон нь Бээжин шинэ технологийн салбарын хяналтаа зөөлрүүлсэнтэй холбоотой гэж өрнөдийн ажиглагчид үзэж байна.