2024-10-06, Ням
1 C
Ulaanbaatar

Орон сууцны барилгын хийц бүтээцийг өөрчилж буй этгээдэд тооцох хариуцлагыг чангатгая

Орон сууц болгоны  шахуу нэгдүгээр давхарт зориулалтыг нь өөрчилж гаргасан дэлгүүр, үйлчилгээний газрууд байдаг даа. Тэд бол танай барилгын хийц бүтээцийг дур мэдэн  өөрчилж, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг бууруулагчид юм. Нийт оршин суугчдыг аюулд оруулж, эрсдлийг нэмж буй тэдгээр “хорлон сүйтгэгчид” өнөө хэр үйлдэлдээ тохирсон шийтгэл амссан нь үгүй.

Худалдаж авсан орон сууцаа яаж ч өөрчилсөн миний дур хэмээн эндүүрэгчид олон.

Саяхан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  зохион байгуулсан “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөний үеэр энэ асуудал багагүй хөндөгдсөн юм.

Барилгад хяналт тавигчид ийнхүү ярьсан.

Орон сууцны нэгдүгээр давхрын хийц бүтээцийг өөрчлөх нь дараах эрсдэлтэй гэнэ.

Нийтийн зориулалттай орон сууцыг зориулалтын бусаар (хоол үйлдвэрлэл, үйлчилгээ) ашигласнаар адгийн наад зах нь чийг ихээр хуримтлагдаж, хана тааз мөөгөнцөртөх, үнэр тархах зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Барилгын гаднах хаших хийц нь өрөө тасалгаануудыг тогтмол дулаантай, тодорхой чийгтэй байлгах, гадны нөлөөллөөс тусгаарлах үүрэгтэй боловч өргөтгөл баригдсанаар дулаан болон дуу тусгаарлах чанар буурдаг байна.

Гадна болон дотор даацын хана, хучилт суурийн хийц, эдэлхүүнийг буулгаж нураах үед тухайн байрны Сууц өмчлөгчдийн холбоо хангалтгүй ажилладаг, иргэний хяналт сул, орон сууц ашиглалттай холбоотой иргэн аж ахуйн нэгж байгууллагаас төрийн хяналтын байгууллагад мэдээлэл хүргэхгүй байх, нэн даруй үйлдлийг таслан зогсоохгүй байх нь болзошгүй эрсдлийг нэмэгдүүлж байна.

Гадна болон дотор даацын хана, хучилт, суурийн хийц эдэлхүүнийг холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй, технологийн бус аргаар нураан өргөтгөл гаргах нь тухайн барилгын ашиглалтын хугацааг богиносгодог.

Барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчлөх, даацын ханыг дур мэдэн нурааснаар хэв гажилт үүсэх, температурын зааг гарах, суурь буурь хөрсөнд нэмэлт ачаалал ирэх, барилгын ул хөрсөнд суулт овойлт үүсэх зэргээр газар хөдлөлтийн гамшиг, тохиолдсон үед нурах эрсдэл бий болгож байна гэж мэргэжлийн хяналтын байгууллагынхан мэдэгдсэн юм.

Сүүлийн хоёр жилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдлын 70 хувь нь барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын норм дүрэм зөрчиж буйг шалгуулах хүсэлт байжээ.

Одоогоор нийт 944 барилгад газар хөдлөлийг тэсвэрлэх байдлын үнэлгээ хийж паспортжуулсан. Үүнээс 543 барилга нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ. 

Уг зөвлөлгөөнд оролцсон  Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар “ Орон сууцны бүтээцийг өөрчилж байгаа үйлдэлд хяналт тавихгүй өнгөрөөд байна. Иргэд бие биедээ хяналт тавьж, төрийн байгууллагад мэдээлдэг тогтцолцоог бий болгоно” хэмээн онцолсон билээ.

Зөвлөгөөнд оролцогчдын санал хүсэлтийг нэгтгэж, дүгнэлт гаргасныг  танилцуулсан  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Орон сууцны зориулалттай байранд өргөтгөл, засвар шинэчлэлт хийх замаар барилгын үндсэн хийц бүтээцийг өөрчлөх, өргөтгөл барих, үйлдвэр үйлчилгээ явуулдаг байдлыг зогсоож, буруутай этгээдээр сэргээн засварлуулж, хүчитгүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах” талаар тэмдэглэв.

Одоогоор энэ бол зөвхөн зөвлөлгөөнд оролцогчдын зөвлөмж төдий. Үүнийг барилгын хуульд тусгаж, оршин суугчдын эрсдлийг нэмэгдүүлж, нийтийн орон сууцны газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг бууруулж буй этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болъё.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img